Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1420

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Б.А,

Хариуцагч: У.А нарт холбогдуулан гаргасан

 

Зээлийн гэрээний үүрэгт 426,985,534 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч Б.А, У.А, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 426,985,534 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шийдвэр тусгуулахаар шаардаж байгаа.

Хувь хэмжээний тухайд 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг болох 91,570,134 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна, харин 2 дахь зээл буюу 140,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 327,437,600 төгрөгийг Б.Аээс гаргуулна.

“А” нь анх 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.А, У.А нартай “ЗГ5762014” тоот Зээлийн гэрээ, “БГ5762014” тоот Барьцааны гэрээг байгуулж Улсын Бүртгэлийн Газарт бүртгүүлснээр 170,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэйгээр 18 cap буюу 546 хоногийн хугацаатайгаар зээлж, зээлдэгч нарын эзэмшлийн доорх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1.Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /17062/ Ажилчны гудамж 78/1 тоот 850 м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

2.Тус байрны 2 тоотод орших 576 м.кв үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

3.Дээрх объектууд байрлаж буй 3.317 м.кв үйлдвэрийн зориулалттай газар.

Дээрх авсан зээлийг зээлдэгч нар нь бага зэргийн хоцрогдолтой төлж байсан боловч тэдгээрээс гаргасан нэмж зээл авах хүсэлтийг үндэслэн иргэн Б.Атэй анхны барьцааны гэрээний барьцаа хөрөнгийг давхар барьцаалж 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “ЗГ3392015” тоот Зээлийн гэрээ, “БГ3392015” тоот Барьцааны гэрээг байгуулж 140,000,000 төгрөгийг 2.7 хувийн хүүтэйгээр 18 cap буюу 522 хоногийн хугацаатайгаар олгосон.

Эхний зээлээс 130,000,000 төгрөгийг, хүү 29,148,002 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 724,267 төгрөг буюу нийт 159,872,269 төгрөгийг төлсөн, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 04-нд дуусгавар болоход үндсэн зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөг, хүү 5,269,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 915,200 төгрөг нийт дүн 46,184,533 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Дараагийн зээлийн хүүд 16,002,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,142,000 төгрөг буюу нийт 18,144,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, түүнээс өмнө төлсөн, харин хойш огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 02-нд дуусгавар болоход үндсэн зээлийн үлдэгдэл 140,000,000 төгрөг, хүү 49,770,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,450,000 төгрөг нийт дүн 199,220,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Дээрх хугацаанд бидний зүгээс зээлдэгч нартай утсаар болон биеэр очиж уулзан зээлээ төлөхийг шаардахад: Эхний үед тодорхой хугацаа зааж, тухайн заасан хугацаандаа төлбөрийг заавал төлөхөө илэрхийлдэг байсан. Мөн ОХУ-аас малын тэжээл, овьёос оруулж ирж, худалдан борлуулах ашигтай бизнест хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд уг бизнесээс орж ирэх мөнгөнөөс төлбөрийг бүрэн барагдуулах тул түр хүлээхийг хүссэн хүсэлт, мөн өөрийн эзэмшлийн 104.5 м.кв орон сууцыг зарж борлуулах гэж байгаа бөгөөд борлуулалтын мөнгөнөөс төлбөрийг барагдуулах тул түр хүлээхийг хүссэн хүсэлт, сүүлд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ААН-тэй хамтран үйлдвэрийн болон конторын зориулалттай байраа ашиглуулан мах нөөцлөн хадгалах, мах жижиглэн савлах үйлдвэрлэл эрхэлж, экспортлох чиглэлээр ажиллаж байна. Мөн цэвэр ус, жүүсний үйлдвэртээ хөрөнгө оруулалт авахаар болсон тул төлбөрийг удахгүй бүрэн барагдуулж дуусгах баталгаа гаргаж өгсөн тул түр хүлээхийг хүссэн хүсэлт гэх мэтчилэн үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж төлбөр тооцоог барагдуулахаа удаа дараа амаар болон бичгээр илэрхийлсээр ирсэн боловч огт төлбөр хийгээгүй хугацаа хожиж явсаар өнөөдрийг хүрсэн.

Мөн манай байгууллагын зүгээс зээлдэгчтэй тохиролцох болон эв зүйгээр шийдэх зорилгоор хэд хэдэн боломжит санал тавьж ярилцсан боловч зээлдэгч нь бидэнтэй тохиролцолгүй худлаа ярьж хоног хугацаа хожиж явсаар байсан тул манай байгууллага нь 2019 оны 4 дүгээр сарын 30-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан, дахин шаардлагаа 2019 оны 6 дугаар сарын 10-нд нэмэгдүүлсэн.

Иймд эхний зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 1,253 хоногийн зээлийн хүү 44,512,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,763,734 төгрөг буюу нийт 93,275,734 төгрөг, хоёр дахь зээлийн үлдэгдэл 140,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 1,253 хоногийн зээлийн хүү 161,784,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,852,800 төгрөг буюу нийт 333,636,800 төгрөг, зээлийн гэрээний 3,2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 6 удаа очсоны зардал 60,000 төгрөг шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны хөлс 13,000 төгрөг, бүгд 426,985,534 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, түүний талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү

Би У.Аг ийм хүнд өвчтэй байдлыг урьд мэдээгүй, одоо л мэдэж байна. Урьд энэ байдлаа хариуцагч нар надад огт хэлж байгаагүй. Хариуцагчийн хүнд өвчтэй байдлыг ойлгож байна. Өмнө бид энэ байдлыг мэдсэн бол учир байдлаа хэлэлцээд, асуудлаа аль болох зөв зүйтэй шийдвэрлэж болох л байсан гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би үндсэн зээл 180,000,000 төгрөгийг төлнө, мөн гэрээний хугацаан дахь болон гэрээний хугацаа дууссанаас хойш 3 сарын хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.

Эхнэр бид 2 ББСБ-аас 170,000,000 төгрөгийн зээлийг аваад 159,872,000 төгрөг төлж, 40,000,000 төгрөгийн үндсэн зээл үлдсэн. Нэмээд 140,000,000 төгрөгийн зээл авсан. Түүний хүү, нэмэгдүүлсэн хүүд нийлээд 18,144,000 төгрөгийг төлсөн. Хүү 16,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,144,000 төгрөг болсон.

Үндсэн зээлийн төлбөрөө огт төлөөгүй. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадаагүй.

ОХУ-руу явсан бизнес маань бүтэлгүйтсэн, эхнэрийн маань бие муудаж, бид ХБНГУ руу эхлээд явсан. Эмчилгээ оношилгоонд 22,000 евро зарцуулсан. Зүрх нь зогсчих гээд болохгүй байхаар нь БНСУ-руу явсан. Гэтэл хагалгаа хийлгэхэд бие нь дийлэхгүй гээд 3,000,000 вонны эм бичиж өгсөн. Тэр эм нь байнга шаардагдаж, 2014 оноос хойш одоог хүртэл байнга эмчилгээнд явж, эм хэрэглэж амьдарч байна. У.А уушгины артерийн даралт, элэгний цироз, зүрхний өвчтэй байна. Группд байдаг. Монголд байхгүй эм уудаг. Энэ байдал маань авсан зээлээ буцаан төлөх боломжгүйд хүргэсэн, санхүүгийн хувьд асар боломжгүй болгож байгаа юм.

Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн байраа 215,000,000 төгрөгөөр зарсан, мөнгийг нь долларын зээл, эмчилгээ гэх мэт зүйлд зориулаад нэхэмжлэгчээс авсан зээлээ төлөх боломжгүй болсон. Бид машин, байр, зогсоол гээд зарж болох бүх зүйлээ зараад ч сэхэл авч чадахгүй өдийг хүрч байна.

Би олсон мөнгөө төлөхгүй гээд зугтаад байсан зүйл огт байхгүй, нуугдаж хаагдаж явах ямар ч шаардлагагүй. Би 2016 оны 7 дугаар сараас эхлээд Б.Насанбуянд шүүхэд ханд, ах нь зээлээ төлөх аргаа барж байна, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс зогсооё гэж хэлж, сануулж байсан боловч хандаагүй өдийг хүргэсэн нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг өсгөх гэсэн санаа. Би бусад байгууллагаас зээл авч өрөө дарах гэхэд намайг Монгол банкны мэдээлэлд 500,000,000 төгрөгийн зээлтэй, өртэй гээд оруулчихсанаас болж хэн ч надад зээл өгөөгүй. Яаж өгөх билээ дээ тийм их өртэй хүн. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл намайг зээл авах боломжгүйд хүргэсэн. Би аль болох бүх зүйлийг болгох, бүтээх гэж хичээж, зүтгэж ирсэн. Эхнэртээ энэ байдлыг мэдэгдэхгүй, өвдсөн дээр нь санааг нь нэмж зовоохгүй юмсан, мөнгөгүй гээд эмчилгээг нь тасалчихгүй юмсан, хүнээс авсан мөнгөө өгчих юмсан гэсэндээ хирэндээ зүтгэж байгаа ч бүх зүйл миний эсрэг болсон мэт болж өгөхгүй байна. Өмгөөлөгчид төлөх хөлс ч байхгүй учир өнөөдөр өөрсдөө энд сууж байна.

Иймд гэрээний хугацаан дахь болон гэрээний хугацаа дууссанаас хойш 3 сарын хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч У.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхны зээлийн гэрээнд би гарын үсэг зурж зээл авсан нь үнэн. Дараа нь би гарын үсэг зураагүй. Мөнгө авсан нь үнэн, төлнө гэж бодож байгаа. Мөнгөө төлөх талаар бодоогүй өдөр, бодоогүй шөнө бидэнд байхгүй. Би нөхөртөө нэмэр болохоос нэрмээс болох нь их байна. Бид мөнгө хамаагүй, болох л байх гэж бодож ирсэн. Эрүүл л байвал мөнгийг олж болох байх гэж бодож байна.

Би 2014 онд хөдөлмөрийн чадвараа алдаж, группд орсон. Зүрхний булчингийн цочмог тэжээлийн дутагдал, уушигний артерийн даралт өвчтэй, түүнээсээ болоод элэгний цирозтой болсон. Байнга эмчилгээ шаардлагатай, тэр хэрээр мөнгө шаардагдах юм. Бидэнд одоо юу ч байхгүй, өнөөдөр орох орон ч үгүй л явцгааж байна, гэхдээ болох байх гэж найдаж байгаа гэв.

 

Шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч У.Агаас 46,637,867 төгрөг, хариуцагч Б.Аээс 380,274,667 төгрөг, гарсан зардал 73,000 төгрөгийг тэднээс хувь тэнцүүлэн тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 180,000,000 төгрөгийг гэрээний хугацаан дахь болон гэрээний хугацаа дууссанаас хойших 3 сарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “хүнд өвчний улмаас төлбөрийн чадваргүй болсон, нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа болон гэрээнд заасан зохих арга хэмжээ аваагүйгээс шалтгаалж хүүгийн хэмжээ нэмэгдсэн, бусдаас зээл авах боломжийг хаасан” гэж тус тус тайлбарлаж маргав.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч Б.А, У.А нар 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ /цаашид 1 дүгээр гэрээ гэх/-г бичгээр байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 170,000,000 төгрөгийг 546 хоногийн хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, хариуцагч нар 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2016 оны 5 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд сар бүрийн 3-6-ны өдрүүдэд зээлийг, бодогдсон хүүгийн хамтаар буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн энэ өдөр зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000053, Ү-2206004639 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж 78/1 тоот 850 м.кв, 78/2 тоот 576 м.кв үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг доорх 3,317 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газрын хамт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд бариулжээ.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч Б.А нар 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ /цаашид 2 дугаар гэрээ гэх/-г бичгээр байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 140,000,000 төгрөгийг 522 хоногийн хугацаатай, сарын 2,7 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2017 оны 1 дүгээр сарын 02-ныг хүртэлх хугацаанд сар бүрийн 2-5-ны өдрүүдэд бодогдсон хүү болон зээлийн тодорхой хэсгийг буцаан төлөхөөр тохиролцсон байна.

 

Мөн энэ өдөр “А” ХХК болон Б.А нар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000053, Ү-2206004639 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж 78/1 тоот 850 м.кв, 78/2 тоот 576 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд бариулжээ.

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан хэлбэрийн болон хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “А” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан байхад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр 1 дүгээр гэрээний үндсэн зээлд 40,000,000 төгрөг, зээлийн хүүд 44,512,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,763,734 төгрөг буюу нийт 93,275,734 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн, 2 дугаар гэрээний үндсэн зээлд 140,000,000 төгрөг, зээлийн хүүд 161,784,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 31,852,800 төгрөг буюу нийт 333,636,800 төгрөгийг хариуцагч Б.Аээс, мөн тээврийн зардал 60,000 төгрөг, нотариатын зардалд төлсөн 13,000 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нар нь хүнд өвчний улмаас төлбөрийн чадваргүй болсон, хүүгийн хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, зээл төлөх боломжийг нэхэмжлэгч багасгасан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрсөн байна.

 

Зээлийн 1, 2 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийг хариуцагч нарт болон хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч нар 1 дүгээр гэрээний үүрэгт нийт 159,872,269 төгрөг, 2 дугаар гэрээний үүрэгт 18,144,000 төгрөг тус тус төлсөн, одоо 1 дүгээр гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөг, 2 дугаар гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 140,000,000 төгрөг байгаа, хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй болох нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч нараас нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож үзвэл 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар:

- 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дууссан зээлийн 1 дүгээр гэрээний үүрэг үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 44,512,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,763,734 төгрөг,  

- 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дууссан зээлийн 2 дугаар гэрээний үүрэг үндсэн зээл 140,000,000 төгрөг, зээлийн хүү 161,784,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,852,800 төгрөг тус тус гарч байна.

 

Нэхэмжлэгчийн энэ тооцоолол гэрээгээр тохирсон хүүгийн хувь хэмжээ, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээ, төлбөр төлөгдөөгүй хугацаатай тохирч байх боловч шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь, хэргийн баримт, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтаар тодорхой хугацааны хүү шаардах эрхээ нэхэмжлэгч алдсан гэж үзэх үндэслэлийг бүрдүүлэв.

 

Тогтоогдсон үйл баримт:

1.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч У.А хүнд өвчний улмаас байнгын эмчилгээ, сувилгаа хийлгэдэг, хөдөлмөрийн чадвараа алдсан, тэрээр өдөр тутам хариуцагч Б.Аийн анхаарал, халамжид байх шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдсон,

2.хариуцагч Б.Аийг Монгол банк дахь зээлийн мэдээллийн санд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 500,000,000 төгрөгийн зээл авсан гэж “А” ХХК тэмдэглэж оруулсан,

3.зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч Б.А нь 2015.10.22, 2015.11.09, 2016.01.20, 2016.05.09, 2016.07.26, 2016.10.06, 2016.12.20, 2017.05.23-ны өдрүүдэд зээлийг төлж барагдуулах талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргаж, хугацаа хойшлуулж, хамгийн сүүлд 2017.05.23-ны өдөр зээлийг барагдуулах болохоо илэрхийлж байснаас хойш 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр буюу 23 сар 8 хоногийн дараа нэхэмжлэгч шүүхэд хандсан байна.

 

Дээрх үйл баримтаас үзвэл шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нар эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан, энэ шалтгаанаар хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулж байсан, ийнхүү хойшлуулсан хугацаанд хариуцагч нь бусад байгууллагаас зээл авах замаар төлбөр төлөх боломжийг нэхэмжлэгчийн “зээлийн мэдээллийн сан”-д оруулсан “500,000,000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй” гэх мэдээлэл багасгасан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буруутай хэдий ч хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд дан ганц хариуцагч нарын буруугаас болсон гэж үзэх боломжгүй байна.

 

Тодруулбал, хариуцагчийн хамгийн сүүлийн хугацаа заагаагүйгээс хүсэлтээр зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т зааснаар 10 хоногийн хугацаагаар хойшлуулсан, 10 хоногийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байхад ийнхүү шаардаагүй нь хугацаа хэтрүүлэх нэг үндэслэл болжээ.

 

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг цуцлах, эсхүл тогтоосон хугацаа өнгөрмөгц зээлийг гэрээнд заасан журмын дагуу зээлдэгчдээс шаардах арга хэмжээг аваагүй, шүүхэд 22 сар 27 хоногийн дараа нэхэмжлэл гаргаснаас хүүгийн хэмжээ нэмэгдсэн байх тул энэхүү нөхцөл байдлыг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан “үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана” зохицуулалтад хамаатуулах үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэгчийг 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдсан гэж үзлээ.

 

Иймд 1 дүгээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 6,309,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,123,200 төгрөг буюу нийт 47,432,533 төгрөг, 2 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 140,000,000 төгрөг, зээлийн хүү 68,796,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,255,200 төгрөг буюу нийт 222,051,200 төгрөг /бүгд 269,483,733 төгрөг/-ийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэж заасны дагуу 1 дүгээр гэрээний үүргийн 50 хувь болох 23,716,266.5 төгрөгийг хариуцагч У.А, үлдэх 50% болон 2 дугаар гэрээний үүрэг нийт 245,767,466.5 төгрөгийг хариуцагч Б.А хариуцах тус тус үндэслэлтэй тул уг хэмжээгээр мөнгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан бусад хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

Зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 6 удаа очиход нэхэмжлэгчээс тээврийн зардалд 60,000 төгрөг гарсан гэж нэхэмжлэгч шаардсан боловч энэхүү шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хэрэгсэхгүй болгов.

 

Харин нэхэмжлэгчээс гарсан нотариатчаар нотлох баримтыг хуулбарлуулсны төлбөрт 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 13,000 төгрөг /мөнгөний баримтаар тогтоогдсон/-ийн зардал нь гэрээний үүрэг зөрчсөн хариуцагч нарын буруутай үйлдэлтэй шууд холбоотой зайлшгүй зардал мөн тул шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд тооцож, хариуцагч нараас 13,000 төгрөгийг мөн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан У.Агаас 23,719,766.5 төгрөгийг, Б.Аээс 245,773,966.5 төгрөгийг тус тус гаргуулан “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 157,491,801 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000053, Ү-2206004639 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж 78/1 тоот 850 м.кв, 78/2 тоот 576 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг доорх 3,317 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийн хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,464,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 1,421,720 төгрөг, У.Агаас 311,649 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА