Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00075

 

С ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

        Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01945 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1870 дугаар магадлалтай,

   С , Л  нарын нэхэмжлэлтэй,

            Б , О  нарт холбогдох

            20,262,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амгалан, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

          Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: О , Б  нартай 2003 оны 11 сарын 17-ны өдөр тохиролцон, тэдний саналаар 2 өрөө байраа хадгаламж зээлийн хоршоонд барьцаалуулан 10,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдэж авсан бөгөөд тухайн мөнгөнөөс манайх 4,400,000 төгрөг, үлдсэн 6,100,000 төгрөгийг хариуцагч нар авч хэрэглэсэн. Тэд биднийг зээлийн хүү өгч хэрэггүй, танай байрыг тавьсан болохоор хүүг бид төлье гэсэн. 2003 оны 12 сард манай охиноос эхний мөнгө 200,000 төгрөг ирсэн. Мөнгө ирсний дараа Б гийн ахынх нь хүү н.Эрдэнэбаатар ирж авсан. Түүний дараа 2004 оны 4 сар хүртэл О т 4 удаа, Б д 3 удаа ингээд нийтдээ 4,377,000 төгрөгийг өгсөн. Гэтэл Б  “хадгаламж зээлийн хоршоо шүүхэд өгсөн, шүүх хуралдаан болно” гэхэд “та нар мөнгө өгөөд байхад өгөөгүй юм уу яагаад шүүх хуралдаан болдог юм” гэж асуухад тухайн хоршоонд зээл төлөлт хийх гээд очиход танай байрыг Хөрөнгө оруулалт хөгжлийн сангийн н.Ууганбаяр өөрийн нэр дээр шилжүүлсэн гэхэд дургүй хүрээд төлбөрөө зогсоосон гэж хэлсэн. Тэгээд та хоёр настай хүмүүс шүүх хуралд оролцох хэрэггүй, бие төлөөлөгч болж оръё гэхэд нь итгэж итгэмжлэл олгосон. Шүүх хуралдаан болж 13,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр шүүх шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байраа авъя гэтэл дутуу 5,000,000 төгрөгийг төлчих, О ын байр ирэх долоо хоногт дуудлага худалдаанд орно тэгэхээр нь танай 5,000,000 төгрөгийг аваад өгнө гэхээр нь итгээд 5,000,000 төгрөгийг бүрдүүлээд өгснөөр манай байр чөлөөлөгдсөн. Хадгаламж зээлийн хоршоонд 13,000,000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газарт бид үлдсэн 5,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийг төлсөн. Иймд хадгаламж зээлийн хоршоонд төлсөн 13,000,000 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 5,000,000 төгрөг, зээл төлүүлэхээр Б , О  нарт өгсөн 4,400,000 төгрөг нийт 22,440,000 төгрөг болно. Үүнээс хариуцагч нарын төлсөн 2,178,000 төгрөгийг хасаж тооцож байгаа. 20,262,000 төгрөг төлөх ёстой. Иймд биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Тэтгэврийн хүмүүст зээл олдохгүй байна, байр барьцаалж зээл авч өгөөч гэхэд нь 2003 оны 09 сарын 11-ний өдөр “Интерпресс” хадгаламж зээлийн хоршооноос 8,000,000 төгрөг авч өгсөн. Бид нар 4,000,000 төгрөгийг авч хэрэглэнэ гэж хэлсэн нь үнэн. Тухайн хадгаламж зээлийн хоршоо бага хугацаатай өндөр хүүтэй байсан учраас бага хүүтэй, урт хугацаатай газар шилжүүлмээр байна гэсэн. Тухайн зээлийг 2003 оны 11 сарын 17-ны өдөр Хөрөнгө оруулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршоогоор шилжүүлж, өмнөх зээлийн төлбөрт 9,072,000 төгрөгийг төлж, 2003 оны 11 сарын 17-ны өдөр 10,500,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хүүг бид нар төлнө гэсэн тохиролцоо байхгүй ба авсан зээлийнхээ хүүг төлнө гэсэн. 2003 оны 12 сард зээлийн хүүд 1,010,000 төгрөгийг төлсөн. О ын байрны нэрийг хадгаламж зээлийн хоршоо шилжүүлж авсан болохоор маргаан үүссэн. Мөн 2003 оны 11 сарын 17-ны өдөр С , Л , н.Мөнхжин нарын үл хөдлөх хөрөнгийг хадгаламж зээлийн хоршоо өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Энэ талаар бид зээлийн хүүнд 1,010,000 төгрөгийн хүү төлсний дараа мэдсэн. Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд өгсөн ба бид нар нэхэмжлэгч нарыг төлөөлж оролцсон. Хан-Уул дүүргийн шүүхээс хадгаламж зээлийн хоршоо байрыг шилжүүлж авсан нь өмчлөгчийн эрхийг зөрчиж шилжүүлж авсан нь буруу, үндсэн зээлийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 17,995,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхэд гомдол гаргая гэхэд Л  эгч гомдол гаргахгүй гэж маргаан үүссэн. Зээл төлөлтөд 2003 онд 1,092,000 төгрөг, 2004 онд 1,010,000 төгрөг, 2007 онд 800,000 төгрөгийг төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01945 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т зааснаар хариуцагч Б гаас 6,819,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С , Л  нарт олгож, нэхэмжлэлээс 13,440,500 төгрөгийн шаардлага болон хариуцагч О т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 124,062 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжид 259,260 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1870 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01945 дугаар шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Л ” гэснийг “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч Шарынхан Лоононгийн  Баярмагнай нарт” гэснийг хасч, “... С ” гэснийг “С т” гэж, “492 дугаар зүйлийн 492.1” гэснийг “496 дугаар зүйлийн 496.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.12-ны өдрийн 102/ШШ2018/01945 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.22-ны өдрийн 1870 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, Иргэний хуулийн 281, 281.1 дэх хэсэг болон мөн хуулийн 75-р зүйл, 75.2.1 дэх хэсгийг хэрэглэх байтал Иргэний хуулийн 75-р зүйл, 75.1 дэх хэсэг, мөн хуулийн 492-р зүйл, 492.1.2 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь дээрх шийдвэр ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргасан. Анхан шатны шүүх талуудын хоорондын гэрээний харилцааг “Иргэний хуулийн 281-р зүйл, 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн бөгөөд мөн Иргэний хуулийн 79-р зүйл, 79,1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2007.08.06-наас тасалдана, 2008.08-р сард сүүлийн төлөлт хийгдсэн учир ИХ-ийн 79-р зүйл, 79.7 дах хэсэгт зааснаар шинээр 3 жилийн хугацаа тоолж нэхэмжлэгч 2011.09-р сар хүртэл шаардах эрхтэй байсан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч "хариуцагч Б  нь үүргээ биелүүлээгүй ба ийнхүү биелүүлээгүйгээс талуудын хооронд үл ойлголцол үүсэж 2011 оны цагаан сараас буюу 2011.02-р сараас эхлэн үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй маргаантай нөхцөл байдал бий болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна ... шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тохиолдлыг Иргэний хуулийн 492.1.2 дах хэсэгт зааснаар талуудын хоорондох зээлийн гэрээний харилцаа 2011.02-р сараас дуусч, үүнээс хойш хуулийн дагуу үүргийн харилцаа үүссэн гэж үзэх ба энэ үүргийн шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75.1 дэх хэсэгт 10 жил байхаар заажээ. Иймд нэхэмжлэгч нарын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна” гэж Иргэний хуулийн 75-р зүйл, 75.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж мөн "...17,995,000 төгрөгийн тал хувь болох 8,997,500 төгрөгийг төлөх үндэстэй ба үүнээс төлсөн 2,178,000 төгрөгийг хасч 6,891,500 төгрөг төлөхөөр байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нараас шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө болон түүнийг ашигласан хугацааны хүүгээр хөрөнгөжсөн гэж үзэв” гэсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт болсон. Мөн “... Б  нь зээлийн гэрээний үүрэгт хадгаламж зээлийн хоршоонд 2003 онд 1,092,000 төгрөг, 2004 онд 1,010,000 төгрөг, 2007 онд С т 800,000 төгрөг төлсөн гэж байгаа ч уг тайлбараа баримтаар нотлоогүй, 800,000 төгрөг нь төлсөн 2,178,000 төгрөгт орж тооцогдоогүй болохыг нотлоогүй тул үүргээс хасч тооцох боломжгүй болно” гэж ИХШХШТХ-ийн 40-р зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж 6,819,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж илт хууль бус шийдвэрийг гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох 2007.11.02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 291 тоот тогтоолыг эцсийн шийдвэр биш гэж маргаагүй бөгөөд уг тогтоолд “800.000 төгрөгийг авсан” гэх С ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Нэхэмжлэгч С  нь хохирогчоор оролцсон шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргаагүй энэ тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр болсон гэдгийг талууд шүүх хуралдаанд мэдүүлдэг. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хариуцагч тал үзээд давж заалдах гомдол гаргасан байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянах эрх мэдлийнхээ хүрээнд хэргийг хянах мөн ИХШХШТХ-ийн 166-р зүйл, 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр тогтохгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэнд нь гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсоор нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд болох Л г нэхэмжлэгч биш гэж дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад тогтохгүй анхан шатны шүүхийн талуудын хоорондын харилцааг ИХ-ийн 281-р зүйл, 281.1 дэх хэсэгт зааснаар талууд буюу С , Б  нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаас үүссэн гэж дүгнэснийг зөв зүйтэй шийдвэрлэсэн гэж дүгнэсэн атлаа ИХ-ийн 75-р зүйл, 75.1 дэх хэсэг, 76-р зүйл, 76.1,76.2 дах хэсэг, мөн хуулийн 242-р зүйл, 242.11 дэх хэсэг, 496-р зүйл, 496.1 дэх хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж мөн ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.4 дэх хэсэгт заасныг зөрчин Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007.11.02-ны өдрийн 291 тоот шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005.05.10-ны өдрийн 254 тоот шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2005.07.26-ны өдрийн 380 тоот магадлалд заасан хэргийн оролцогчдын тухайд болон мөн шийтгэх тогтоолд төлөгдсөн гэж заагдсан 800,000 төгрөгийн талаар илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Хан-Уул дүүргийн шүүхийн 2005.05.10-ны өдрийн 254 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2005.07.26-ны өдрийн 380 тоот магадлал бүхий иргэний хэрэгт хариуцагч Б  нь хамтран хариуцагчаар оролцоогүй, нэхэмжлэгч “Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Сан” Хадгаламж зээлийн хоршоо нь Б г хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж Б гаар зээлийн гэрээний үүрэгт хариуцлага ногдуулсан төлбөр гаргуулахаар нэхэмжлээгүй, шүүхийн шийдвэрт Б гаар зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр гүйцэтгүүлэх тухай заагдаагүй байхад анхан шатны шүүх Б г шүүхийн шийдвэрт заасан 17,950,000 төгрөгийн төлбөрийн тал хувиар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж, давж заалдах шатны шүүх нь Б гийн төлбөрийг С  төлснөөр Б  нь үүргээсээ чөлөөлөгдсөн гэж огт үндэслэлгүй дүгнэлтийг гаргаж нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг илт үндэслэлгүйгээр сэргээсэн байна. Мөн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолд хариуцагч нарын хэн нь 800,000 төгрөгийг төлсөн гэж зааж өгснийг ч зөрүүлэн дүгнэсэн буюу өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд С ын мэдүүлэг нь “ Баярмаа 800,000 төгрөгийг төлсөн” гэх утгатай өгөгдөн энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болсон, мөн Хан-Уул дүүргийн болон НДЗШШ-ийн магадлал нь бүгд хүчин төгөлдөр болсон байхад шийтгэх тогтоолоор 800,000 төгрөгийг О  төлсөн гэх байдал, мөн Б  хадгаламж зээлийн хоршоонд 1,092,000 төгрөг, ...шийдвэрт дурдсан 1,010,000 төгрөгийг хариуцагч төлсөн болох нь нотлогдоогүй гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй, эдгээр төлбөр тооцоог Б г төлсөн гэж эцэслэн шийдвэрлээгүй, хариуцагч өөрийн татгалзал, тайлбараа эргэлзээгүйгээр баримтаар хангалттай нотлоогүй байна...” гэсэн байгаагаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэг бүрт шүүгч болон шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч талаас “шаардах эрхийн үндэслэл”-ийг нь асууж тодруулсан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч тухай бүрд нь “зээлийн гэрээний харилцаа” гэж шаардах эрхийн үндэслэлээ тодруулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь ИХ-ийн 75-р зүйл, 75.2.1 дэх хэсгийг баримтлан дүгнэсэн байх бөгөөд анхан шатны шүүх “талуудын хоорондох зээлийн гэрээний харилцаа 2011.02-р сараас дуусч, үүнээс хойш хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзэх” гэж, харин давж заалдах шатны шүүх “талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа 2006.11.08-ны өдөр төлбөрийг төлснөөр дуусгавар болж, энэ үеэс тэдний хооронд хуулийн дагуу үүргийн харилцаа үүссэн, хамгийн сүүлд 2008.08.07-ны өдөр 380,000 төгрөг төлж үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй, үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх 2008.09-р сараас зөрчигдсөн” гэж дүгнэсэн нь тус тус ИХ-ийн 75-р зүйл, 75.2.1, 75.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг тоолох үүрэгтэй байсан, энэ үүргээ тус тус биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх ИХ-ийн 492-р зүйл, 492.1.2 дах хэсгээр, харин давж заалдах шатны шүүх ИХ-ийн 496-р зүйл, 496.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагад шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 281-р зүйл, 281.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх тухайгаа нотолсон баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт нэхэмжлэл гаргаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг ор үндэслэлгүйгээр сэргээн тогтоож нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С  нь хариуцагч Б , О  нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн гэх 20,262,000.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, ...зээлээс 4 сая төгрөгийг хэрэглэсэн, нэхэмжлэгч нарын авсан зээлийн хүүг төлөхөөр тохироогүй, үүргийн гүйцэтгэл шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ. 2003 оны 9 сарын 11-ний өдөр С  нь байраа барьцаалж 8,000,000.00 төгрөгийг “Интерпресс” хадгаламж зээлийн хоршооноос зээлэн Б , С  нар хуваан хэрэглэж, 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан” хадгаламж зээлийн хоршооноос 10,500,000.00 төгрөгийг зээлж, 9,072,000.00 төгрөгөөр дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн. 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүйгээс Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 380 дугаар магадлалаар 17,995,000.00 төгрөгийг С аас гаргуулж “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон бөгөөд зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй байна. Анхан шатны шүүх хариуцагч Б гийн 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гаргасан төлбөрийн баталгаа, зээлийн мөнгөний талыг нь авч хэрэглэсэн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, С , Б  нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ. Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 380 дугаар магадлалын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, С  нь 17,995,000.00 төгрөгийг төлсөн нь шийдвэр гүйцэтгэлийн албанд төлбөр авагчийн гаргасан тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогджээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлохдоо шүүхийн шийдвэрт тусгагдсан төлбөрийг барагдуулж, хариуцагчийн төлөх ёстой төлбөрийг төлсөн мөнгөн хөрөнгөө нөхөн төлүүлнэ гэсэн байх бөгөөд хариуцагч Б гийн зээлийн гэрээгээр төлбөл зохих төлбөрийг С  нь төлсөн тул тэрээр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С  нь бусдын өмнөөс өр төлбөрийг төлсөн, хариуцагч нэхэмжлэгчийн өөрийнх нь өмнөөс төлсөн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч Б  нь шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон 17,995,000.00 төгрөгийн тал хувийг тэнцүү хариуцан төлөх үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байна гэж дүгнэж, шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй буюу анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болсныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв байна. Нэхэмжлэгч С  нь Л д шүүхэд өөрийгөө төлөөлөх итгэмжлэл олгосон байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л г шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт нэхэмжлэгч гэж бичсэнийг давж заалдах шатны шүүх залруулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1870 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай

2. Хариуцагч Б гаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 124,100.00 /нэг зуун хорин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН