| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 184/2018/02370/И |
| Дугаар | 210/МА2018/02192 |
| Огноо | 2018-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2018/02192
Б.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюун******* даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02188 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 044 721 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.******* нь 20******* оны 3 дугаар сарын 27-ны байдлаар ******* ББСБ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалтай ажиллаж байсан. Зээлийн баримтыг судалж үзэхэд ББСБ-ын зээл олгох нөхцөл журам, шалгуурыг хангахгүй татгалзсан. Хариуцагч нар богино хугацаанд зээлээ эргүүлж төлнө, барьцаа хөрөнгө тавина гэсэн учир Б.******* нь иргэд хоорондын зээлийг сарын 3.2 хувиар хүү тооцож олгоё гэхэд зөвшөөрсөн. Ингээд Иргэн Я.*******, О.******* нартай 20******* оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж *******.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар ББСБ-ын баримтыг ашиглан бэлэн мөнгийг олгосон. Хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй, харин баримт бланкийг ашиглаж байсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээл зээлийн хүүгээ төлж барагдуулаагүй. Иймд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар ******* 000 000 төгрөгийн үндсэн зээл, ******* 044 721 төгрөгийн зээлийн хүү, нийт 30 044 721 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй тул түүний өмчлөлийн ******* дүүрэг, 22 хороо, ******* 5 гудамж, ******* тоотод байршилтай 41 м.кв талбай бүхий Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, ******* дүүрэг, 22 дугаар хороо, ******* 5 дугаар гудамж, ******* тоот байршилтай 700 м.кв талбай бүхий Г-******* тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч О.******* нь 20******* оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэн Я.*******ийн гуйлтын дагуу түүний авч байгаа зээлийн барьцаанд өөрийн хашаа байшингаа барьцаалуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан болохоос биш *******.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлдэн аваагүй. Нэхэмжлэгч нь жинхэнэ хариуцагчийн татаагүй. 20******* оны 3 дугаар сарын 28-ны өдрийн кассын зарлагын ордер гэх баримт болон мэдэгдэл гэх баримтуудад нэхэмжилж буй *******.000.000 төгрөгийг ******* ББСБ-аас зээлдэгчид олгосон байх атал одоо энэ мөнгийг иргэн Б.******* нэхэмжлэл эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч О.*******ийн гарсан үсэг зурсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу мөнгө олгогдоогүй. Зээлдүүлэгч түүнийг эрэн сурвалжлуулах ёстой. ******* ББСБ-аас иргэн Я.*******ийг 2 удаа зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл өгч байсныг нотлох баримтаар гарган өгсөн. ******* ББСБ-ын кассын баримтаар тухайн зээлийг Я.*******ид хүлээлгэн өгсөнийг нотолно. О.******* хүлээн аваагүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******аас хариуцагч О.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30.044.721 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 373,70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бэлэн мөнгөний баримтан дээр ах Я.******* нь гарын үсэг зурсан ч О.******* мөнгийг хамт тоолж хүлээн авсан. Үүнийг хөндлөнгийн гэрч хурал дээр нотолсон боловч бичмэл баримтаас О.*******д мөнгө шилжүүлсэн болох нь нотлогдоогүй ба зээлийн эргэн төлөлт хийж байсан үйл баримт нь зээлийн гэрээ байгуулсныг нотлохгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бэлнээр олгосон тохиолдолд бэлэн мөнгөний баримтан дээр аль нэг нь гарын үсэг зурж хамт тоолж авснаар О.*******ийг хамтран зээлдэгч гэж үзсэн. О.*******, Я.******* нар нь төрөл садангийн хамааралтай ах дүүс бөгөөд хамтарч ажилладаг. Я.*******ийг эрэн сурвалжлуулах ёстой гэсэн нь санаатайгаар төлбөр төлөхөөс зайлсхийсэн арга гэж үзэж байна. 42 тоот зээл, барьцааны гэрээний үүрэг хангагдаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зарж борлуулан төлбөрөө авч болохыг зөвшөөрсөн захиран зарцуулах итгэмжлэлийг 20******* оны 03 дугаар сарын 28-ны өдөр О.******* нь Б.******* надад нотариатаар баталгаажуулж хуулийн дагуу хийж өгсөн. Б.******* миний Хаан болон Төрийн банкин дахь хувийн харилцах дансанд тухайн зээлийн эргэн төлөлтөнд 12 удаагийн орлого орсоны 9 нь О.*******өөс, 3 нь Я.*******оос гэсэн утгатай байсан нь О.******* нь тухайн зээлэнд хамтран хариуцагч гэдэг нь нотлогдож байхад хариуцагч тал Я.*******ийн мөнгийг О.******* хийж байсан гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хэвээр байна гэж заасныг үндэслэн барьцааны эзэн хамтран зээлдэгч О.*******ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн учраас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан. Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнгээсээ татгалзаж нийт төлсөн 4.980.000 төгрөгөөс 42 тоот зээлийн гэрээний дагуу 3.629.589 төгрөгийг хүүнд тооцож, үлдсэн 1.350.411 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээл олгоход авсан *******5.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 13.494.589 төгрөгийг О.*******өөс нэхэмжилж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 044 721 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.
Нэхэмжлэгч нь хариуцагч О.*******ийг зээл авсан буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа бол хариуцагчид мөнгө зээлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.
Зээлдүүлэгч Б.******* нь 20******* оны 3 дугаар сарын 28-ны өдрийн зээл, барьцааны гэрээгээр ******* 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Я.******* нь зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг Я.*******, О.******* нартай байгуулсан, зээлийн гэрээнд О.******* гарын үсэг зурсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа боловч уг гэрээг хэнтэй байгуулж байгааг тодорхойлсон хэсэгт Ядамсүрэн овогтой *******той байгуулав гэж тодорхойлсон байна /хх-ийн 6/
Хариуцагч О.******* гэрээний төгсгөл хэсэгт хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байгаа боловч гэрээний тал болж орсон талаар гэрээнд заагдаагүй байгааг болон гэрээний зүйлийг түүнд хүлээлгэн өгсөн болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй байдлыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн.
Зээлийн гэрээний зүйл болох ******* 000 000 төгрөгийг зээлдэгч Я.*******ид шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдсан ба уг баримтыг үйлдэхэд хариуцагч О.******* хамт байсан гэх гэрч Э.*******ын мэдүүлгээр гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байхаас гадна хариуцагчаас зээлийн эргэн төлөлт хийж байсныг зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх салгаж үл болох эрх тул үндсэн зээлийн гэрээний маргаан шийдвэрлэгдээгүй тохиолдолд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУН*******
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Н.БАТЗОРИГ