Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Г.П-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.О, Г.П, Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.О, Г.П, Н.О нарт холбогдох 1916001060062 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Р овогт Н-ын О.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Б-ын О.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Г-ын П

  Шүүгдэгч  Н.О, Б.О, Г.П нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны харьяа “Захуйн-Ус” гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас 2019 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 5205 ГАА улсын дугаартай, “мицүбиши эл-200” маркын, 6879 УБЯ улсын дугаартай, “Истана” маркын тээврийн хэрэгслүүд ашиглан 35 боодол өвс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 350.000 төгрөгний хохирол учруулсан гэж үзэн Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2 адуу тэжээгээд өвсгүй болсон байсан учир тухайн “Захуйн ус” гэдэг газраас өвс авсан... Б.О, Г.П нартай хамт явсан ... Истана болон миний машинтай явсан ... 23-24 цагийн орчимд өмнө нь залгаатай байсан газраар нь торыг тайлаад орсон... Өвс аваад ирье гээд явсан.  /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 08-ны шилжих шөнө авгайгаа соёлын төвд хүргэж өгөх гэж явж байгаад Н.О ахтай таарсан... Өвсгүй болчихлоо өвсөнд хөдөө яваад ирье гэж хэлсэн... Тэгээд дэрстэй газраар яваад тортой газар очсон... Торны залгаасаар ороод л.200д 20 боодол өвс истанаад 15 тэгээд ирсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөдөөнөөс авах гээд явж байгаа л гэж бодсон. Алтай сум Баянтоорой тосгон залгаа. хажуу талынхаа сумыг сайн мэдэхгүй, өөрийнхөө сумын газар нутгийг сайн мэднэ. Манай эхнэр Баянтоорой сумд багш хийдэг. Хоол хүнсийг нь дөхүүлж өгөх гэж ирдэг. Говийн их дархан цаазат газар байдаг гэдгийг мэдэхгүй гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Г.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.О эхнэртээ хоол хүнс хүргээд өгье гэхээр нь хамт Алтай сумд хүргэн ахынхаа машинаар ирсэн. 2019 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Соёлын төвд үйл ажиллагаа болж байсан. Б.О ахын эхнэрийг хүргэж өгөөд явж байтал Н.О машинтайгаа хажууд ирээд зогссон. О ах гарч уулзаад орж ирсэн. Тэгээд энэ ахтай хамт хөдөө өвсөнд яваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хэд хамт явсан. Түлшний мөнгийг нь өгнө гэж хэлсэн тэгээд явсан. Нэг тортой газар ирсэн. Н.О ах торны залгаа хэсгийг тайлаад орсон. Миний машин дээр 15 боодол өвс, Н.О ахын машинд 20 боодол өвс ачаад авчирсан гэв. Хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Орой 23 цагийн үед явсан. Б.О орж ирээд энэ ах хөдөө яваад өвс аваад ирье гэж хэлсэн. тэгээд явсан. Ер нь бол хавтгай үржүүлэх дархан цаазат газар байдаг гэж сонсож байсан. Түүнээс очиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тороор татсан хашаа байхгүй. Өөрийх нь өвс гэж бодоод явсан. Өмнө Баянтооройд ирж байгаагүй. Н.О танихгүй гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянтоорой тосгонд адуу тэжээж байгаад өвсгүй болсон. Баянтоорой тосгонд тухайн үед зарааны өвс байхгүй байсан. Урьд өмнө нь Хавтгай үржүүлгийн газрын Ц гэдэг хүнд өвс авъя гэж хэлж байсан. Тухайн үед Ц хөдөө мал дээрээ байсан учраас утсаар холбогдох боломжгүй байсан. Мартын 8-н болж байсан соёлын төв орчихоод буцах замд энэ хоёр таараад Б.О бууж ирээд би өвс авч ирье гээд явсан ... Адуу өвсгүй болсон, зарааны өвс байхгүй байсан ... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... Би өөрөөс нь тухайн өвсийг мэдэх үү гэж асууж байна гэж бодоод мэднэ гэж хариулсан... Тухайн газрыг энэ хоёр ямар газар гэдгийг нь мэдээгүй байх өөрсдөөс нь асууж үзээгүй... Хашаа хатгасан айл байгаа гэхдээ цөөхөн байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Н.О ахтай тараад өвсөнд яваад ирэх үү? гэхээр нь хаанаас гэсэн чинь хөдөөнөөс гэсэн тэгээд найздаа хэлсэн зөвшөөрөхөөр нь Н.О ахтай хамт явсан. Тортой газар нэг залгаатай газраар ороод Н.О ах онгойлгоод саравчтай хашааны гадаа очоод Н.О ахын машинд 20 боодлыг хийгээд истанад 15-н боодлыг хийсэн ... Хөдөөнөөс өвс аваад ирье л гэж хэлсэн. ” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдаан тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Г.П шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Н.О ахтай таараад Б.О уулзаад өвсөнд яваад ирье гэж байна хамт яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Захуйн ус гэдэг газрыг мэддэггүй байсан ... Өвсөнд яваад ирье, туслаад өг гэхээр нь хамт явсан ... Б.О хөдөөнөөс өвс аваад ирье л гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн “... Манай байгууллагын хавтгай үржүүлгийн төвийн хашаанаас 35 боодол өвс хулгайд алдсан. Хэрэг шалгах явцад 19 боодол өвсийг Н.О-оос хэсгийн төлөөлөгч хураан авч, манай байгууллагад хүлээлгэн өгсөн. 16 боодол өвсний үнэ болох 160.000 төгрөг төлсөн..” гэсэн мэдүүлэг /ХХ39-41/,

Гэрч Ч.Б мөрдөн байцаалтад өгсөн “... Ч.Б нь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар ажилладаг. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос байгууллага дээр 600 боодол өвс ирсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ43/,

Гэрч Б.Ү мөрдөн байцаалтад өгсөн “... Б.Ү нь Говийн их дархан цаазат газрын захиргаанд Улаанбаатар хотоос 600 боодол өвс тээвэрлэж авчирч өгсөн... Өөрөө 130 боодол өвс авчирч 1 боодол өвсийг 10.000 төгрөгөөр болон зээлээр хүмүүст өгсөн ... Асууж ирсэн. Тухайн үед миний зарж байсан өвс дууссан байсан. 2019 оны 03 дугаар сарын 05-нд хотоос ирээд зээлээр өгсөн болохоор хурдан зарагдаад дууссан. О ирж асуухад өвсгүй байсан... Хавтгай үржүүлэгийн газрын өвс нарийн ширхэгтэй сайн өвс байсан. Харин миний худалдаж байсан өвс модлог, ногоон өнгөтэй өвс байсан. Арай хямдхан юм байна гэж бодоод зарах гэж худалдаж авсан. Аймгийн төв дээр ямар үнэтэй зарагддаг талаар мэдэхгүй. Баянтоорой тосгонд 10.000-12.000 төгрөгөөр хотоос авч ирсэн өвс зарагддаг ... ” гэсэн мэдүүлэг /ХХ62-64,66/,

Гэрч Э.Д мөрдөн байцаалтад өгсөн “... Өвс алдсан талаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн. Хайсны баруун талын торыг залгаагаар нь тайлж 2 машин орсон мөр байсан. Зүүн талаас ирсэн өвс нэг боодол нь 10.000 төгрөгөөр зарагддаг ...” гэсэн мэдүүлэг /ХХ41/,

Гэрч Э.Д 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...03 дугаар сарын 09-ний өдөр Ц ах утсаар хэлсэн аажуу 6 өнгөрсөн байсан. Би өглөө нь эрт очоод ул мөрийг нь үзэж ирчихээд тор янзлах ажил байсан тэрийгээ хийж байгаад тэрийгээ дуусаж ирээд маргааш өглөө нь байгууллагын даргад мэдэгдсэн... Залгаагаар нь тайлаад заримыг нь таслахыг нь таслаад орсон байсан...” гэсэн мэдүүлэг /2ХХ 68-71/,

Гэрч Ж.О мөрдөн байцаалтад өгсөн “... Хавтгай үржүүлгийн төвийн хашаанд 600 боодол өвс буулгаж хүлээлгэж өгсөн. Уг өвсийг байгууллагын 7 хүн буулгаж би тоолж хүлээж авсан... Хавтгай үржүүлгийн төвийн хашаанаас 35 боодол өвс хулгайд алдсан... О 19 боодол өвсийг хэсгийн төлөөлөгч хураан авч манай байгууллагад хүлээлгэн өгсөн... Миний анх хавтгай үржүүлгийн төвд хүлээн авсан өвс мөн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ67-69/, 

Гэрч М.Б мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 онд хуримаа хийсэн. Албан ёсоор батлуулаагүй байгаа. Манай нөхөр Алтай сумын Ажийн нуруунд хөдөө аавындаа малаа хариулдаг. Би Баянтооройн төвд сургуульд ажилладаг. Хоёр талд голдуу байдаг ... 2019 оны 03 дугаар сарын 05-нд найз Г.П хамт гэртээ ирсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 10-нд буцаад хөдөө гэрлүүгээ явсан ... Хэлсэн би эмэгтэйчүүдийн баярын цэнгүүн дээр байж байхад шөнө 00 цаг 22 минутанд надруу хөдөө явлаа гэсэн мессэж бичсэн. Хөдөө юун тухай явах гэж байгаа талаар нь асуухад хариу бичээгүй ... Өглөө үүрээр ирсэн. Цаг хараагүй. Түүгээ ах бид 3 хөдөө яваад ирлээ гэж хэлээд тэр өдөржингөө унтсан. Яг ямар ажлаар явж ирсэн талаараа надад хэлээгүй ... Түүгээ ах гэдэг нь Баянтоорой сургуулийн дотуур байрны багш О, манай нөхрийн найз Г.П нарыг хэлж байсан ... Г.П өөрийн ачааны ИСТАНА маркын машинтай тэр 2 ирсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагт буцаад явсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ59/,

Гэрч Х.Э мөрдөн байцаалтад өгсөн “... Г.П Истана маркын авто машиныг худалдаж аваад өөрөө унаж явж байгаад осолд ороод машины мотор, урд гүфер, шил, эх гэрлүүд бол эвдэрсэн байсан ...” гэсэн мэдүүлэг  /ХХ55-58, 238/,

Гэрч Б.Д мөрдөн байцаалтад өгсөн “... Нарийн, модлог, бүдүүн, хангайн өвс гэх мэтээр ангилдаг. Нарийн өвс нь сайн. Харин модлог, бүдүүн нь хямдхан тэжээл багатай байдаг ... Өвсний ачлагын үнэ орохгүй учир, Аймгийн төв болон Баянтоорой тосгонд тухайн үед зарагдаж байсан өвсний дундаж зах зээлийн дундаж ханшаар дүгнэлт  гаргасан ...” гэсэн мэдүүлэг /ХХ70-71/,

Шүүгдэгч Н.О мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой Б.О болон О найзтай соёлын төвийн ойролцоо тааралдсан. Тухайн үед би ч машинтай явж байсан тэр хоёр ч машинтай явж байсан. Тэгээд машины нь хажууд очоод зогсоход О би “Моринд тавьж өгөх өвс алга, мөн Баянтооройд өвс зарж байгаа газар алга, ойрхон хөдөөнөөс өвс аваад ирье гээд гуйсан. Тэгээд тэр 2 зөвшөөрөөд 2 машинаараа явсан. Би урд нь замчлаад явсан. Тэгээд хавтгай үржүүлэгийн газарт очоод 2 шонгийн заагийг холбосон байсан төмөр утсан холбоосыг тайлаад машинаар орсон. Тэгээд өвс хураасан байсан хашаан хажууд очиж зогсоод миний машинд 20 боодол өвс ачсан. Харин нөгөө хоёрын машинд 15 боодол өвс ачсан. Тэгээд буцаад гарахдаа бид гурав 2 шонгийн дундах холбоосыг холбочихоод Баянтооройруу явсан ... Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний өөрийн өмч ...” гэсэн мэдүүлэг ХХ110-114/,

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед манай эхнэр Б-г П бид 2 соёлын төвд хүргэж өгсөн. Тэгээд хүргэж өгчихөөд хөдлөх гээд байж байтал Н.О ах өөрийнхөө машинтай хүрч ирээд хажууд зогссон. Тэгээд би П машинаас буугаад О ахын машинд суугаад юм ярихад О ах “Хөдөө хамт өвсөнд явъя” гэж хэлсэн. Тэгээд би П хэлээд хамт явахаар болоод П бид 2 О ахын араас дагаад явсан. Тэгээд хэсэг явж байгаад торон хашаатай газар очоод зогссон. О ах хашааны залгаа байсан газрыг онгойлгоод машинаараа орсон. П бид 2 араас нь орсон. Тэгээд эхлээд О ахын машинд 20 боодол өвс ачсан. Дараа нь П машинд 15 боодол өвс ачсан. Тэгээд тэндээс явсан. Баянтооройд ирээд О ахын хашааны түлээ хураадаг жижиг хашаанд буулгасан ... Тухайн үед би О ахыг торон хашааны залгаасыг салгахад нь хулгай биш байгаасай гэж бодож байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ118-120/,

Шүүгдэгч Г.П мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед О болон О эхнэр Б бид 3 гэрээсээ гараад Б-г соёлын төвд нь хүргэж өгөөд буцаад О-ын гэрлүү нь хөдлөх гээд байж байтал Mitsudbushi L200 маркын, цагаан өнгөтэй машин унасан хүн миний машины хажууд ирээд зогсоон. О ирсэн. Тэгээд миний машинаас О бууж тэр хүнтэй уулзсан. Тэгээд О уулзчихаад миний машинд орж ирж суугаад “энэ ах хөдөөнөөс очоод өвс аваад ирье, хамт явъя” гэж хэлэхээр нт би зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд 15км яваад тэр Захуйн ус гэх газарт очсон. Тэгээд очоод цагаан машины жолооч нь буугаад  торон хашааны залгаасыг тайлсан. Тэгээд машиндаа суугаад машинаараа хашааруу явж орсон, би араас нь орсон. Тэгээд ороод өвс хураасан байсан саравчны хажууд ирээд зогссон. Тэгээд эхлээд О ахын машинд 20 боодол өвс ачсан. Дараа нь миний машины дээд ачаан дээр 15 боодол өвс ачсан байсан. Тэр өвсийг буулгахад нь тоолсон ...” гэсэн мэдүүлэг /ХХ124-126/,

Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №ТҮХ/200/202 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ89-91/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ5-7/, эд зүйл хураан авсан тэмдэглэлХХ 14/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О, Г.П Н.О нар нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат хамгаалалтын захиргааны харьяа “Захуйн-Ус” гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас 2019 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 35 боодол өвсийг 52-05 ГАА улсын дугаартай “мицибуши эл200” маркын авто машин, мөн 68-79 УБЯ улсын дугаартай “Истана” маркын  тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 350.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч  Г.П, Б.О, Н.О нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, тээврийн хэрэгсэл ашиглан авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг уул гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсанаар төгсдөг бөгөөд уг гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэдгийг өөрийн үйлдлээ хөнгөвчлөх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхдээ бүх төрлийн автомашин, мотоцикль, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай техник хэрэгсэл ашиглаж үйлдснийг хамааруулан авч үздэг. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч боловч бусдын гэмт үйлдлийг мэдэх боломжтой эсхүл мэдсээр байтлаа түүнд өөрийн үйлдлээр санаатайгаар хамтран оролцохыг гэмт хэрэгт тооцохоор эрүүгийн хуульд тусгасан байна.

Иймээс шүүгдэгч Г.П, Б.О нар нь шүүгдэгч Н.О-г гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсээр байтлаа түүний гэмт үйлдэлд нь санаатайгаар нэгдэн хулгайлан авсан өвсийг нь өөрсдийн тээврийн хэрэгслээрээ зөөвөрлөх, ачих буулгахад нь хамтрах байдлаар оролцсон байх тул дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, яллагдагч, гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь тогтвортой байсан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлийг тогтоох зорилгоор шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ 144-146/, тээврийн хэрэгсэлүүдэд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд/ХХ 240-241/, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх “Авто тээврийн газрын лавлагаа/ХХ-186/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд/ХХ 25, 188/, тээврийн хэрэгсэл зээлээр худалдан авах гэрээ/ХХ 193-194/, өвсний үнэ болох 160.000 төгрөг шилжүүлсэн банкны баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч нарыг анх удаа тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэн үйлдснийг нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан  “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэгээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэгээс ихгүй хугацаагаар буюу нэгээс дөрвөн жилийн хооронд хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Иймээс шүүгдэгч Н.О нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялаас доогуур буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин  шүүгдэгч Б.О, Г.П нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан журмыг хэрэглэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэн тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол хор уршгийн хэмжээг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.О, Г.П нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Г.П, Б.О, Н.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны хооронд нийт 237 хоног цагдан хоригдсон байх тул хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд хэрэглээгүй нь хууль зөрчихгүй харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирлоо нөхөн төлсөн байх шаардлагыг шүүгдэгч хангаагүй байхад шүүх хэрэглэн ялыг хөнгөрүүлвэл эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизм болох тээврийн хэрэгсэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуульчилсан байна.

Иймээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Н.О-ын өмчлөлийн 52-05 ГАА улсын дугаартай “”Мицүбиши эл-200” маркын тээврийн хэрэгслийг, мөн 68-79 УБЯ улсын дугаартай “Истана” маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 6.400.000 мянган төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргаж тус тус улсын орлого болгох үндэслэлтэй байна. Хэдийгээр “Истана” маркын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдож байгаа боловч бусдын хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө тул түүнийг биет байдлаар нь улсын орлого болгох хууль зүйн боломжгүй учраас үнийг нь хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн 68-79 УБЯ улсын дугаартай “Истана” маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж, №01202930 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч Х.Э-д буцаан олгож, 52-05 ГАА улсын дугаартай “”Мицүбиши эл-200” маркын тээврийн хэрэгслийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэж, шүүгдэгч Б.О, Г.П нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын  иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журмалан шүүгдэгч Р овогт Н-ын О, Г овогт Б-ын О, Т овогт Г-ын П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.О-д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.О, Г.П нарт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, Г.П, Б.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ын цагдан хоригдсон 237 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч  Н.О, Г.П, Б.О нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.О-ын өмчлөлийн 52-05 ГАА улсын дугаартай “Мицүбиши эл-200” маркын тээврийн хэрэгслийг, мөн 68-79 УБЯ улсын дугаартай “Истана” маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 6.400.000 мянган төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргаж тус тус улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 52-05 ГАА улсын дугаартай Мицүбиши эл-200 маркын тээврийн хэрэгслийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 68-79 УБЯ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, №01202930 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч Х.Э-д буцаан олгосугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Н.О, Б.О, Г.П нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.О, Г.П нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын  иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.О, Б.О, Г.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА