Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00297

 

“С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01678 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2090 дүгээр магадлалтай

“С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“П ” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 42,000 ам.доллар буюу 100,920,120.00 төгрөг, 20,000,000.00  төгрөг, алданги 60,460,060.00 төгрөг, нийт 181,380,180.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Цацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батхуяг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Манай компани Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг “Эргэн усны худаг” гэх газарт орших ордын, ашиглалтын ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/-ийг боловсруулж үйл ажиллагаа явуулах зорилгоор 2013 оны 04 сарын 04-ний өдөр “П ” ХХК-ийн захирал Б.Батгавъяаттай ашиглалтын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гэрээг байгуулж, гэрээний дагуу 2013 оны 04 сарын 15-ны өдрөөс 2013 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд ТЭЗҮ боловсруулсны хөлсөнд 70,000 ам.доллар, НӨАТ ороод 77,000 ам.доллар байхаар тохиролцсон. Гэрээний дагуу 2013 оны 04 сарын 27-30-ны хооронд урьдчилгаа төлбөрт 42,000 ам.долларыг, 2015 оны 12 сарын 03-ны өдөр урьдчилгаа гэж 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл “П ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл ТЭЗҮ-ийг боловсруулаагүй манай компанийг хохироож байна. Манай компанийн зүгээс 2018 оны 03 сарын 19-ний өдөр “П ” ХХК-д гэрээний үүргийг биелүүлэх хугацааг олгож, заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 42,000 ам.доллар буюу 100,920,120 төгрөг, мөн урьдчилгаа 20,000,000 төгрөг, нийт 120,920,120 төгрөг, гэрээний 4.3-т заасан хоногт 0.05 хувийн алданги 60,460,060 төгрөг, нийт 181,380,180.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Манай компани “С ” ХХК-тай 2013 оны 04 сарын 04-ний өдөр 1003/029 тоот “Ордын нөөцийн тайлан, ашиглалтын ТЭЗҮ боловсруулах тухай” ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулсан өдрөөс хойш манай компани Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт байрлах “Эргэн усны худаг” алтны үндсэн ордод компьютерээр шивсэн 1 дэвтэр нь 107 хуудастай, 2 дэвтэр нь 195 хуудастай 28 ширхэг хавсралт, 37 ширхэг гар ба фото зурагтай, оршил, төслийн талбайн ерөнхий мэдээлэл, хайгуулын талбайн геологийн тогтоц, хайгуулын ажлын аргачлал ба гүйцэтгэсэн ажлын хэмжээ, судалгааны талбайн үнэлгээ, ордын хүдрийн найрлага, технологийн шинж чанар, ордын гидрогеологи, ордын нөөцийн тооцоо, ордын уул техникийн нөхцөл, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, ордын ашиглалтад бэлтгэсэн байдал, байгаль орчин геоэкологийн үнэлгээ, дүгнэлт зэрэг 12 бүлгээс бүрдсэн нөөцийн тодотгол тайлан бичиж 2016 оны 07 сарын 04-ний өдөр 2011-2015 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тодотгол тооцооны тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулан, 2017 оны 06 сарын 29-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ашигт малтмал, газрын тосны газар, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар зөвлөмж гаргуулан гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Ордын нөөцийн тайлан боловсруулах ажил нь урт хугацааны судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулагддаг бөгөөд ордын нөөцийн тайланг батлуулсны үндсэн дээр ашиглалтын ТЭЗҮ-ийг боловсруулдаг.

Нэхэмжлэгч тал нь технологийн туршилтыг Япон Улсад хийсэн бөгөөд Монгол Улсад туршилт хийх шаардлагатай тул Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын зөвлөмжид Технологийн туршилт дахин хийхээр буцаасан. Гэтэл “С ” ХХК нь гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.4-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс хугацаа алдаж, манай компанид Монгол Улсад технологийн туршилт хийсэн баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаагаас гүйцэтгэгч талаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрч цаг хугацаа алдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                                                       

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01678 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус зааснаар хариуцагч “П " ХХК-иас 120,920,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,460,060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,064,851 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “П ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 762,551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С ” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2090 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батхуягийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01678 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2090 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн дүнгээс алданги хэсгийг хасч үндсэн төлбөр болох 120,920,120 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу “П ” ХХК нь ордын нөөцийн тайлан боловсруулах болон ашиглалтын ТЭЗҮ боловсруулах 2 ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байснаас ордын нөөцийн тайланг боловсруулах ажлыг бүрэн хийж дуусган Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулсан байдаг. Гэвч захиалагч “С ” ХХК нь техникийн туршилтыг Япон Улсад бүртгэлтэй компаниар хийлгэж, уг туршилтыг болохгүй талаар гүйцэтгэгчийн зүгээс анхааруулсаар байтал “заавал болго” гэсэн хууль бус шаардлага тавьсны улмаас Эрдэс баялгийн зөвлөлөөр дахин техникийн туршилт хий гэсэн шалтгаанаар тайланг батлаагүй юм. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний дагуу гүйцэтгэгч нь гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн боловч захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч ажлын үр дүнд доголдол бий болсон. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.9 дэх хэсэгт заасны дагуу тайланг боловсруулахад шаардагдах туршилт, судалгааны ажлыг захиалагч хангалтгүй хийснээс болж Эрдэс баялгийн зөвлөлөөр Ордын нөөцийн тайланг хамгаалж чадаагүй тохиолдолд хариуцлагыг захиалагч бүрэн хариуцахаар заасан байдаг. Иймээс захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас ажлын үр дүнд доголдол бий болсон тохиолдолд гүйцэтгэгч хариуцахгүй хууль болон гэрээний зохицуулалт байх тул хариуцагч нь нэхэмжлэгч талд 120,920,120 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна" гэж заасан тул нэхэмжлэгч талаас 2013 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусч, шаардлага гаргах эрхээ алдсан байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01678 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2090 дугаартай магадлалаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу шийдвэрлэснийг зөвтгөж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “С ” ХХК нь хариуцагч "П ” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 42,000 ам.доллар буюу 100,920,120.00 төгрөг болон 20,000,000.00 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 60,460,060.00 төгрөг, нийт 181,380,180.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, захиалагч нь гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.4-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс гэрээний үүргээ биелүүлэх хугацаа алдсан гэж маргажээ.  

2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан 1003/029 тоот “Ордын нөөцийн тайлан, ашиглалтын ТЭЗҮ боловсруулах гэрээ”-гээр “П ” ХХК нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг “Эргэн усны худаг” нэртэй газарт орших алтны үндсэн ордын нөөцийн тайлан, ашиглалтын техник эдийн засгийн үнэлгээ хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалах, “С ” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 77,000.00 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэлцлийг  ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч “С ” ХХК нь ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 42,000.00  ам.доллар болон 20,000,000.00 төгрөгийг “П ” ХХК-д төлсөн, ...яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ...Эргэн усны алтны үндсэн ордод 2011-2015 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, уг тайлан дахь нөөцийн тооцоонд хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэлэлцээд “...уг тайлан дахь нөөцийг хүлээн авах боломжгүй гэж үзэж, технологийн туршилт дахин хийх, баяжуулалтын техникт Монгол Улсад ашиглаж болох тухай холбогдох зөвшөөрлүүдийг авах, геологийн зураг болон бичвэр хэсгийг засах, гүйцээх, олборлосон нөөцийг УУҮТХ-тэй тулгах, археологи палеонтологийн судалгаа хийж, тайланг зааврын дагуу боловсруулсны дараа дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэсэн зөвлөмж гаргасан ба талууд энэ үйл баримтын тухайд маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.13, 6.1-д тохирсон нөхцөл болон нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000.00 төгрөг төлсөн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 06 сарын 29-ний өдрийн хуралдаанаар хариуцагч байгууллагын боловсруулсан тайланг хэлэлцүүлсэн зэрэг үйл баримтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээ захиалагчийн санаачлагаар цуцлагдсан гэж давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 355 дугаар зүйлийн 355.2-т нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Хариуцагч “П ” ХХК нь гэрээний 2.1.4, 3.1.3, 3.1.4-т заасны дагуу ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай аливаа баримт бичиг, судалгаа тооцоо, мэдээллийг “С ” ХХК-иас шаардсан, мөн захиалагчийн гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлын чанар муу, шаардагдах туршилт судалгааны ажлыг хангалтгүй хийгдсэнийг нэхэмжлэгчид урьдчилан сануулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн татгалзал, түүний үндэслэл баримтаар нотлогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчаас 120,920,120.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг  үндэслэл бүхий тайлбарлан дүгнэснийг зөв гэж үзнэ. 

Харин алданги 60,460,060 төгрөг гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...гэрээний 4.2-т заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцээгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх “...алдангийн тохиролцоо нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилготой нэмэлт үүрэг бөгөөд гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болж буй тохиолдолд үндсэн болон нэмэлт үүрэг нэгэн адил дуусгавар болдог тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дах хэсэгт заасан тохиолдолд гэрээг цуцалснаар алданги шаардах эрх дуусгавар болох үндэслэлтэй” гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийн алдааг залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн   гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01678 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2090 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 762,551.00 /долоон зуун жаран хоёр мянга таван зуун тавин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН