Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02362

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02362

 

 

 

Э-НҮТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/02546 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э-НҮТББ-ын хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга Д.С, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Иргэдийн хурлын дарга Ц.Ж нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 49 681 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга Д.С, 42 дугаар хорооны Иргэдийн хурлын дарга Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 42 хорооны иргэдэд сургалт явуулахаар 2019/146 тоот гэрээг байгуулж тус хорооны гадаа 5 ханатай гэр барьж Цэвэр өрх төслийг эхлүүлсэн. Төслийг иргэд дэмжиж идэвхтэй оролцсон боловч хоёр хоногийн дараа тус хорооны засаг дарга Д.С иргэдийн хурлын дарга Ц.Ж нар гэрээ буулга хонины нэхий, дугуйгаар гэр дулаалах муухай аргыг иргэдэд зааж байна. Танай холбоотой хамтарч ажиллахгүй гээд цахилгааны утсыг хурааж цагдаа, мэргэжлийн хяналт, газрын албаны хүмүүсийг дуудаж буулгах хугацаатай, шаардах хуудсыг барьсан гэр дээр удаа дараа нааж холбооны нэр хүндэд ноцтой халдаж сургалт явуулах боломжгүй болгосон. Энэ байдлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга н.Сандагсүрэн болон холбогдох хүмүүст нь таниилцуулахад төрөөс зохион байгуулж байгаа ажлыг хамтран цаг хугацаанд нь хийх үүргийг хорооны дарга Д.Сд өгөөд явсан ч дахин 25 дугаар хорооны цагдааг дуудаж сургалт явуулах боломж олгоогүй. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллахын оронд илтээр эсэргүүцэж дээд шатны засаг даргынхаа үүргийг биелүүлээгүй. Засаг даргаас болж Э-ТББ-ын нэр хүнд унаж олон иргэд гэр байшингаа дулаалж гал түлэхгүй дулаан суух боломжийг алдагдуулж тус төрийн бус байгууллагын гэрээгээр хийгдсэн ажлын 30 хувь болох 2 970 000 төгрөгийг авч чадахгүй болгож хохироосон. Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд гэр барьсан, ТББ-аас гарсан материалын болон үйл ажиллагааны зардал 6 711 840 төгрөг, тус холбооны нэр хүндэд халдаж нийгэмд зориулагдсан ажлыг санаатай хийлгээгүй хохирол 40 000 000 төгрөг бүгд 49 681 840 төгрөгийг 42 дугаар хорооны Засаг дарга Д.С, тус хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж нараас гаргуулж нэхэмжлэгч Э-НҮТББ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга Д.Сгээс тайлбартаа: Нэхэмжлэгч манай хороонд ирж дулаалгын ажил зохион байгуулья гэхээр нь иргэдээ сургалтад хамруулахаар зөвшөөрсөн. С.Э сургалт зохион байгуулахаас өмнө шатрын тэмцээн зохион байгуулъя гэхээр нь би иргэдээ цуглуулаад зохион байгуулж өгсөн. Тэмцээнд оролцсон хүмүүс нь энэ хүн бидний бооцооны мөнгийг өгөхгүй байна гэхэд С.Эаас энэ талаар асуухад бооцооны мөнгийг өгөхөөс өмнө гэрээ бариулж байгаад бодитоор дулаалж үзүүлье гэсэн. Мөн өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирсэн байсан учраас бид айлуудаар явж орой ирэхэд С.Э тэр хавийн хүмүүстэйгээ согтуу гэрээ бариагүй байж байсан. Гэрээ яагаад бариагүйг асуухад хэдэн хана барих гэсэн чинь эвлэрдэггүй, маргааш ирээд барина гэхээр зөвшөөрсөн. Маргааш хатсан арьсыг хаа сайгүй тавьсан байсан. 3 өдөр тог өгсөн бөгөөд тог авсан хирнээ сургалтаа зохион байгуулдаггүй. Өдөр нь С.Э руу залгахаар утсаа авдаггүй, шөнө нь учир битүүлэг 2, 3 хүн ирдэг байсан. Сургалтаа зохион байгуулахгүй, шөнө нь ирээд байх юм, та надад албан ёсны бичиг баримтаа авчир гэхэд тэр өдрөөсөө хойш дахиж ирээгүй. Түүнээс хойш 6 сарын хугацаанд С.Э дахиж ирээгүй. Гэрийг нь буулгахгүй байлгаад байсан. Хавар болоод газрын албанаас 4 удаа шаардах хуудас наасан. Өвөл болоод нэхий нь хорооны гадаа тарж унаад хорооны өнгө үзэмж алдагдаад байна гэж иргэд гомдоллоод байсан. С.Эг ирэхгүй болохоор нь 10 дугаар сард байгаль орчны яамнаас албан бичиг ирсэн. Монголын байгаль орчин иргэний зөвлөл гэх ТББ-тай хамтарч ажиллана уу гэж бичиг ирсний дагуу тэр байгууллагатай бид хамтарч ажилласан. Би С.Этай 2 удаа уулзсан, уулзахдаа манай хороотой хамтарч ажиллах зөвшөөрөл болон гэрээг нь шаардсан. Түүнээс хойш газрын алба ирээд зургийг нь дараад, нэхийг нь тоолоод гэрийг нь ачаад аваад явсан. С.Э нь ирээд гэрийн гаднах зургийг нь авчихаад яваад өгдөг. Манай хороо өөр төрийн бус байгууллагатай хамтраад дулаалгын сургалтыг 6 дугаар сард зохион байгуулсан. Нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Иргэдийн хурлын дарга Ц.Ж тайлбартаа: Шинэ байгуулагдсан хороо түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 10 сарын дундуур С.Э Засаг даргатай сургалт зохион байгуулах ажлын талаар ярилцаж байсан. Би С.Этай анх удаа тэгж л уулзсан. Өөр ямар нэг байдлаар С.Этай маргалдаж, муудалцсан асуудал огт байхгүй. Засаг дарга Д.С өөрийнхөө эрх хэмжээний дагуу энэ гэрт сургалт явагдахгүй байна, С.Эг дуудахаар ирэхгүй байна гэж надад хэлж байсан. Миний эрх мэдлийн хүрээнд энэ хүнтэй хамтарч ажилласан зүйл байхгүй. Харин Байгаль орчны яамнаас зохион байгуулагдсан ТББ-тай хамтарч цар тахлын үеэр цөөн хүмүүсийг цуглуулж сургалт явуулсан. Нэхэмжлэл үндэслэлгүй. Энэ хүнийг бид үг хэлээр доромжилсон асуудал байхгүй би сонгуульт ажил хийдэг хүн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга Д.С, Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж нараас гэм хорын хохиролд 49 681 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 359 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус холбоо нь 2019 оны 10-р сард БОАЖЯ-ны захиалгаар Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд сургалт явуулах 2019/146 тоот гэрээг байгуулж хороон дарга С, ИХ дарга Ж нартай ярилцаж сургалтын гэр барих газрыг заалгуулж гэрээ барьсан. Гэрээ бариад 2 хонож байтал хороон дарга С, Иргэдийн хурлын дарга Ж хоёр намайг дуудаад бид танайхтай хамтарч ажиллахгүй гэрээ буулга, хонины нэхийгээр дулаалах муухай аргыг зааж байна гэхээр нь дүүргийн засаг дарга Сандагсүрэнд тус 2 албан тушаалтан танайхтай хамтарч ажиллахгүй сургалтын гэрийг буулга гээд цахилгааны утсыг хураагаад авчихлаа гэхэд Сандагсүрэн дарга өөрийн биеэр ирж хороон дарга Сд тогоор хангаж хамтарч ажиллах үүрэг өгөөд сургалтын гэрт Э надтай шатар тоглочихоод явсан. Гэтэл С нь Дүүргийн засаг даргынхаа өгсөн үүргийг биелүүлэхийн оронд газрын албанаас удаа дараа гэр буулгах албан бичгийг наалгуулж сургалт явуулах боломж олгоогүй байж байгаад Өлзийбаяр гэх ажилтнаараа гэрийн бүслүүрийг тайлуулж шуурганд дээвэр туургыг нь хийсгэж 2 хоногийн дараа гэр, сургалтын материал, ширээ сандлыг ачиж явсан.

Ингэж бусдын өмчид санаатай халдаж дээд удирдлагынхаа шийдвэр, төрөөс явуулж байгаа ажлыг санаатай зогсоосон үйлдлийг нь Сонгинохайрхан дүүргийн засаг даргад дахин уулзаад хэлэхэд би хамтарч ажиллах үүрэг өгсөн биелүүлэхгүй байна гэсэн. Тогных нь утсыг хурааж аваад сургалтын гэрийнх нь хаалган дээр гэр буулгах албан шаардах бичиг наалгуулаад дараа нь гэрийг дотор нь байсан ширээ сандал, сургалтын материалтай нь ачаад явчихсан байхад энэ 2 дарганцраас болж сургалт явуулж байсан төрийн бус байгууллага хохироогүй байна гэсэн шүүхийн шийдвэрийг гаргаж байгаа нь эрүүл ухаантай хүнд ойлгогдохгүй байна.

Тус холбоо нь одоог хүртэл сургалтын гэр, сургалтын материал, ширээ сандлаа олж аваагүй олон хүнийг сургалтаар хангах боломжоо алдаж жил гаруй болж байна. Гэр, сургалтын материал, эд хогшлоо авъя гэхээр хороон дарга С шүүхийнхээ асуудлыг дуусгаж байгаад ав гэж тус холбооны ажлыг жил гаруй хугацаанд саатууллаа. Шүүх төрийн яамтай бохирдлыг бууруулах гэрээтэй ажил үүргийг гүйцэтгэж байхад тус хороон дарга тог тасалж санаатай саатуулсныг Дүүргийн засаг даргын өгсөн үүргийг биелүүлээгүй гэрийг буулгах шаардах хуудсыг удаа дараа гэрийн хаалган дээр нааж иргэд сургалт авах боломжийг алдагдуулсныг Тус хорооны 2 дарга дээд шатныхаа дарга нарын үүргийг ямар учраас биелүүлээгүй сургалтын гэрийг ачаад явчихсан буцааж өгөхгүй шүүхийн асуудлыг дууссаны дараа өгнө гээд одоог хүртэл өгөхгүй байгаа зэрэг буруутай үйлдлүүдийг илтээр хаацайлж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Эрүүл орчин зөв ахуй НҮТББ нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны засаг дарга, мөн хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга нарт холбогдуулан гэм хорын хохиролд гэрээгээр хийсэн ажлын 30 хувийг авч чадаагүй хохирсон хохиролд 2 970 000 төгрөг, материалын болон үйл ажиллагааны зардалд 6 711 840 төгрөг, нэр хүндэд халдаж нийгэмд зориулагдсан ажлыг санаатай хийлгээгүйн хохиролд 40 000 000 төгрөг нийт 49 681 840 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./хх1, 26,31/

 

Хэрэгт нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны иргэдэд сургалт явуулахаар 2019/146 тоот гэрээг Байгаль орчин, аялал жуучлалын яамтай байгуулж, тус хорооны гадна 5 ханатай гэр барьсан, сургалтыг явуулаагүй, гэрийг 2020 оны 4 дүгээр сарын 24-нд буулгаж ачиж явсан үйл баримт тогтоогджээ. / хх 53-55,26-31/

 

Нэхэмжлэгч нь дээрх хариуцагчдыг иргэнийх нь хувьд биш, харин албан тушаалтнуудын хувьд хариуцагчаар татсан.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар бүх шатны Засаг дарга төрийн улс төрийн албан тушаалд хамаарахаар байна.

 

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус зааснаар Хурал, Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэхээр, Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээхээр заасан. Гэвч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3- д зааснаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох бөгөөд хороог оролцогчоор дурдаагүй байна.

 

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д баг, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг сум, дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлэхээр, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байхаар заасан.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн хохирол арилгуулахаар шаардаж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан гэм хорыг хариуцан арилгавал зохих төрийн байгууллага хэн болохыг тодруулах нь зүйтэй байжээ.

 

Түүнчлэн хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн гэрийг Газрын алба 2020 оны 4 дүгээр сарын 24-нд буулгаж ачиж явсан гэж хариуцагч нар тайлбарласан, уг гэр хаана байгаа, нэхэмжлэгч яагаад 12 дугаар сард барьсан гэрээ дараа оны 4 дүгээр сар хүртэл авч яваагүй болох, хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн эсэхийг тогтоох шаардлагатай. / хх 53-55,26-31/

 

Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь Иргэд дэмжиж идэвхитэй оролцсон боловч 2 хоногийн дараа хорооны засаг дарга, иргэдийн хурлын дарга нар дуудаж гэр дулаалах муухай арга зааж байна, танай холбоотой хамтарч ажиллахгүй гээд цахилгааны утсыг хурааж, цагдаа, мэргэжлийн хяналтын газар, газрын албаны хүмүүсийг дуудаж, буулгах хугацаатай үүрэг өгч, шаардах хуудас нааж, холбооны нэр хүндэд ноцтой халдаж сургалт явуулах ямар ч боломжгүй болгосон. 40 000 000 төгрөгийн тухайд 100 айл тус бүрд 400 000 төгрөгийн гэр байшин дулаалах дэмжлэг үзүүлнэ гэсэн. Нэр хүндийг гутаан доромжилсон учраас 10 сая төгрөг нэхэмжилсэн. Сонгинохайрхан дүүргийн засаг даргад мэдэгдэхэд бидний ажлыг дэмжих чиглэл өгсөн боловч хорооны цагдааг дуудаж сургалт явуулах ямар ч боломжгүй болгосон, 42 дугаар хорооны ажилтан Өлзийбаяраар дарамтлуулсан учир сургалт явуулж чадаагүй гэж тайлбарлажээ. /хх1/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Түүнчлэн гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээдэг.

 

Дээрх үндэслэл журмыг анхан шатны шүүхээс анхаарч, үйл баримтыг бүрэн тогтоосон, хариуцагчийн асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч Э-НҮТББ хохироогүй байна гэсэн агуулгатай шүүхийн шийдвэр гаргасан нь буруу гэх гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/02546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 359 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД