Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00175

 

2021           03            04                                          001/ХТ2021/00175

 

 

 

...........ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/01420 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1569 дүгээр магадлалтай,

 

...........ХХК-ний нэхэмжлэлтэй

..........., ........... нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 426 985 534 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч ..........., ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ...........ХХК-ийн төлөөлөгч Б.Насанбуян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ..........., ........... нартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр 170 000 000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэйгээр 18 cap буюу 546 хоногийн хугацаатайгаар зээлдүүлж,зээлдэгч нар Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /17062/ Ажилчны гудамж 78/1 тоот 850 м.кв конторын зориулалттай, тус байрны 2 тоотод орших 576 м.кв үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг объектууд байрлаж буй 3.317 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг барьцаалсан байдаг. Зээлдэгч нар зээлийг хоцрогдолтой төлж байсан боловч тэдгээрээс гаргасан нэмж зээл авах хүсэлтийг үндэслэн иргэн ...........тэй анхны барьцааны гэрээний барьцаа хөрөнгийг давхар барьцаалж 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 140 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр 18 cap буюу 522 хоногийн хугацаатайгаар олгосон. Эхний зээлээс 130 000 000 төгрөг, хүү 29 148 002 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 724 267 төгрөг, нийт 159 872 269 төгрөг төлсөн, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болоход үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг, хүү 5 269 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 915 200 төгрөг, нийт 46 184 533 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Дараагийн зээлийн хүүд 16 002 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 142 000 төгрөг, нийт 18 144 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлсөн, харин үүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болоход үндсэн зээлийн үлдэгдэл 140 000 000 төгрөг, хүү 49 770 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 450 000 төгрөг, нийт 199 220 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх хугацаанд бид зээлдэгч нарт утсаар болон биеэр уулзан зээлээ төлөхийг шаардахад эхний үед тодорхой хугацаа зааж, тухайн заасан хугацаандаа төлбөрийг заавал төлөхөө илэрхийлдэг байсан. Мөн ОХУ-аас малын тэжээл, овьёос оруулж ирж, худалдан борлуулах ашигтай бизнест хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд уг бизнесээс орж ирэх мөнгөнөөс төлбөрийг бүрэн барагдуулах тул түр хүлээхийг хүссэн хүсэлт, мөн өөрийн эзэмшлийн 104.5 м.кв орон сууцыг зарж борлуулах гэж байгаа бөгөөд борлуулалтын мөнгөнөөс төлбөрийг барагдуулах тул түр хүлээхийг хүссэн хүсэлт, сүүлд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ААН-тэй хамтран үйлдвэрийн болон конторын зориулалттай байраа ашиглуулан мах нөөцлөн хадгалах, мах жижиглэн савлах үйлдвэрлэл эрхэлж, экспортлох чиглэлээр ажиллаж байна. Мөн цэвэр ус, жүүсний үйлдвэртээ хөрөнгө оруулалт авахаар болсон тул төлбөрийг удахгүй бүрэн барагдуулж дуусгах баталгаа гаргаж өгсөн тул түр хүлээхийг хүссэн хүсэлт гэх мэтчилэн үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж төлбөр тооцоог барагдуулахаа удаа дараа амаар болон бичгээр илэрхийлсээр ирсэн боловч огт төлбөр хийгээгүй явсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Түүнчлэн, зээлдэгчтэй эвлэрэх зорилгоор санал тавьж байсан боловч хүлээн аваагүй тул нэхэмжлэл гаргасан. Иймд эхний зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 1 253 хоногийн зээлийн хүү 44 512 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 763 734 төгрөг, хоёр дахь зээлийн үлдэгдэл 140 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 1 253 хоногийн зээлийн хүү 161 784 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31 852 800 төгрөг, нийт 333 636 800 төгрөг, зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 6 удаа очсоны зардал 60 000 төгрөг, нотариатын хөлс 13 000 төгрөг, нийт 426 985 534 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, түүний талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ........... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би үндсэн зээл 180 000 000 төгрөг, гэрээний хугацаан дахь болон гэрээний хугацаа дууссанаас хойш 3 сарын хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Эхнэр бид 2 ББСБ-аас 170 000 000 төгрөгийн зээл авч, 159 872 000 төгрөг төлж, 40 000 000 төгрөгийн үндсэн зээл үлдсэн. Нэмж 140 000 000 төгрөгийн зээл авч, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 18 144 000 төгрөгийг төлсөн. Зээлийн хүү 16 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 144 000 төгрөг болсон бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадаагүй. ОХУ руу явсан бизнес маань бүтэлгүйтсэн, эхнэрийн маань бие муудаж, бид ХБНГУ руу эхлээд явсан. Эмчилгээ оношилгоонд 22 000 евро зарцуулсан. Зүрх нь зогсох гээд байхаар нь БНСУ-руу явсан. Гэтэл хагалгаа хийлгэхэд бие нь дийлэхгүй гээд 3 000 000 вонны эм бичиж өгсөн. Тэр эм нь байнга шаардагдаж, 2014 оноос хойш одоог хүртэл байнга эмчилгээнд явж, эм хэрэглэж амьдарч байна. ........... уушгины артерийн даралт, элэгний цироз, зүрхний өвчтэй байна. Группд байдаг. Монголд байхгүй эм уудаг. Энэ байдал маань авсан зээлээ буцаан төлөх боломжгүйд хүргэсэн, санхүүгийн хувьд асар боломжгүй болгож байгаа юм. Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн байраа 215 000 000 төгрөгөөр зарсан, мөнгийг нь долларын зээл, эмчилгээ гэх мэт зүйлд зориулаад нэхэмжлэгчээс авсан зээлээ төлөх боломжгүй болсон. Бид машин, байр, зогсоол гээд зарж болох бүх зүйлээ зараад ч төлж чадахгүй өдийг хүрч байна. Би зээл төлөхгүй зугтсан зүйл огт байхгүй, 2016 оны 7 дугаар сараас эхлээд Б.Насанбуянд шүүхэд ханд, ах нь зээлээ төлөх аргаа барж байна, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс зогсооё гэж хэлж, сануулж байсан боловч хандаагүй өдийг хүргэсэн нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг өсгөсөн гэж үзэж байна. Мөн намайг Монголбанкны мэдээлэлд 500 000 000 төгрөгийн зээл, өртэй гэсэн мэдээлэл оруулсан тул нэмж зээл авах боломжгүй болсон. Иймд гэрээний хугацаан дахь болон гэрээний хугацаа дууссанаас хойш 3 сарын хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ........... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 онд хөдөлмөрийн чадвараа алдаж, группд орсон. Зүрхний булчингийн цочмог тэжээлийн дутагдал, уушигний артерийн даралт өвчтэй, түүнээсээ болоод элэгний цирозтой болсон. Байнга эмчилгээ шаардлагатай, тэр хэрээр мөнгө шаардагдах юм. Анхны зээлийн гэрээнд би гарын үсэг зурж зээл авсан нь үнэн. Дараа нь би гарын үсэг зураагүй. Мөнгө авсан нь үнэн, уг зээлийг төлнө. Эрүүл л байвал мөнгийг олж болох байх гэж бодож байна гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/01420 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ...........гаас 23 719 766.5 төгрөг, ...........ээс 245 773 966.5 төгрөгийг тус тус гаргуулан ...........ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 157 491801 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ..........., ...........дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж 78/1 тоот 850 м.кв, 78/2 тоот 576 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг доорх 3 317 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийн хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 464 965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........ээс 1 421 720 төгрөг, ...........гаас 311 649 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1569 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/01420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...........гаас 40 581 476 төгрөг, ...........ээс 331 685 691 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...........ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 54 744 363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 1 421 720 гэснийг 1 816 378 гэж, 311 649 гэснийг 664 253 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанбуян хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд 172.1, 172.2.1 дэх хэсэгт заасны үндэслэл болгон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан энэхүү гомдолыг гаргаж байна. Үүнд: Нэг. Шүүхийн магадлалд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дараах байдлаар буруу тооцоолсон гэж үзэж байна. Үүнд: 2014 оны 11 сарын 03-ний өдрийн ЗГ5762014 тоот зээлийн гэрээний тухайд: 1.Зээлийн хүү: Шүүхийн магадлалд 2016 оны 5 сарын 4-нээс 2019 оны 6 сарын 10-ныг хүртэл зээлийн хүүг тооцсон тухай тэмдэглэж 36 591 892 төгрөгийн зээлийн хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч энэ хугацаа нь хуанлийн 1132 хоног байхад 1075 хоногоор буюу 57 хоногийн зээлийн хүүг дутуу тооцсон байна. Шүүгчийн тооцоолсноор үндсэн зээлийн үлдэгдэл 39 275 733 гэж бодоход үүний 1 хоногийн хүү 34 038.97 (39 275 733x2,6%+30) төгрөг байна. Иймээс дутуу бодогдсон 57 хоногийн хүү нь 1 940 221.29 (34 038.97x57) төгрөг болж байна. 2.Нэмэгдүүлсэн хүү: Нэмэгдүүлсэн хүү бодохдоо үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс хүүний 20% буюу 0,52 хувиар тооцсон болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг үүний 1 хоногийн нэмэгдүүлсэн хүү нь 6 933.33 (40 000 000x0,52%-30) төгрөг 1132 хоногт 7 848 533 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодогдсон юм. Үүн дээр хамгийн сүүлийн төлөлт хийсэн өдөр болох 2015.12.24-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2016.05.04-ний өдрийг хүртэл 132 хоногийн хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү болох 915 200 төгрөгийг нэмээд нийт 8 763 733 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн болно. Энэ тооцоолол нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Хэрвээ манай зээлийн гэрээний 2.3-т алдаатай бичигдсэний дагуу нэмэгдүүлсэн хүүг бодсон бол зээлийн гэрээний хугацаа дууссан 2016.05.04-ний өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг дээр зээлийн хүү болох 5 269 333 төгрөгийг нэмээд 45 269 333 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү тооцвол 1 өдрийн нэмэгдүүлсэн хүү нь 7 846.68 (45 269 333x0,52-30) төгрөг 1132 хоногг 8 882 447 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодогдох байсан байна. Үүн дээр 2015.12.24-нөөс 2016.05.04-ний өдрийг хүртэл 132 хоногийн хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү болох 915 200 төгрөгийг нэмбэл нийт 9 797 647 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх болж байна. 2015.07.29-ний өдрийн ЗГ3392015 тоот зээлийн гэрээний тухайд: 1.Зээлийн хүү: Шүүхийн магадлалд 2017 оны 1 сарын 2-ноос 2019 оны 6 сарын 10-ныг хүртэл зээлийн хүүг тооцсон тухай тэмдэглэж 103 476 215 төгрөгийн зээлийн хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч энэ хугацаа нь хуанлийн 889 хоног байхад 834 хоногоор буюу 55 хоногийн хүүг дутуу тооцсон байна. Шүүгчийн тооцоолсноор үндсэн зээлийн үлдэгдэл 137 858 000 төгрөг гэж бодоход үүний 1 хоногийн хүү 124 072.20 /137 858 000x2,7%*30/ төгрөг байна. Иймээс дутуу бодогдсон 55 хоногийн зээлийн хүү 6 823 976.50 төгрөг болж байна. 2.Нэмэгдүүлсэн хүү: Нэмэгдүүлсэн хүү бодохдоо үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс хүүний 20%-иар буюу 0,54 хувиар тооцсон болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 140 000 000 төгрөг үүний 1 хоногийн нэмэгдүүлсэн хүү нь 25 200 /140 000 000x0,54%-30/ төгрөг 889 хоногт 22 402 800 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодогдсон юм. Үүн дээр хамгийн сүүлийн төлөлт хийсэн өдөр болох 2015.12.24-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017.01.02-ны өдрийг хүртэл 375 хоногийн хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү болох 9 450 000 төгрөгийг нэмээд нийт 31 852 800 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн болно. Бид нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй байгаа үндсэн зээл болох 40 000 000 төгрөгөөс сарын 0,54 хувиар тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсгийг зөрчөөгүй байна. Хэрвээ манай зээлийн гэрээний 2.3-т алдаатай бичигдсэний дагуу нэмэгдүүлсэн хүүг бодсон бол зээлийн гэрээний хугацаа дууссан 2016.05.04-ний өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 140 000 000 төгрөг дээр зээлийн хүү болох 49 770 000 төгрөгийг нэмээд 189 770 000 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү тооцвол 1 өдрийн нэмэгдүүлсэн хүү нь 34 158.60 /189 770 000х0,54%-30/ төгрөг 889 хоногт 30 366 995 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодогдох байсан байна. Үүн дээр 2015.12.24-нөөс 2017.01.02-ний өдрийг хүртэл 375 хоногийн хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү болох 9 450 000 төгрөгийг нэмбэл нийт 39 816 995 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх болж байна. Хоёр. Хууль хэрэглээний тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой” гэж заасан байдаг. 1.Давж заалдах шатны шүүхийн магадлалд зээлийн хүү тооцох хугацааны эхлэх болон дуусах огноог зөвөөр бичсэн боловч хоногийг тооцоолохдоо алдаа гаргасан байгаа нь хуулийн дээрх шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. 2.Нэмэгдүүлсэн хүүг талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт “Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж заасан байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцэж байгаа болно түүнчлэн шүүхийн магадлалд шүүгчийн Иргэний хуулийн 452.2 дах хэсгийн агуулгыг тайлбарласан хэсэг нь хууль болон гэрээний агуулагатай нийцэж байхад шууд хасч шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна. Бидний бодсон аргачлал нь дээрх хуульд заасан 20 хувьд мөн хүрэхгүй байгаа гэдгийг эрхэм шүүгч анхааран үзнэ үү. Нэхэмжлэгчийн зүгээс хууль болон гэрээнд нийцүүлэн зөвхөн төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс бодсон байхад нягтлан шалгалгүй тухайн заалтыг шууд хэрэгсэхгүй болгож хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй зэрэг алдаанууд нь зээлдэгчдийн хугацаандаа зээлээ төлөх үүргээ биелүүлэхгүй байхыг дэмжсэн, хойшид ч хууль ёсны дагуу 2 талаас зөвшөөрөн байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй байхыг хөхүүлэн дэмжсэн магадлал гарсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 54 744 363 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч ..........., ........... нараас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ..........., ........... нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1.Давж заалдах шатны шүүх нь “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн хэтэрсэн хугацааны хүү тооцон нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ” гэж дүгнэсэн. Хэдийгээр банк, банк бус санхүүгийн байгууллага Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй хэдий ч хуульд заасан шаардах эрх хэзээ үүссэн, шаардах эрхээ хэзээ хэрэгжүүлсэн эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. ........... миний бие боломжгүй байдлын улмаас зээлийг төлөх хугацааг хойшлуулж өгөхийг болон шүүхэд хандаж өгөөч гэсэн хүсэлтүүдийг нэхэмжлэгч байгууллагад удаа дараа гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүсэлтийг гаргасан. Энэ өдрөөс хойш талууд бид хооронд огт харилцаагүй, нэхэмжлэгчээс төлбөр төлөх талаар шаардсан болон мэдэгдэл зэргийг өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч маань шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хандсан. Анхан шатны шүүхийн “Сүүлийн хугацаа заагаагүй хүсэлтээс хойш Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар 10 хоногийн хугацаагаар зээл төлөхийг хойшлогдсон гэж үзэх бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Шаардаагүй нь ийнхүү 23 сар 8 хоногийн хугацаа хэтрүүлэх үндэслэл болсон” гэж үзсэн шийдвэрийг бид үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй бол зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах, эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусмагц зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Сүүлийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй. Ийнхүү хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч ББСБ-д хэтэрсэн бүх хугацааны хүүгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэх нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус дүгнэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан шийдвэр гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 13.3 дахь хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй” гэж заасан. Иймд бид давж заалдах шатны шүүхийн магадлалаар гаргуулахаар шийдвэрлэсэн эхний зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 5 дугаар сарын 04- ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны хүү 36591892 төгрөг, 2 дахь гэрээний хэтэрсэн хугацааны /2017.01.2-2019.06.10/ хүү 103476215 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

...........ХХК нь ..........., ........... нарт холбогдуулан зээлийн үүрэгт 426 985 534 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч ...........ээс 245 773 966 төгрөгийг, ...........гаас 23 719 766 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгон, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  хариуцагч ...........ээс 331 685 691 төгрөгийг, ...........гаас 40 581 476 төгрөгийг тус тус гаргуулжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд зээлийн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулж, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй талаар хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын дагуу дутуу бодсон гэх хэтэрсэн хугацааны зээлийн хүү 54 744 363 төгрөгийг нэмж гаргуулах, хариуцагч нарын гомдлын дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2 гэрээ буюу 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 170 000 000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 546 хоногийн хугацаатай, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 140 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 522 хоногийн хугацаагаар зээлдүүлэх, хариуцагч нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийг буцааж төлөх тухай талуудын тохиролцоог Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний төрөл, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр ба хариуцагч үүргээ биелүүлээгүй бол барьцааны хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч нар 2014 оны зээлийн гэрээний үүрэгт 159 872 269 төгрөгийг, 2015 оны зээлийн гэрээний дагуу 18 144 000 төгрөгийг төлсөн, үндсэн зээл, гэрээний хугацааны хүүг  төлөх үүргээ маргаагүй, харин хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2 гэрээний дагуу үндсэн зээлийн дутуугаас гадна гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 оны 6 сарын 10 хүртэлх хугацааны хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжилсэн, давж заалдах шатны шүүх зээлдэгч тус бүрийн үүргийг тооцож шийдвэрт өөрчлөлт оруулахдаа гэрээний нөхцөл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзнэ.

Хариуцагч үүргээ биелүүлээгүй шалтгаанаа “...бизнес бүтэлгүйтсэн..., эхнэр ........... хүнд өвчин тусч эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон...гэснээс гадна нэхэмжлэгч шүүхэд хандахгүй удсанаас үүргийн хэмжээ ихэссэн гэж тайлбарлан, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нь үндэслэл муутай байх ба зээлдэгч нар нь шүүхээр маргааныг шийдвэрлэснээс хойш 1 жил 3 сарын хугацаанд зээлийг ашигласан хэвээр байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд зохигчдын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1569 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 431 672 төгрөг, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 358 291 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧИД                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД

                                                                                         П.ЗОЛЗАЯА