Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/01678

 

 

 

 2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/01678

              Улаанбаатар хот

                

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 13-100 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /рд:5132061/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Шинэ 7-р хороолол, 1004-51 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /рд:5297613/-д холбогдох,

 

Нийт 181,380,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Цацрал, О.Ёндонжамц, хариуцагчийн төлөөлөгч М.Бүжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Эргэн усны худаг” нэртэй газарт орших ордын ашиглалтын ТЭЗҮ-г боловсруулж үйл ажиллагаа явуулах зорилгоор 2013.04.04-ний өдөр “” ХХК-ийн захирал Б.Батгавъяатай ашиглалтын ТЭЗҮ-г боловсруулах ажлын гэрээг байгуулсан.

Гэрээний дагуу 2013.04.15 – 2013.07.15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд ТЭЗҮ боловсруулсны хөлсөнд 70,000 ам.доллар, НӨАТ ороод 77,000 ам.доллар байхаар тохиролцсон.

Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 42,000 ам.долларыг 2013.04.27-30 хооронд төлсөн. Мөн 2015.12.03-ны өдөр урьдчилгаа 20,000,000 төгрөг өгсөн.

Гэтэл “” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл ТЭЗҮ-ийг боловсруулаагүй манай компанийг хохироож байна. Манай компанийн зүгээс “” ХХК-ийн захирал Б.Батгавъяад гэрээний үүргийг биелүүлэх хугацааг олгон заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай шаардлага хүргүүлсэн боловч мөн л өнөөдрийг болтол хариу өгөөгүй байх тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 42,000 ам.доллар буюу 100,920,120 төгрөг, мөн урьдчилгаа 20,000,000 төгрөг, нийт 120,920,120 төгрөгийг гэрээний 4.3-т заасан хоногт 0.05%-ийн алданги 60,460,060 төгрөг, нийт 181,380,180 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани “” ХХК-тай 2013.04.04-ний өдөр 1003/029 тоот “Ордын нөөцийн тайлан, ашиглалтын ТЭЗҮ боловсруулах тухай” ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Уг гэрээг байгуулсан өдрөөс хойш манай компани нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт байрлах Эргэн усны алтны үндсэн ордод компьютэрээр шивсэн 1 дэвтэр нь 107 худаастай, 2 дэвтэр нь 195 хуудастай 28 ширхэг хавсралт, 37 ширхэг гар ба фото зурагтай, оршил, төслийн талбайн ерөнхий мэдээлэл, хайгуулын талбайн геологийн тогтоц, хайгуулын ажлын аргачлал ба гүйцэтгэсэн ажлын хэмжээ, судалгааны талбайн үнэлгээ, ордын хүдрийн найрлага, технологийн шинж чанар, ордын гидрогеологи, ордын нөөцийн тооцоо, ордын уул техникийн нөхцөл, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, ордын ашиглалтад бэлтгэсэн байдал, байгаль орчин геоэкологийн үнэлгээ, дүгнэлт зэрэг 12 бүлгээс бүрдсэн нөөцийн тодотгол тайлан бичиж 2016.07.04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт орших эргэн усны алтны үндсэн ордод 2011-2015 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тодотгол тооцооны тайланд шинжээчийн дүгнэлт гаргуулан, 2017.06.29-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ашигт малтмал, газрын тосны газар, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар зөвлөмж гаргуулан гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн.

Ордын нөөцийн тайлан боловсруулах ажил нь урт хугацааны судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулагддаг бөгөөд ордын нөөцийн тайланг батлуулсны үндсэн дээр ашиглалтын ТЭЗҮ-ийг боловсруулдаг.

Нэхэмжлэгч тал нь технологийн туршилтыг Япон улсад хийсэн бөгөөд Монгол улсад туршилт хийх шаардлагатай тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын зөвлөмжид Технологийн туршилт дахин хийхээр буцаасан.

Гэтэл “” ХХК нь гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.4-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс хугацаа алдаж, манай компанид Монгол улсад технологийн туршилт хийсэн баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаагаас гүйцэтгэгч талаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрч цаг хугацаа алдаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 42,000 ам.доллар буюу 100,920,120 төгрөг болон 20,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 60,460,060 төгрөг, нийт 181,380,180 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Талууд 2013 оны 04 сарын 04-ний өдөр1003/029 тоот “Ордын нөөцийн тайлан, ашиглалтын ТЭЗҮ боловсруулах” гэрээ байгуулж, “” ХХК нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт орших Эргэн усны алтны үндсэн ордын нөөцийн тайлан, ашиглалтын техник эдийн засгийн үнэлгээ /цаашид ТЭЗҮ гэнэ/ хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалах, “” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 77,000 ам.доллар төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

Нэхэмжлэгч “” ХХК нь гэрээнд заасны дагуу ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт нийт 42,000 ам.доллар болон 20,000,000 төгрөгийг “” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан орлогын ордерын тасалбар, бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч “” ХХК нь гүйцэтгэгч “” ХХК нь ТЭЗҮ-ийг хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалах үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч үр дүн гараагүй учир гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө шаардаж байна гэж өөрийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарладаг бол хариуцагч “” ХХК нь гэрээнд заасны дагуу ТЭЗҮ-ийг хийж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн, захиалагч “” ХХК нь Монгол улсад технологийн туршилт хийсэн баримт бичиг болон бусад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа учир Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн гэж өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлан маргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2, 3.1.1, 3.1.2, 6.1-т зааснаас үзэхэд хариуцагч “” ХХК нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 сарын дотор ТЭЗҮ-г мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, өөрийн хийж гүйцэтгэсэн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралд оруулан хамгаалах үүргийг тус тус хүлээсэн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажлын үр дүн нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн ТЭЗҮ байна гэж ойлгогдож байна.

Гэтэл хэрэгт авагдсан 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 3-11-01 тоот “Өвөрхангай аймгийн хайрхандулаан сумын нутагт орших Эргэн усны алтны үндсэн ордод 2011-2015 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцсэн тухай” Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн зөвлөмжид “Технологийн туршилт дахин хийх, баяжуулалтын техникт Монгол улсад ашиглаж болох тухай холбогдох зөвшөөрлүүдийг авах, геологийн зураг болон бичвэр хэсгийг засах, гүйцээх, олборлосон нөөцийг УУҮТХ-тэй тулгах, археологи палеонтологийн судалгаа хийж, тайланг зааврын дагуу боловсруулсны дараа дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” хэмээн дурдаж, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь нөөцийг хүлээн аваагүй байна.

Үүнээс үзэхэд хариуцагч “” ХХК нь ТЭЗҮ-г мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, өөрийн хийж гүйцэтгэсэн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч “” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир шалтгаанаа нэхэмжлэгч “” ХХК-тай холбон тайлбарлаж байх боловч гэрээний 2.1.4, 3.1.3, 3.1.4-т заасны дагуу ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай аливаа баримт бичиг, судалгаа тооцоо, мэдээллийг “” ХХК-иас шаардсан, мөн мөн захиалагчийн гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлын чанар муу, шаардагдах туршилт судалгааны ажлыг хангалтгүй хийгдсэнийг “” ХХК-д урьдчилан сануулсан талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу хариуцагчийн татгалзал, түүний үндэслэл баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч “” ХХК нь 2018 оны 03 сарын 19-ний өдөр хариуцагч “” ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа тогтоосон, уг хугацаанд үр дүн гарахгүй бол гэрээг цуцлах тухай шаардлага хүргүүлсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан зохицуулалттай нийцжээ.

Иймд хариуцагч “” ХХК-иас 42,000 ам.доллар х 2,402.86 = 100,920,120 төгрөг + 20,000,000 төгрөг = 120,920,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгон шийдвэрлэх нь зүйтэй.

Алданги 60,460,060 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг шаардлагын үндэслэл болгож буй гэрээний 4.2-т заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцээгүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус зааснаар хариуцагч “” ХХК-иас 120,920,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,460,060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,064,851 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 762,551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.