Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02250

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02250

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02465 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2 560 915 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХ миний бие 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ХХХХ-д хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, мэргэжлийн боловсон хүчний асуудал хариуцсан инженерээр ажилд орсон. 2015 оны 5 дугаар сараас Хүний нөөцийн албаны даргын ажилд томилогдон ажилласан. 2016 оны 1 дүгээр сард бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Уг өөрчлөлтөөр Хөдөлмөр, цалин хөлсний хэлтсийг Санхүү, эдийн засгийн албаны харъяалалаас гаргаж алба доторхи хэлтэс байсныг татан буулгаж, Хүний нөөцийн албанд нэгтгэсэн. Тухайн үед хүний нөөцийн албаны орлогч даргаар ажиллаж байсан ХХХ Улаанбаатар төмөр замын удирдах газрын алба, хэлтсийн өөрчлөлттэй холбоотой алба, хэлтсийн дүрэм, алба, хэлтсийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажлыг гардан хариуцаж, холбогдох ажил хариуцсан инженерт шууд үүрэг даалгавар өгөн ажиллаж байхдаа манай албаны дүрэм болон миний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэхгүй, хөдөлмөр цалин хөлсний чиглэлийн ажлыг удирдан ажиллаж байгаа талаархи өөрчлөлтийг хийлгүй орхигдуулсан байна. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр миний ажлын байр байхгүй болж бүтцийн өөрчлөлт гарсан гэсэн үндэслэлээр надад мэдэгдэх хуудас гардуулж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэдэгдэл өгснөөс 1 сарын дараа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн. Миний ажиллаж байсан алба татан буугдсан гэж байгаа боловч үйл ажиллагаа нь хэвээр явагдаж албаны нэр нь өөрчлөгдсөн. Ийнхүү өөрчлөхдөө манай албанд ажиллаж байгаа бүх хүнийг эргүүлэн томилж, ганцхан намайг томилолгүй үлдээсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авч шүүхэд 1 сарын дотор 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн нэр хаяг бичээгүй гэж хүлээн авахаас татгалзсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Ингээд шүүхэд дахин 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Учир нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авч 11 дүгээр сарын 16-нд шүүхэд гомдол гаргасан. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 Хариуцагч ХХХХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ХХХХ нь Тэрээр хариуцагч байгууллагын үндсэн ажилтан биш, улс төрийн шахаагаар ирсэн хүн. Тэрээр хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байхдаа даргын өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа хангалтгүй биелүүлээгүйгээс гадна тус албаны ажил уналтанд ороод байсан. Хариуцагч байгууллагын албан хэргийн журамд зааснаар аливаа тушаал, шийдвэр нь хууль зүйн албанаас зөвшөөрөл олгосноор гардаг байхад энэ журмыг санаатай зөрчиж 1 жилийн дотор 6 удаа дур мэдэн тушаал гаргаж, бусад ажилтнуудыг үндэслэлгүйгээр ажлаас халж, дураараа авирлаж байсан. Энэ албаны ажилд хяналт хийж Хүний нөөцийн албыг татан буулгасан.Татан буулгах тухай Улаанбаатар төмөр замын даргын тушаал гарсны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэл өгч гардуулсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б-I-248 дугаартай тушаалыг гардуулж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон. Тушаал нь хууль хэрэглээний алдаагүй, баримтлах хуулийн заалтыг зөв хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь тушаал нэг жилийн өмнө гарсан байхад бүтэн жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн байхад хэргийг хэлэлцэх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч ХХХХ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай ХХХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ... Миний бие ХХХХ-ын Хүний нөөцийн албаны даргаар 2015 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн ажилласан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дээрх ажлын байрыг байхгүй болгож, бүтцийн өөрчлөлт орсон гэх үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас халсан. Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-1-248 дугаар тушаалаар хүний нөөцийн албыг татан буулгасан гэж байгаа боловч нэрийг сольж, Хөдөлмөрийн харилцааны алба гэж өөрчлөн, албаны зорилт, зорилго, үйл ажиллагаа нь хэвээр байгаа. Иймд миний бие ажлаас халсан тушаалыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаар гомдлоо 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шүүгчийн 27113 дугаар захирамжаар тогтоогддог. Улмаар 2016 оны 5 сарын 30-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гардан аваад 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар огт маргаагүй. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаанаас гомдлын шаардлага гаргах хугацааг ялгаж дүгнээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаа нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд багтахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2 560 915 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 Ажил олгогч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А-290 дугаар тушаалаар Хүний нөөцийн алба, Дотоод аудит, хяналтын хэлтсийг татан буулгасан, нэхэмжлэгч тушаалыг гарснаас хойш жилийн дараа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэсэн тайлбар гаргасан байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-1-248 тоот тушаалаар ХХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 4 тал/

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримталсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ... гэж заасны дагуу ажил олгогч байгууллага нь 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн асуудлаар зохигчид маргаагүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХ 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг гардан авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авахаас татгалзжээ./хх-ийн 93-94 тал/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2016/27113 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг нэхэмжлэгч гардан авснаас хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байх бөгөөд тэрээр 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч ХХХХ 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан байхад 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр буюу 2 сар гаруй хугацааны дараа нэхэмжлэлээ гаргаж байгаа нь өөрийн эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол гаргах хуулиар тогтоосон дээрх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох бөгөөд уг хугацаа зогссон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

  

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т. ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО