Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2465

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Т

           Хариуцагч: МОХНУБТЗ

            Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Т, түүний өмгөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Т миний бие 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр МОХННУБТЗд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж мэргэжлийн боловсон хүчний асуудал хариуцсан инженерээр ажилд орсон. 2015 оны 05 дугаар сараас Хүний нөөцийн албаны даргын ажилд томилогдон ажилласан. 2016 оны 01 дүгээр сард бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж Хөдөлмөр цалин хөлсний хэлтсийг Санхүү эдийн засгийн албаны харъяалалаас гаргаж албан доторхи хэлтэс байсныг татан буулгаж Хүний нөөцийн албанд нэгтгэн хэлтэс байхгүй болсон. Энэ өөрчлөлтийг хийснээр миний ажлын цар хүрээ өргөжин нэмэгдэж, хөдөлмөрийн цалин хөлс, норм норматив, орон тооны асуудалтай холбоотой ажил үүрэг хариуцдаг инженерүүдийг шууд удирдлагад ханган ажиллаж эхэлсэн. Тухайн үед хүний нөөцийн албаны орлогч даргаар ажиллаж байсан Д.О УБТЗ-ын удирдах газрын алба, хэлтсийн өөрчлөлттэй холбоотой алба хэлтсийн дүрэм, бүх алба хэлтсийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажлыг гардан хариуцаж, холбогдох ажил хариуцсан инженерт шууд үүрэг даалгавар өгөн ажиллаж байхдаа манай албаны дүрэм болон миний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэхгүй, хөдөлмөр цалин хөлсний чиглэлийн ажлыг удирдан ажиллаж байгаа талаархи өөрчлөлтийг хийлгүй орхигдуулсан байна. Д.Оудалгүй ажлаа хүлээлгэн өгч өөр ажилд шилжсэн бөгөөд түүний хариуцаж байсан ажлыг авсан С.Умөн л өөрчлөлтийг тусгаагүй. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр миний ажлын байх байхгүй болж бүтцийн өөрчлөлт гарсан гэсэн үндэслэлээр надад мэдэгдэх хуудас гардуулж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэдэгдэл өгснөөс 1 сарын дараа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн. Миний ажиллаж байсан алба татан буугдсан гэж байгаа боловч үйл ажиллагаа нь хэвээр явагдаж албаны нэр нь өөрчлөгдсөн. Ингэхдээ манай албанд ажиллаж байгаа бүх хүнийг эргүүлэн томилж ганцхан намайг томилолгүй үлдээсэн. Мэдэгдэл өгснөөс хойш намайг өөр ажлын байраар хангах талаар санал ч тавиагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авч шүүхэд 1 сарын дотор 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасанг шүүх 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн нэр хаяг бичээгүй гэж хүлээн авахаас татгалзсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч тал ирээгүй гэсэн үндэслэлээр буцаасан. Ингээд шүүхэд дахин 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Учир нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авч 11 дүгээр сарын 16-нд шүүхэд гомдол гаргасан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч МОХННУБТЗын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч П.Т нь Төмөр замын үндсэн ажилтан биш. Улс төрийн шахаагаар ирсэн хүн. Энэ хүн ажиллаж байх хугацаандаа үүрэг даалгавар биелүүлдэггүй, албаны ажил нь бүрэн уналтанд орсон. Гаргасан тушаал шийдвэрээ хуулийн хэлтсээр хянуулдаггүй. Энэ албаны ажилд хяналт хийж Хүний нөөцийн албыг татан буулгасан.Татан буулгах тухай УБТЗ-ын даргын тушаал гарсны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэл өгч гардуулсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б-I-248 дугаартай тушаалыг гардуулж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон. Тушаал нь хууль хэрэглээний алдаагүй, баримтлах хуулийн заалтыг зөв хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь тушаал нэг жилийн өмнө гарсан байхад бүтэн жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн байхад хэргийг хэлэлцэх үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад       

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч МОХННУБТЗд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

МОХННУБТЗын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А-290 дугаартай бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай тушаалаар Хүний нөөцийн алба, Дотоод аудит, хяналтын хэлтсийг татан буулгаж мөн өдрөөс эхлэн Хөдөлмөрийн харилцааны алба, Санхүүгийн аудитын хэлтэс болгон өөрчлөн байгуулж, П.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс цуцлах болсон талаарх мэдэгдэх хуудсыг гардуулж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-I-248 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу Хүний нөөцийн алба татан буугдсан тул Хүний нөөцийн албаны дарга П.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

Нэхэмжлэгч П.Т нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэг сарын дотор буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гомдол гаргасан боловч, түүний нэхэмжлэлийг 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч тэрээр нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буцааж шийдвэрлэсэн байна.

Үүгээр нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гомдлоо дахин шүүхэд гаргасан боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан буюу 2017 оны 03 дугаар сарын 07-ноос хойш хоёр сарын дараа шүүхэд гомдол гаргажээ.

Иймд хариуцагчийн хөөн хэлэлцэх өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгчийн МОХННУБТЗд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

   1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч МОХННУБТЗд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай П.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч   шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

                                                               

                

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА