Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01341

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01341

 

 

Г.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01063 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Сайханд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Мөнхцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Уртнасан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Сайханы хүсэлтээр 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн мөнгийг Д.Сайханы эзэмшлийн Хасбанкны 5002037620 тоот дансанд 40 000 000 төгрөгийг, 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хариуцагч Д.Сайхан нь өнөөдрийг хүртэл зээлийг буцаан төлөхгүй байгаа тул Д.Сайханаас 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт Г.Баярсайханаас Д.Сайханд 40 000 000 төгрөг зээлүүлсэн гэх баримт байхгүй. Д.Сайхан 50 000 000 төгрөгийг Бумбат даваа ХХК-иас ззэлснээ хүлээн зөвшөөрдөг. Харин Г.Баярсайханаас мөнгө зээлээгүй. Бумбат даваа ХХК 10 000 000 төгрөг шаардах эрхээ Г.Баярсайханд шилжүүлсэн байдаг. Иймд 10 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Уг 10 000 000 төгрөгөөс Өсөх арвай ББСБ ХХК-д Г.Баярсайханы өр төлсөнийг хасаад 2 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Д.Сайханаас 10 000 000 төгрөг гаргуулан Г.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сайханаас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Баярсайханд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхэд нэхэмжлэл гаргасан Г.Баярсайханы нэхэмжилсэн 50 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс бус Бумбат даваа ХХК-иас зээлж авсан нь нотлох баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч нь дээрх компаниас 10 000 000 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлж авсан байдаг.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Бумбат даваа ХХК-иас мөнгө зээлж авсны дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Г.Баярсайхан нь Өсөх арвай ББСБ ХХК-д зээлтэй байгаа хүүг төлөөд өгөөч гэж гуйсны дагуу Д.Сайхан 8 000 000 төгрөгийг төлсөн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Д.Сайхан нь Г.Баярсайханд 10 000 000 төгрөгийг төлөх үүргээ хүлээж байгаа бөгөөд Г.Баярсайхан Д.Сайхан нарын хооронд бичгээр хийсэн зээлийн гэрээ байхгүй байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан.

Тус шүүхэд хүсэлт гаргаж Өсөх арвай ББСБ ХХК-ийн харилцагчийн буюу нэхэмжлэгчийн дансны хуулгыг нотлох баримтаар авхуулсан боловч шүүхийн шийдвэрт Д.Сайханаас Г.Байрсайханы Өсөх арвай ББСБ ХХК-ийн төлбөрөөс 8 000 000 төгрөгийг төлсөн байн гэж дурдсан нь шүүх Өсөх арвай ББСБ ХХК-иас ирүүлсэн нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт заасан 10 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул Өсөх арвай ББСБ ХХК-д Г.Баярсайханы зээлийн төлбөрт төлсөн Д.Сайханы 8 000 000 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Нэхэмлэгч Г.Баярсайхан нь хариуцагч Д.Сайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Бумбат даваа ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын ордер, түүнд бичигдсэн 50 000 000 төгрөгийг хариуцагч Д.Сайхан хүлээн авсан, Бумбат даваа ХХК-иас 10 000 000 төгрөгийг Д.Сайханаас шаардах эрхийг Г.Баярсайханд шилжүүлсэн баримтыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч Д.Сайханаас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Баярсайханд олгох үндэслэлтэй гэх дүгнэлт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Харин хариуцагч Д.Сайхан нь нэхэмжлэгч Г.Баярсайханд 8 000 000 төгрөгийг төлсөн тул хасч тооцно гэж маргасан, уг үйл баримтыг нотлохоор хариуцагчийн өмгөөлөгч нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өсөх арвай ББСБ ХХК-ийн дансанд Г.Баярсайханы өмнөөс Д.Сайханы мөнгө шилжүүлсэн баримтыг Хаан банкнаас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 102/ШЗ2018/04406 тоот захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

 

Гэтэл шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримтаас үзвэл Өсөх арвай ББСБ ХХК-ийн харилцагчийн дансны мэдээллээс Д.Сайханы төлсөн 8 000 000 төгрөгийн төлбөр нь Г.Баярсайханы зээлийн үүрэгт төлсөн гэх байдал тодорхойгүй байна.

 

Иймд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамж биелэгдсэн гэж үзэхгүй бөгөөд зохигчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА