Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2018/02188

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2018/02188

Улаанбаатар хот

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                      Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, аос 7 дугаар байр, 8 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Баттулгын Пагамдулам /РД:МЗ74021761/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 5 дугаар гудамж, 15 тоот хаягт оршин суух, Алтанганжуур овогт Очирбатын Энхтөр /РД:ЗЮ87121675/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,044,721 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.П шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Миний бие иргэн Я.Бямбадорж, О.Э нартай 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээл зээлийн хүүгээ төлж барагдуулаагүй. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч О.Эийн өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 5 дугаар гудамж, 15 тоотод байршилтай 41 м.кв талбай бүхий Ү-22010418699 тоот улсын бүтгэлийн дугаартай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 5 гудамж, 15 тоотод байршилтай 700 м.кв талбай бүхий Г-2201021182 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын тус тус барьцаалсан. Барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээг хүчин төгөлдөр болгосон.

Зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл зээлийн хүүгээ өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 15,000,000 төгрөгийн үндсэн зээл, 15,044,721 төгрөгийн зээлийн хүү, нийт 30,044,721 төгрөгийг зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа тул хариуцагч О.Эөөс гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч О.Эөөс гаргуулах, 30,044,721 төгрөгийг барьцаалсан хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй тул түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, Тахилт 5 гудамж, 15 тоотод байршилтай 41 м.кв талбай бүхий Ү-2201041869 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 5 дугаар гудамж, 15 тоот байршилтай 700 м.кв талбай бүхий Г-2201021182 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б.П нь 2015 оны 3 сарын 27-ны байдлаар ММ Файнанс ББСБ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалтай ажиллаж байсан. Тухайн үед иргэн Я.Бямбадорж, О.Э нар нь зээл хүссэн. Зээлийн баримтыг судалж үзэхэд ББСБ-ын зээл олгох нөхцөл журам, шалгуурыг хангахгүй гэх шийдвэр гаргасан учир 15,000,000 төгрөг олгохоос татгалзсан. Гэтэл хариуцагч нар богино хугацаанд зээлээ эргүүлж төлнө, барьцаа хөрөнгө тавья гэсэн учир Б.П нь иргэд хоорондын зээлийг сарын 3.2 хувиар хүү тооцож олгоё гэхэд зөвшөөрсөн. Ингээд өмнө нь ББСБ-ын журмаар зээл судалж үзэхэд хариуцагч О.Э нь хашаандаа супер ТҮЦ буюу вагончик хийх үйл ажиллагаа явуулдаг байсан. Зээл хүссэн мөнгөний зарим хэсгийг Я.Бямбадорж зарцуулна. Бид мөнгийг цаг хугацаанд нь төлнө гэсэн. Ингээд барьцаа хөрөнгөд О.Эийн өмчлөлийн хувийн сууц, газрыг барьцаална гэсэн. Тухайн үед зээлдэгч нар нь бичиг баримтын зөрчилгүй байсан учир талууд хоорондоо тохиролцон хуульд заасны дагуу иргэд хоорондын зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж гарын үсэг зуруулсан. Зээл болон барьцааны гэрээнд О.Э, Я.Бямбадорж нар гарын үсэг зурсан. Ингээд үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж хүчин төгөлдөр болгосон. Хариуцагч энэ зээлийг би хариуцах ёсгүй гэж ярьдаг. Гэрээнд өмч хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангаагүй үед барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тодорхой заасан. Энэ байдлаа нотариатаар албан ёсоор хийж өгсөн. Хавтаст хэрэгт өгсөн. Гэрээ хийгээд нэг талдаа бэлэн мөнгийг хүлээлгэн өгөөд, нөгөө талдаа зээлээ төлөх байсан. Одоо гэрчээр оролцох ББСБ-ын бүртгэлийн ажилтан н.Амарболдод мөнгө олгохыг хүссэн. ББСБ-ын баримтыг ашиглан бэлэн мөнгийг олгосон. Ингээд зээлдэгч О.Э, Я.Бямбадорж нарт бэлэн мөнгө хүлээлгэж өгөөд эрх зүйн харилцаа үүссэн. Цаашид хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй, цаг хугацаандаа төлөхгүй хожимдуулах байдал үүссэн. Хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй, харин баримт бланкыг ашиглаж байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч О.Э нь 2015 оны 3-р сарын 28-нд иргэн Я.Бямбадоржийн гуйлтын дагуу түүний авч байгаа зээлийн барьцаанд өөрийн хашаа байшингаа барьцаалуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан болохоос биш 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлдэн аваагүй байна. Энэ талаар зээлдүүлэгч Б.П зээлдэгч Я.Бямбадорж нар аль аль нь сайн мэдэж байгаа атлаа одоо ганцхан барьцаалуулагчийг хариуцагчаар татаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь жинхэнэ хариуцагчийн татаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2015 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн кассын зарлагын ордер гэх баримт болон мэдэгдэл гэх баримтуудад нэхэмжилж буй 15,000,000 төгрөгийг ММФинанс ББСБ-аас зээлдэгчид олгосон байх атал одоо энэ мөнгийг иргэн Б.П нэхэмжлэл эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч О.Эийн гарсан үсэг зурсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу мөнгө олгогдоогүй, өөрөөр хэлбэл эрхзүйн үр дагавар үүсээгүй байх тул тэдгээр гэрээг дүр үзүүлсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж тэдгээр гэрээний дагуу үүрэг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлдэгч Я.Бямбадорж нь алданги хүү төлж байгаад одоо зугтаж алга болсон байгаа болно. Зээлдүүлэгч түүнийг эрэн сурвалжлуулах ёстой. Гэрээг Бямбадоржтой байгуулж байгаад гэрээний төгсгөлд О.Э хамтран зээлдэгчээр оролцож байгаа. Энэ төлбөрийг төлөхөөс татгалзаж буй нэг шалтгаан бол хамтран хариуцагчаар оролцвол зохих этгээд Я.Бямбадоржийг татахгүйгээр шүүхэд ганцхан барьцаа хөрөнгийн эзнийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваад, иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцэхгүй байна. Барьцаатай гэрээний гол зүйл бол мөнгө. Мөнгийг хэнд шилжүүлэн өгсөн, мөнгийг хэн төлөх ёстой вэ гэдэг асуудал чухал. Түүнээс барьцаа хөрөнгийг иргэнээс авах зорилго нь биш.  Хариуцагчаас хэд хэдэн баримт гаргасан. ММфинанс ББСБ-аас иргэн Я.Бямбадоржийг 2 удаа зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл өгч байсныг нотлох баримтаар гарган өгсөн. Үүгээр хариуцагч нь О.Э биш гэдгийг нотолж байна. Мөн ММфинанс ББСБ-ын кассын баримтыг гарган өгсөн. Үүгээр тухайн зээлийг Я.Бямбадоржид шилжүүлэн өгсөн гэх үйл баримтыг нотолж байна. Зээлийн харилцааны зүйл болох мөнгийг Я.Бямбадоржид хүлээлгэн өгсөнийг нотолно. О.Э хүлээн аваагүй юм. Энэ бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа 2 дахь үндэслэл юм. 3-рт зээлийн болон зээл барьцааны гэрээ хэрэгт авагдсан. Энэ гэрээний ард төлбөрийн хуваарь хавсрагдсан. Үүнд мөн ганцхан Я.Бямбадорж гэсэн байгаа. 3 дугаар үндэслэл бол нэхэмжлэгч хариу тайлбарт хариу гаргаж гэрч асуулгах хүсэлт, О.Э зээл төлсөн гэх Хаан банкны баримт гаргасан. Үүнд тайлбар хэлье. Я.Бямбадоржийн төлсөн мөнгийг О.Э хотод байгаа учир дамжуулж өгч байсан. Я.Бямбадорж хөдөө ажиллаж байсан. 4 дэх үндэслэл бол Иргэний хуулийн 65.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж байна гэж үзсэн. Зээлийн мөнгийг хүлээлгэн өгч байгаа этгээд нь ММ финанс ББСБ юм. 2 удаагийн мэдэгдлийг мөн ББСБ-ын нэрээс өгсөн. Энэ нь мөнгө хэний мэдлийнх гэдэг нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа баримт, тайлбар зэрэг нь энэ мөнгө ББСБ-ын данснаас гаргасан гэдэг нь харагдаж байна. Тийм бол яагаад Б.П нэхэмжлээд байна вэ. Энэ нь хууль зөрчиж байна гэж харагдаж байгаа учир 5 дахь үндэслэл болж байна. 6-рт зээлийн харилцаанд 2 зээлдэгч байгаа юм бол ядаж 15,000,000 төгрөгийг 2 хамтран зээлдэгч ямар харилцаатайгаар хариуцах вэ? гэдгийг иргэн Я.Бямбадоржийг хариуцагчаар татан тодорхой болгох нь зүйтэй байх. Түүнээс О.Эд хариуцуулж, хариуцагчаар татах нь хуулийн үндэслэлгүй, үүнийг шүүх шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч О.Эөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,044,721 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Зохигч болох нэхэмжлэгч талаас ...зээлийн гэрээний хамтран хариуцагч үүрэг гүйцэтгэгч О.Эөөс зээлийн үүрэг шаардаж байгаа, тухайн үед Бямбадорж, О.Э нар хамтдаа зээл авсан, мөнгийг авсан, хэрэглэсэн, зээлийн төлөлтөөс О.Э төлж байсан гэж, хариуцагч талаас ...Хуулийн этгээдээс зээлийг олгосон, иргэн нэхэмжлэх эрхгүй, зээлийн мөнгийг О.Э аваагүй учраас зээлийн харилцаа үүсээгүй, барьцааны гэрээг байгуулсан гэж тус тус тайлбар гарган маргадаг.

 

Дээрх тайлбараас үзэхэд 2015 оны 3 сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Я.Бямбадорж, О.Э нартай байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, уг гэрээнд О.Э гарын үсэг зурсан нь үнэн гэх хариуцагчийн тайлбар, мөн өдрөө О.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, 5-15 тоот хаягт байрших газар, хувийн сууцыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан талаар маргадаггүй, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн бөгөөд тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар харилцан тохиролцсон байна.

 

Нэгэнт зээлийн харилцаа талуудын хооронд үүссэн бол нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлийн үүргийг хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний дагуу зээлийг Я.Бямбадорж, О.Э нар хамтран авсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч нар болно, хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнийг ч сонгон шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа хэдий ч шүүх хариуцагч Энхтөрд холбогдуулан гаргасан шаардлагыг доорх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд 2015 оны 3 сарын 28-ны өдөр байгуулагдсан 42 дугаартай зээл,барьцааны гэрээний 1-р талд ...нэг талаас Батттулгын Пагамдулам, нөгөө талаас Ядамсүрэнгийн Бямбадорж нар гэрээ байгуулав, гэрээг баталгаажуулсан Б.П, Я.Бямбадорж нарын гарын үсэг, 2-х талд гэрээг баталгаажуулсан Б.П, Я.Бямбадорж нарын гарын үсэг, 3-р талд ...гэрээ байгуулсан зээлдүүлэгч Б.П, зээлдэгч Я.Бямбадорж, хамтран зээлдэгч О.Э, гэрээг баталгаажуулсан Пагамдулам, Бямбадорж нарын гарын үсэг зурагдсан байх ба төлбөрийн хуваарьт ...Зээлдэгчийн нэр Бямбадорж, зээлийн дүн 15,000,000 төгрөг, төлбөрийн хуваарьтай танилцаж хүлээн зөвшөөрөв, зээлдүүлэгч Б.П, зээлдэгч Я.Бямбадорж гэсэн гарын үсэг зурагдсан байна.   

 

Зээлийн гэрээнд заасан 15,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн 2015 оны 3 сарын 28-ны өдрийн Я.Бямбадорж ЗОШ /зээл олголтын шимтгэл/ 150,000 төгрөг, Я.Бямбадорж ЗӨХ /зээлийн өргөдлийн хураамж/ 5,000 төгрөг, Я.Бямбадорж ЗГХШ-ээр зээл олгов, 15,000,000 төгрөг гэх 3 ширхэг ММ финанс ББСБ-ын кассын зарлагын баримтууд, ...Иргэн Я.Бямбадорж 15 сая төгрөгийн зээл авсан. Нийт 25,006,068 төгрөгийг 2017 оны 9 сарын 30-ны дотор бүрэн төлөхийг шаардаж байна. Дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсон тул барьцаа хөрөнгийг суллахыг мэдэгдье гэх 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 17/61 дугаартай мэдэгдэх хуудас, О.Эөөс, Я.Бямбадоржоос зээл төлөлт, орлого гэсэн Б.Пын Хаан банкны дансны хуулгууд хэрэгт авагдсан байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч О.Э зээлийн гэрээ байгуулсан, үүрэг хүлээсэн болох нь, зээлийн гэрээний зүйл болох 15,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь, түүний хүсэл зориг зээлийн гэрээнд тусгагдсан эсэх нь эргэлзээ бүхий байх бөгөөд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж О.Этэй зээлийн гэрээ байгуулсан болохоо нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй гэж үзэв.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 15,000,000 төгрөгийг гэрээнд болон хуульд заасны дагуу хариуцагч О.Эд шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй тул 2015 оны 3 сарын 28-ны өдрийн “Зээлийн, барьцааны гэрээ”-г Б.П, О.Э нарын хооронд байгуулагдсан гэж үзэхгүй. Зээлийг буюу 15,000,000 төгрөгийг О.Эд өгсөн гэх үйл баримтыг ММ Финанс ББСБ-ын ажилтан гэх Э.Амарболд гэрчлэн мэдүүлж байгаа ч уг үйл баримтыг нотолж буй бичмэл баримтаас О.Эд мөнгө шилжүүлсэн болох нь нотлогдоогүй ба зээлийн эргэн төлөлт хийж байсан үйл баримт нь зээлийн гэрээ байгуулсныг шууд нотлохгүй. 

 

Нэхэмжлэгч талын ...хамтран зээлдэгч учраас үндсэн зээлдэгчийн адил эрх үүрэг хүлээнэ, тийм ч учраас зээлийн эргэн төлөлтөөс төлж байсан тул О.Эд холбогдуулан шаардлага гаргасан гэх тайлбарын хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасантай нийцэх хэдий ч мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасанчлан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч О.Э болох нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,044,721 төгрөг гаргуулахыг шаардсан нь хуулийн үндэслэлгүй байна.

 

Харин 2015 оны 3 сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ” нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул уг хэлцлээр хүлээсэн үүргийг хариуцагч О.Эд холбогдуулсан нь хуулийн дагуу байх хэдий ч үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний үүрэг маргаан шийдвэрлэгдээгүй тул уг үүргийг хангах арга болох барьцааны үүргийг шаардах боломжгүй байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг холбогдох этгээдээс шаардах, улмаар уг үүрэгтэй холбогдуулан барьцаагаар үүргийг хангуулах шаардлагыг О.Эд холбогдуулан гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

 

Хариуцагч талын нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй гэх тайлбарын хувьд иргэн Б.П зээлийн болон барьцааны гэрээ байгуулсныг хуулийн этгээдийн албан маягт ашигласан, тухайн хуулийн этгээдээс мөнгө шилжүүлэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэх боломжгүй тул дээрх тайлбар үндэслэлгүй болно. 

 

Иймд О.Эд холбогдуулан гаргасан Б.Пын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Паас хариуцагч О.Эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30,044,721 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,373.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ