Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02192

 

 

 

 

Б.Пагамдуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02188 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Пагамдуламын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Энхтөрд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 044 721 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Пагамдулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Пагамдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Пагамдулам нь 2015 оны 3 дугаар сарын 27-ны байдлаар ММ Файнанс ББСБ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалтай ажиллаж байсан. Зээлийн баримтыг судалж үзэхэд ББСБ-ын зээл олгох нөхцөл журам, шалгуурыг хангахгүй татгалзсан. Хариуцагч нар богино хугацаанд зээлээ эргүүлж төлнө, барьцаа хөрөнгө тавина гэсэн учир Б.Пагамдулам нь иргэд хоорондын зээлийг сарын 3.2 хувиар хүү тооцож олгоё гэхэд зөвшөөрсөн. Ингээд Иргэн Я.Бямбадорж, О.Энхтөр нартай 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар ББСБ-ын баримтыг ашиглан бэлэн мөнгийг олгосон. Хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй, харин баримт бланкийг ашиглаж байсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээл зээлийн хүүгээ төлж барагдуулаагүй. Иймд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 15 000 000 төгрөгийн үндсэн зээл, 15 044 721 төгрөгийн зээлийн хүү, нийт 30 044 721 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй тул түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, Тахилт 5 гудамж, 15 тоотод байршилтай 41 м.кв талбай бүхий Ү-2201041869 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 5 дугаар гудамж, 15 тоот байршилтай 700 м.кв талбай бүхий Г-2201021182 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч О.Энхтөр нь 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэн Я.Бямбадоржийн гуйлтын дагуу түүний авч байгаа зээлийн барьцаанд өөрийн хашаа байшингаа барьцаалуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан болохоос биш 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлдэн аваагүй. Нэхэмжлэгч нь жинхэнэ хариуцагчийн татаагүй. 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн кассын зарлагын ордер гэх баримт болон мэдэгдэл гэх баримтуудад нэхэмжилж буй 15.000.000 төгрөгийг ММ Финанс ББСБ-аас зээлдэгчид олгосон байх атал одоо энэ мөнгийг иргэн Б.Пагамдулам нэхэмжлэл эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч О.Энхтөрийн гарсан үсэг зурсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу мөнгө олгогдоогүй. Зээлдүүлэгч түүнийг эрэн сурвалжлуулах ёстой. ММфинанс ББСБ-аас иргэн Я.Бямбадоржийг 2 удаа зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл өгч байсныг нотлох баримтаар гарган өгсөн. ММ Финанс ББСБ-ын кассын баримтаар тухайн зээлийг Я.Бямбадоржид хүлээлгэн өгсөнийг нотолно. О.Энхтөр хүлээн аваагүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Пагамдуламаас хариуцагч О.Энхтөрд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30.044.721 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 373,70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Пагамдулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бэлэн мөнгөний баримтан дээр ах Я.Бямбадорж нь гарын үсэг зурсан ч О.Энхтөр мөнгийг хамт тоолж хүлээн авсан. Үүнийг хөндлөнгийн гэрч хурал дээр нотолсон боловч бичмэл баримтаас О.Энхтөрд мөнгө шилжүүлсэн болох нь нотлогдоогүй ба зээлийн эргэн төлөлт хийж байсан үйл баримт нь зээлийн гэрээ байгуулсныг нотлохгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бэлнээр олгосон тохиолдолд бэлэн мөнгөний баримтан дээр аль нэг нь гарын үсэг зурж хамт тоолж авснаар О.Энхтөрийг хамтран зээлдэгч гэж үзсэн. О.Энхтөр, Я.Бямбадорж нар нь төрөл садангийн хамааралтай ах дүүс бөгөөд хамтарч ажилладаг. Я.Бямбадоржийг эрэн сурвалжлуулах ёстой гэсэн нь санаатайгаар төлбөр төлөхөөс зайлсхийсэн арга гэж үзэж байна. 42 тоот зээл, барьцааны гэрээний үүрэг хангагдаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зарж борлуулан төлбөрөө авч болохыг зөвшөөрсөн захиран зарцуулах итгэмжлэлийг 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр О.Энхтөр нь Б.Пагамдулам надад нотариатаар баталгаажуулж хуулийн дагуу хийж өгсөн. Б.Пагамдулам миний Хаан болон Төрийн банкин дахь хувийн харилцах дансанд тухайн зээлийн эргэн төлөлтөнд 12 удаагийн орлого орсоны 9 нь О.Энхтөрөөс, 3 нь Я.Бямбадоржоос гэсэн утгатай байсан нь О.Энхтөр нь тухайн зээлэнд хамтран хариуцагч гэдэг нь нотлогдож байхад хариуцагч тал Я.Бямбадоржийн мөнгийг О.Энхтөр хийж байсан гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хэвээр байна гэж заасныг үндэслэн барьцааны эзэн хамтран зээлдэгч О.Энхтөрийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн учраас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан. Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнгээсээ татгалзаж нийт төлсөн 4.980.000 төгрөгөөс 42 тоот зээлийн гэрээний дагуу 3.629.589 төгрөгийг хүүнд тооцож, үлдсэн 1.350.411 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээл олгоход авсан 155.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 13.494.589 төгрөгийг О.Энхтөрөөс нэхэмжилж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Пагамдулам нь хариуцагч О.Энхтөрд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 044 721 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

Нэхэмжлэгч нь хариуцагч О.Энхтөрийг зээл авсан буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа бол хариуцагчид мөнгө зээлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Зээлдүүлэгч Б.Пагамдулам нь 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн зээл, барьцааны гэрээгээр 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Я.Бямбадорж нь зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг Я.Бямбадорж, О.Энхтөр нартай байгуулсан, зээлийн гэрээнд О.Энхтөр гарын үсэг зурсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа боловч уг гэрээг хэнтэй байгуулж байгааг тодорхойлсон хэсэгт Ядамсүрэн овогтой Бямбадоржтой байгуулав гэж тодорхойлсон байна /хх-ийн 6/

Хариуцагч О.Энхтөр гэрээний төгсгөл хэсэгт хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байгаа боловч гэрээний тал болж орсон талаар гэрээнд заагдаагүй байгааг болон гэрээний зүйлийг түүнд хүлээлгэн өгсөн болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй байдлыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн.

Зээлийн гэрээний зүйл болох 15 000 000 төгрөгийг зээлдэгч Я.Бямбадоржид шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдсан ба уг баримтыг үйлдэхэд хариуцагч О.Энхтөр хамт байсан гэх гэрч Э.Амарболдын мэдүүлгээр гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байхаас гадна хариуцагчаас зээлийн эргэн төлөлт хийж байсныг зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх салгаж үл болох эрх тул үндсэн зээлийн гэрээний маргаан шийдвэрлэгдээгүй тохиолдолд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Пагамдулам давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ