Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01344

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01344

 

 

Кредит монгол ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01066 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Кредит монгол ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Батдоржид холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 72 458 297 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Кредит монгол ББСБ ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, ЗГ1000/10/06/083, ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Батдорж өөрийн эзэмшлийн Кредит монгол ББСБ ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 100 000 төгрөгийн нэрлэсэн үнээр У.Барсболдод худалдсаны хариуд У.Барсболд нь Б.Батдоржийн Кредит монгол ББСБ ХХК дахь зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор аман хэлцэл хийж гол нөхцөлийг тохиролцсон болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Раднаасүрэн, Б.Номин

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баяржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Батдорж нь тус байгууллагад Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Кредит монгол ББСБ ХХК-тай цалингийн зээлийн ЗГ1000/10/06/083 дугаартай гэрээ, зээлийн барьцааны БГ1000/10/06/083 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулан 35 000 000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн зээлийн барьцаанд зээлийн хугацаан дахь цалингийн орлого, түүнтэй адилтгах орлого, зээлээр санхүүжигдэх хөрөнгө зэргийн барьцаалсан байна.

Мөн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Батдорж нь Кредит монгол ББСБ ХХК-тай хувийн хэрэглээний зориулалттай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан 58 400 000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн зээлийн барьцаанд зээлийн хугацаан дахь цалингийн орлого, зээлээр санхүүжигдэх хөрөнгө зэргийн барьцаалсан байна. Уг гэрээг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлийн нэмэлт ЗНГ1000/15/06/056 дугаартай гэрээг байгуулан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаагаар сунгасан байна. Б.Батдорж нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 7 тоотод байршилтай 53,98 м.кв 2 өрөө орон сууцыг дээрх гэрээнүүдийн барьцаалбар болгосон байдаг ба уг орон сууцны Ү-2204016751 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг зээлээ төлж дуустал Кредит монгол ББСБ ХХК-д хадгалуулахаар тохиролцсон.

Б.Батдорж нь ажлаас халагдахдаа дур мэдэн барьцаа болох орон сууцны Ү-2204016751 дугаартай эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч явсан болно. Зээлдэгчийг гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд зээлдэгч ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш зээлээ төлөх, дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Иймээс Кредит монгол ББСБ ХХК нь зээлдэгч Б.Батдоржтой байгуулсан зээлийн гэрээнүүдийн 4.2-т зааснаар гэрээг цуцалж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.Батдоржийн төлөх төлбөр:

ЗГ1000/10/06/083 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг тооцож үзвэп үндсэн зээл 13 214 662 төгрөг, хүү 773 359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152 409 төгрөг, нийт 14 140 431 төгрөг,

ЗГ1111/13/06/062 зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг тооцож үзвэл үндсэн зэзл 49 407 384 төгрөг, хүү 7 286 674 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 446 648 төгрөг, нийт 58 140 706 төгрөг, нийт 72 281 138 төгрөг байна.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.Батдоржийн 99116055 дугаартай утасны дугаарын төлбөр болох 159 659 төгрөгийг Мобиком корпораци ХХК-д төлснийг Б.Батдоржоос нэхэмжилж байна. Шүүхэд нотлох баримт бүрдүүлэн өгөхөд гарсан зардал 17 500 төгрөг болно. Иймд Кредит монгол ББСБ ХХК нь зээлдэгч Б.Батдоржтой байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу төлөх төлбөр болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, утасны төлбөр нийт 72 458 297 төгрөгийг Б.Батдоржоос гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Кредит монгол ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16/45 тоот тушаалаар Б.Батдоржийг Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албанд тушаалд томилсон тушаал гарсаар байхад байгууллагын бодлогыг тодорхойлох удирдах албан тушаалтан байтлаа өнөөдрийг хүртэл ажлаа хүлээн авахгүй байсаар байгаа нь байгууллагын ажлыг хэвийн явагдах боломжоор хангагдахгүй доголдуулахад хүргэж байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Б.Батдоржийн ажилгүй байсан хугацааны олговор болох 17 814 286 төгрөгийг манай байгууллагын дансанд битүүмжилсэн байгаа болно. Иймд нэхэмжлэгч Б.Батдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Кредит монгол ББСБ ХХК-ийн хуульч, Тамгын газрын захирал хуулийн зөвлөхөөр удирдах албан тушаалыг хашиж ирсэн. Тус байгууллагад ажиллаж байхдаа байгууллагын дотоодод үйлчилж байсан Ажилтны хөнгөлттэй зээлийн журам-д заасан нөхцөлийн дагуу зээл авсан. Журмын дагуу зээлийн барьцаанд сар бүрийн цалингийн орлогыг барьцаалж, сар бүрийн цалинг орлогоосоо зээл, хүүг хуваарийн дагуу төлж ирсэн.

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар намайг ажлаас халсан ба Гүйцэтгэх захирал У.Барсболдын энэхүү тушаалыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Кредит монгол ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболдод даалгасан шүүхийн шийдвэр гарсан.

Мөн миний эзэмшлийн, Мобиком корпораци ХХК-ийн 99116055 дугаарыг У.Барсболд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хууль бусаар хаалгасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4294 дугаар шийдвэрээр 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчдээр Б.Батдорж намайг болохыг тогтоосон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн гэрээний үүрэг үүссэн нөхцөл байдал, гэрээний талуудын хүлээсэн үүрэг ямар хүчин зүйлээс хамааралтайгаар зөрчигдсөн болох, ямар зөрчлийг ноцтой зөрчил эсэхийг зээлийн гэрээнд тодорхойлоогүй байхад У.Барсболд дангаараа шийдвэрлэх эрхгүйн дээр, гэрээг дангаараа цуцлах хууль зүйн үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр надаас хамаарахгүй нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр У.Барсболдын тушаалаар намайг ажлаас халсан боловч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1630 тоот магадлалаар намайг Кредит монгол ББСБ ХХК-ийн Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 17 814 28 төгрөг гаргуулан надад олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Кредит монгол ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболдод даалгаж шийдвэрлэсэн юм. Гэвч У.Барсболд нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд Кредит монгол ББСБ ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, ЗГ1000/10/06/083 тоот, ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Батдорж, Кредит монгол ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцаагаа нэг бүрийг нь 100 000 төгрөгийн нэрлэсэн үнээр Кредит монгол ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч У.Барсболдод худалдсаны хариу төлбөрт хариуцагч Б.Батдоржийн Кредит монгол ББСБ ХХК дахь зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор аман хэлцэл хийж гол нөхцөлийг тохиролцсон болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Батдоржоос 63 161 068 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Кредит монгол ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 297 228 төгрөгийн шаардлага болон Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Батдоржийн нэхэмжлэгч Кредит монгол ББСБ ХХК-д холбогдох Кредит монгол ББСБ ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2010.06.25-ны өдрийн ЗГ1000/10/06/083 тоот, 2013.06.04-ний өдрийн ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Батдорж, Кредит монгол ББСБ ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан У.Барсболд нарын хооронд Б.Батдоржийн Кредит монгол ББСБ ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор амласан, хэлцэл хийж үүрэг үүсгэн тохиролцсон болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 537 700 төгрөг, хариуцагчаас төлсөн 840 112 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Батдоржоос 473 755 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Кредит монгол ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6, 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Шүүх хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгтэй байна гэж дүгнэхдээ талуудын маргааны үндэслэлд дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд "Кредит монгол"ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцааг компанийн дүрэмд заасан хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнэ 100 000 төгрөгөөр "Кредит монгол" ХХК-ийн хувьцаа эзэмшигч У.Барсболдод худалдсаны хариу төлбөрт зээлдэгчийн зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох гол нөхцлийг хэлэлцэн тохиролцсон" хэлцэл хийгдсэн болохыг тогтоох шаардлагын хувьд шүүх гэрчүүд гэрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэхгүй байтал "тогтоогдохгүй байна", "зээлийн гэрээнд тусгаагүй" байна гэж өнгөц дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Хэлцэл хүчин төгөлдөр байдлын тухайд зохигчид маргаагүй бөгөөд түүнээс үүдсэн хөдөлмөрийн харилцааг үндэслэж дуусгавар болгохоор тохиролцсон зээлийн гэрээний хэрэгжилт, түүнээс үүдсэн хариу төлбөр зээл хэлбэрээр маргаан үүсгэснийг шүүх анхаараагүй байна.

Энэ асуудлаар хариуцагч маргаж байхад шүүх нэхэмжлэгч үүргээ хангасан эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Учир нь зохигчдын мэтгэлцээнийг шүүх ялган зааглаж, хүлээн авах эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх үүргээ хэрэгжүүлээгүй орхигдуулсан байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг хэлцлээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллах талаар удаа дараа сануулж уулзалт зохион байгуулж шаардаж байсан үйл баримтыг гэрчүүд нотолсоор атал шүүх ач холбогдол өгч анхаараагүй байдаг.

Нэхэмжлэгч хариуцагчаас нийт 72 978 297 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба зээлийн гэрээний дагуу төлөх зээл, төлсөн зээлийн тооцоололыг буруу хийсэн.

Талуудын хооронд байгуулсан ЗГ1000/10/06/083, ЗГ1111/13/06/062 дугаартай Зээлийн гэрээнүүдийн 2.2 дугаар зүйлд заасныг барьж тооцоолон нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь, Монгол Улсын Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Хуулиар эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг төлүүлэхээр журамласан тул хариуцагчаас тооцож авсан нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс хасах учиртай ба зээлийн үлдэгдлийг буруу тооцоолсон үндэслэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдсэн гэж үзнэ. Гэрээний дээрхи заалтын дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож аваад үлдсэн төлбөрөөр үндсэн зээлийн үлдэгдэл гаргаж хариуцагчаас гаргуулах тооцоо нь алдаатайгаас гадна шүүхийн шийдвэрээс эрс зөрүүтэй дүн гарна.

Шүүх зээлийн гэрээний 2.2 дугаар хэсгийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцуулахаар хариуцагчийн зүгээс шаардлага гаргасныг зохигчдын үүргийн эрх зүйг гэрээний чөлөөт зарчимтай холбож нэхэмжлэгч зөвшөөрснөөс бусад тохиолдолд үүргийн дараалалыг хариуцагч сонгох эрхгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн агуулга, шаардлага, гэрээний талуудын үүргээ биелүүдсэн эсэх, гэрээг цуцлах үндэслэлийн талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Кредит монгол ББСБ ХХК нь хариуцагч Б.Батдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72 458 297 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч Кредит монгол ББСБ ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, ЗГ1000/10/06/083, ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Батдорж өөрийн эзэмшлийн Кредит монгол ББСБ ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 100 000 төгрөгийн нэрлэсэн үнээр У.Барсболдод худалдсаны хариуд У.Барсболд нь Б.Батдоржийн Кредит монгол ББСБ ХХК дахь зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор аман хэлцэл хийж гол нөхцөлийг тохиролцсон болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Б.Батдорж нь Кредит монгол ББСБ ХХК-д ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл авсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Кредит монгол ББСБХХК болон Б.Батдорж нарын хооронд 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь 35 000 000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлсэн ба цалин, түүнтэй адилтгах орлогоо барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

 

Түүнчлэн тэдгээрийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь 58 400 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэйгээр зээлсэн, барьцаанд цалин түүнтэй адилтгах орлогыг барьцаалж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн дүн 50 968 000 төгрөг, гэрээний хугацааг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 12 сарын хугацаатай байх нөхцлийг тохирсон байна.

 

Дээрхи зээлийн болон барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулсан, гэрээнүүд хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Б.Батдорж нь нэхэмжлэгч байгууллагад Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан өдөр хүртэл зээлийн гэрээний үүргийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1630 тоот магадлалаар Б.Батдоржийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон байна.

 

Зээлийн гэрээнүүдэд зээлийн эргэн төлөгдөх эх үүсвэрийн талаар тодорхойгүй байх тул зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч цалин, түүнтэй адилтгах орлогыг барьцаалснаас дүгнэвэл зээлийн эргэн төлөлт нь зээлдэгчийн цалин хөлс байна гэж Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дах хэсэгт зааснаар тодорхойлов.

 

Б.Батдорж нь ажлаас үндэслэлгүй халагдсан нь зээлийг эргэн төлөх эх үүсвэргүй болсон байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилтэй холбогдуулж зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцлах эрхтэй. Гэтэл зээлдэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан нь түүний зээлээ эргэн төлөх эх үүсвэргүй болгосонд зээлдүүлэгч буруутай тул тэрээр гэрээг цуцлах эрхгүй гэж дүгнэх юм.

 

Иймд гэрээ цуцалсантай холбогдуулж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Харин нэхэмжлэлээс хариуцагчийн утасны төлбөрт төлсөн 159 659 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм. Учир нь 99116055 дугаарын хэрэглэгч нь Б.Батдорж байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь энэ утасны хэрэглээний төлбөрийг төлөх үүрэггүй, тэрээр бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхтэй.

 

Шүүхэд нотлох баримт бүрдүүлсэн зардал нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой бөгөөд зээлийн гэрээг цуцлаагүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол үүсээгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Зээлийн гэрээ цуцлах эрх нь нэг талын хүсэл зориг бөгөөд нөгөө тал хүлээж аваагүй эсхүл хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд хүчин төгөлдөр бус юм. Кредит монгол ББСБ ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот албан бичгээр зээлийн гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн нь нэхэмжлэгч байгууллагыг хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх бөгөөд энэ нь хууль зүйн үр дагаврыг дангаар үүсгэхгүй юм. Иймд уг албан бичгийг шийдвэр гэж үзэж хүчингүй болгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан 2 зээлийн гэрээний 2.2 дахь заалтад зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх тухай бүр эхний ээлжинд авлага, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үлдэх хэсгээр нь зээлийн үндсэн төлбөрийг төлүүлнэ гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй юм. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах болсон урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд түүний үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хуулиар дараалалд оруулах зарчимыг тодорхойлжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан хүү нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан талуудын гэрээгээр тохирсон хүүд хамаарахгүй болно. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцээгүй гэх үндэслэлээр гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Кредит монгол ББСБ ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай У.Барсболдолд холбогдуулж хариуцагч Б.Батдорж нь сөрөг нэхэмжлэл гарсан агуулгаас үзвэл иргэд хоорондын хувьцаа шилжүүлэх, түүний үр дагавартай холбоотой байх тул энэ шаардлага нь нэхэмжлэгч Кредит монгол ББСБ ХХК-д хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, Кредит монгол ББСБ ХХК болон Б.Батдорж нарын хооронд компанийн хувьцаа шилжүүлэх эсэх асуудлаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01066 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батдоржоос 159 659 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Кредит монгол ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Батдоржоос 72 458 297 төгрөг гаргуулах тухай Кредит монгол ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг, Кредит монгол ББСБ ХХК-д холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Батдорж өөрийн эзэмшлийн Кредит монгол ББСБ ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 100 000 төгрөгийн нэрлэсэн үнээр У.Барсболдод худалдсаны хариуд У.Барсболд нь Б.Батдоржийн Кредит монгол ББСБ ХХК дахь зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор аман хэлцэл хийж гол нөхцөлийг тохиролцсон болохыг тогтоолгох Б.Батдоржийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 473 755 төгрөг гэснийг 5 439 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА