Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01643

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01066 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1344 дүгээр магадлалтай

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Бид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 72 458 297 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

“К” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, ЗГ1000/10/06/083, ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Б өөрийн эзэмшлийн “К” ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 100 000 төгрөгийн нэрлэсэн үнээр У.Барсболдод худалдсаны хариуд У.Барсболд нь Б.Бийн “К” ХХК дахь зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор аман хэлцэл хийж гол нөхцөлийг тохиролцсон болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б нь тус байгууллагад Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “К” ХХК-тай цалингийн зээлийн ЗГ1000/10/06/083 дугаартай гэрээ, зээлийн барьцааны БГ1000/10/06/083 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулан 35 000 000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн зээлийн барьцаанд зээлийн хугацаан дахь цалингийн орлого, түүнтэй адилтгах орлого, зээлээр санхүүжигдэх хөрөнгө зэргийн барьцаалсан байна.

Мөн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Б нь “К” ХХК-тай хувийн хэрэглээний зориулалттай зээлийн ЗГ1111/13/06/062 дугаартай гэрээ, зээлийн барьцааны БГ1111/13/06/062 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулан 58 400 000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн зээлийн барьцаанд зээлийн хугацаан дахь цалингийн орлого, зээлээр санхүүжигдэх хөрөнгө зэргийн барьцаалсан байна. Уг гэрээг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлийн нэмэлт ЗНГ1000/15/06/056 дугаартай гэрээг байгуулан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаагаар сунгасан байна. Б.Б нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 7 тоотод байршилтай 53,98 м.кв 2 өрөө орон сууцыг дээрх гэрээнүүдийн барьцаалбар болгосон байдаг ба уг орон сууцны Ү-2204016751 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг зээлээ төлж дуустал “К” ХХК-д хадгалуулахаар тохиролцжээ. Б.Б нь ажлаас халагдахдаа дур мэдэн барьцаа болох орон сууцны Ү-2204016751 дугаартай эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч явсан болно.  Зээлдэгчийг Гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд зээлдэгч ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш зээлээ төлөх, дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймээс “К” ХХК нь зээлдэгч Б.Бтой байгуулсан зээлийн гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар гэрээг цуцалж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.Бийн төлөх төлбөр:

-ЗГ1000/10/06/083 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг тооцож үзвэп үндсэн зээл 13 214 662.91 төгрөг, хүү 773 359.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152 409.11 төгрөг, нийт 14 140 431.35 төгрөг,

-ЗП111/13/06/062 зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг тооцож үзвэл үндсэн зээл 49 407 384.04 төгрөг, хүү 7 286 674.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 446 648.20 төгрөг, нийт 58 140 706.79 төгрөг, нийт 72 281 138.14 төгрөг байна.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.Бийн 99116055 дугаартай утасны дугаарын төлбөр болох 159 659.04 төгрөгийг Мобиком корпораци ХХК-д төлснийг Б.Боос нэхэмжилж байна. Шүүхэд нотлох баримт бүрдүүлэн өгөхөд гарсан зардал 17,500 төгрөг болно.

Иймд “К” ХХК нь зээлдэгч Б.Бтой байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу төлөх төлбөр болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, утасны төлбөр, 72 458 297 төгрөгийг зээлдэгч Б.Боос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд “К” ХХК-ийн хуульч, Тамгын газрын захирал хуулийн зөвлөхөөр удирдах албан тушаалыг хашиж ирсэн. Тус байгууллагад ажиллаж байхдаа байгууллагын дотоодод үйлчилж байсан “Ажилтны хөнгөлттэй зээлийн журам”-д заасан нөхцөлийн дагуу зээл авсан. Журмын дагуу зээлийн барьцаанд сар бүрийн цалингийн орлогыг барьцаалж, сар бүрийн цалинг орлогоосоо зээл, хүүг хуваарийн дагуу төлж ирсэн. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар намайг ажлаас халсан ба Гүйцэтгэх захирал У.Барсболдын энэхүү тушаалыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболдод даалгасан шүүхийн шийдвэр гарч, одоо албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэгч н.Ариунзаяа гүйцэтгэж байна. Мөн миний эзэмшлийн, Мобиком корпораци ХХК-ийн 99116055 дугаарыг У.Барсболд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хууль бусаар хаалгасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4294 дугаар шийдвэрээр 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчдээр Б.Б намайг болохыг тогтоосон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: У.Барсболд нь 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ/1000/10/06/083 дугаартай Зээлийн гэрээг уг гэрээний 4.2.2 дугаар зүйлийг үндэслэн цуцалсан ба гэрээ цуцалсан тул үүргийн гүйцэтгэлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Энэ тухай нотлох баримтыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэрэгт гаргаж өгчээ.

Зээлийн гэрээний 4.2.2 дугаар зүйлд: “Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” гэжээ. Зээлдэгч миний бие гэрээний зүйлийг юуны улмаас хэрхэн, яаж зөрчсөн болох, ямар төрлийн зөрчлийг ноцтой гэж тодорхойлох тухай гэрээнд болон У.Барсболдын шийдвэрт дурдаагүй бөгөөд энэ нь миний хууль ёсны эрх ашгийг дараах байдлаар зөрчиж байна.

ЗГ/1000/10/06/083 тоот гэрээний дагуу үндсэн зээлд 13 214 662.91 төгрөг, хүү 773 359.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152 409.11 төгрөг, нийт 14 140 431.35 төгрөг нэхэмжилсэн байгаа нь иргэн миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, надаас үндэслэлгүйгээр их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, нэхэмжилсэн, миний эрх зүйн байдлыг дордуулсан, Иргэний хуулийн дараах зүйлийг зөрчсөн хууль ёсны бус гэж үзнэ.

Зээлийн гэрээний үүрэг үүссэн нөхцөл байдал, гэрээний талуудын хүлээсэн үүрэг ямар хүчин зүйлээс хамааралтайгаар зөрчигдсөн болох, ямар зөрчлийг ноцтой зөрчил эсэхийг зээлийн гэрээнд тодорхойлоогүй байхад У.Барсболд дангаараа шийдвэрлэх эрхгүйн дээр, гэрээг дангаараа цуцлах хууль зүйн үндэслэлгүй. Хугацаанаас нь өмнө Зээлийн гэрээг дангаараа цуцалж, улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлд надаас 14 140 431.35 төгрөг гаргуулахыг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 208.1 дүгээр зүйлд: “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж хуульчилсныг зөрчиж байна. Зээлийн ЗГ/1000/10/06/083 тоот гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болно. Гэрээ цуцлах тухай У.Барсболдын шийдвэр нь Иргэний хуулийн 208.4 дүгээр зүйлд: “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж хуульчилсныг зөрчсөн шийдвэр болсон гэж үзнэ.

Тус байгууллагын ажилтны хөнгөлөлттэй зээлийн журмын дагуу зээл авч, хэрэглэсэн ба зээлийг ажилтны сар бүрийн цалин, орлогоос төлөх нөхцөл бүхий журмын дагуу зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, энэ журмын нөхцөлийг “К” ХХК-ийн захиргаа буюу ажил олгогчийн шийдвэрээр баталж мөрдүүлж байсан. Энэхүү журам нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Нөгөөтээгүүр надаас хамаарахгүй нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон буюу Иргэний хуулийн 222.2 дугаар зүйлд заасан хүндэтгэн үзэх дараах учир шалтгаан байна. Үүнд:

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр У.Барсболдын тушаалаар намайг ажлаас халсан боловч, энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 128.1.7, 69.1, 46.1 дүгээр зүйлийг зөрчсөн болохыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1630 тоот магадлалаар тус тус тогтоогдож, миний нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангасан. Шүүхийн шийдвэрээр намайг “К” ХХК-ийн Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 17 814 286 төгрөг гаргуулан надад олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболдод даалгаж шийдвэрлэсэн юм.

Гэвч У.Барсболд нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг эсэргүүцсээр намайг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй байна.

Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон, ажлаас үндэслэлгүй халсан, ажилд эгүүлэн тогтоохгүй байгаа этгээд, “К” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Барсболд нь шүүхийн шийдвэрээр болон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь бодит үйлдлээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дугаар зүйлд: “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж хуульчилсны дагуу “К” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Барсболдыг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байхад үүргийн гүйцэтгэлийг шаардаж, хууль ёсны эрхгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг түүний хүсэлтээр хэрэгжүүлснээс банкин дахь миний харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон, үүний улмаас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр надад олгогдох  учиртай 17 814 286.00 төгрөгийн ажилгүй байсан хугацааны мөнгөн олговрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага надад олгохгүй байгаа, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, зайлсхийж байгаа У.Барсболдын үйлдэл нь Зээлийн гэрээг нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхэд хүргэж байгаа тул эдгээр нөхцөл байдал нь иргэн миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, намайг хохироож байна.

Иймд энэхүү сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3, 73.1 дүгээр зүйлд зааснаар “К” ХХК-ийн нэхэмжлэлийн эсрэг, түүнд хамаатуулан гаргаж байна. Иймд “К” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1000/10/06/083 тоот, 2013 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Б, “К” ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцаагаа нэг бүрийг нь 100 000 төгрөгийн нэрлэсэн үнээр “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч У.Барсболдод худалдсаны хариу төлбөрт хариуцагч Б.Бийн  “К” ХХК дахь зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор аман хэлцэл хийж гол нөхцөлийг тохиролцсон болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Боос “К” ХХК нь зээлийн төлбөр, утасны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөр, нотариатын зардалд нийт 72 978 297.18 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн ажиллагааны явцад хариуцагч Б.Боос “К” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Барсболд нь хууль ёсны эрхгүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Зээлийн ЗГ1000/10/06/083 тоот гэрээг энэ гэрээнд заагаагүй үндэслэлээр, үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө дангаараа цуцалсан нь Иргэний хуулийн 208.1, 208.4, 223.2 дугаар зүйлд хуульчилсныг зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлдээ “К” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Барсболд нь хууль ёсны эрхгүй атлаа гэрээг дангаар цуцалсан гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй бөгөөд Монгол улсын Банкны тухай хууль болон Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, мөн компанийн тухай хуульд зааснаар тухайн компанийг Гүйцэтгэх захирал У.Барсболд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий удирдах албан тушаалтан мөн байтал хууль ёсны эрхгүй гэж хэлж буй нь үндэслэлгүй юм.

Манай байгууллагын зүгээс зээлдэгч Б.Бийг Зээлийн гэрээний 4.2.2 дугаар зүйлд заасан “Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” гэсэн шалтгаанаар зээлийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээнд заасан үндсэн үүрэг болох зээлийн төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөхгүй байсан учир дээрх зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцон Зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар шаардах эрхтэй гэж зээлийн гэрээнд заасны дагуу тухайн шийдвэрийг гаргасны үндсэн дээр тус шүүхэд нэхэмжлэлийг гаргасан болно.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхийн шийдвэр гарсаар байтал намайг хуучин ажилд эргүүлэн томилохгүй байна гэж нэхэмжлэлдээ дурдаж буй нь үндэслэлгүй бөгөөд “К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16/45 тоот тушаалаар Б.Бийг Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албанд тушаалд томилсон тушаал гарсаар байхад байгууллагын бодлогыг тодорхойлох удирдах албан тушаалтан байтлаа өнөөдрийг хүртэл ажлаа хүлээн авахгүй байсаар байгаа нь байгууллагын ажлыг хэвийн явагдах боломжоор хангагдахгүй доголдуулахад хүргэж байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр Б.Бийн ажилгүй байсан хугацааны олговор болох 17 814 286 төгрөгийг манай байгууллагын дансанд битүүмжилсэн байгаа болно. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01066 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Боос 63 161 068.92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Кредит монгол ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 297 228.08 төгрөгийн шаардлага болон Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Бийн нэхэмжлэгч “Кредит монгол ББСБ” ХХК-д холбогдох “Кредит монгол ББСБ” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2010.06.25-ны өдрийн ЗГ1000/10/06/083 тоот, 2013.06.04-ний өдрийн ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Б, “Кредит монгол ББСБ” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан У.Барсболд нарын хооронд Б.Бийн “Кредит монгол ББСБ” ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор амласан, хэлцэл хийж үүрэг үүсгэн тохиролцсон болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 537 700 төгрөг, хариуцагчаас төлсөн 840 112 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Боос 473 755 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Кредит монгол ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1344 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01066 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Боос 159 659 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Боос 72 458 297 төгрөг гаргуулах тухай “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг, “Кредит Монгол ББСБ” ХХК-д холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Б өөрийн эзэмшлийн “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 100 000 төгрөгийн нэрлэсэн үнээр У.Барсболдод худалдсаны хариуд У.Барсболд нь Б.Бийн “Кредит Монгол ББСБ” ХХК дахь зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор аман хэлцэл хийж гол нөхцөлийг тохиролцсон болохыг тогтоолгох Б.Бийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “473 755 төгрөг” гэснийг “5 439 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ12018/01066 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар 08-ны өдрийн 1344 дүгээр магадлалын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай.

...Иймд шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Б зээлээ төлөөгүйд “К” ХХК буруутай гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан болон бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухайд:

...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “Зээлийн гэрээ” байгуулагдсан байна гэж зөв дүгнэсэн атлаа Б.Б зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйд “К” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан учир 2015.11.18-ны өдрөөс 2016.11.14-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс хариуцагч Б.Бийг чөлөөлсөн.

Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхтэй адил үндэслэлээр зээлтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг гаргаснаар “К” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, маш бүдүүлэг, алдаатай шийдвэр гаргалаа гэж дүгнэж байна. Учир нь тус шүүхүүд шийдвэр гаргахдаа “Зээлийн харилцаа” (Иргэний хуулийн 24 дүгээр бүлэг, 44 дүгээр бүлгийн 2-р дэд бүлэг) болон “Хөдөлмөрийн харилцаа” (Иргэний хуулийн 33 дугаар бүлэг)-г тус тусад нь авч үзэлгүйгээр бие биенээсээ хамааралтай харилцаа мэт дүгнэж, “К” ХХК-ийн Хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэм бурууг Зээлийн гэрээний үүрэгтэй холбож үзсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Нөгөө талаас ажил олгогч болон зээлдүүлэгч 2 нь 1 этгээд байснаараа зээлдэгч ажилгүй болсонтой холбогдуулан зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхгүй болох нь хууль зүйн хувьд учир дутагдалтай байна. Учир нь ажлаас халагдаж, чөлөөлөгдсөн хүн бүрийн хувийн хэрэглээний зээлийг ажил олгогч хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй.

Б.Б зээл, зээлийн хүүгээ төлөөгүйд “К” ХХК буруутай гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Давж заалдах шатны шүүх “К” ХХК-ийг Зээлийн гэрээг цуцлах эрхгүй гэж дүгнэж зээлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухайд:

Давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэг, 7 дугаар хуудаст “Батдорж нь ажлаас үндэслэлгүй халагдсан нь зээлийг эргэн төлөх эх үүсвэргүй болгосон байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилтэй холбогдуулж зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцлах эрхтэй. Гэтэл зээлдэгчийг үндэслэлгүйгээр халсан нь түүний зээлээ эргэн төлөх эх үүсвэргүй болгосонд зээлдүүлэгч буруутай тул тэрээр гэрээг цуцлах эрхгүй гэж дүгнэх юм. Иймд гэрээ цуцалсантай холбогдуулж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ...шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов” гэжээ.

Гэтэл шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ 2 тусдаа зээлийн гэрээ байгаа гэдгийг анзаараагүй бололтой. Зохигчдын хооронд байгуулсан 2013.06.04-ний өдрийн 062 дугаартай зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө аль хэдийн хугацаа нь дуусгавар болсон, гэрээ байсан. Энэ тохиолдолд тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эсэх асуудал яригдахгүй. Гэтэл шүүх үүнд ямар ч дүгнэлт хийсэнгүй. Мөн нэхэмжлэгч хариуцагчийг ажлаас буруу халсан учир Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд зохигчдын хоорондын Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал нь өөр шүүхээр тусдаа шийдвэрлэгдсэн, шийдвэрлэгдэж байгаа асуудал юм.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор “К” ХХК-иас аливаа буруу шийдвэр гаргаж Б.Бийн ашиг сонирхлыг хохироосон асуудал нь тухайн хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор л шийдэгдэх юм. Б.Б нь ажлаас буруу халсантай холбоотой нэхэмжлэлээ “К” ХХК-ийн эсрэг гаргаж ажилдаа эгүүлэн тогтоолгосон бөгөөд ажилгүй байсан хугацааны олговортоо 17 814 286 гаргуулахаар болж, энэхүү олговрыг “К” ХХК төлсөн. Мөн Б.Б нь ахин шүүхэд нэхэмжлэл гаргаж 2018.05.16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 46 645 680 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үүнийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Ийнхүү “К” ХХК нь хөдөлмөрийн харилцаанд буруу гаргасан шийдвэрийнхээ үр дагавар, хариуцлагыг аль хэдийн хүлээчхээд байхад Зээлийн харилцаанд ч мөн Кредит Монголд үр дагавар бий болгож, хариуцлага үүрүүлж байгаа нь “К” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна.

Мөн шүүх “К” ХХК нь Б.Бийг зээл төлөх эх үүсвэргүй болгосон гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн шийдвэрт иргэн Б.Бийг сард 2 150 000 төгрөгийн цалинтай байсан гэж бичигдсэн. Энэхүү дүнгээр 2013.06.04-ний өдрийн ЗГ1111/13/06/062 дугаартай зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйг шүүх огт харгалзаж үзээгүй хийсвэр дүгнэлт хийсэн. Уг зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээ, зээл эргэн төлөх хуваарьт зээлдэгч нь сар бүр 1 000 000 төгрөгийг төлж, гэрээ дуусгавар болох өдөр буюу 2016 оны 06 сарын 10-ны өдөр зээлийн үлдэгдэл 47 113 223 төгрөгийг бүтэн дүнгээр төлж дуусгахаар байгааг анхан шатны шүүх үнэлж, дүгнэлгүй цалингаараа үүргээ биелүүлэх байсан гэж буруу дүгнэлт хийсэн. Зохигчдын хооронд байгуулагдсан аль ч зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь зээлдэгчийг зээлийг эргэн төлөх нөхцөл, боломжоор хангах буюу ажлын байраар хангах үүргийг хүлээгээгүй.

Зээлдэгч буюу хариуцагч Б.Б нь “К” ХХК-д ажиллаж байх хугацаандаа буюу дээрх зээлээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 1 дүгээр байрны 7 тоот хаягт байршилтай, Ү-2204016751 улсын бүртгэлийн дугаартай 53,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд авсан байдаг. Ийнхүү зээлийн хөрөнгөөр орон сууц авсан бөгөөд өөрийн эрхэлж байсан албан тушаалын байдлаа ашиглаж барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улмаар ажлаас гарахдаа улсын бүртгэлийн гэрчилгээг авч явсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгааг буюу хариуцагчийн гэм буруутай байдлыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын 2010.06.25-ны өдрийн Зээлийн гэрээний дагуух 35 000 000 төгрөгийн сарын 0,5 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээл, 2013.06.04-ний өдрийн Зээлийн гэрээний дагуух 58 400 000 төгрөгийн сарын 1,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийг “хувийн сууц барих болон хувийн хэрэглээний” зориулалтаар олгосон нь түүний нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгыг агуулсан бөгөөд цалингийн зээл гэх ойлголтыг шууд илэрхийлээгүй.

Дээрх 2 зээл нь “К” ХХК-ийн “Ажиллагсдын хэрэглээний зээлийн журам”-ын дагуу олгосон зээл биш юм. Учир нь уг журамд ажилтны хэрэглээний зээлийг давхардуулан олгогдоогүй, ажилтны зээлийг ажлаас гарсан өдрөөс бусад энгийн зээл рүү шилжүүлж 30 хоногт 5 хувьтай зээл рүү шилжүүлдэг.

Хариуцагч Б.Бид олгосон 1,2 хувийн хүүтэй 58 400 000 төгрөг 0,5 хувийн хүүтэй 35 000 000 төгрөгийн 2 зээл нь ажилтны бус удирдах албан тушаал хашиж байхдаа авсан хөнгөлөлт юм. Иймд дээрх 2 зээлийн гэрээг ажилтны цалингийн гэж шууд үзэж дүгнэх боломжгүй бөгөөд Б.Б ажлаас халагдсанаар тэрээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх нөхцөл бүрдэхгүй гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан хэсэг болон давж заалдах шатны шүүхийн магадлалын зээлтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгож, холбогдох өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

“К” ХХК нь Б.Бид холбогдуулан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 72 281 138.14 төгрөг, түүний хэрэглэсэн утасны төлбөрт төлсөн 159 659.04 төгрөг, нотариатын хөлс 17 500 төгрөг, нийт 72 458 097.18 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...ажлаас үндэслэлгүй халснаар сар бүр төлж байсан зээлийн төлбөр төлөгдөхгүй болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж  маргаж, Зээлийн гэрээ цуцлах шийдвэрийг хүчингүй болгож, гэрээнүүдийн 2.2. дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болохоор У.Барсболдтой аман хэлцэл хийж тохиролцсоныг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зээлдэгч Б.Б нь “К” ХХК-д тамгын газрын захирал, хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 35 000 000 төгрөгийг сарын 0.5%-ийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлсэн, 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 58 400 000 төгрөгийг сарын 1.2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлж Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хоёр дахь гэрээг 12 сарын хугацаагаар сунгасан, зээлийн төлбөрийг өөрийн цалин орлогоос тогтмол төлж байсан ба ажил олгогчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үеэс Б.Б нь зээл төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Б.Б ажлаас үндэслэлгүй халсан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04776 шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон ба шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон, мөн хариуцагчийн эзэмшиж байсан 99116055 дугаарын хэрэглээний төлбөр 175 625 төгрөгийг нэхэмжлэгч нь “Мобиком корпораци” ХХК-д төлсөн үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 63 161 068.92 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн хэрэглэж байсан 99116055 дугаарын хэрэглээний төлбөрт төлсөн 159 659 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн бусад шаардлага, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх заалтад нийцсэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: “...Ажилтан ажлаас халагдсанаар зээлийг эргэн төлөх эх үүсвэргүй болсон, түүнийг ажлаас үндэслэлгүй халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөөгүйд зээлдүүлэгч буруутай тул тэрээр гэрээг цуцлах, улмаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй...” гэж дүгнэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ үед зээлдэгчийн 2013 онд авсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх заалтыг зөрчөөгүй, түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн хугацаан дахь цалингийн орлогоос гадна зээлээр санхүүжигдэх хөрөнгийг барьцаалсан байх тул зээлийг эргэн төлөх эх үүсвэрийг дан ганц цалин хөлстэй холбогдуулан дүгнэсэн нь үндэслэл муутай, зээлдэгчийн хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг үгүйсгэж, зээлдүүлэгчийн эрхийг хязгаарласан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Иймд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн бусад шаардлагад холбогдох үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг засч, зөвтгөх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зээлийн нэмэгдүүлсэн хүүг шаардсан, бусдын төлбөрийг сайн дураараа төлсөн үндэслэлээр энэ төлбөрөө буцаан гаргуулахаар шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн дээрх шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь тогтмол төлж байсан ба ажлаас халагдсанаас хойш зээлийг төлөх үүргээ гүйцэтгээгүйд зээлдүүлэгч зохих буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон үндэслэлээр анхан шатны шүүх зээлдэгчийг ажлаас халагдах үеийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу биш байх тул “...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1344 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01066 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан...” гэснийг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 496 дугаар зүйлийн 496.1.-д заасныг баримтлан...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэнгийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 520 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД