Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00364

 

Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02188 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2192 дугаар магадлалтай,

  Б ын нэхэмжлэлтэй,

           О д холбогдох

         Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,044,721.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайханы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б  нь 2015 оны 03 сарын 27-ны байдлаар “ММ Файнанс” ББСБ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалтай ажиллаж байсан. Зээлийн баримтыг судалж үзэхэд ББСБ-ын зээл олгох нөхцөл журам, шалгуурыг хангахгүй татгалзсан. Хариуцагч нар богино хугацаанд зээлээ эргүүлж төлнө, барьцаа хөрөнгө тавина гэсэн учир Б  нь иргэд хоорондын зээлийг сарын 3.2 хувиар хүү тооцож олгоё гэхэд зөвшөөрсөн. Ингээд Иргэн Я.Бямбадорж, О  нартай 2015 оны 03 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар ББСБ-ын баримтыг ашиглан бэлэн мөнгийг олгосон. Хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй, харин баримт бланкийг ашиглаж байсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээл зээлийн хүүгээ төлж барагдуулаагүй. Иймд 2018 оны 06 сарын 12-ны өдрийн байдлаар 15,000,000 төгрөгийн үндсэн зээл, 15,044,721 төгрөгийн зээлийн хүү, нийт 30,044,721 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй тул түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 22 хороо, Тахилт 5 гудамж, 15 тоотод байршилтай 41 м.кв талбай бүхий Ү-2201041869 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Тахилт 5 дугаар гудамж, 15 тоот байршилтай 700 м.кв талбай бүхий Г-2201021182 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч О  нь 2015 оны 03 сарын 28-ны өдөр иргэн Я.Бямбадоржийн гуйлтын дагуу түүний авч байгаа зээлийн барьцаанд өөрийн хашаа байшингаа барьцаалуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан болохоос биш 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлдэн аваагүй. Нэхэмжлэгч нь жинхэнэ хариуцагчийг татаагүй. 2015 оны 03 сарын 28-ны өдрийн кассын зарлагын ордер гэх баримт болон мэдэгдэл гэх баримтуудад нэхэмжилж буй 15,000,000 төгрөгийг “ММ Финанс” ББСБ-аас зээлдэгчид олгосон байх атал одоо энэ мөнгийг иргэн Б  нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч О ийн гарын үсэг зурсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу мөнгө олгогдоогүй. Зээлдүүлэгч түүнийг эрэн сурвалжлуулах ёстой. “ММ финанс” ББСБ-аас иргэн Я.Бямбадоржийг 2 удаа зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл өгч байсныг нотлох баримтаар гарган өгсөн. “ММ Финанс” ББСБ-ын кассын баримтаар тухайн зээлийг Я.Бямбадоржид хүлээлгэн өгснийг нотолно. О  хүлээн аваагүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.               

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02188 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аас хариуцагч О д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30,044,721 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,373.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2192 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Учралын хяналтын журмаар гаргасан гомдолд: Б , Я.Бямбадорж, О  нарыг гэрээ байгуулаагүй болон О д зээл олгосон болохоо нотолж чадаагүй гэж дүгнэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/02188 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2192 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн гомдол гаргаж байна. Зээлдэгч Я.Бямбадорж, О  нар нь “ММ Файнанс” ББСБ-аас хамтран зээл авахаар хүссэн бөгөөд тэд тус байгууллагын зээлдэгчийн шаардлагыг үл хангаж байсан учир зээл өгөх боломжгүй талаар мэдэгдсэн байдаг. Улмаар тэд зээл өгөхийг удаа дараа гуйсан бөгөөд О ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 5 дугаар гудамжны 15 тоотод байршилтай 41 м.кв талбай бүхий Ү-2201041869 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, мөн тоотод байршилтай 700 м.кв бүхий Г-2201021182 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар тус тусыг иргэн Б д барьцаалан 2015 оны 03 сарын 28-ны өдөр 42 дугаар зээлийн гэрээг байгуулан гарын үсэг зурж, 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг. Гэрээг байгуулахад Я.Бямбадорж, О  нарын хэн аль нь байлцсан бөгөөд гэрээг нотариатаар батлуулсан. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “Үйлчлүүлэгчид эрх, үүргийг тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан зөвлөгөө өгөх” талаар хуульчилсан бөгөөд талуудад гэрээг танилцуулж, тэд гэрээг хүлээн зөвшөөрч байгаагаар гарын үсэг зурж баталгаажуулдаг. Зээлийн гэрээний тэргүүн хэсэгт зээлдэгч О ийн талаар дурдаагүй боловч тэрээр уг зээлийг хамтран авч байгаа болон хамтран төлөхөө баталгаажуулж гарын үсэг зурсан байдаг. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан агуулгыг зөрчөөгүй ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь гэрээний стандарт нөхцөл журмыг хангасан бөгөөд Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох шинжийг агуулаагүй байхад О ийг зээлдэгчийн үүргээс чөлөөлж, хариуцагчийн үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Зээлийн гэрээ нь зээл олгох, зээлийн хэмжээ, зээлийн хугацаа, зээлийн хүү зэргийг тодорхой заасан бөгөөд гэрээний нөхцөл тодорхой байгааг хариуцагч О  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг зээлдэгч биш гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Зээлийн гэрээний тэргүүн хэсэгт О ийн нэрийг бичээгүй гэж дүгнэж буй шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт биш юм. Зээлдүүлэгч Б ын хувьд Я.Бямбадорж, О  нарын хэн аль нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлж хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэг болох Я.Бямбадоржид мөнгийг шилжүүлэн өгсөн байдаг. Хууль буюу гэрээнд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч болон зээлдүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчид болох зээлдэгч нарт гэрээний зүйл болох мөнгийг хэрхэн шилжүүлэх талаар нарийвчлан заагаагүй болно. Өөрөөр хэлбэл, зээлийг хамтран үүрэг гүйцэтгэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж өгөх, эсхүл хэн нэгэнд нь өгөх талаар хуульд заагаагүй, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч нар нь зээлийг хүлээн авах, буцаан төлөх талаар тэгш эрхтэй байхаар заасан. Гэрээнд заасан зээлийг хүлээн авсан баримтад Я.Бямбадорж ганцаараа гарын үсэг зурсан нь О ийн зээлийн төлбөрийг хамтран буцаан төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд зээлийг зөвхөн Я.Бямбадоржид өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч гэж хэн болохыг, мөн зүйлийн 242.2 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийг, 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж болохыг тус тус хуульчилсан байна. Түүнчлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэйг, мөн зүйлийн 153.3 дахь хэсэгт талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болохыг тус тус хуульчилсан бөгөөд барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Б.Пагмадулам нь гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй юм. Учир нь талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн бөгөөд мөн зүйлийн 156.4 дэх хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/02188 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2192 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,494,589 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч О өөс зээлийн гэрээний үүрэгт 30,044,721.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

Хариуцагч О  шаардлагыг эс зөвшөөрч, Я.Бямбадоржийн авсан зээлийн үүрэгт өөрийн үл хөдлөх эд хөрөнгөөр барьцааны гэрээ байгуулсан нь үнэн боловч зээлийн мөнгийг аваагүй учраас нэхэмжлэгчтэй зээлийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2015 оны 3 сарын 28-ны өдөр байгуулагдсан 42 дугаартай зээлийн гэрээний талууд нь Батттулгын Пагамдулам, Ядамсүрэнгийн Бямбадорж нар байх бөгөөд зээлийн төлбөрийн хуваарьтай      Я.Бямбадорж танилцаж зөвшөөрсөн, гэрээнд заасан 15,000,000.00 төгрөгийг Я.Бямбадоржид шилжүүлсэн, зээл олголтын шимтгэл 150,000 төгрөг, зээлийн өргөдлийн хураамж 5,000.00 төгрөгийн баримтууд Я.Бямбадоржийн нэр дээр, түүнчлэн 15,000,000.00 төгрөгийн зээл олгосон баримтад О ийн гарын үсэг зурагдаагүй байна.

Дээрх баримтууд нь “ММ финанс” ББСБ-ын кассын зарлагын баримтууд байх бөгөөд “...иргэн Я.Бямбадоржид 15 сая төгрөгийн зээлийн үүрэг 25,006,068.00 төгрөгийг 2017 оны 9 сарын 30-ны дотор бүрэн төлөхийг шаардаж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсон тул барьцаа хөрөнгийг суллахыг мэдэгдье” гэсэн “ММ финанс” ББСБ-ын захирал Б ын 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 17/61 дугаартай мэдэгдэх хуудас, Я.Бямбадоржоос зээл төлөлт, О өөс орлого гэсэн Б ын Хаан банкны дансны хуулга хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүх хариуцагч О ийг нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, түүний хүсэл зориг гэрээнд тусгагдаж, үүрэг хүлээсэн эсэх, зээл 15,000,000.00 төгрөгийг хариуцагч хүлээн авсан болох нь эргэлзээтэй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар О тэй зээлийн гэрээ байгуулсан болохоо нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь О ийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар  хариуцагчаар тодорхойлсон боловч шаардаж буй зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг 30,044,721.00 төгрөг гаргуулах шаардлага гаргах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

Харин 15,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2015 оны 3 сарын 28-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч О д холбогдуулсан нь хуулийн дагуу боловч үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний маргаан шийдвэрлэгдээгүй байхад барьцааны үүргийг шаардах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг холбогдох этгээдээс шаардах, улмаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг О д холбогдуулан гаргахад шүүхийн шийдвэр саад болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн үндсэн үүрэг, нэмэгдэл үүргийн харилцан хамаарлын зарчим болон Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д  нийцсэн байна.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан “...шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн, ... баримтыг хуульд зааснаар үнэлээгүй” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02188 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2192 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 225,500.00 /хоёр зуун хорин таван мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН