Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/01945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Ш

Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: О.З

Хариуцагч: Б.Б

20262000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б

                                нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А

                                хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Б

        хариуцагч нарын өмгөөлөгч О.О

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр О.З, Б.Б нартай тохиролцон, тэд нарын саналаар 2 өрөө байраа хадгаламж зээлийн хоршоонд барьцаалуулан 10.5 сая төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдэж, 4.4 сая төгрөгийг манайх хэрэглэн, үлдсэн 6.1 сая төгрөгийг О.З, Б.Б нар авч хэрэглэсэн юм. Манайх зээлийнхээ хүүг хугацаанд нь төлөх гэхэд бид өгнө өгчих гээд авсан юм. Харин тэд нар манай хүүг бүү хэл өөрсдийнхөө хүүг төлөлгүй явсаар 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр Б.Б бие даан төлөөлөн орж, манайд 9.440 төгрөгийн төлбөр өгөх аваад, бидэнд болохоор цаашид бид учрыг олно гэж хуурч явсаар 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхэд орж төлбөрийн хугацаа хэтэрсний 18190975 төгрөгийг манайд ногдуулсныг хэлэлгүй явсаар 2007 оны 11 дүгээр сарын 2-нд Чингэлтэй дүүргийн шүүхээр орж, яллагдах болохоороо та бидэнд итгэ, бид сар бүр 300000-400000 төгрөгийг танай зээ охин Мгийн нэр дээр төлж барагдуулъя, шүүхээр бид хэлэлцэж тохиролцсон гэж хэлээч гэхэд нь бид итгээд за гэсэн юм. Түүнээс хойш нотариатаар баталгаажуулсан графикийн дагуу 2008 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 2178000 төгрөг төлсөн болоод тэр цагаас хойш ор сураггүй алга болсон манайд шүүхийн шийдвэрээр төлөх 22440000 төгрөгөөс итгэл авч төлсөн 2178000 төгрөгийг хасвал 20262000 төгрөг төлөх ёстой. Үүнийг хянан магадалж, өндөр настан өвгөн намайг хохиролгүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б бид хоёр төрсөн ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Ах дүүгийн ёсоор бие биенийдээ орж гардаг байсан. Манайх ганц охинтой. Манай охин тухайн үеийн нийгмийн байдлаар гадаад улс руу явахаар болсон. Өвгөн бид хоёр тэтгэвэрт гарсан мөнгө байхгүй учраас би Б.Бгийн эгч Б.Бт миний дүү 4.000.000 төгрөг зээлүүлээч гэхэд за манай охин өөрөө Япон улс руу явах гэж байгаа. Манай охин явахгүй бол мөнгө зээлүүлж болно гэсэн. Ингээд манай охин бичиг баримт нь бүрдээд Ирланд улс руу явахаар болсон чинь Б.Б манай охин явахаар болчихлоо. Тэгэхээр танай байрыг барьцаалж мөнгө олж өгөхгүй бол бид нарт мөнгө байхгүй гэсэн. Ингээд л бид нар үеэл дүү нартаа итгээд байраа 2003 оны 9 дүгээр сард барьцаанд тавьж, 8 сая төгрөг зээлээд, Бгаас 2003 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3200 доллар, 2003 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 450 ам доллар авсан. Монгол мөнгөөр аваагүй үүнийг тухайн үеийн ханшаар бодоод л 4.4 сая төгрөг авсан гэж бодож байгаа юм. 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин маань Ирланд улс руу явсан. Манай охин яваад удаагүй байхад Б урт хар хувцастай хүмүүс дагуулж ирээд танай байрыг бас нэг барьцаанд тавихгүй бол болохгүй байна. Өмнө мөнгө авсан банк их өндөр хүүтэй юм байна. Тиймээс бага хүүтэй газар тавихаар боллоо гээд өөр газраас 10.500.000 төгрөгийн зээл авч, мөн манай байрыг барьцаалсан. Энэ 10.500.000 төгрөгийн зээлээс өвгөн бид хоёр аваагүй. Бид хоёр өмнөх зээлээс 4.400.000 төгрөг л авсан. Ингээд банкны хүүг хэрхэн төлөх юм гэхэд та нар зээлийн хүү өгч хэрэггүй, бид нар танай байрыг тавьсан болохоор хүүг бид төлье гэсэн. 2003 оны 12 дугаар сард манай охиноос эхний мөнгө 200000 төгрөг ирсэн. Мөнгө ирсний дараа Б.Бгийн ахынх нь хүү н.Э ирж авсан. Түүний дараа 2004 оны 4 дүгээр сар хүртэл Зт 4 удаа, Б.Бд 3 удаа ингээд нийтдээ 8 удаагийн мөнгө өгөлтөөр 4377000 төгрөгийг өгсөн. Ингээд 23000 төгрөг дутахаар нь Б.Бд хэлэхэд та ямар сүртэй юм бэ гэсэн. Би эд нарт өгсөн мөнгүүд дээрээ баримт зуруулж аваагүй. Өмнө манай охиноос шинэ нокиа гар утас ирэхээр нь Б.Бгийн хүү утасгүй гэхээр нь өгсөн байсан. Тэгээд болж байгаа юм байлгүй гэж бодсон. Манай охин найзтайгаа явсан. Эхлээд манай өрийг барагдуулах гээд  манай охин, найзтайгаа олсон мөнгөө хамгийн түрүүнд манайх руу явуулдаг байсан байгаа юм. Манайх 2004 оны 4 дүгээр сард 4400000 төгрөгөө төлж дууссан. Энэ мөнгийг зээлд өгч байгаа л гэж бодож байтал Б.Б шүүх хурал болно нөгөө хадгаламж зээлийн хоршоо чинь шүүхэд өгсөн гэсэн. Би та нар мөнгө өгөөд байхад өгөөгүй юм уу яагаад шүүх хурал болдог юм гэж асуухад өгсөн. Бид нар анхныхаа мөнгийг өгөх гээд очсон чинь танай байрыг Хөрөнгө оруулалт хөгжлийн сангийн н.Ууганбаяр өөрийн нэр дээрээ болгож авсан болохоор нь дургүй хүрээд төлбөрөө зогсоосон гэж хэлсэн. Тэгээд настай хүмүүс та хоёр шүүх хуралд оролцох хэрэггүй. Би та хоёрын бие төлөөлөгч болж оръё гэхээр нь итгээд итгэмжлэл өгч явуулсан. Шүүх хурал болж 13 сая гаруй төгрөгийн төлбөр гарсан гэсэн. 2004 оны 8 дугаар сард мөн хурал болох гэж байна гэж Б.Б манайд ирээд О.З шоронд орсон та хоёр бид нарыг итгэл алдаж, байрыг маань барьцаанд тавиулж дампууруулсан учраас О.Зыг дахин шүүж өгөөч гэсэн өргөдөл бичээд өг гэсэн. Би та нар ямар учраас шоронд орсон хүн дээр өргөдөл бичүүлэх гэж байгаа юм бэ гэхэд хэргээ задлах гэж байгаа гэсэн. Тиймээс та хоёр өргөдөл бичээд өгсөн. Тэгээд өвгөн бид хоёр өргөдөл бичиж өгсөн. Удалгүй Б.Б манайд ирж О.Зын шүүх хурал нь болж гарч ирсэн. Дахин шүүх хурал болно одоо та бид нарт гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгчихвөл бид нар чөлөөлөгдөнө. Хэрвээ чөлөөлөгдвөл танай зээ охины нэр дээр сард 300000-400000 төгрөгийг шилжүүлж байя гэж тохирсон. Тэгээд манай өвгөн гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөд, хариуцагч нар нотариат дээр очиж манай зээ охины нэр дээр 300000-400000 төгрөг өгнө гэдэг баталгааг Б хийж өгсөн. Бг манайд төлөх мөнгөнийхөө хэмжээг мэдэж байгаа гэж бодоод тухайн үед баталгаан дээрээ мөнгөн дүнгээ бичээгүй. Хадгаламж зээлийн хоршоонд 13000000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газарт өвгөн бид хоёр үлдсэн 5000000 төгрөгийг өгч, 27000  төгрөг дутахаар  нь О.З гүйцээж өгсөн. Ингээд бид нар 18000000 төгрөгийг төлсөн. Б.Б, О.З нарыг аавын маань дүүгийн хүүхдүүд болохоор өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлээд шүүхэд өгч яахын гээд болох байх гэж өдийг хүрсэн. 2009 оны 4 дүгээр сард миний бие муудаж, улаан хоолойн хорт хавдраар өвчилж, хэвтэрт орсон. Тэгээд эмчилгээ хийлгэх ёстой байсан учраас манай өвгөн Б.Б, О.З нар дээр очиж мөнгөө нэхсэн байдаг. О.З та хоёрын байрыг хураалгачихъя бид нар та хоёрт шинэ байр авч өгье гэсэн. Манай хоёр зээ хүүхэд маань 18 дугаар сургуульд орсон учраас Улаан хуарангийн 16 дугаар хорооноос 19 дүгээр хороололд хүүхдүүдийнхээ сургуульд дөхөж нүүж очсон болохоор би байраа зарахыг хүсээгүй Зын саналыг зөвшөөрөөгүй. Ингээд бид эхний 13.000.000 төгрөгийг н.Чулуунхүү гэж хүнээс зээл авч, хадгаламж зээлийн хоршооны 13000000 төгрөгөө төлсөн. Энэ мөнгийг Чулуунхүүгээс З зээлсэн байдлаар гэрээ хийж авсан. Энэ мөнгийг манайх Чулуунхүүд төлж дуусгасан. Ингээд н.Ууганбаяр төлбөр болсон гэхээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байраа авъя гэтэл дутуу 5000000 төгрөгийг төлчих, О.Зын байр ирэх долоо хоногт дуудлага худалдаанд орно тэгэхээр нь танай 5000000 төгрөгийг аваад өгнө гэхээр нь итгээд 5000000 төгрөгийг бүрдүүлээд өгсөн ингээд манай байр чөлөөлөгдсөн. Мөн манай өвгөнийг зээл авсны дараа Бор өндрийн нэг компанийн архины үйлдвэрт хоёр сар гаруй ажиллуулсан. Манай өвгөнд эхний өдөр 20000 төгрөг, манайх зуслан дээрээ гал түлдэг байсан болохоор 5 тонн нүүрс авч өгсөн. Ингээд л Б.Б, О.З нар төлбөрөө төлнө гэчихээд төлөөгүй. Манайх 18000000 төгрөг төлсөн. Мөнгө нэхэмжилж очихоор шүүхдээ өг гэдэг. Иймд хадгаламж зээлийн хоршоонд төлсөн 13000000 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 5000000 төгрөг, миний Б, З нарт өгсөн 4.4 сая төгрөгийг манайх авах ёстой гэж бодож байгаа. Үүнээс эд нарын төлсөн 2178000 төгрөгийг хасаж тооцож байгаа.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 18038000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн байдаг. Хамгийн эхний зээлээс авсан 4400000 төгрөгийг цааш зээлд төл гэж Б.Б, О.З нарт өгсөн. Тэр төлбөрийг нэмж гарсан дүнгээс 2007 оны 9 дүгээр сараас 2008 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд 2178000 төгрөг төлснийг хасаад нэхэмжлэлийн үнийн дүн гарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлага 20260000 төгрөг болж байна.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид ах дүү нарын хүүхэд гэдэг нь үнэн. Гэхдээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид өөртөө давуу байдал олгохоор ямар нэгэн үйлдлээр эрх үүргээ хэрэгжүүлэх эрхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байх хэрэгтэй. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрх үүргээ шударга хэрэгжүүлэх ёстой. Өөртөө ийм байдлаар давуу байдал бий болгох шаардлагагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхэд нөлөөлөх оролдлогуудыг маш их хийж байгаа. Б.Бтэй ямар харилцаатай байсныг мэдэхгүй. Энэ бүгдийг С.Ш ахын өөрийнх нь санаа гэж боддоггүй. С.Ш ах ганц охиноо Ирланд улс руу явуулах хэрэгтэй байна мөнгө зээлэх боломж байна уу гэхээр нь бид нар бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бэлэн өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн нь үнэн. Тэгсэн тэтгэврийн хүмүүст зээл олдохгүй байна. Та нар байр барьцаалж зээл авч өгөөч гэхэд нь 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бид нар Интерпесс хадгаламж зээлийн хоршооноос 8000000 төгрөг авч өгсөн. Бид нар 4000000 төгрөгийг авч хэрэглэнэ гэж хэлсэн нь үнэн. Үнэхээр энэ хадгаламж зээлийн хоршоо бага хугацаатай өндөр хүүтэй байсан болохоор бид нар цааш нь бага хүүтэй, урт хугацаатай газар шилжүүлмээр байна гэсэн. Зээлдэгч буюу үл хөдлөх хөрөнгө өмчлөгч өөрөө байраа үзүүлж барьцаанд тавина уу гэхээс өөр бусад хүмүүст тийм эрх байхгүй. Ингээд хүсэлт тавихаар нь 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 8.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан” ХЗХ-гоор шилжүүлж зээл авч өгөөч гэсэн. Ингээд өмнөх зээлийн төлбөрт 9072000 төгрөгийг төлж, 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10500000 төгрөгийн зээл авсан. Бид нарын дунд хүүг нь бид нар төлнө гэсэн яриа хэлцэл байхгүй. Авсан мөнгөнийхөө хүүг төлнө л гэсэн. 2003 оны 12 дугаар сард би зээлийн хүүд 1010000 төгрөгийг Хадгаламж зээлийн хоршоонд төлсөн. О.Зын байрны нэрийг Хадгаламж зээлийн хоршоо шилжүүлж авсан болохоор маргаан үүссэн. Мөн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С.Ш, Л.Б, н.М нарын үл хөдлөх хөрөнгийг Хадгаламж зээлийн хоршоо өөрийн нэр дээр шилжүүлээд авчихсан байсан. Энэ байдлыг 1010000 төгрөгийн хүү төлсний дараа мэдсэн. Ингээд маргаан үүсэж, Хадгаламж зээлийн хоршоотой учраа олохгүй явсан. Сүүлдээ хадгаламж зээлийн хоршоо шүүхэд өгсөн. Бид нар нэхэмжлэгч нарыг төлөөлж оролцсон. Анх Хан-Уул дүүргийн шүүхээс Хадгаламж зээлийн хоршоо байрыг шилжүүлж авсан нь өмчлөгчийн эрхийг зөрчиж шилжүүлж авсан нь буруу байна. Үндсэн зээлээ л төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд очиход бид нар н.Алтан-Өлзий өмгөөлөгчийг оруулж, шүүхийн магадлал гарсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 17995000 төгрөг төлөхөөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингээд Улсын дээд шүүхэд гомдол гаргая гээд С.Ш ахынд очихоор би мэдэхгүй, энэ асуудалд оролцохгүй гэдэг. Харин Л.Б эгч та нарын өмгөөлөгчөөс боллоо өмнө би нэг өмгөөлөгчийг хөлсөлж байхад маш сайн шийдэж өгсөн гээд Ц.Э гэж өмгөөлөгчийг яриад байсан. Бид нар ярилцаж байгаад Ц.Э өмгөөлөгчийн гэрт очоод уулзахад Улсын дээд шүүхэд гомдол гаргах шаардлагатай юм байна гэсэн. Улсын дээд шүүхэд гомдол гаргая гэхэд Л.Б эгч гомдол гаргахгүй гээд маргаан үүссэн. Энэ үед О.З компаниа ажиллуулж байхдаа өөрийн найз н.Баар барилга бариулдаг байсан. Гэтэл н.Б О.Зын гэрт нас барчихсан. Үүнтэй холбоотой хэрэг маргаан үүссэн байсан. Ингээд Л.Б эгч ойлгохоо ч байсан. Ойлгохыг хүсэхээ ч байсан. С.Ш ах болохоор би оролцохгүй, би мэдэхгүй гэдэг. Гэтэл нэг өдөр Улсын мөрдөн байцаах газраас танайх шинээр хохирогчтой болсон. Та нар ах дүүгээ луйвардаж, залилдаг юм байна. С.Ш гэж хүн эхнэртэйгээ ирээд манайхыг хохироосон гэж гомдол санал гаргасан гэсэн. Үүнээс хойш бидний харилцаа таарамжгүй болсон. Ээж минь ч их гомдсон. Танай ураг төрлөөс би ганцаараа үлдсэн байтал ирээд учраа хэлэхгүй, цагдаа, шүүхээр явлаа гэсэн. Мөрдөн байцаагч та нар ураг төрлөө залилж байгаа юм чинь бусад хүмүүсийг ч залилж байгаа гэсэн. Тэр хооронд мөнгө төлөгдөж байсан. Энэ хугацаанд би 2003 онд 1092000 төгрөг, 2004 онд 1010000 төгрөг, 2007 онд 800000 төгрөгийг төлж байсан. Өргөдөл бичээд өгчих, хэрэг задлах гэж байгаа гэсэн яриа болоогүй. З бол манай эгч Б.Бийн нөхөр бөгөөд эд нар зээлэнд огт хамааралгүй. С.Ш ахын охин нь Ирланд явж ирсэн. 2004, 2005, 2006 онд харилцаа сайтай байх үедээ дүү нарынхаа буянаар охин маань гадаад явлаа монголоос илүү мөнгө олдог юм байна. Та нарынхаа ачаар зуслангийн байшинтай ч боллоо гээд зуслангийн байшинд нь бид нар ах дүүгээрээ очиж баярлаж байсан. Цагдаад гомдол гаргасны дараа бид нарын харилцаа муудсан нь үнэн. Сүүлдээ мөрдөн байцаагч нь солигдсон. Бид нар мөрдөн байцаагч солигдсоны дараа бодит мэдүүлгээ өгсөн. Бид нар зээл авч мөнгөө хувааж авсан. Энэ асуудал О.Зт хамааралгүй, хамааралгүй гэдгээ ч эрүүгийн хурал дээр хэлсэн шийтгэх тогтоол дээр байгаа. Энэ асуудалд бид нар гомдол гаргаагүй гэдгээ Ш ах өөрөө хэлсэн. Энэ талаар шүүх хурал дээр мэдүүлэг өгдөг. Энэ бол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдсон асуудал. Бид нар хадгаламж зээлийн хоршоотой очиж уулзаж, шүүхэд өгье гэж санал тавихаар Л.Б эгч зөвшөөрдөггүй. Хүмүүс өөрийнхөө өмчийн талаар явах зөвшөөрөл өгөхгүй байхад бид нар өмнөөс нь нэхэмжлэл гаргах эрхгүй. Ингээд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн шийтгэх тогтоол гарч, С.Шт холбогдох хэрэгт улсын яллагч яллахаас татгалзсан. С.Ш ах өөрөө шүүх хурал дээр хохирогчоор орж ирээд ямар нөхцөл шалтгаан байсан талаараа хэлсэн. Бид нар өөрсдөө н.Бы хэргийн талаар асуудалтай байж хүний зээлийн хүүг төлнө гэж хэлээгүй. Тус бүрдээ авсан зээлийнхээ хүүг төлнө л гэсэн. Бид нарын асуудал яригдах хүртэл хугацаанд ойлголцоогүй. 2008 оноос хойш ор сураггүй алга болсон. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бодож байна. Миний ээжийн дүүгийн хүүхдүүд 2007, 2008, 2010 онуудад хурим найраа хийж байхад бид нар хамт оролцоод явж байсан. 2010 оны сүүлээр ээж маань хэвтэрт орсон. Ээжийг маань амьд байхад ирж уулзаач гэхэд С.Ш ах, Л.Б эгч хоёр ирээгүй. 2011 оны цагаан сарын шинийн нэгний өдөр ээж маань нас барсан. Тэгэхэд Л.Б эгч ирээгүй. Бид нарын жаргал зовлонг хуваалцдаггүй. Л.Б эгч, С.Ш ах хоёр залилсан гэж гомдол гаргахад О.З бид хоёр 42 хоног хоригдсон. Энэ хооронд нэг удаа ч бид хоёр дээр ирж уулзаагүй. Өнөөдөр шүүхэд үнэн зөв тайлбар гаргах хэрэгтэй. Яагаад бид нар нэхэмжлэгч нарын зээлийн хүүг төлөх ёстой юм төлөх ёсгүй. Бид нар ээжийнхээ байрыг алдсан нь үнэн. Өөрсдөө орох оронгүй байж нэхэмжлэгч нарын зээлийн хүүг төлнө гэж хэлээгүй. 2011 оны цагаан сараас хойш бид нар С.Ш ахынд ерөөсөө очоогүй. 2011 оны цагаан сараар ээж маань нас бараагүй бол бид нар С.Ш ахынд очих л байсан байх. Бид нар уулзаагүй нь үнэн. Ээж маань гомдсон. Нэхэмжлэлийн шаардлага үнэн зөв байх хэрэгтэй. Хадгаламж зээлийн хоршоонд 18000000 төгрөг төлсөн мөнгө яагаад 22000000 төгрөг болсныг ойлгохгүй байна. Ямар нэгэн жаргал, зовлон болоход манайд хэн ч ирдэггүй. Би энэ асуудлыг шүүхээр шийдүүлэх нь зөв гэж бодож байгаа. Энэ хэрэгт А.З хамааралгүй. О.З хамааралгүй гэдгийг С.Ш ах шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч хэлдэг. Шүүгч хамааралгүй гэдгийг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна. 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн төлбөрийн баталгаа гаргасныг хэлцэл гэж үзэх юм бол хэлцлийн үүргийг шаардаж байна гэж ойлгож байна. 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоос хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

1. Нэхэмжлэгч С.Ш, Л.Б нар хариуцагч О.З, Б.Б нараас шүүхийн шийдвэрээр төлсөн төлбөр болон зээлийн төлбөр төлөх зориулалтаар хариуцагч нарт өгсөн мөнгө болох 20262000 төгрөг гаргуулахаар шаардсанаас тооцооллын алдаа гаргасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийг 20260000 төгрөгөөр тодорхойлжээ.

Дээрх төлбөрийг шаардах үндэслэлээ “2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хадгаламж зээлийн хоршооноос авсан 10.5 сая төгрөгийн зээлийг хариуцагч нар хэрэглэсэн, уг зээлийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр 18038000 төгрөг төлсөн, зээлийг төлөх зорилгоор 4.4 сая төгрөгийг хариуцагч нарт өгсөн” гэж тайлбарласан ба харин хариуцагч нар “зээлээс 4 сая төгрөгийг хэрэглэсэн, нэхэмжлэгч нарын авсан зээлийн хүүг төлөхөөр тохироогүй, Л.Бгаас 4.4 сая төгрөг хүлээж аваагүй, үүргийн гүйцэтгэл шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргаж байна.

Нэхэмжлэгч С.Ш нь 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэр бүхий хадгаламж зээлийн хоршоонд байраа барьцаалж 8 сая төгрөг зээлж, дараа нь 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан” ХЗХ-ноос 10.5 сая төгрөг зээлж, уг зээлээс 9072000 төгрөгөөр өмнөх буюу 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар болон орлогын ордерын тасалбар /ХХ-ийн 45-р хуудас/-аар тогтоогдож байна. Нэхэмжлэгч С.Шын “4.4 сая төгрөгийг манайх хэрэглэсэн”, нэхэмжлэгч Л.Бгийн “8 сая төгрөгийн зээлийг авсны дараа Б.Бгаас 3200 ам доллар, 450 ам доллароор манайх мөнгийг авсан, үүнийг тухайн үеийн ханшаар 4.4 сая төгрөг гэж тооцсон”, хариуцагч Б.Бгийн “эхний зээлээс 4 сая төгрөг авсан” гэсэн тайлбаруудаас дүгнэвэл С.Шаар зээл авахуулж, уг зээлийг нэхэмжлэгч С.Ш, Л.Б, хариуцагч Б.Б нар хувааж хэрэглэх, Б.Б нь нэхэмжлэгч нараас авсан мөнгөө буцааж төлөхөөр тохиролцож 8 сая төгрөгийн зээл авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Харин дээрх тохиролцоог хариуцагч О.Зтай хийсэн нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байх тул түүнийг нэхэмжлэгч нараас зээлийн мөнгөнөөс авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Ш, Л.Б, хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 195 дугаар зүйл, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тохиролцоо хийгдсэнээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба зээлдүүлэгч мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Иймд талуудын тохиролцооны дагуу нэхэмжлэгч нар үүргээ биелүүлсэн байх тул үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Хариуцагч нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байгаа боловч нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлж явсаар 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Б.Б төлбөр төлөх баталгаа бичгээр хийж, үүнээс хойш төлбөрийг тодорхой хэмжээгээр хийж байсан ба хамгийн сүүлд 2008 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлбөр хийж энэ хугацаанд 2178000 төгрөг төлсөн байна. Үүнийг үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Б.Бг үүргээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс тасалдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч үүргээ хүлээн зөвшөөрч, хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригоо илэрхийлсэн тохиолдол бүрт хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар шинээр 3 жилийн хугацааг тоолно. Хариуцагч Б.Б нь төлбөр төлөх баталгаандаа сар бүр 300000-400000 төгрөгийг тогтмол төлж байхаар зөвшөөрсөн боловч 2008 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй тул нэхэмжлэгч нарын эрх 2008 оны 9 дүгээр сараас зөрчигдсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн үеэс эхлэн тоолох ба 2011 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд нэхэмжлэгч нар гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. Энэ хугацаанд хариуцагч Б.Б нь үүргээ биелүүлээгүй ба ийнхүү биелүүлээгүйгээс талуудын хооронд үл ойлголцол үүсч 2011 оны цагаан сараас буюу 2011 оны 2 дугаар сараас эхлэн үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй маргаантай /ах, дүү, төрөл, садангийн харилцаа тасрах хэмжээнд/ нөхцөл байдал бий болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Хэдийгээр талуудын хооронд гэрээнээс үүсэх үүргийн харилцаа үүссэн, уг харилцаа дуусгавар болоогүй байсан ч маргаантай байдлаас үүдэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тохиолдлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь хэсэгт зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай” бол хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардаж болохыг  зохицуулсан. Талуудын хоорондох зээлийн гэрээний харилцаа 2011 оны 2 дугаар сараас дуусч, үүнээс хойш хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзэх ба энэ үүргийн шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт 10 жил байхаар заажээ. Иймд нэхэмжлэгч нарын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр авсан 8 сая төгрөгийг хувааж хэрэглэсэн талаар зохигчид маргаагүй, уг зээлийн хугацаа богино, хүү өндөр үндэслэлээр “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан” ХЗХ-ноос 10.5 сая төгрөг зээлж үүнээс 9072000 төгрөгөөр өмнөх зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн, тухайн зээлийн гэрээний үүрэгт 17995000 төгрөгийг С.Шаар төлүүлэхээр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон 17995000 төгрөгийн тал хувь болох 8997500 төгрөгийг төлөх үндэслэлтэй ба үүнээс төлсөн 2178000 төгрөгийг хасч 6819500 төгрөг төлөхөөр байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нараас шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө болон түүнийг ашигласан хугацааны хүүгээр хөрөнгөжсөн гэж үзэв. Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт хадгаламж зээлийн хоршоонд 2003 онд 1092000 төгрөг, 2004 онд 1010000 төгрөг, 2007 онд С.Шт 800000 төгрөг төлсөн гэж байгаа ч уг тайлбараа баримтаар нотлоогүй, 800000 төгрөг нь төлсөн 2178000 төгрөгт орж тооцогдоогүй болохыг нотлоогүй тул үүргээс хасч тооцох боломжгүй болно. Шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон төлбөр 17995000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид С.Шаас 195975 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч зээлдэгч нь өөрт учирсан шалтгаан нөхцлөөс үл хамааран зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гарсан шүүхийн зардлыг Б.Б хариуцах үндэслэлгүй гэж үзэв. Иймд зөвхөн гэрээний үүрэгт төлөх төлбөрийг хувааж хариуцуулахаар шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нар нь 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээр 8 удаагийн төлөлтөөр О.З, Б.Б нарт 4.4 сая төгрөг өгсөн үндэслэлээр уг мөнгийг шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь хэсэгт хамаарч байна. Гэвч дээрх хэмжээний мөнгийг хариуцагч нарт өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрээр “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан” ХЗХ-нд төлсөн 13 сая төгрөгийг нэхэмжлэгч С.Ш н.Чулуунхүүгээс зээлж төлсөн, уг төлбөрийг хариуцагч О.З төлөхөөр тохирсон гэж байгаа боловч хавтас хэргийн 84 дүгээр талд авагдсан баримт нь н.Чулуунхүү, О.З нарын хооронд хийгдсэн хэлцэлтэй холбоотой баримт байх ба тухайн баримтаар О.Зыг нэхэмжлэгч нарын өмнө үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч О.З холбогдох шаардлага болон 4.4 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Мөн нэхэмжлэгч нарын хэрэглэсэн мөнгөний хүүг Б.Б төлөх тохиролцоо хийгдсэн болох нь баримтаар тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг хувааж хариуцуулсан болохыг тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын хэрэглэсэн 4.4 сая төгрөгт тооцогдох хүүг хариуцагч Б.Б төлөх үндэслэл тогтоогдоогүй болно.      

Иймд хариуцагч Б.Бгаас нэхэмжлэлийн шаардлагад 6819500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, улсын тэмдэгтийн хураамжид 124062 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бгаас 6819500 /зургаан сая найман зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ш, Л.Б нарт олгож, нэхэмжлэлээс 13440500 төгрөгийн шаардлага болон хариуцагч О.Зт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус, тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 124062 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжид 259260 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА