Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01569

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01569

 

 

А--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/01420 дугаар шийдвэртэй, А--ийн нэхэмжлэлтэй, Б.А, У.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 426 985 534 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батнасан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд

Хариуцагч У.А, Б.А

Хариуцагч Б.Аийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч А--ийн төлөөлөгч Б.Насанбуян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.А, У.А нартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр 170 000 000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэйгээр 18 cap буюу 546 хоногийн хугацаатайгаар зээлдүүлж, зээлдэгч нар Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /17062/ Ажилчны гудамж 78/1 тоот 850 м.кв конторын зориулалттай, тус байрны 2 тоотод орших 576 м.кв үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг объектууд байрлаж буй 3.317 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг барьцаалсан байдаг.

Зээлдэгч нар зээлийг хоцрогдолтой төлж байсан боловч тэдгээрээс гаргасан нэмж зээл авах хүсэлтийг үндэслэн иргэн Б.Атэй анхны барьцааны гэрээний барьцаа хөрөнгийг давхар барьцаалж 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 140 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр 18 cap буюу 522 хоногийн хугацаатайгаар олгосон.

 

Эхний зээлээс 130 000 000 төгрөг, хүү 29 148 002 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 724 267 төгрөг, нийт 159 872 269 төгрөг төлсөн, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болоход үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг, хүү 5 269 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 915 200 төгрөг, нийт 46 184 533 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

 

Дараагийн зээлийн хүүд 16 002 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 142 000 төгрөг, нийт 18 144 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлсөн, харин үүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болоход үндсэн зээлийн үлдэгдэл 140 000 000 төгрөг, хүү 49 770 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 450 000 төгрөг, нийт 199 220 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Дээрх хугацаанд бид зээлдэгч нарт утсаар болон биеэр уулзан зээлээ төлөхийг шаардахад эхний үед тодорхой хугацаа зааж, тухайн заасан хугацаандаа төлбөрийг заавал төлөхөө илэрхийлдэг байсан. Мөн ОХУ-аас малын тэжээл, овьёос оруулж ирж, худалдан борлуулах ашигтай бизнест хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд уг бизнесээс орж ирэх мөнгөнөөс төлбөрийг бүрэн барагдуулах тул түр хүлээхийг хүссэн хүсэлт, мөн өөрийн эзэмшлийн 104.5 м.кв орон сууцыг зарж борлуулах гэж байгаа бөгөөд борлуулалтын мөнгөнөөс төлбөрийг барагдуулах тул түр хүлээхийг хүссэн хүсэлт, сүүлд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ААН-тэй хамтран үйлдвэрийн болон конторын зориулалттай байраа ашиглуулан мах нөөцлөн хадгалах, мах жижиглэн савлах үйлдвэрлэл эрхэлж, экспортлох чиглэлээр ажиллаж байна. Мөн цэвэр ус, жүүсний үйлдвэртээ хөрөнгө оруулалт авахаар болсон тул төлбөрийг удахгүй бүрэн барагдуулж дуусгах баталгаа гаргаж өгсөн тул түр хүлээхийг хүссэн хүсэлт гэх мэтчилэн үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж төлбөр тооцоог барагдуулахаа удаа дараа амаар болон бичгээр илэрхийлсээр ирсэн боловч огт төлбөр хийгээгүй явсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Түүнчлэн, зээлдэгчтэй эвлэрэх зорилгоор санал тавьж байсан боловч хүлээн аваагүй тул нэхэмжлэл гаргасан.

 

Иймд эхний зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 1 253 хоногийн зээлийн хүү 44 512 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 763 734 төгрөг, хоёр дахь зээлийн үлдэгдэл 140 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 1 253 хоногийн зээлийн хүү 161 784 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31 852 800 төгрөг, нийт 333 636 800 төгрөг, зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 6 удаа очсоны зардал 60 000 төгрөг, нотариатын хөлс 13 000 төгрөг, нийт 426 985 534 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, түүний талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би үндсэн зээл 180 000 000 төгрөг, гэрээний хугацаан дахь болон гэрээний хугацаа дууссанаас хойш 3 сарын хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.

Эхнэр бид 2 ББСБ-аас 170 000 000 төгрөгийн зээл авч, 159 872 000 төгрөг төлж, 40 000 000 төгрөгийн үндсэн зээл үлдсэн. Нэмж 140 000 000 төгрөгийн зээл авч, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 18 144 000 төгрөгийг төлсөн. Зээлийн хүү 16 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 144 000 төгрөг болсон бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадаагүй.

ОХУ руу явсан бизнес маань бүтэлгүйтсэн, эхнэрийн маань бие муудаж, бид ХБНГУ руу эхлээд явсан. Эмчилгээ оношилгоонд 22 000 евро зарцуулсан. Зүрх нь зогсох гээд байхаар нь БНСУ-руу явсан. Гэтэл хагалгаа хийлгэхэд бие нь дийлэхгүй гээд 3 000 000 вонны эм бичиж өгсөн. Тэр эм нь байнга шаардагдаж, 2014 оноос хойш одоог хүртэл байнга эмчилгээнд явж, эм хэрэглэж амьдарч байна. У.А уушгины артерийн даралт, элэгний цироз, зүрхний өвчтэй байна. Группд байдаг. Монголд байхгүй эм уудаг. Энэ байдал маань авсан зээлээ буцаан төлөх боломжгүйд хүргэсэн, санхүүгийн хувьд асар боломжгүй болгож байгаа юм.

Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн байраа 215 000 000 төгрөгөөр зарсан, мөнгийг нь долларын зээл, эмчилгээ гэх мэт зүйлд зориулаад нэхэмжлэгчээс авсан зээлээ төлөх боломжгүй болсон. Бид машин, байр, зогсоол гээд зарж болох бүх зүйлээ зараад ч төлж чадахгүй өдийг хүрч байна.

Би зээл төлөхгүй зугтсан зүйл огт байхгүй, 2016 оны 7 дугаар сараас эхлээд Б.Насанбуянд шүүхэд ханд, ах нь зээлээ төлөх аргаа барж байна, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс зогсооё гэж хэлж, сануулж байсан боловч хандаагүй өдийг хүргэсэн нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг өсгөсөн гэж үзэж байна. Мөн намайг Монголбанкны мэдээлэлд 500 000 000 төгрөгийн зээл, өртэй гэсэн мэдээлэл оруулсан тул нэмж зээл авах боломжгүй болсон. Иймд гэрээний хугацаан дахь болон гэрээний хугацаа дууссанаас хойш 3 сарын хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч У.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 онд хөдөлмөрийн чадвараа алдаж, группд орсон. Зүрхний булчингийн цочмог тэжээлийн дутагдал, уушигний артерийн даралт өвчтэй, түүнээсээ болоод элэгний цирозтой болсон. Байнга эмчилгээ шаардлагатай, тэр хэрээр мөнгө шаардагдах юм.

Анхны зээлийн гэрээнд би гарын үсэг зурж зээл авсан нь үнэн. Дараа нь би гарын үсэг зураагүй. Мөнгө авсан нь үнэн, уг зээлийг төлнө. Эрүүл л байвал мөнгийг олж болох байх гэж бодож байна гэв.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан У.Агаас 23 719 766.5 төгрөг, Б.Аээс 245 773 966.5 төгрөгийг тус тус гаргуулан А--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 157 491 801 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000053, Ү-2206004639 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж 78/1 тоот 850 м.кв, 78/2 тоот 576 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг доорх 3 317 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийн хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 464 965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 1 421 720 төгрөг, У.Агаас 311 649 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А--ийн төлөөлөгч Б.Насанбуян давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг буруу хэрэглэсэн байна. Тодруулбал, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх түүний улмаас үүрэг үүсэх дээрх заалтуудыг хуульд аль гэрээ хэлцэлд хэрэглэж болохоор оруулсан хэдий ч энэхүү хэрэг маргааны тухайд бол хэрэглэх боломжгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь тус мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгч үүргээ гүйцэтгэснээр хариуцагч буцаан төлөх үүрэг үүсэх бөгөөд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасныг гол төлөв ажил гүйцэтгэх гэрээ, худалдах-худалдан авах гэрээ гэх мэт бусад гэрээний харилцаанд хэрэглэх хууль зүйн оновчтой шийдэл болно.

Түүнчлэн, шүүх 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байхад шаардаагүй нь хугацаа хэтрүүлэх нэг үндэслэл болсон гэж дүгнэжээ. Хэргийн 28 дахь талд хүсэлт авагдсан бөгөөд энэ хүсэлт нь хариуцагчийн зээл төлөхгүй саатсан шалтгаанаа тайлбарлаж хөрөнгө оруулалт хийгдэж үйлдвэрлэл явагдахаар зээл, зээлийн хүүг барагдуулахаа илэрхийлсэн байхад үүнийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж байгаа нь хууль буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Харин хэргийн 22-30 дахь талд авагдсан хариуцагчийн хүсэлтүүд зээлээ төлж чадахгүй байгаа шалтгаан, нөхцөлөө тодорхойлж, зээл төлөх боломжоо илэрхийлсэн буюу зээлийн гэрээний хугацааг сунгах, төлбөрийг хойшлуулах хүсэлт байдаг.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэл гаргаснаас хойш 2 сар хугацаанд хариуцагч нараас тайлбараас өөр нотлох баримт гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, үгүйсгэх нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй, түүнчлэн өмгөөлөгчөөсөө татгалзсан болно.

Шүүх нэхэмжлэгч хариуцагчийг бусад байгууллагаас зээл авах боломжийг хаасан гэж үндэслэлгүй дүгнэсэн болно. Хариуцагч нь эрүүл мэндийн шалтгаанаа баримтаар нотлоогүйг шүүх дүгнэсэн байна.

Бид Монголбанк дахь мэдээллийг мэдээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад анх мэдэж, дараа нь залруулсан болно. Хариуцагч нар Монголбанк дахь уг мэдээллийг залруулах талаар ямарваа нэг хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Үүнийг шүүх ямар байдлаар нотолсныг ойлгохгүй байна.

Хариуцагч нар өрөвдүүлэх арга ашиглаж байна. Хэрэгт авагдсан баримтаар Б.А нь 2017 оноос хойш БНХАУ-ын иргэдтэй мах экспортлох чиглэлээр хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэхүү бизнес нь ашиг олж, 850 м.кв 4 давхар барилгын засварыг 500 000 000 төгрөгөөс 600 000 000 төгрөгөөр засаж зайсруулж, бусдаас авсан зээлээ төлсөн байдаг. Үүнд зориулж байраа зарсан гэж үзэхээр байна.

Ийм хэмжээний засвар үйлчилгээ хийсэн хүн төлбөрийн чадамжгүй байх нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад хамааралтай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Алаг-Уул ган ББСБ ХХК нь Б.А, У.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 426 985 534 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ5762014 дугаартай зээлийн гэрээгээр 170 000 000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 546 хоногийн хугацаатай, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ3392015 дугаартай зээлийн гэрээгээр 140 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 522 хоногийн хугацаагаар зээлдүүлэх, хариуцагч нь дээрх гэрээнүүдэд заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбараар нотлогдсон байна. /хх-11-13, 17-19, 40,41/

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон мөнгө хүлээн авсан үйл баримтад маргаангүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ. Шүүх дээрх эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийн талаар маргасан ба энэ нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэл болжээ.

 

Хариуцагч тал зээлийн үүргээ зөрчсөн шалтгаанаа ... бизнес бүтэлгүйтсэн ..., ... эхнэр У.А хүнд өвчин тусч эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон ... гэж тайлбарлажээ. /хх-40/ Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгч талд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулах тухай 9 удаа хүсэлт гаргасан байна. /хх-16, 22-29/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийг хэтэрсэн хугацааны хүү тооцон нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаагүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдсан дүгнэсэн нь буруу байна. Харин талуудын зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй тул нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн заалтаас үзвэл гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх ба харин нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх агуулгатай байна. Талууд гэрээний 2.3-т зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлөх-өөр тохиролцсон нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна. Иймээс хариуцагч нарын 2014 оны зээлийн гэрээний төлөлтөөс нэмэгдүүлсэн хүүд суутгасан 724 267 төгрөгийг үндсэн зээл болох 40 000 000 төгрөгөөс, 2015 оны зээлийн төлөлтөөс нэмэгдүүлсэн хүүд суутгасан 2 142 000 төгрөгийг үндсэн зээл 140 000 000 төгрөгөөс тус тус хасч тооцох нь зүйтэй. Иймээс хариуцагч нарын үүргийг тооцвол эхний гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 39 275 733 төгрөг, гэрээний хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 5 269 333 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны хүү 36 591 892 төгрөг, нийт 81 136 956 төгрөг, 2 дахь гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 137 858 000 төгрөг, хугацааны хүү 49 770 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү /2017.01.02-2019.06.10-ний өдрийг хүртэл/ 103 476 215 төгрөг, нийт 291 104 215 төгрөг тус тус төлөхөөр байна.

 

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх ба хариуцагч нарын зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир барьцааны хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ. Мөн шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 73 000 төгрөг хариуцагч нараас гаргуулах шаардлагаас 26 000 төгрөгийг хангаж, үлдэх 60 000 төгрөгт холбогдох хэсгийг баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүйн гадна нэхэмжлэгч энэ шийдвэрт гомдол гаргаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:З

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/01420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Агаас 40 581 476 төгрөг, Б.Аээс 331 685 691 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Алаг-Уул ган ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 54 744 363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 1 421 720 гэснийг 1 816 378 гэж, 311 649 гэснийг 664 253 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД