Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01870

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01870

 

 

 

С.Шагдаржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01945 дугаар шийдвэртэй, С.Шагдаржавын нэхэмжлэлтэй Б.Баярмаа, О.Зоригтбаатар нарт холбогдох 20 262 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амгалан, хариуцагч Б.Баярмаа, хариуцагч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: О.Зоригтбаатар, Б.Баярмаа нартай 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тохиролцон, тэдний саналаар 2 өрөө байраа хадгаламж зээлийн хоршоонд барьцаалуулан 10 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдэж авсан бөгөөд тухайн мөнгөнөөс манайх 4 400 000 төгрөг, үлдсэн 6 100 000 төгрөгийг хариуцагч нар авч хэрэглэсэн. Тэд биднийг зээлийн хүү өгч хэрэггүй, танай байрыг тавьсан болохоор хүүг бид төлье гэсэн. 2003 оны 12 дугаар сард манай охиноос эхний мөнгө 200 000 төгрөг ирсэн. Мөнгө ирсний дараа Б.Баярмаагийн ахынх нь хүү н.Эрдэнэбаатар ирж авсан. Түүний дараа 2004 оны 4 дүгээр сар хүртэл О.Зоригтбаатарт 4 удаа, Б.Баярмаад 3 удаа ингээд нийтдээ 4 377 000 төгрөгийг өгсөн. Гэтэл Б.Баярмаа хадгаламж зээлийн хоршоо шүүхэд өгсөн, шүүх хуралдаан болно гэхэд та нар мөнгө өгөөд байхад өгөөгүй юм уу яагаад шүүх хуралдаан болдог юм гэж асуухад тухайн хоршоонд зээл төлөлт хийх гээд очиход танай байрыг Хөрөнгө оруулалт хөгжлийн сангийн н.Ууганбаяр өөрийн нэр дээр шилжүүлсэн гэхэд дургүй хүрээд төлбөрөө зогсоосон гэж хэлсэн. Тэгээд та хоёр настай хүмүүс шүүх хуралд оролцох хэрэггүй, бие төлөөлөгч болж оръё гэхэд нь итгэж итгэмжлэл олгосон. Шүүх хуралдаан болж 13 000 000 төгрөгийн төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байраа авъя гэтэл дутуу 5 000 000 төгрөгийг төлчих, О.Зоригтбаатарын байр ирэх долоо хоногт дуудлага худалдаанд орно тэгэхээр нь танай 5 000 000 төгрөгийг аваад өгнө гэхээр нь итгээд 5 000 000 төгрөгийг бүрдүүлээд өгснөөр манай байр чөлөөлөгдсөн. Хадгаламж зээлийн хоршоонд 13 000 000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газарт өвгөн бид хоёр үлдсэн 5 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг төлсөн. Иймд хадгаламж зээлийн хоршоонд төлсөн 13 000 000 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 5 000 000 төгрөг, зээл төлүүлэхээр Б.Баярмаа, О.Зоригтбаатар нарт өгсөн 4 400 000 төгрөг нийт 22 440 000 төгрөг болно. Үүнээс хариуцагч нарын төлсөн 2 178 000 төгрөгийг хасаж тооцож байгаа. 20 262 000 төгрөг төлөх ёстой. Үүнийг хянан магадалж, өндөр настан өвгөн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Тэтгэврийн хүмүүст зээл олдохгүй байна, байр барьцаалж зээл авч өгөөч гэхэд нь 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Интерпесс хадгаламж зээлийн хоршооноос 8 000 000 төгрөг авч өгсөн. Бид нар 4 000 000 төгрөгийг авч хэрэглэнэ гэж хэлсэн нь үнэн. Тухайн хадгаламж зээлийн хоршоо бага хугацаатай өндөр хүүтэй байсан учраас бага хүүтэй, урт хугацаатай газар шилжүүлмээр байна гэсэн. Тухайн зээлийг 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөрөнгө оруулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршоогоор шилжүүлж, өмнөх зээлийн төлбөрт 9 072 000 төгрөгийг төлж, 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10 500 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хүүг бид нар төлнө гэсэн тохиролцоо байхгүй ба авсан зээлийнхээ хүүг төлнө гэсэн. 2003 оны 12 дугаар сард зээлийн хүүд 1 010 000 төгрөгийг төлсөн. О.Зоригтбаатарын байрны нэрийг хадгаламж зээлийн хоршоо шилжүүлж авсан болохоор маргаан үүссэн. Мөн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С.Шагдаржав, Л.Баярмагнай, н.Мөнхжин нарын үл хөдлөх хөрөнгийг хадгаламж зээлийн хоршоо өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Энэ талаар бид зээлийн хүүнд 1 010 000 төгрөгийн хүү төлсний дараа мэдсэн. Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд өгсөн ба бид нар нэхэмжлэгч нарыг төлөөлж оролцсон.

Хан-Уул дүүргийн шүүхээс хадгаламж зээлийн хоршоо байрыг шилжүүлж авсан нь өмчлөгчийн эрхийг зөрчиж шилжүүлж авсан нь буруу, үндсэн зээлийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 17 995 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхэд гомдол гаргая гэхэд Л.Баярмагнай эгч гомдол гаргахгүй гэж маргаан үүссэн. Зээл төлөлтөд 2003 онд 1 092 000 төгрөг, 2004 онд 1 010 000 төгрөг, 2007 онд 800 000 төгрөгийг төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т зааснаар хариуцагч Б.Баярмаагаас 6 819 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С. Шагдаржав, Л. Баярмагнай нарт олгож, нэхэмжлэлээс 13 440 500 төгрөгийн шаардлага болон хариуцагч О.Зоригтбаатарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус, тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баярмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 124 062 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжид 259 260 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Баярмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн талуудын хоорондын гэрээний харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн болон мөн иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа шинээр 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хойш тоологдоно гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч ....хариуцагч Б.Баярмаа нь үүргээ биелүүлээгүй ба ийнхүү биелүүлээгүйгээс талуудын хооронд үл ойлголцол үүсэж 2011 оны цагаан сараас буюу 2011 оны 2 дугаар сараас эхлэн үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй маргаантай нөхцөл байдал бий болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна..., ... эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тохиолдлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т зааснаар талуудын хоорондох зээлийн гэрээний харилцаа 2011 оны 2 дугаар сараас дуусч, үүнээс хойш хуулийн дагуу үүргийн харилцаа үүссэн гэж үзэх ба энэ үүргийн шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт 10 жил байхаар заажээ. Иймд нэхэмжлэгч нарын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна... гэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн ....17 995 000 төгрөгийн тал хувь болох 8 997 500 төгрөгийг төлөх үндэслэлтэй ба үүнээс төлсөн 2 178 000 төгрөгийг хасч 6 891 500 төгрөг төлөхөөр байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нараас шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө болон түүнийг ашигласан хугацааны хүүгээр хөрөнгөжсөн гэж үзэв... гэсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Түүнчлэн .....хариуцагч Б.Баярмаа нь зээлийн гэрээний үүрэгт хадгаламж зээлийн хоршоонд 2003 онд 1 092 000 төгрөг, 2004 онд 1 010 000 төгрөг, 2007 онд С.Шагдаржавт 800 000 төгрөг төлсөн гэж байгаа ч уг тайлбараа баримтаар нотлоогүй, 800 000 төгрөг нь төлсөн 2 178 000 төгрөгт орж тооцогдоогүй болохыг нотлоогүй тул үүргээс хасч тооцох боломжгүй болно.... гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж 6 819 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж илт хууль бус шийдвэрийг гаргасан байна. 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 291 тоот тогтоолд авагдсан 800 000 төгрөгийг авсан гэх С. Шагдаржавын мэдүүлэг, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 254 тоот шийдвэрт заасан 1 010 000 төгрөг болон мөн шүүхэд гарган өгсөн 8 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт төлөгдсөн 1 092 000 төгрөгийн баримтыг огт үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нар хамтран авсан зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлж байгаагүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр байхад анхан шатны шүүх зохигчийн гаргаж буй дээрх тайлбарыг нотолгооны хэрэгсэлд тооцон үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх тухайгаа нотолсон баримтыг шүүхэд огт ирүүлээгүй төдийгүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа 2008 оноос хойш ор сураггүй алга болсон гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг огт үндэслэлгүйгээр сэргээн тогтоож нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэр өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрт зохигчдын эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв оновчтой сонгон хэрэглэж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч С.Шагдаржав нь хариуцагч Б.Баярмаа, О.Зоригтбаатар нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн гэх 20 262 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

С.Шагдаржав нь 2003 оны 9 сарын 11-ний өдөр байраа барьцаалж 8 000 000 төгрөгийг Интерпеес хадгаламж зээлийн хоршооноос зээлэн Б.Баярмаа, С.Шагдаржав нар хуваан хэрэглэж, 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөрөнгө оруулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршооноос 10 500 000 төгрөгийг зээлж аван 9 072 000 төгрөгөөр дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн. 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүйгээс Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 380 дугаар магадлалаар 17 995 000 төгрөгийг С.Шагдаржаваас гаргуулж Хөрөнгө оруулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршоонд олгосон, энэ талаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Б.Баярмаагийн 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гаргасан төлбөрийн баталгаа, зохигчдын Зээлийн мөнгийг талыг нь авч хэрэглэсэн гэх тайлбар зэрэгт үндэслэн С.Шагдаржав, Б.Баярмаа нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 380 дугаар магадлалын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, С.Шагдаржав нь 17 995 000 төгрөгийг төлсөн нь шийдвэр гүйцэтгэлийн албанд төлбөр авагчийн гаргасан тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогдсон. /хх-ийн 81, 83, 89 дүгээр тал/

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгагдсан төлбөрийг барагдуулж, хариуцагчийн төлөх ёстой төлбөрийг төлсөн мөнгөн хөрөнгөө нөхөн төлүүлнэ гэж тодорхойлжээ.

Иймээс, хариуцагч Б.Баярмаагийн зээлийн гэрээгээр төлбөл зохих төлбөрийг С.Шагдаржав нь төлсөн учир Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу тэрээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Шагдаржав нь бусдын өмнөөс өр төлбөрийг төлсөн, хариуцагч нэхэмжлэгчийн өөрийнх нь өмнөөс төлсөн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

Хариуцагч Б.Баярмаа нь шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон 17 995 000 төгрөгийн тал хувийг тэнцүү хариуцан төлөх үндэслэлтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байна гэж дүгнэж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Тодруулбал, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 2005 оны 11 сарын 29-ний өдөр, 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөрийг төлснөөр дуусгавар болж, энэ үеэс тэдний хооронд хуулийн дагуу үүргийн харилцаа үүссэн. /хх-ийн 81, 83, 89 дүгээр тал/ Хариуцагч энэ үүргийг хэсэгчлэн, сар бүр биелүүлэхээр 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төлбөрийн баталгаа гарган 2 178 000 төгрөг төлсөн ба хамгийн сүүлд 2008 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 380 000 төгрөг төлж, үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй. /хх-ийн 84, 91 дүгээр тал/ Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх 2008 оны 9 дүгээр сараас зөрчигдсөн, түүний шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа 2018 оны 09 дүгээр сард дуусах бөгөөд тэрээр 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэсэн болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд тухайн маргаанд хамааралтай Иргэний хуулийн зүйл заалтыг зөв оновчтой тодорхойлон хэрэглэж чадаагүйг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч С.Шагдаржав нь хэргийн 69 дүгээр талд авагдсан итгэмжлэлээр Л.Баярмагнайд өөрийгөө төлөөлөх эрх олгожээ. Гэтэл шүүх нэхэмжлэл гаргаагүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярмагнайг шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт нэхэмжлэгч гэж бичсэнийг зөвтгөнө.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дүгээр Шийтгэх тогтоолоор 800 000 төгрөгийг О.Зоригтбаатар төлсөн гэх байдал, мөн Б.Баярмаа хадгаламж зээлийн хоршоонд 1 092 000 төгрөг, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэрт дурдсан 1 010 000 төгрөгийг хариуцагч төлсөн, болох нь нотлогдоогүй гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй, энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн шийдвэрт эдгээр төлбөр тооцоог Б.Баярмааг төлсөн гэж эцэслэн шийдвэрлээгүй, хариуцагч өөрийн татгалзал, тайлбараа эргэлзээгүйгээр баримтаар хангалттай нотлоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01945 дугаар шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Л.Баярмагнай гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгч Шарынхан Лоононгийн Баярмагнай нарт гэснийг хасч, ... С.Шагдаржав гэснийг С.Шагдаржавт гэж, 492 дугаар зүйлийн 492.1 гэснийг 496 дугаар зүйлийн 496.1 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ