Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00306

 

П.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02465 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/02250 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч П.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М-д холбогдох,

Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2 560 915 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч П.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Т- миний бие 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр М-д хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, мэргэжлийн боловсон хүчний асуудал хариуцсан инженерээр ажилд орсон. 2015 оны 05 дугаар сараас Хүний нөөцийн албаны даргын ажилд томилогдон ажилласан. 2016 оны 01 дүгээр сард бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Уг өөрчлөлтөөр Хөдөлмөр, цалин хөлсний хэлтсийг Санхүү, эдийн засгийн албаны харъяаллаас гаргаж алба доторхи хэлтэс байсныг татан буулгаж, Хүний нөөцийн албанд нэгтгэсэн. Тухайн үед хүний нөөцийн албаны орлогч даргаар ажиллаж байсан Д.Огторгуй Улаанбаатар төмөр замын удирдах газрын алба, хэлтсийн өөрчлөлттэй холбоотой алба, хэлтсийн дүрэм, алба, хэлтсийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажлыг гардан хариуцаж, холбогдох ажил хариуцсан инженерт шууд үүрэг даалгавар өгөн ажиллаж байхдаа манай албаны дүрэм болон миний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэхгүй, хөдөлмөр цалин хөлсний чиглэлийн ажлыг удирдан ажиллаж байгаа талаархи өөрчлөлтийг хийлгүй орхигдуулсан байна.

2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр миний ажлын байр байхгүй болж бүтцийн өөрчлөлт гарсан гэсэн үндэслэлээр надад мэдэгдэх хуудас гардуулж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэдэгдэл өгснөөс 1 сарын дараа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн. Миний ажиллаж байсан алба татан буугдсан гэж байгаа боловч үйл ажиллагаа нь хэвээр явагдаж албаны нэр нь өөрчлөгдсөн. Ийнхүү өөрчлөхдөө манай албанд ажиллаж байгаа бүх хүнийг эргүүлэн томилж, ганцхан намайг томилолгүй үлдээсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авч шүүхэд 1 сарын дотор 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн нэр хаяг бичээгүй гэж хүлээн авахаас татгалзсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Ингээд шүүхэд дахин 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Учир нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авч 11 дүгээр сарын 16-нд шүүхэд гомдол гаргасан. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Т- нь хариуцагч байгууллагын үндсэн ажилтан биш, улс төрийн шахаагаар ирсэн хүн. Тэрээр хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байхдаа даргын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлээгүйгээс гадна тус албаны ажил уналтанд ороод байсан. Хариуцагч байгууллагын албан хэргийн журамд зааснаар аливаа тушаал, шийдвэр нь хууль зүйн албанаас зөвшөөрөл олгосноор гардаг байхад энэ журмыг санаатай зөрчиж 1 жилийн дотор 6 удаа дур мэдэн тушаал гаргаж, бусад ажилтнуудыг үндэслэлгүйгээр ажлаас халж, дураараа авирлаж байсан. Энэ албаны ажилд хяналт хийж Хүний нөөцийн албыг татан буулгасан. Татан буулгах тухай Улаанбаатар төмөр замын даргын тушаал гарсны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэл өгч гардуулсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б-I-248 дугаартай тушаалыг гардуулж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон. Тушаал нь хууль хэрэглээний алдаагүй, баримтлах хуулийн заалтыг зөв хэрэглэсэн.

Нэхэмжлэгч нь тушаал нэг жилийн өмнө гарсан байхад бүтэн жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн байхад хэргийг хэлэлцэх үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02465 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай П.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/02250 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Т- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн гаргасан магадлалын хянах хэсэг дээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч П.Т- 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан байхад 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр буюу 2 cap гаруй хугацааны дараа нэхэмжлэлээ гаргаж байгаа нь өөрийн эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол гаргах хуулиар тогтоосон дээрх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна” гэжээ. Дээрх үндэслэл нь шүүх хуулийг буруу тайлбарлаж байгааг илтэд илэрхийлж байна.  Нэхэмжлэгч П.Т- нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа болох нэг сарын дотор өөр өөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Шүүхийн магадлалд бичсэн гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэдэг дүгнэлт нь ойлгомжгүй байх бөгөөд “Өөрийн эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол гаргах хуулиар тогтоосон   дээрх   хугацааг   хэтрүүлсэн   гэх   үндэслэлтэй   байна”   гэж   дүгнэсэн   нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг буруу холбон тайлбарлаж байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг хуульчилсан байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээний маргааныг бусад гэрээтэй адилтган үзнэ гэвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар энэ маргааны хөөн хэлэлцэх тусгай хугацаа 3 жил байна. Хэрвээ Иргэний хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэснийг баримтлавал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 1 сарын хугацаанд нэхэмжлэгч П.Т- нь нэхэмжлэл гаргасан байдаг тул нэхэмжлэлд хамаарах хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд заасны дагуу байх тул Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Т- нь хариуцагч М-д холбогдуулан Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 560 915 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Зохигчид ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд гаргасан эсэх талаар маргажээ.

Шүүх нэхэмжлэгч П.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба маргааны үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ёстой байна. Нэхэмжлэгч П.Т- нь хөдөлмөрийн гэрээг цуцласан ажил олгогчийн тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардан авсан ба шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүх түүний нэхэмжлэлийг шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дахин 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахин гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буцаасан байна. Нэхэмжлэгч П.Т- нэхэмжлэлээ дахин 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг алдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02465 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/02250 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН