Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02090

 

 

 

 

Си Эй Жи И Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01678 дугаар шийдвэртэй, Си Эй Жи И Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Пауэр опен пит ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 42 000 ам.доллар буюу 100 920 120 төгрөг, 20 000 000 төгрөг, алданги 60 460 060 төгрөг нийт 181 380 180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмждэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Цацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батхуяг, хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Си Эй Жи И Эн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Эргэн усны худаг гэх газарт орших ордын, ашиглалтын ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/-ийг боловсруулж үйл ажиллагаа явуулах зорилгоор 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Пауэр опен пит ХХК-ийн захирал Б.Батгавъяатай ашиглалтын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гэрээг байгуулж, гэрээний дагуу 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд ТЭЗҮ боловсруулсны хөлсөнд 70 000 ам.доллар, НӨАТ ороод 77 000 ам.доллар байхаар тохиролцсон. Гэрээний дагуу 2013 оны 04 дүгээр сарын 27-30-ны хооронд урьдчилгаа төлбөрт 42 000 ам.долларыг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа гэж 20 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл Пауэр опен пит ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл ТЭЗҮ-ийг боловсруулаагүй манай компанийг хохироож байна. Манай компанийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Пауэр опен пит ХХК-д гэрээний үүргийг биелүүлэх хугацааг олгож, заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй байх тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 42 000 ам.доллар буюу 100 920 120 төгрөг, мөн урьдчилгаа 20 000 000 төгрөг, нийт 120 920 120 төгрөг, гэрээний 4.3-т заасан хоногт 0.05 хувийн алданги 60 460 060 төгрөг, нийт 181 380 180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжинлхам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Си Эй Жи И Эн ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1003/029 тоот Ордын нөөцийн тайлан, ашиглалтын ТЭЗҮ боловсруулах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулсан өдрөөс хойш манай компани Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт байрлах Эргэн усны худаг алтны үндсэн ордод компьютерээр шивсэн 1 дэвтэр нь 107 хуудастай, 2 дэвтэр нь 195 хуудастай 28 ширхэг хавсралт, 37 ширхэг гар ба фото зурагтай, оршил, төслийн талбайн ерөнхий мэдээлэл, хайгуулын талбайн геологийн тогтоц, хайгуулын ажлын аргачлал ба гүйцэтгэсэн ажлын хэмжээ, судалгааны талбайн үнэлгээ, ордын хүдрийн найрлага, технологийн шинж чанар, ордын гидрогеологи, ордын нөөцийн тооцоо, ордын уул техникийн нөхцөл, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, ордын ашиглалтад бэлтгэсэн байдал, байгаль орчин геоэкологийн үнэлгээ, дүгнэлт зэрэг 12 бүлгээс бүрдсэн нөөцийн тодотгол тайлан бичиж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2011-2015 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тодотгол тооцооны тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулан, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ашигт малтмал, газрын тосны газар, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар зөвлөмж гаргуулан гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Ордын нөөцийн тайлан боловсруулах ажил нь урт хугацааны судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулагддаг бөгөөд ордын нөөцийн тайланг батлуулсны үндсэн дээр ашиглалтын ТЭЗҮ-ийг боловсруулдаг. Нэхэмжлэгч тал нь технологийн туршилтыг Япон улсад хийсэн бөгөөд Монгол улсад туршилт хийх шаардлагатай тул Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын зөвлөмжид Технологийн туршилт дахин хийхээр буцаасан. Гэтэл Си Эй Жи И Эн ХХК нь гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.4-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс хугацаа алдаж, манай компанид Монгол улсад технологийн туршилт хийсэн баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаагаас гүйцэтгэгч талаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрч цаг хугацаа алдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус зааснаар хариуцагч Пауэр опен пит ХХК-иас 120 920 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Си Эй Жи И Эн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60 460 060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 064 851 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Пауэр опен пит ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 762 551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Си Эй Жи И Эн ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Цацрал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрээний дагуу захиалагч тал үүргээ биелүүлж ажлын хөлс болох урьдчилгаа төлбөрөө төлсөн. Гэвч хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.05 хувиар тооцож хоног тутамд алданги тооцохоор заасан байхад шүүх хуулинд нийцээгүй гэх үндэслэлээр алдангийг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжинлхам давж заалдах гомдолдоо: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь гэрээний 2 дугаар зүйлд зааснаар дараах үүргүүдийг хүлээсэн байдаг боловч гэрээ байгуулсан цагаас хойш гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.4-т тус тус заасан үүргүүдээ биелүүлээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт-2-т ордын нөөцийн тайлан, ашиглалтын ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай мэдээлэл материалуудын, тавигдах шаардлагыг бичиж хавсаргасан байдаг. Гэвч 2018 оныг хүртэл захиалагч гэрээний 2 дугаар зүйлд заасан болон гэрээний хавсралт 2-т заасан үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч тал гэрээний дагуу Сорьцлолт баяжицын туршилтыг Япон улсад хийсэн нь Монгол улсад заавал хийсэн байхыг шаардсан шаардлага нөхцөлд тохироогүй. Үүнийг гүйцэтгэгчээс Япон улсад хийсэн туршилтыг нь Монгол улсад хийсэн байдлаар боловсруулж, хөрвүүлэн Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн боловч технологийн туршилтыг дахин хийхийг даалгасан. Энэ туршилтыг хийж гүйцэтгэгч талд материалуудыг хүлээлгэн өгөх үндсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ЭБМЗөвлөлийн хурлаар тайланг батлуулж чадаагүй. "Си Эй Жи И Эн" ХХК нь Сорьцлолт баяжицын технологийн туршилтыг Монгол Улсад хийж, цаг хугацаанд нь гүйцэтгэгч талд шилжүүлсэн бол өнөөдөр ажил гүйцэтгэх гэрээ бүрэн хийгдэж дуусах ёстой байтал захиалагчийн буруугаас ажил түр саатсан. Дээрх ажлыг хийж гүйцэтгэсний дагуу Баяжуулалтын техникт Монгол улсад ашиглаж болох тухай холбогдох зөвшөөрлүүдийг авах үүрэг мөн л захиалагчид байсан боловч Монгол улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй туршилтыг Япон улсад хийснээс болж тусгай зөвшөөрлүүдээ авч чадалгүй бидний ажилд саад учруулж ЭБМЗөвлөлийн хурлаар Ордны нөөцийн тайлан, ашиглалтын ТЭЗҮ батлуулах боломжгүйд хүргэсэн 2 дахь шалтгааныг үүсгэсэн. Археологи, палеонтологийн судалгаа хийх ёстой байтал үүнийг хийлгүйгээр ЭБМЗөвлөлийн хурлаар бидний боловсруулсан материалыг дутуу байхад хурлаар оруул гэдэг зүйлийг тулгаж, дутуу хийгдсэн ажлын зөвлөгөө өгсөөр байхад гүйцэтгэлгүйгээр хурлаар оруулан ажлын үр дүнг үзэхгүй үндэслэлийг бүрдүүлсэн. ЭБМЗөвлөлийн хурлаар Ордны нөөцийн тайлан, ашиглалтын ТЭЗҮ батлаж чадаагүй 5 үндэслэлийн 3 нь захиалагчаас шууд хамааралтай, 2 үндэслэлд бичвэр хэсгийг засах, нөөцийг УУҮТХ-тэй тулгах гэсэн буцсан үндэслэлийн 3 үндэслэл биелэгдэж байж хийгдэх ёстой байсан 2 алдааг гүйцэтгэгч тал хариуцахаар байсан. Өөрөөр хэлбэл, ЭБМЗөвлөлийн хуралд хэлэлцүүлээд батлуулах бүрэн боломж байсаар байтал захиалагч нь гүйцэтгэгчийн зааварчилгааг авалгүйг аргалаад болго гэдэг шийдвэрийг гаргасан нь эцэстээ гэрээ биелэгдэхгүй байх, ЭБМЗөвлөлийн хурлаар батлагдахгүй байх нөхцөл үүссэн. Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсанаас хойш Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт байрлах Эргэн усны худаг алтны үндсэн ордод 1 дэвтэр нь 107 хуудастай, 2 дугаар дэвтэр нь 195 хуудастай 28 ширхэг хавсралт 37 ширхэг гар ба фото зурагтай, оршил, төслийн талбайн ерөнхий мэдээлэл, хайгуулын талбайн геологийн тогтоц, хайгууллын ажлын аргачлал ба гүйцэтгэсэн ажлын хэмжээ, судалгааны талбайн үнэлгээ, ордын хүдрийн найрлага, технологийн шинж чанар, ордны гидрогеологи, ордны нөөцийн тооцоо, ордны уул техникийн нөхцөл, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, ордны ашиглалтанд бэлтгэсэн байдал, байгаль орчны геоэкологийн үнэлгээ, дүгнэлт зэрэг 12 бүлгээс бүрдсэн нөөцийн тодотгол тооцооны тайлан бичиж, шинжээчийн дүгнэлт гаргуулан ЭБМЗөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Энэхүү нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар эх хувиар нь гаргаж өгсөөр байтал хариуцагч тал нь татгалзалын нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэх үндэслэлгүй тайлбар няцаагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтанд хариуцагч талын гүйцэтгэсэн ажлын баримтууд нь хамаарагдахаар, энэ нь гэрээний үүргээ гүйцэтгэгч тал нь огт биелүүлээгүй гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үгүйсгэх баримт болохоор байтал гэрээний гүйцэтгэлийг огт үнэлж дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. "Си Эй Жи И Эн" ХХК нь ажил гүйцэтгэгчид шаардлагатай баримт материалыг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй 2 жилийн хугацаанд алга болж, гэрээний дагуу ажил хийлгэх боломжоор хангаагүй нөхцөл байдлыг шүүхэд тайлбарласаар байтал үүнийг үнэлж дүгнээгүй алдаатай шийдвэр гаргахад хүрсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 3.2.2-т захиалагч нь мэдээ, баримтыг цаг хугацаа алдаж өгөх, буруу мэдээллийг дахин залруулах зэргээс үүдэн гэрээт ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацаа хойшилбол хариуцлага хүлээхгүй гэж заасан байхад шүүх үл хэрэгсэж захиалагчийг зөвтгөн хэт нэг талыг барьж, гүйцэтгэгчийн хийсэн ажлыг огт хийгээгүй мэтээр үнэлж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх нөхцлийг бүрдүүлжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн дашрамд дурдахад хариуцагчийн өмгөөлөгч нь могойн яр гэх өвчин тусч, эмчлүүлж хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо эмчийн магадлагаагаар нотолж, хүсэлтээ өгсөн байхад шүүх хуралдаанд эрх зүйн туслалцаа авах эрхээр хангалгүй хурал хийснийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ зарим дүгнэлтийг залруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Си Эй Жи И Эн ХХК нь хариуцагч Пауэр опен пит ХХК-д холбогдуулан, гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 42 000 ам.доллар буюу 100 920 120 төгрөг болон 20 000 000 төгрөг, алданги 60 460 060 төгрөг, нийт 181 380 180 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр1003/029 тоот Ордын нөөцийн тайлан, ашиглалтын ТЭЗҮ боловсруулах гэрээ байгуулж, Пауэр опен пит ХХК нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Эргэн усны худаг нэртэй газарт орших алтны үндсэн ордын нөөцийн тайлан, ашиглалтын техник эдийн засгийн үнэлгээ /цаашид ТЭЗҮ гэнэ/ хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалах, Си Эй Жи И Эн ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 77 000 ам.доллар төлөх үүрэг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Си Эй Жи И Эн ХХК нь гэрээнд заасны дагуу ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт нийт 42 000 ам.доллар болон 20 000 000 төгрөгийг Пауэр опен пит ХХК-д төлсөн /хх-ийн 8-11/, мөн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт орших Эргэн усны алтны үндсэн ордод 2011-2015 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, уг тайланд дахь нөөцийн тооцоонд хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэлэлцээд ...уг тайлан дахь нөөцийг хүлээн авах боломжгүй гэж үзэж, технологийн туршилт дахин хийх, баяжуулалтын техникт Монгол Улсад ашиглаж болох тухай холбогдох зөвшөөрлүүдийг авах, геологийн зураг болон бичвэр хэсгийг засах, гүйцээх, олборлосон нөөцийг УУҮТХ-тэй тулгах, археологи палеонтологийн судалгаа хийж, тайланг зааврын дагуу боловсруулсны дараа дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 12/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт зааснаар гэрээг захиалагчийн санаачлагаар цуцлагдсан байгааг анхаараагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.13-т гүйцэтгэгч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлагдсан нөөцөд тулгуурлан ашиглалтын үеийн ТЭЗҮ-ийг боловсруулна, 6.1-д гэрээний үйлчлэх хугацаа 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байна. Энэ хугацаа нь Ордын нөөцийн тайлан, ТЭЗҮ-ийг боловсруулах инженерийн тооцоолол болно гэж тус тус заасан болон нэхэмжлэгч ажлын хөлсөнд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөг төлж байсан зэргээс үзэхэд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 06 сарын 29-ний өдрийн хуралдаанаар хариуцагч байгууллагын боловсруулсан тайланг хэлэлцэх хүртэл талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. Ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой хугацаанд хэрэгждэг урт хугацааны гэрээ тул энэ төрлийн гэрээг цуцалсантай холбоотой эрх зүйн үр дагавар нь мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дах хэсэгт зааснаар гэрээг цуцласнаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалдаг байна.

Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дах хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй учир хариуцагчаас 120 920 120 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Гэвч хариуцагч Пауэр опен пит ХХК нь гэрээнд заасан Ордын нөөцийн тайлан, ашиглалтын техник эдийн засгийн үнэлгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, өөрийн хийж гүйцэтгэсэн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралд оруулан хамгаалах үүргийг тус тус хүлээсэн боловч уг үүргээ бүрэн биелүүлээгүй, ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд 2 боть нөөцийн тодотгол тооцооны тайлан бичиж, шинжээчийн дүгнэлт гаргуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлж, уг зөвлөлийн хурлаар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцүүлэх хүртэл өөрөөс гаргасан зардал хохирлын талаар нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй, шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв боловч хариуцагчийн ажлын үр дүн бий болгохтой холбоотой шаардлага гаргах эрхийг уг шийдвэр хөндөхгүй болно.

 

Талуудын хоорондын гэрээний 4.3-т заасан алдангийн тохиролцоо нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилготой нэмэлт үүрэг бөгөөд гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болж буй тохиолдолд үндсэн болон нэмэлт үүрэг нэгэн адил дуусгавар болдог тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дах хэсэгт заасан тохиолдолд гэрээг цуцалснаар алданги шаардах эрх дуусгавар болох үндэслэлтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 070 000 төгрөгийг, нэхэмжлэгчээс төлсөн 460 260 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ