Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02252

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02252

 

 

ХХХХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01458 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ ХХК-д холбогдох

 

Хугацаанд нь төлөөгүй татварын өр 303 885 438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ, ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус татварын хэлтэст харъяалагдан үйл ажиллагаа явуулдаг ХХХХХХ тоот регистрийн дугаартай ХХХХ ХХК нь нэхмэл утас бэлтгэх, ээрэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1996 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус компани нь 2010 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртөгийн албан татвар-т 192 455 800 төгрөг, 2016 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар-т 3 540 762 төгрөг, 2015 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар хувь хүний орлогын албан татварт 127 699 484 төгрөг, нийт 323 696 047 төгрөгийн өрийг төлж барагдуулахгүй, бидний ажилд хүндрэл учруулж байна. Дээрх өрийг барагдуулахаар Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татварын өрийг үл маргах журмаар гаргуулах талаар банкинд данс хаах тухай мэдэгдэх хуудас хүргүүлж, дансыг хаасан. Татварын ерөнхий хуулиар Татварын алба нь данс хаах тухай мэдэгдэх хуудас банкинд хүргүүлэхээр заасан боловч банкнаас мэдэгдэх хуудасны дагуу хариу заавал ирүүлэх шаардлагагүй. Мөн тус хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу компанийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийх гэсэн боловч Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ирүүлсэн албан бичгээр тус компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болох нь тогтоогдсон тул уг ажиллагааг хийх боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс татварын өрийг барагдуулахаар бүхий л процесс ажиллагааг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 67.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өмнө нь уг асуудлаар нэхэмжлэл гаргаж байсан боловч Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 768 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ХХХХ ХХК-иас хувь хүний орлогын албан татварт 19 810 470 төгрөгийн илүү төлөлт хийснийг хасч тооцон 107 888 876 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул хариуцагчаас үлдэх нийт татварын өр болох 303 885 438 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХ ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХ шүүхэд гаргасан тайлбартаа:

Уг татварын өр нь 6-7 жилийн хугацаанд бий болсон өр мэт нэхэмжлэлээс харагдаж байгаа ч нэхэмжлэгч хэзээ, хэрхэн үүссэн өр болохыг тайлбарлаагүй. Зөвхөн арилжааны банкуудад мэдэгдэх хуудас хүргүүлэн компанийн дансыг хаасан, эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авах гэсэн ч компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байсан гэснээс өөр шалтгаан заагаагүй байна. Нэмэгдсэн өртөгийн албан татварын хувьд ХХХХ ХХК нь 2010 оны санхүүгийн тайланг татварын хэлтэст тушаах үед ажилчдын авсан цалинг борлуулалтын орлого гэсэн хүснэгтэд буруу бичиж тайлагнаснаас болж дутуу төлөлтийн өр гэгч үүссэн. Энэ нь ХХХХ ХХК-ийн барилгад тэдний тоног төхөөрөмж дээр тэдний өөрийнх нь түүхий эд, материал, химийн бодис, утас товч зэргээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ХХХХ ХХК нь ажилчдаа ажиллуулан цалинг нь ажилчдын цалингийн картаар ХХХ ХХК өгдөг байсан. ХХХ ХХК нь ХХХХ ХХК-ийн толгой компанийн хувьд уг компанийн ажилчдаар бүтээгдэхүүн үйлдвэрлүүлээд бүр борлуулалт, өртөг, зардал татварын тооцоог нэгтгэн өөрөө хийдэг. ХХХХ ХХК нь ямарч борлуулалт хийдэггүй, ажилчид нь толгой компаниас цалингаа авдаг ба ХХХХ ХХК-ийн дансаар дамжиж мөнгө нь ордоггүй байсан. 2009-2010 оны үеийнх шиг ажилчдын цалин хөлсийг орлого гэж бүртгүүлэн буруу тайлан гаргаж байсныг залруулан нэмэгдсэн өртөгийн албан татварын асуудал 2011 оноос гараагүй бөгөөд үүнээс хойш зөв тайлагнаж, уг татварыг төлдөггүй болсон. ХХХХ ХХК-ийн толгой компаниас авсан цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмж, шагналд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу татвар ногдуулах үндэслэлгүй болохыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тогтоосон. 2010 оны тайлан тэнцэл гарснаас хойш энэ татвар болох 192 455 800 төгрөгийн өрийн тооцоо үргэлжилж, шийдвэрлэгдээгүй байгаад талуудын хэн алиных нь буруу бий. ХХХХ ХХК нь санхүүгийн тайлангаа буруу гаргаж, НӨАТ-ын ногдуулалт хийсэн нь ажлын хариуцлага, хуулийн талаарх мэдлэг хангалтгүйтэй холбоотой бөгөөд татварын байгууллага, татварын улсын байцаагчийн хувьд хууль, дүрэм, журамд заасан татварын тайланг зөв эсэхийг нягталж, шалгаагүй, тайлан буруу гарсан болохыг мэдсээр байж засварлуулаагүй, нягтлан бодох бүртгэл, борлуулалтын дэвтэр огт үзээгүй, санхүүгийн тайлан татварын тайлан хооронд зөрүүтэй эсэхийг шалгаагүй, татвар төлөгчид холбогдох заавар зөвлөгөө өгөөгүй бөгөөд ХХХХ ХХК нь 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тайлан тэнцлээ буруу тайлагнасан болохыг ухамсарлаж, өөрчлүүлэхээр ХХХХ-т удаа дараа хандсан боловч асуудлыг шийдэж өгөөгүй. Нэмэгдсэн өртөгийн албан татварын өр 192 455 800 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувь хүний орлогын албан татварын хувьд 2014 оны 4 дүгээр улирлын байдлаар 19 810 470 төгрөгийн илүү төлөлттэй байсан нь татварын тайлангаар нотлогддог. Иймд, 2010-2016 оны дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын өр 192 455 800 төгрөгт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2015-2016 оны хувь хүний орлогын албан татварт 74 556 700 төгрөгнөөс илүү төлсөн 19 810 470 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч ХХХХ ХХК-иас хугацаанд нь төлөөгүй татварын өр 303 885 438 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХт олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 677 377 төгрөг гаргуулан ХХХХ-ийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ХХХХ ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХ давж заалдах гомдолдоо: ...Хариуцагч "ХХХХ" ХХК нь энэхүү маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн компанийн эрх зүйн байдал, татварын албанд хэрхэн бүртгэгдсэн, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болон бодит байдал дээр гүйцэтгэж байсан ажил үйлчилгээ, компанийн санхүүгийн тайланг бүртгэхдээ гаргасан алдааны талаар удаа дараа холбогдох хуулийн заалтууд болон бодит баримтанд тулгуурлан тайлбарласаар байгаа.

Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч болон татварын байцаагчийн эрх, үүрэг, бүрэн эрхийн үүднээс тодорхойлбол тодорхой төрөл, хэмжээтэй татварыг нэг талаас үнэн зөв тодорхойлох, нөгөө талаас тодорхойлсон татварын төрөл, хэмжээ нь үнэн зөв эсэхийг шалган эцэст нь үнэн зөв тодорхойлсон бодит татварыг төлөх, төлүүлэх гэсэн агуулгатай байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заагдсан, бодитойгоор төлвөл зохих татвар бус харин хувь хүний мэргэжлийн алдааны улмаас үүссэн, ямар ч нөхцөлд төлөх ёсгүй татварыг төлүүлэхээр нэхэмжлэлийн гаргасан байгааг анхан шатны шүүх удаа дараагийн хуралдаанаар хянахдаа хууль зүйн үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Нөгөө талаар авч үзвэл, анх Хан- Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 232171 тоот акт гаргасныг "ХХХХ" ХХК нь эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 26 тоот тогтоол гарган шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тогтоолоор нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 16 дугаар зүйл 16.1-д заасныг удирдлага болгон дээрх татварын улсын байцаагчийн актын зарим хэсгийг хүчингүй болгож, харин 256 339.6 төгрөгийн зөрчилд ногдох 79 487.2 төгрөгийн торгууль, 44 584.6 төгрөгийн алданги, нийт 124 071.8 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж байсан юм. Харин 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль" батлагдан гарсан. Энэхүү "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдаж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд энэхүү тэмдэглэлд "Өршөөлийн тухай хуульд заасан захиргааны зөрчилд Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамруулж хэрэгжүүлэх нь зүйтэй... зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарна", "...харин шүүхийн шийдвэрээр захиргааны арга хэмжээ авагдсан хүмүүсийн хувьд тэр материалаа шүүх дээр авч ирээд чөлөөлөх асуудлаа шийдье" гэж тэмдэглэсэн байх ба дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд энэхүү комиссын тэмдэглэлийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Татварын ерөнхий газрын даргын 1/3562 тоот "Чиглэл өгөх тухай" тушаал гарсан байна. Дээр дурдсан Татварын ерөнхий газрын даргын 1/3562 тоот тушаал нь, хууль батлагдахаас өмнө үүссэн бүх төрлийн зөрчилд хамаарах татварын өр төлбөрийн маргааныг шийдвэрлэж хүчингүй болгоход чиглэгдсэн, нийтэд хамааралтай, нотлох баримтад хамаарч байна. Хариуцагчийн байр сууринаас дээр дурдсан маргаан бүхий захиргааны актын заалтыг баримталсан төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх замаар хүчингүй болгох үр дагавар бий болгох хэлбэрээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар, татварын алба нь тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байдаг. Мөн хуулийн 64 дүгээр зүйлд татварын төлбөл зохих өрийг гаргуулах асуудлыг тусгайлан зохицуулж журамласан байна. Татварын өр төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан иргэний хэрэгт авагдсан нотлох баримт бичгийг судлан үзэхэд, хэргийн материалд хуулиар тогтоосон журмын дагуу өр барагдуулах талаар татварын албаны ямар ч шийдвэр байхгүй, хариуцагчийн эд хөрөнгө, бусад орлогоос татварын өрийг гаргуулах талаар журамласан, хуульд заавал хийгдэхээр заасан ажиллагаа хийгдээгүй болох нь илэрхий байгаад анхаарлаа хандуулахыг хүсч байна.

Дээрх нөхцөл байдлууд болон хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагч тал судалж, зохих баримт бичгийг нотлох баримтын хэлбэрээр шүүхэд гаргаж өгөхөөр бэлтгэсэн байсан ч шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч талаас томилогдсон төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагчаас үл хамаарах зайлшгүй шалтгаанаар өөрчлөгдөж байсан бөгөөд шүүхээс шинээр томилогдсон төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэт нэг талын эрх ашгийг хамгаалж, мэтгэлцэх эрхийг хангаагүй болно. Иймд, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01458 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаанд оролцож хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах боломжоор хангаж өгнө үү. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас хувь хүний орлогын албан татварын өр 107 888 876 төгрөг, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 3 540 762 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ ХХК-д холбогдуулж хугацаанд нь төлөөгүй татварын өрд 303 885 438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын өр 192 455 800 төгрөгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ... нэмэгдсэн өртгийн албан татварын 192 455 800 төгрөгийн өр манай байгууллага татварын тайланг буруу гаргаснаас үүссэн, татварын хэлтэс нь тайлан тооцоог нягтлан шалгахгүйгээр зөвхөн татварын жагсаалтыг үндэслэн акт тавьсан нь буруу, тайланг өөрчлүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй гэсэн тайлбар гаргажээ.

 

Харин хариуцагч ХХХХ ХХК нь хувь хүний орлогын албан татварын өр 107 888 876 төгрөг, аж ахуйн нэгжийн албан татварын өр 3 540 762 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, уг асуудлаар маргаагүй болно.

ХХХХ-ийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 3/745 дугаар албан бичиг, Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоол болон бусад холбогдох нотлох баримтаар хариуцагч байгууллага нь 2010-2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварт 192 455 800 төгрөг, 2016-2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 3 540 762 төгрөг, 2015-2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Хувь хүний орлогын албан татварт 127 699 484 төгрөг гаргуулахаас илүү төлсөн 19 810 608 төгрөгийг хасч тооцон 107 888 876 төгрөг, нийт 303 885 438 төгрөгийн татварын өртэй болохыг тогтоожээ.

 

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ зөрчсөн байх тул анхан шатны шүүх татварын хэлтсийн тогтоолыг үндэслэн уг өрийг гаргуулахаар шийдсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо ... хариуцагч талаас шинээр томилогдсон төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэсэн үндэслэл заажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн шүүгчийн 6420 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХ 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтанд гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 106 тал/

 

Гэвч тэрээр 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхэд ирүүлсэн хүсэлдээ ...өмгөөлөгч ХХХХ-ээс татгалзаж, шинэ өмгөөлөгч авч гэрээ байгуулах болсон гэсэн байгаа хэдий ч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 120 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т. ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО