Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01944

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01944

 

 

 

 

Л.Баярцэнгэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо д\аргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01414 дүгээр шийдвэртэй, Л.Баярцэнгэлийн нэхэмжлэлтэй Ж.Дашдэмбэрэлд холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 357 525 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Баярцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ж.Дашдэмбэрэл нь анх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Л.Баярцэнгэлээс 200 000 000 төгрөгийг зээлэхээр тохиролцож уг зээлийн баталгаа болгон өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө, 6а байр, 161 тоотод байршилтай 103.62 м.кв талбай бүхий орон сууц, мөн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 120 тоотод байршилтай 38.61 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Ж.Дашдэмбэрэл нь зээлийн ихэнхи хэсгийг Голомт банк ХХК дахь найдваргүй зээлдэгчийн бүртгэлд бүртгэгдсэн зээлээ төлж, ажилчдын цалинг тавиад 2017 он гарангуут тарьсан улаан буудай тушаасан мөнгө орж ирэнгүүт хүүгийн хамт буцаан төлнө гэсэн амлалтыг өгч 200 000 000 төгрөгийн 153 360 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр Л.Баярцэнгэл өөрийн Хаан банк дахь данснаас авч зээлийг нь шууд төлж, үлдэх 46 640 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ж.Дашдэмбэрэлийн Хаан банк ХХК дахь 5447078553 тоот данс руу шилжүүлсэн. Тохирсон ёсоор 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн, авсан зүйлсээ баталгаажуулан зээлийн гэрээг нотариат дээр үйлдсэн болно. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг зээлээч нийт зээл 210 000 000 төгрөг болгоё гэж гуйсаар нэмж зээлсэн. Талуудын тохирсон зээлийн гэрээний үндсэн тохиролцоо нь анх 200 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон ба үүний дараа 10 000 000 төгрөгийг дээрх нөхцлөөр нэмж зээлсэн нь Ж.Дашдэмбэрэлийн өөрийн гараар бичсэн тодорхойлолтоор нотлогдоно. Зээлийн гэрээний 2.6 заалтад гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөх анзын талаарх тохиролцоо нь хуульд нийцсэн байдлаар бичигдсэн байна. Ж.Дашдэмбэрэл нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, анх ярьж байсан байдлаасаа няцаж, бизнесийн ёс зүйгүй байдал гаргасан учраас түүний хүсэлтээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг нь чөлөөлүүлэн авч, худалдан борлуулж өөрийн хохирлыг барагдуулах зорилготойгоор хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа нэхэмжлэгч Л.Баярцэнгэлийг буруутай түүнийг өөрийн хүсэл зоригоор Ж.Дашдэмбэрэлийг хуурч, мэхэлж хийсэн гэрээ хэлцлийг нь халхавчлан өөрт ашигтай хэлцлээр орон байрыг нь авсан мэтээр бичсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Иймд үндсэн зээл 210 000 000 төгрөг, хүү 28 350 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 119 175 000 төгрөг нийт 357 525 000 төгрөгийг хариуцагч Ж.Дашдэмбэрэлээс гаргуулж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж шаардаж, 153 635 000 төгрөгийг бэлэн өгсөн, үлдэгдэл 46 640 000 төгрөгийг шилжүүлсэн гэж зээлийн гэрээнд бичсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас авч үзэхэд энэ мөнгөнүүд яаж хариуцагчид шилжсэн нөхцөл байдлыг шүүх тогтоох ёстой. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдан гэрээний дагуу 200 000 000 төгрөг шилжээгүй нь хэргийн материалд байгаа баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна. Хэзээ хаана ямар харилцаа талуудын хооронд анх үүссэн гэдэгт дүгнэлт хийх ёстой. Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг зээл гэсэн гүйлгээний утгатай, 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдөр 17 365 000 төгрөг ямар нэгэн гүйлгээний утгагүй, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх үнийн дүн нь 47 365 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26, 27, 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд дээрх байдлаар үүрэг үүссэн.

Үүрэг үүсэхэд хүү алдангийн талаар тохирсон зүйл байдаггүй. Дээрх өдрүүдэд мөнгө шилжүүлсэн, зээлийн дараа гэрээг нөхөж хийсэн гэх байдлаар тайлбарлаж байна. Талуудын хооронд үүсэж байгаа үндсэн үүрэгт хүү алданги тохиролцоогүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар дээрх үүргээ гүйцэтгэх үүрэг үүссэн. Нөхөж хийгдсэн, мөнгө аваагүй гэрээгээр үүрэг төлөх үндэслэл үүсэхгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна. Талуудын хооронд үүссэн үүрэг маань хүү алдангигүй дээрх зээлийн хөрөнгүүдийг шилжүүлэн авсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд заасан хүү алданги төлөх үндэслэл үүсэхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгчийн тайлбар бодит байдал дээр зөрүүтэй, 10.000.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 02-ны өдөр авсан гэдэг. Гэтэл 10 000 000 төгрөгийг хэрхэн авсан нь зээлийн гэрээний ард талд тодорхойлж бичсэн. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон зээлийн гэрээ алдаатай байна. Зээлийн хөрөнгө 10 дугаар сарын 26-ны өдөр шилжсэн, гэрээ 11 дүгээр сарын 02-ны өдөр хийгдэж, гэрээний ард талд 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөг зээлсэн гэж нэмж бичсэн байна. Гэрээ хуулийн шаардлага хангасан эсэх, гэрээнд талуудын хүсэл зориг хэрхэн байсан зэрэг нөхцөл байдал харагдах ёстой.

Нотлох баримтаар гаргаж өгсөн захидал маягийн агуулгатай бичиг байдаг. 9 000 000 төгрөг төлсөн гэдэг үйл баримт байгаа. Мөнгө огт төлөөгүй биш. Зээлийн тооцооллын хувьд алдангийг үндсэн зээл хүүгийн нийлбэр үнийн дүнгээс тооцож байна. Алдангийг үндсэн зээлийн төлбөрөөс тооцох ёстой. Анзаас анз тооцож болохгүй. Хүүгээс хүү, хүүгээс анз тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Ганцхан 20 000 000 төгрөг шилжүүлсэн нэг баримтад зээл гэсэн гүйлгээний утга байна. Мөн 153 635 000 төгрөгийг хариуцагчид өгсөн эсэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч тодорхой хэмжээний мөнгө авсан, авахдаа хүү алданги тооцсон зүйл байхгүй. Дараа нь зээлийн гэрээг нөхөж хийнэ, барьцаа тавь гэсэн асуудал яригдсан учраас зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх заалтуудыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Зээлийн гэрээг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх ёстой. Зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа мөнгийг төлөх, нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй. Зээлийн харилцаа үүссэн бол хүү алдангигүй зээлийн тооцоо хийгдэх ёстой. Талуудын хооронд зээлийн гэрээ хийгдэж чадаагүй. Магадгүй зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж үзвэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нөхцөл байдлын дагуу хариуцагчид нэхэмжлэх эрх үүснэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар сөрөг нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж, 106 б байр, 120 тоот хаягт байрлах, 38.62 м.кв талбай бүхий орон 2 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө, 6а байр, 161 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг 30.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, Л.Баярцэнгэлд шилжүүлсэн 10 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, Л.Баярцэнгэлээс Ү-2206041123, Ү-2206025613 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулна. Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн харилцаа үүссэн, бэлэглэлийн гэрээгээр Л.Баярцэнгэлд шилжүүлэх болсон үндэслэл зээлийн гэрээг халхавчлах зорилготой байсан. Ханшийн хувьд татвартай холбоотой, үнэлгээ бууруулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн учраас дээрх орон сууц шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Баярцэнгэл сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээтэй холбоотой хариуцагч зээлсэн мөнгөө төлж дуусгасны дараа байраа буцаан авахаар тохиролцож, Л.Баярцэнгэлийн нэр дээр шилжүүлсэн, халхавчилж хийсэн зүйл биш. Хариуцагч нь 200 000 000 төгрөг зээлж аваад эргэн төлж дууссаны дараа байраа авахаар тохирлоо гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Зээлийн харилцааны дараа нэхэмжлэгч байрыг нь өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Хариуцагч уг байрандаа одоо амьдарч байгаа. Бид байртай холбоотой ямар нэгэн асуудал гаргаагүй. Зээлийн асуудал дуусаагүй байхад байраа авна, гэрээ халхавчилж хийсэн хэлцэл гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлсэн мөнгөө төлчихвөл байрыг буцааж өгнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Дашдэмбэрэлээс 190 365 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Баярцэнгэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 167 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Л.Баярцэнгэлд холбогдуулан гаргасан Ж.Дашдэмбэрэлийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, Ү-2206041123, Ү-2206025613 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Баярцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 945 575 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 1 109 775 төгрөгийг гаргуулж, Ж.Дашдэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548 350 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ шаардлагын үндэслэлээ нотолсон баримтуудад хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Хариуцагч Ж.Дашдэмбэрэл нь анх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Л.Баярцэнгэлээс 200 000 000 төгрөгийг зээлэхээр тохиролцож, уг зээлийнхээ баталгаа болгож өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө, 6а байр 161 тоотод байршилтай, 103.62 кв.м талбай бүхий орон сууцыг, мөн Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр гудамж 1066 байр, 120 тоотод байршилтай, 38.61 кв.м талбай бүхий орон сууцыг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн юм. Тэрээр зээлийн ихэнх хэсгийг Голомт банк ХХК дахь өөрийн найдваргүй зээлдэгчийн бүртгэлд бүртгэгдсэн зээлээ төлөөд, үлдэх хэсгээр нь Хэнтий аймгийн Норовлин суманд байгаа тариалангийн аж ахуйнхаа ажилчдын цалинг тавиад удалгүй 2017 он гарангуут тарьж ургуулсан улаан буудайгаа улсад тушаасан мөнгө орж ирэнгүүт хүүгийн хамт буцаан төлнө гэсэн амлалтыг өгч байсан.

Нэхэмжлэгч Л.Баярцэнгэл нь 2016 оны 10 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд нийт 200 000 000 төгрөгөөс 153 360 000 төгрөгийг Л.Баярцэнгэл өөрийн Хаан банк ХХК дахь данснаас авч, хариуцагч Ж.Дашдэмбэрэлийн Голомт банк дахь найдваргүй зээлдэгчийн бүртгэлд бүртгэгдсэн зээлийг шууд бэлнээр төлж барагдуулсан ба үлдэх 46 640 000 төгрөгийг Ж.Дашдэмбэрэлийн Хаан банк ХХК дахь 5447078553 тоот данс руу шилжүүлсэн. Зээлийг олгохдоо зээлийн гэрээг дараа нь нэг мөр хийхээр тохиролцсон. Дээрх тохирсон ёсоор 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн авсан зүйлсээ баталгаажуулан зээлийн гэрээг нотариат дээр үйлдсэн нь хэрэгт нотлогддог. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг нэмж зээлээч нийт зээлээ 210.000.000 төгрөг болгоё гэж гуйсаар байгаад нэмж зээлсэн ба энэ нь зээлийн гэрээний ард хариуцагч Ж.Дашдэмбэрэлийн өөрийн гэрээр нэмж бичсэн гар бичмэл байдаг.

Талуудын тохирсон зээлийн гэрээний үндсэн тохиролцоо нь анх 200 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон ба үүнийхээ дараа 10 000 000 төгрөгийг дээрх нөхцөлөөр нэмж зээлсэн нь Ж.Дашдэмбэрэлийн бичсэн тодорхойлолтоор нотлогдоно. Зээлийн гэрээний 2.6 заалтад гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөх анзын талаарх тохиролцоо нь хуульд нийцсэн. Нэгэнт Ж.Дашдэмбэрэл нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, анх ярьж тохирсон байдлаасаа няцаж, бизнесийн ёс зүйгүй, хулжин зугтаах байдал гаргаад байгаа учраас түүний өөрийнх нь хүслээр Бэлэглэлийн гэрээ-гээр шилжүүлсэн орон сууцыг нь чөлөөлүүлэн авч, худалдан борлуулж өөрийн хохирлыг барагдуулах зорилготойгоор хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч Л.Баярцэнгэлийг буруутай, түүнийг өөрийн хүсэл зоригоор Ж.Дашдэмбэрэлийг хуурч мэхэлж, хийсэн гэрээ хэлцлийг нь халхавчлан өөрт ашигтай хэлцлээр орон байрыг нь авчихсан мэтээр бичсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Эдгээр бүх нотлох баримтууд хэрэгт байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Л.Баярцэнгэлийг Ж.Дашдэмбэрэлд 199 365 000 төгрөг зээлсэн мэтээр 10 635 000 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр алга болгосон, мөн хариуцагч Ж.Дашдэмбэрэл нь нийт 210 000 000 төгрөг хүлээж авснаа зөвшөөрч, улмаар сарын 4.5 хувийн хүүг төлөхөө өөрөө хүлээн зөвшөөрч, өөрийн гараар бичсэн нотлох баримт байсаар байтал хүү тогтоох эрхээ Л.Баярцэнгэл алдсан, түүнчлэн алданги тооцох эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд үндсэн зээл 210 000 000 төгрөг, хүү 28 350 000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 119 175 000 төгрөг, нийт 357 525 000 төгрөгийг Ж.Дашдэмбэрэлээс гаргуулан Л.Баярцэнгэлд олгуулах тухай хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Л.Баярцэнгэл нь хариуцагч Ж.Дашдэмбэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 357 525 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцны гэрчилгээ гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Л.Баярцэнгэл Ж.Дашдэмбэрэл нар нь 200 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон, 201 000 000 шилжүүлэн өгсөн, зээлдэгч 9 000 000 төгрөгийг эргүүлэн төлсөн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Хаан банкны орлогын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна./хх-ийн 16, 17, 37, 38 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсчээ.

Хэрэгт авсан баримтаар Л.Баярцэнгэл нь Ж.Дашдэмбэрэлд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 173 360 000/153 360 000+20 000 000/ төгрөгийг, 10 дугаар сарын 27-ны өдөр 17 365 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн, талууд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр харилцан тохиролцож 200 сая төгрөгийн Зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээнд талууд гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэмж 10 000 000 төгрөгийг зээлсэн нь нотлогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ч нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул хэрэгт авагдсан баримтад үндэслэж маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрийг өөрчлөх боломжтой байна.

Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхээ алдсан гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь талууд хоорондын амаар тохиролцсон тохиролцоог хүлээн зөвшөөрч, гэрээг бичгээр үйлдэж баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй ба зээлдэгч гэрээг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч, зээлдүүлэгч нар хүү, алдангийн талаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон гэж үзнэ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй.

Хэдийгээр дээрх баримтуудаар 201 000 000 төгрөг шилжүүлсэн байх боловч зээлийн бичгийн гэрээ байгуулахдаа талууд 200 000 000 төгрөгийн үнийн дүнг тогтоож, хүү алданги тохиролцсон учраас энэ үнийн дүнгээс хүү, алданги тооцвол зээлдэгч 218 000 000 /227 000 000-9 000 000/ төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрхий байх учиртай. Шүүх иргэд хоорондын зээлийн хувьд зээлийн дүн их хэмжээтэй, хариуцагчийн улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж, 54 000 000 /109 000 000:2/ төгрөгийг алдангид тооцох нь үндэслэлтэй гэж үзэв. Мөн хүү, алданги тохиролцоогүй 1 000 000 төгрөгийг нэмж, хариуцагчийн төлөх зээлийн гэрээний үүргийг, нийт 273 500 000 төгрөгөөр тодорхойлох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2 дахь хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлдээ 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн болохоо бичгээр хийсэн зээлийн гэрээний ар талд бичсэн бичвэрээр нотлогдоно гэж тайлбарлах боловч энэ нь зээлийн гэрээ байгуулах тухайн үед бичсэн эсэх, талуудын хүсэл зориг мөн эсэх, уг бичилтийг хуульд заасан журмын дагуу нотиоратаар гэрчлүүлсэн эсэх зэрэг нь эргэлзээтэй байна. Тухайн мөнгийг шилжүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй тул 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч зээлсэн гэх шаардлага, тайлбар үндэслэлгүй. /хх-17/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн хариуцагч А.Зоригтбаатарт итгэмжлэл олгон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцсон байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай боловч тэрээр энэ талаар гомдол гаргаагүй байна./хх-ийн 14 дүгээр зүйл/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01414 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 282 дугаар зүйлийн 282.3 гэснийг 232 дугаар зүйлийн 232.8 гэж, 190 365 000 гэснийг 273 500 000 гэж, 167 160 000 гэснийг 84 025 000 гэж, 3 дахь заалтын 1 109 775 гэснийг 1,525,450 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ