Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 01458

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/01458

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө/

 

Хариуцагч: “Монмяндас” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ЧӨЧ Ээрмэл ХК-ийн байранд байрлах, регистрийн дугаар 2038161/

 

Хугацаанд нь төлөөгүй татварын өр 303.885.438 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн, Э.Насанбат, нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бадамын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус татварын хэлтэстэй харьцдаг 2038161 тоот регистрийн дугаартай “Монмяндас” ХХК нь нэхмэл утас бэлтгэх, ээрэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1996 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Уг хуулийн этгээд нь татварын албанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2010 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар дотоодын бараа үйлчилгээний Нэмэгдсэн өртөгийн албан татварт 192.455.800 төгрөгийн, 2016 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 3.540.762 төгрөгийн, 2015 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Хувь хүний орлогын албан татварт 127.699.484 төгрөгийн өр төлбөртэй байх тул Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 67.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан нийт 323.696.047 төгрөгийн татварын өрийг “Монмяндас” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “Монмяндас” ХХК-иас Хувь хүний орлогын албан татварт 19.810.608 төгрөгийн илүү төлөлт байгаа тул уг төлбөрийг хасаад 107.888.876 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 303.885.438 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул эсэргүүцэж дараах тайлбарыг гаргаж байна. Уг татварын өр нь 6-7 жилийн татварын өрүүд юм шиг хэзээ, яагаад үүссэн өр болохыг тайлбарлаагүй, зөвхөн мэдэгдэх хуудас хүргүүлсэн, данс хаасан, хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авах гэсэн ч боломжгүй байсан гэснээс өөр учир шалтгааныг заагаагүй бөгөөд “Монмяндас” ХХК нь яагаад уг татварын өрийг төлөхгүй байгаа талаар олон асуудлыг тайлбарлаагүй байна. Нэмэгдсэн өртөгийн албан татварын хувьд “Монмяндас” ХХК нь 2010 оны санхүүгийн тайланг татварын хэлтэст тушаах үед ажилчдын авсан цалинг борлуулалтын орлого гэсэн хүснэгтэд буруу бичиж тайлагнаснаас болж дутуу төлөлтийн өр гэгч үүссэн. Энэ Кашмер холдинг компанийн байшин барилгад тэдний тоног төхөөрөмж дээр тэдний өөрийнх нь түүхий эд, материал, химийн бодис, утас товч зэргээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд “Монмяндас” ХХК нь ажилчдаа ажиллуулан цалинг нь ажилчдын цалингийн картаар Кашмер холдинг компаниар өгүүлдэг. Кашмер холдинг компани нь “Монмяндас” ХХК-ийн толгой компанийн хувьд уг компанийн ажилчдаар бүтээгдэхүүн үйлдвэрлүүлээд бүр борлуулалт, өртөг, зардал татварын тооцоог нэгтгэн Кашмер холдинг ХХК өөрөө хийдэг. “Монмяндас” ХХК нь ямарч борлуулалт хийдэггүй, ажилчид нь толгой компаниас цалингаа авдаг ба “Монмяндас” ХХК-ийн дансаар дамжиж мөнгө нь ордоггүй юм. Ингээд Нэмэгдсэн өртөгийн албан татварын асуудас 2011 оноос гараагүй бөгөөд үүнээс хойш зөв тайлагнаж, уг татварыг төлдөггүй болсон. “Монмяндас” ХХК-ийн толгой компаниас авсан цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмж, шагналд Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу ногдуулах үндэслэлгүй болохыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тогтоосон. 2010 оны тайлан тэнцэл гарснаас хойш энэ татвар болох 192.5 сая төгрөгийн өрийн тооцоо үргэлжилж, шийдвэрлэгдээгүй байгаа нь талуудын хэн алины буруу. “Монмяндас” ХХК нь санхүүгийн тайлангаа буруу гаргаж, НӨАТ-ын ногдуулалт хийсэн нь ажлын хариуцлага, хуулийн талаарх мэдлэг хангалтгүйтэй холбоотой бөгөөд татварын улсын байцаагчийн хувьд хууль, дүрэм, журамд заасан “татварын тайланг зөв эсэхийг нягталж, шалгаагүй, тайлан буруу гарсан болохыг мэдсээр байж засварлуулаагүй, нябо бүртгэл, борлуулалтын дэвтэр огт үзээгүй, санхүүгийн тайлан татварын тайлан хооронд зөрүүтэй эсэхийг шалгаагүй” бөгөөд “Монмяндас” ХХК нь 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тайлан тэнцлээ буруу тайлагнасан болохыг ухамсарлаж, өөрчлүүлэхээр Хан-Уул Татварын хэлтэст удаа дараа хандсан боловч шийдэж өгөөгүй. Иймээс Нэмэгдсэн өртөгийн албан татварын өр 192.455.800 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувь хүний орлогын албан татварын хувьд 2014 оны 4 дүгээр улирлын байдлаар 19.810.470 төгрөгийн илүү төлөлттэй байгаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Монмяндас” ХХК-д холбогдох, татварын өр 303.885.438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бадамын “...хариуцагч байгууллагаас 2010 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Нэмэгдсэн өртөгийн албан татварт 192.455.800 төгрөгийн, 2016 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 3.540.762 төгрөгийн, 2015 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Хувь хүний орлогын албан татварт 127.699.484 төгрөг гаргуулахаас Хувь хүний орлогын албан татварт илүү төлөлт хийсэн 19.810.608 төгрөгийг хасаж тооцон 107.888.876 төгрөг, нийт 303.885.438 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхбат “...манай байгууллага нь санхүүгийн тайлангаа буруу гаргаж, Нэмэгдсэн өртөгийн албан татварт 192.455.800 төгрөгийн өр үүссэнг хүлээн зөвшөөрөхгүй байна, манай байгууллагын ажилтны хариуцлагагүй байдал, хуулийн талаарх мэдлэг хангалтгүйтэй холбоотой, мөн татварын улсын байцаагчийн хувьд хууль, дүрэм, журамд заасан татварын тайланг зөв эсэхийг нягталж, шалгаагүйгээс уг өр үүссэн байна. Хувь хүний орлогын албан татварын хувьд 2014 оны 4 дүгээр улирлын байдлаар 19.810.470 төгрөгийн илүү төлөлттэй байгаа” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

1. Татвар төлөгч “Монмяндас” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 45 дугаар зүйлийн 45.1, 55 дугаар зүйлийн 55.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар 2010 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Нэмэгдсэн Татварын тайлан мэдүүлснээр 192.455.800 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй болох нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, Татварын тооцооллын жагсаалт зэргээр тогтоогджээ.

 

Хариуцагч талын “Монмяндас ХХК нь Кашмер холдинг ХХК-ийн охин компани тул өөрөө бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалт хийдэггүй, ...санхүүгийн тайлангаа 2010 онд буруу тайлагнаж, НӨАТ-ын ногдуулалт хийсэн нь ажилтны хариуцлагагүйгээс болсон, мөн татварын улсын байцаагч хууль, дүрэмд заасан татварын тайланг зөв эсэхийг нягталж, шалгаагүй, тайлан буруу гарсан болохыг мэдсээр байж засварлуулаагүй, тайлан тэнцлээ буруу тайлагнасан болохыг өөрчлүүлэхээр Хан-Уул Татварын хэлтэст удаа дараа хандсан боловч шийдэж өгөөгүй” гэсэн тайлбар нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1, 29 дүгээр зүйлийн 29.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 3/745 дугаар албан бичиг, Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоол зэргээр үгүйсгэгдэж байх тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагч “Монмяндас ХХК-иас Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 192.455.800 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн татварын хэлтэст олгох нь үндэслэлтэй болно.

 

2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар 2015 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 107.888.876 төгрөгийн Хувь хүний орлогын албан татварын өртэй болох нь Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, Татварын тооцооллын жагсаалт зэргээр тогтоогджээ.

 

Хариуцагчийн “...Хувь хүний орлогын албан татварын хувьд 19.810.470 төгрөгийн илүү төлөлттэй байгаа” гэсний дагуу нэхэмжлэгч тал “Хувь хүний орлогын албан татварын өр 127.699.484 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаарлагаа 19.810.470 төгрөгөөр багасгасныг 107.888.876 төгрөг” болгосныг дурдав.

 

Иймд хариуцагч “Монмяндас ХХК-иас Хувь хүний орлогын албан татварын албан татварын өр 107.888.876 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн татварын хэлтэст олгох нь зүйтэй юм.

 

3. Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар “Монмяндас ХХК нь 2016 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 3.540.762 төгрөгийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өртэй болох нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Татварын тооцооллын жагсаалт зэргээр тогтоогдож байх тул хариуцагч “Монмяндас ХХК-иас Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр 3.540.762 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст олгов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “...2016 оноос 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 3.540.762 төгрөгийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өрийг гаргуулж өгнө үү” гэж нэмэгдүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан хэдий боловч хариуцагч “Монмяндас ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор хариу тайлбар буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэхээр үүрэг хүлээсэн хэдий боловч уг үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч талыг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр 3.540.762 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст нь “Монмяндас ХХК-ийн татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэсэн болох нь хавтаст хэргийн 5-22 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн лавлагаа, Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Татварын орлогын дансны мэдэгдэл, Хаан банк, Төрийн банкны албан бичиг, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын албан бичиг, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн албан бичиг зэргээр нотлогджээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Монмяндас ХХК-иас Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 192.455.800 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын албан татварын өр 107.888.876 төгрөг, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр 3.540.762 төгрөг, нийт 303.885.438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 9 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч “Монмяндас ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярбатад 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч талын “...өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнээс татгалзаж байгаа тул өмгөөлөгч авах боломж олгож, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд шүүхээс хариуцагчийг өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах боломж олгож удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд П.Цэрэн-Очирыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлага болох “итгэмжлэл олгосон он, сар, өдөр заагдаагүй” байсан тул “Монмяндас ХХК-ийг П.Цэрэн-Очир төлөөлөх эрхгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч “Монмяндас” ХХК-иас хугацаанд нь төлөөгүй татварын өр 303.885.438 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Монмяндас” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.677.377 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД