Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00295

 

ХУД-ийн ТХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01458 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/02252 дугаар магадлалтай,

ХУД-ийн ТХ-ийн нэхэмжлэлтэй

“ММ”ХХК-д холбогдох

Хугацаанд нь төлөөгүй татварын өр 303 885 438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Насанбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарь,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ХУД-ийн ТХ  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн, Э.Насанбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус татварын хэлтэст харъяалагдан үйл ажиллагаа явуулдаг 2038161 тоот регистрийн дугаартай “ММ”ХХК нь нэхмэл утас бэлтгэх, ээрэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1996 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус компани нь 2010 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт 192 455 800 төгрөг, 2016 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 3 540 762 төгрөг, 2015 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар хувь хүний орлогын албан татварт 127 699 484 төгрөг, нийт 323 696 047 төгрөгийн өрийг төлж барагдуулахгүй, бидний ажилд хүндрэл учруулж байна. Дээрх өрийг барагдуулахаар Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татварын өрийг үл маргах журмаар гаргуулах талаар банкинд данс хаах тухай мэдэгдэх хуудас хүргүүлж, дансыг хаасан. Татварын ерөнхий хуулиар Татварын алба нь данс хаах тухай мэдэгдэх хуудас банкинд хүргүүлэхээр заасан боловч банкнаас мэдэгдэх хуудасны дагуу хариу заавал ирүүлэх шаардлагагүй. Мөн тус хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу компанийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийх гэсэн боловч Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тус компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болох нь тогтоогдсон тул уг ажиллагааг хийх боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс татварын өрийг барагдуулахаар бүхий л процесс ажиллагааг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 67.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өмнө нь уг асуудлаар нэхэмжлэл гаргаж байсан боловч Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 768 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “ММ”ХХК-иас хувь хүний орлогын албан татварт 19 810 470 төгрөгийн илүү төлөлт хийснийг хасч тооцон 107 888 876 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул хариуцагчаас үлдэх нийт татварын өр болох 303 885 438 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ММ”ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Уг татварын өр нь 6-7 жилийн хугацаанд бий болсон өр мэт нэхэмжлэлээс харагдаж байгаа ч нэхэмжлэгч хэзээ, хэрхэн үүссэн өр болохыг тайлбарлаагүй. Зөвхөн арилжааны банкуудад мэдэгдэх хуудас хүргүүлэн компанийн дансыг хаасан, эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авах гэсэн ч компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байсан гэснээс өөр шалтгаан заагаагүй байна. Нэмэгдсэн өртөгийн албан татварын хувьд “ММ”ХХК нь 2010 оны санхүүгийн тайланг татварын хэлтэст тушаах үед ажилчдын авсан цалинг борлуулалтын орлого гэсэн хүснэгтэд буруу бичиж тайлагнаснаас болж дутуу төлөлтийн өр гэгч үүссэн. Энэ нь “КХ” ХХК-ийн барилгад тэдний тоног төхөөрөмж дээр тэдний өөрийнх нь түүхий эд, материал, химийн бодис, утас товч зэргээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд “ММ”ХХК нь ажилчдаа ажиллуулан цалинг нь ажилчдын цалингийн картаар “КХ” ХХК өгдөг байсан. “КХ” ХХК нь “ММ”ХХК-ийн толгой компанийн хувьд уг компанийн ажилчдаар бүтээгдэхүүн үйлдвэрлүүлээд бүр борлуулалт, өртөг, зардал татварын тооцоог нэгтгэн өөрөө хийдэг. “ММ”ХХК нь ямарч борлуулалт хийдэггүй, ажилчид нь толгой компаниас цалингаа авдаг ба “ММ”ХХК-ийн дансаар дамжиж мөнгө нь ордоггүй байсан. 2009-2010 оны үеийнх шиг ажилчдын цалин хөлсийг орлого гэж бүртгүүлэн буруу тайлан гаргаж байсныг залруулан нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал 2011 оноос гараагүй бөгөөд үүнээс хойш зөв тайлагнаж, уг татварыг төлдөггүй болсон. “ММ”ХХК-ийн толгой компаниас авсан цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмж, шагналд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу татвар ногдуулах үндэслэлгүй болохыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тогтоосон. 2010 оны тайлан тэнцэл гарснаас хойш энэ татвар болох 192 455 800 төгрөгийн өрийн тооцоо үргэлжилж, шийдвэрлэгдээгүй байгаад талуудын хэн алиных нь буруу бий. “ММ”ХХК нь санхүүгийн тайлангаа буруу гаргаж, НӨАТ-ын ногдуулалт хийсэн нь ажлын хариуцлага, хуулийн талаарх мэдлэг хангалтгүйтэй холбоотой бөгөөд татварын байгууллага, татварын улсын байцаагчийн хувьд хууль, дүрэм, журамд заасан татварын тайланг зөв эсэхийг нягталж, шалгаагүй, тайлан буруу гарсан болохыг мэдсээр байж засварлуулаагүй, нягтлан бодох бүртгэл, борлуулалтын дэвтэр огт үзээгүй, санхүүгийн тайлан татварын тайлан хооронд зөрүүтэй эсэхийг шалгаагүй, татвар төлөгчид холбогдох заавар зөвлөгөө өгөөгүй бөгөөд “ММ”ХХК нь 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тайлан тэнцлээ буруу тайлагнасан болохыг ухамсарлаж, өөрчлүүлэхээр ХУД ТХ-т удаа дараа хандсан боловч асуудлыг шийдэж өгөөгүй. Нэмэгдсэн өртөгийн албан татварын өр 192 455 800 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувь хүний орлогын албан татварын хувьд 2014 оны 4 дүгээр улирлын байдлаар 19 810 470 төгрөгийн илүү төлөлттэй байсан нь татварын тайлангаар нотлогддог. Иймд, 2010-2016 оны дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын өр 192 455 800 төгрөгт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2015-2016 оны хувь хүний орлогын албан татварт 74 556 700 төгрөгнөөс илүү төлсөн 19 810 470 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01458 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч “ММ”ХХК-иас хугацаанд нь төлөөгүй татварын өр 303 885 438 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХУД-ийн ТХ т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХУД-ийн ТХ  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ММ”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 677 377 төгрөг гаргуулан ХУД-ийн ТХ-ийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/02252 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “ММ”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 120 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхбат хяналтын гомдолдоо: ХУД-ийн ТХ-ийн нэхэмжлэлтэй, “ММ”ХХК-д холбогдох татварын төлбөр гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.20-ны өдрийн 183/ШШ2017/01458 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.27 ны өдрийн 210/МА2017/02252 дугаар магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хянан үзнэ үү. 1. Бодит байдлын талаар: Хариуцагч “ММ”ХХК нь энэхүү маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн компанийн эрх зүйн байдал, татварын албанд хэрхэн бүртгэгдсэн талаар, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болон бодит байдал дээр гүйцэтгэж байсан ажил үйлчилгээний талаар компанийн санхүүгийн тайланг бүртгэхдээ гаргасан алдааны талаар зэрэг нөхцөл байдлыг удаа дараа холбогдох хуулийн заалтууд бодит баримт сэлтэд тулгуурлан тайлбарласаар байгаа болно. Бүхэлд нь авч үзвэл, анхан шатны шүүх, хариуцагч тал нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш, санхүүгийн тайлангаа гаргахдаа хуулийн заалтыг зөрчиж, татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруу тодорхойлсон нь ойлгомжтой байсаар атал бүрэн эрхийнхээ хүрээнд буруу тодорхойлсон тайлан нь татварын албанд ашигтай эсэхээс үл хамааран алдаатай байсныг засах буюу засуулахын оронд нэгэнт өөрөө тайлангаа гаргасан тул буруу эсхүл алдаатай байсан эсэх нь өөрийнх нь асуудал, нэгэнт тайлан гаргасан тул төлөх ёстой мэтээр хандаж төлбөр төлүүлэхээр шийдвэрлэлээ. Иймээс урьд нь гаргасан тайлбарыг давтан нуршилгүйгээр анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа дор дурдсан үндэслэлүүдэд анхаарлаа хандуулахыг хүсч байна. 2. Хууль тогтоомжийн заалтын талаар: Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгч болон татварын байцаагчийн эрх, үүрэг, бүрэн эрхийн талаар авч үзвэл, тодорхой төрөл, хэмжээтэй татварыг нэг талаас үнэн зөв тодорхойлох, нөгөө талаас тодорхойлсон татварын төрөл, хэмжээ нь үнэн зөв эсэхийг шалган эцэст нь үнэн зөв тодорхойлсон бодит татварыг төлөх, төлүүлэх гэсэн агуулгатай байдаг билээ. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заагдсан, бодитойгоор төлвөл зохих татвар бус харин өөртөө хохиролтойгоор хууль зөрчсөн, хувь хүний мэргэжлийн алдаа гаргасны улмаас үүссэн, хуульд заагдаагүй тул ямар ч нөхцөлд төлөх ёсгүй татварыг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа болгосон байгааг анхан шатны давж заалдах шатны шүүхүүд удаа дараагийн хуралдаанаар хянахдаа хууль зүйн үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Учир нь, татварын албаны шаардлага болон анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шаардлага, шийдвэрийг логик агуулгаар авч үзвэл, өөрөө татвараа тодорхойлсон тул алдаатай байсан ч, татвар түүнийг хянаж алдааг нь шалгах, хүчингүй болгохгүй, иймээс татвар төлөх үүрэг үүснэ гэж ойлгогдож байгаа нь, тайлангаа буруу тодорхойлж гаргасан ч түүнийг хянахгүй, хүлээн авна гэсэн утгаар ойлгогдож байгааг анхааралдаа авна уу. Түүнчлэн Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар, татварын алба нь хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байдаг. Хуулийн 64 дүгээр зүйлд, татварын төлбөл зохих өрийг гаргуулах асуудлыг тусгайлан зохицуулж журамласан байна. Татварын өр төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан иргэний хэрэгт авагдсан нотлох баримт бичгийг судлан үзэхэд, хэргийн материалд хуулиар тогтоосон журмын дагуу өр барагдуулах талаар татварын албаны ямар ч шийдвэр байхгүй, хариуцагчийн эд хөрөнгө, бусад орлогоос татварын өрийг гаргуулах талаар журамласан, хуульд заавал хийгдэхээр заасан ажиллагаа хийгдээгүй болох нь илэрхий байгаад анхаарлаа дахин хандуулахыг хүсч байна. Дээр дурдсан хуулийн заалтуудад анхаарлаа хандуулахыг хяналтын шатны шүүхэд хүсэлт болгохын зэрэгцээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үндэслэл буюу эх үүсвэрийн талаар дараах нөхцөл байдлыг танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. “ММ”ХХК нь, “КХ”ХХК-тай ажил гүйцэтгэх тодорхой гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд ажил, үйлчилгээ гүйцэтгэх нөхцлүүдийг харилцан тохиролцож, үйлдвэрлэлийн зардлыг “КХ”ХХК хариуцах талаар мөн тохиролцож, тус бүрийнхээ санхүүгийн тайлан тооцоонд тусгасаар ирсэн болно. Энэхүү нөхцөл байдлыг тайлбарласаар атал нэхэмжлэгч тал ч хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхүүд ч дээрх байдалд анхаарлаа хандуулаагүй тул манай компани “КХ”ХХК-д холбогдуулан хохирол гаргуулах агуулга бүхий шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан болно. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан манай компанид холбогдох хэргийг “КХ”ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулан дахин хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж өгөхийг хүсэлт болгож байна. Хариуцагч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дээр дурдсан үндэслэлүүдээр хууль зүйн хангалттай үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг болон хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагч талаас судлан зохих баримт бичгийг нотлох баримтын хэлбэрээр шүүхэд гаргаж өгөхөөр бэлтгэсэн байсан боловч шүүх хуралдаанд оролцохоор томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариуцагчаас үл хамаарах зайлшгүй шалтгаанаар өөрчлөгдөж байсан, шинээр томилогдсон төлөөлөгч, өмгөөлөгч нарыг нөхцөл байдалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэт нэг талын эрх ашгийг хамгаалж, мэтгэлцэх эрхийг хангаагүй болно. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.20-ны өдрийн 183/ШШ2017/01458 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.27 ны өдрийн 210/МА2017/02252 дугаар магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болгож, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ХУД-ийн ТХ  хариуцагч “ММ”ХХК-д холбогдуулж хугацаанд нь төлөөгүй татварын өр 303 885 438 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба  хариуцагч нь хувь хүний орлогын албан татварын өр 107 888 876 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 3 540 762 төгрөгийг тус тус зөвшөөрч, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 192 455 800 төгрөгийг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч нь “ММ”ХХКомпанийг тайланд тусгасан 2010-2017 оны 1 дүгээр улирлын байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварт 192 455 800 төгрөг, 2016-2017 оны 1 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 3 540 762 төгрөг, 2015-2017 оны 1 дүгээр улирлын байдлаар хувь хүний орлогын албан татварт 127 699 484 төгрөгийг гаргуулахаас илүү төлөлт 19 810 608 төгрөгийг хасч, нийт 303 885 438 төгрөгийн шаардлагыг тодорхойлжээ.

 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Татварын маргаан таслах комиссын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 26 тоот акт нь нэхэмжлэлд хамаарахгүй буюу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хэтрүүлснээс торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн 2012 оны 232171 тоот акттай холбоотой хэдий ч уг актаар торгууль, алданги ногдуулсан үндэслэл болох 2011 оны тайлангаар тайлагнасан 1 861 379 600 төгрөгийн орлого, түүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой байна.

Хариуцагч “ММ”ХХКомпани нь 2010 оны санхүүгийн тайланд 46 951 100 төгрөгийн, 2011 оны санхүүгийн тайланд 189 668 500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх талаар тусгасан боловч тайланг буруу гаргасан, өөрөөр хэлбэл 2011 оны тайланд 1 861 379 600 төгрөгийн цалин урамшуулалыг “борлуулалтын орлого” гэж бүртгэснээс төлөх ёсгүй татварыг төлөхөд хүрсэн гэж, энэ талаар татварын байгууллагад хандсан боловч шийдвэрлээгүй тул хуульд нийцүүлэн шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн, нөгөө талаас ХУД-ийн ТХ  нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж мэтгэлцжээ.

2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Татварын маргаан таслах комиссын 26 тоот актад “...”ММ”ХХКомпани нь 2011 онд нийт 1 861 379 600 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлсийг Кашмир холдинг ХХКомпаниас авч, ажилчдад олгосныг Маргаан таслах зөвлөлийн хурлаас 1 431 762 100 төгрөгийн ажлын хөлсийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.3-т зааснаар нэмэгдсэн өртгийн татвар ногдуулахгүй...” гэж шийдвэрлэснийг дурьдсан байна.

Харин үлдэх 429 617 500 төгрөгийг цалин, хөдөлмөрийн хөлс болгож олгосон эсэх, тус компанид олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар борлуулалтыг буцаан залруулсан эсэх асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэрлэх асуудал хэлэлцэгдэж байсан  боловч Татварын маргаан таслах комисс “...”ММ”ХХКомпани нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 429 617 500 төгрөгийн борлуулалтыг “КХ” ХХКомпанид хийсэн, тухайн компани нь худалдан авалтын хасалт хийж төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан тул 429 617 500 төгрөгийн орлогод нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсныг үндэслэлтэй гэж үзжээ.

Эдгээр баримтаас үзвэл 2011 оны тайланд “орлого” гэж тусгасан “1 861 379 600” төгрөгөөс “1 431 762 100” төгрөгийн ажлын хөлсөд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцохгүй гэж Татварын маргаан таслах зөвлөлийн хурал шийдвэрлэснээр “ММ”ХХКомпанийн гомдлын энэ хэсгийг хангасан, харин үлдэх 429 617 500 төгрөгийг цалин хөлс гэж үзэх эсэх талаар маргаантай үлдсэн, зохигчид энэ талаар маргасан хэвээр байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.3-т “Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид тооцохгүй бөгөөд түүнд олгосон цалин хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшилд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй“ гэж заасан тул 429 617 500 төгрөгийг ажилчдад олгосон цалин хөлс байсан эсэхийг дүгнэх ёстой байна. Хэрэв цалин хөлс болох нь тогтоогдвол “ММ”ХХКомпанийн зүгээс 429 617 500 төгрөгийн борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичсэн байдал, улмаар “КХ” ХХКомпани худалдан авалтын хасалт хийсэн үйл баримт үгүйсгэгдэх эсэх асуудал хөндөгдөхөөр байна.

Татварын маргаан таслах комисс 429 617 500 төгрөгийг “борлуулалтын орлого” гэж үзэхдээ “...”ММ”ХХКомпани нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 429 617 500 төгрөгийн борлуулалтыг “КХ” ХХКомпанид хийсэн, тухайн компани нь худалдан авалтын хасалт хийж төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан...” гэж эдгээр баримтад тулгуурлахдаа “ММ”ХХКомпани нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж буруу тайлагнасан гэж маргасан байхад энэ талаар шалгаж, тогтоосон, шийдвэрлэсэн зүйл байхгүй байна. Нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөл “ММ”ХХКомпанийн тайланд орлого гэж тусгасан “1 861 379 600” төгрөгөөс “1 431 762 100” төгрөгийн ажлын хөлсөд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцохгүй гэж шийдвэрлэхдээ үлдэх 429 617 500 төгрөгийг шийдвэрлээгүй орхисон, эсвэл орлого гэж үзсэн эсэх нь тодорхойгүй, уг зөвлөлийн акт хэрэгт байхгүй байв.

Өөрөөр хэлбэл ...падаан бичсэн үйл баримтыг бус падаан бичих болсон бодит үндэслэл байсан эсэх асуудал маргааны зүйл байх ба зохигчид энэ талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна.

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01458 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/02252 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 1 120 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                     ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА