Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2020/02546

 

 

 

 

 

 

       2020 оны өдөр

08 сар      18  р                                                184/ШШ2020/02546

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч В.Амартүвшин, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” НҮТББ /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, Драгон төв

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн  дугаар хорооны Засаг дарга Д.С /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Хайрхан дугаар гудамж, тоот

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Хайрхан дүгээр гудамж, тоот

Гэм хорын хохиролд 49,681,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э, хариуцагч Д.С, Ц.Ж, иргэдийн төлөөлөгч Д.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.                                                                                                                           

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны иргэдэд сургалт явуулахаар 2019/146 тоот гэрээг байгуулж тус хорооны гадаа 5 ханатай гэр барьж “Цэвэр өрх” төслийг эхлүүлсэн. “Цэвэр өрх” төслийг иргэд дэмжиж идэвхтэй оролцсон боловч хоёр хоногийн дараа тус хорооны засаг дарга Д.С иргэдийн хурлын дарга Ц.Ж нар С.Э намайг дуудаж чи наад гэрээ буулга хонины нэхий, дугуйгаар гэр дулаалах муухай аргыг иргэдэд зааж байна. Бид танай холбоотой хамтарч ажиллахгүй гээд цахилгааны утсыг хурааж цагдаа, мэргэжлийн хяналт, газрын албаны хүмүүсийг дуудаж буулгах хугацаатай, шаардах хуудсыг барьсан гэр дээр удаа дараа нааж холбооны нэр хүндэд ноцтой халдаж сургалт явуулах боломжгүй болгосон.

 Энэ байдлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга н.С, орлогч дарга н.Г, иргэдийн хурлын дарга н.М, тамгын газрын дарга н.Т нарт хэлэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга н.С  ирж сургалтын гэртэй танилцаад хураасан утсаа буцааж өг! тогоор хангаж төрөөс зохион байгуулж байгаа ажлыг хамтран цаг хугацаанд нь хийх үүргийг хорооны дарга Д.С-д өгөөд явсан ч дахин дугаар хорооны цагдааг дуудаж сургалт явуулах боломж олгоогүйгээр барахгүй 42 дугаар хорооны ажилтан н.Ө-өөр дарамтлуулж гэрийг чинь шатаана салхинд хийсгэнэ гэх зэргээр хэл амаар олон удаа доромжилсон. Иргэдрүү чиглэсэн бохирдлыг бууруулах ажлыг төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллахын оронд илтээр эсэргүүцэж дээд шатны засаг даргынхаа үүргийг биелүүлэхгүй байна. Энэ засаг даргаас болж “Э” ТББ-ын нэр хүнд унаж олон иргэд гэр байшингаа дулаалж гал түлэхгүй дулаан суух боломжийг алдагдуулж тус төрийн бус байгууллагын гэрээгээр хийгдсэн ажлын 30 хувь болох 2,970,000 төгрөгийг авч чадахгүй болгож хохироосон. Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд гэр барьсан, ТББ-аас гарсан материалын болон үйл ажиллагааны зардал 6,711,840 төгрөгийн хохирол нийт 9,681,840 төгрөг, тус холбооны нэр хүндэд халдаж нийгэмд зориулагдсан ажлыг санаатай хийлгээгүй хохирол 40,000,000 төгрөг бүгд 49,681,840 төгрөгийг 42 дугаар хорооны Засаг дарга Д.Саруул-Ирээдүй, тус хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж нараас гаргуулж нэхэмжлэгч “Э” НҮТББ-ыг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч Д.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хороо 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 25 дугаар хорооноос тусдаа салж 42 дугаар хороо үүсгэн байгуулагдсан. Шинэ хороо үүсгэн байгуулагдсанаас хойш С.Э манай хороонд орж ирж дулаалгын ажил зохион байгуулъя гэхээр нь миний бие иргэдээ сургалтад хамруулах гээд хүлээн зөвшөөрсөн. Маргааш нь С.Э ирээд дулаалгын сургалт зохион байгуулахаас өмнө шатрын тэмцээн зохион байгуулъя гэхэд нь би иргэдээ цуглуулаад зохион байгуулж өгсөн. Би сургалтад суучхаад тэмцээн болж байгаа газар ирэхэд тэмцээнд оролцсон хүмүүс нь энэ хүн чинь бид нарын бооцооны мөнгийг өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би С.Э-ээс энэ талаар асуухад энэ хүмүүсийн бооцооны мөнгийг өгөхөөс өмнө гэрээ бариулж байгаад бодитоор дулаалж үзүүлье гэсэн. Тэр өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирсэн байсан учраас бид айлуудаар явж орой ирэхэд С.Э тэр хавийн хүмүүстэйгээ согтуу гэрээ ч бариагүй байж байсан. Яагаад гэрээ бариагүй талаар асуухад энэ хэдэн ханыг нь барих гэсэн чинь эвлэрдэггүй, маргааш ирээд барина гэхэд нь тэг тэг гэж хэлсэн. Маргааш нь ирсэн чинь хатсан арьсыг хаа сайгүй тавьсан байсан. Хорооны доод талын дэлгүүрийн хүн тэр хавийн хүмүүстэй нийлж байгаад гэрийг нь барьж босгосон. Маргааш өдөр нь тог авна гэхэд нь би 3 өдөр тог өгсөн бөгөөд тог авсан хирнээ сургалтаа зохион байгуулдаггүй. Өдөр нь С.Э руу залгахаар утсаа авдаггүй, шөнө нь учир битүүлэг 2, 3 хүн ирээд байдаг. Дэлгүүрийн дээрээс тог аваад өдөр нь сургалтаа зохион байгуулахгүй, шөнө нь ирээд байх юм, би тог өгмөөргүй байна гэж С.Э-д хэлсэн. Ер нь та надад албан ёсны бичиг баримтаа авчир тэгэхгүй бол би тантай хамтарч ажиллахгүй гэж хэлтэл тэр өдрөөсөө хойш дахиж ирээгүй. Шөнө орой тог гэрэл асааж байгаад хүний эд хөрөнгийг шатаах юм бол би хариуцах ажил гарна шүү дээ. Түүнээс хойш 6 сарын хугацаанд С.Э дахиж ирээгүй. Тэгээд хүний эд хөрөнгөнд халдаад хэрэггүй гээд гэрийг нь буулгахгүй байлгаад байсан. Хавар болоод газрын албанаас удаа дараа албан бичиг хүргүүлээд 4 удаа газрын албанаас шаардах хуудас наасан. Өвөл болоод нэхий нь хорооны гадаа тарж унаад хорооны өнгө үзэмж алдагдаад байна гэж иргэд гомдоллоод байсан. Манай доод талын дэлгүүр түлш борлуулах цэгтэй юм. Түлшний машин нь орж гарч болохгүй хүндрэлтэй байсан. “Таван толгой” ХХК-аас бидэнд албан бичиг ирж байсан. С.Э-г ирэхгүй болохоор нь 10 дугаар сард байгаль орчны яамнаас албан бичиг ирсэн. Монголын байгаль орчин иргэний зөвлөл гэх ТББ-тай хамтарч ажиллана уу гэж бичиг ирсний дагуу тэр байгууллагатай бид хамтарч ажилласан. Би С.Э-тэй 2 удаа уулзсан, тэгж уулзахдаа манай хороотой хамтарч ажиллах зөвшөөрөл болон гэрээг нь шаардсан. Түүнээс хойш газрын алба ирээд зургийг нь дараад, нэхийг нь тоолоод гэрийг нь ачаад аваад явсан. С.Э нь ирээд гэрийн гаднах зургийг нь дарчхаад л яваад өгдөг. Тэрийг нь бид нар хараад байж байгаа шүү дээ. Би энэ хүнийг сайн танихгүй 2 удаа л уулзсан. Тэгээд манай хороо өөр төрийн бус байгууллагатай хамтраад дулаалгын сургалтыг 6 дугаар сард зохион байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Ц.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шинэ байгуулагдсан хороо түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 10 дугаар сарын дундуур би ажлаар хорооны иргэний танхимын асуудлыг шийдэхээр 10 гаруй хоног явчхаад ажилдаа ирэхэд С.Э нь Засаг даргатай сургалт зохион байгуулах ажлын талаар ярилцаад байж байсан. Би С.Э-тэй анх удаа тэгж л уулзсан. Өөр ямар нэг байдлаар С.Э-тэй маргалдаж, муудалцсан асуудал огт байхгүй. Засаг дарга Д.С өөрийнхөө эрх хэмжээний дагуу энэ гэрт сургалт явагдахгүй байна, С.Эг дуудахаар ирэхгүй байна гэж надад хэлж байсан. Миний эрх мэдлийн хүрээнд энэ хүнтэй хамтарч ажилласан зүйл байхгүй. Харин Байгаль орчны яамнаас зохион байгуулагдсан ТББ-тай хамтарч цар тахлын үеэр цөөн хүмүүсийг цуглуулж сургалт явуулсан. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэ хүнийг бид үг хэлээр доромжилсон асуудал байхгүй би сонгуульт ажил хийдэг хүн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шййдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” НҮТББ нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Засаг дарга Д.С, Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж нарт холбогдуулан гэм хорын хохиролд 49,681,840 /дөчин есөн сая зургаан зуун наян нэг мянга найман зуун дөч/ төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь тус хороонд сургалт явуулахаар барьсан гэрийн цахилгааныг тасалж, сургалтыг тасалдуулсанаас БОАЖЯ-тай байгуулсан гэрээний дагуу авах байсан 2,970,000 төгрөгийг авч чадаагүй, гэрийг хураан авч явснаас учирсан хохирол 6,711,840 төгрөг, байгууллагын нэр хүндэд халдаж, нийгэмд ашигтай ажил хийлгээгүйгээс учирсан хохирол 40,000,000 төгрөг нийт 49,681,840 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нар нь бид цахилгаанаар хангах үүрэг хүлээгээгүй, гэрийг дүүргийн газрын албанаас удаа дараа шаардсаны дараа буулган авч явсан, байгууллагын нэр хүндэд халдсан зүйл байхгүй гэж тус тус тайлбарласан.

Нэхэмжлэгч “Э” ТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын  яамтай 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 2019/146 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан “Цэвэр өрх” төслийн хүрээнд гэрээгээр тохирсон  ажлуудыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэх,  захиалагч нь ажлын хөлсөнд 9,900,000 төгрөг төлөх, үүнээс 30 хувийг нь ажлыг хийж гүйцэтгэсний дараа, тайланг үндэслэн олгохоор тохиролцжээ. /хх-ийн 53/

            Энэхүү гэрээний дагуу “Э” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга С.Э нь 2019 оны 10 дугаар сарын 3, 4-нд тус хорооны дэргэд гэр барьж сургалт явуулах тухайгаа хариуцагч нарт танилцуулан гэр барьсан, хэрэглэх цахилгааныг “М” дэлгүүрээс хувийн журмаар авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч “Э” ТББ цахилгаанаар хангах үүргийг хорооны Засаг дарга хүлээхгүй, мөн тэрээр цахилгааныг ашиглуулах үүрэг өгөх, хэрэглэгчээр холбох эрхгүй этгээд бөгөөд сургалтын гэрийн цахилгааныг тасласан, сургалтыг цаашид явуулах боломжгүй болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Мөн нэхэмжлэгчийн БОАЖЯ-тай байгуулсан гэх гэрээнд хороо оролцоогүй, гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор дууссан байхад гэрийг дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 5 дугаар сард хураан авч явсан үйл баримт тогтоогдсон.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар заажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга Д.С, Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч Эрүүл орчин, зөв ахуй” ТББ-д хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч “Э” ТББ-ын БОАЖЯ-тай байгуулсан гэрээний үлдэгдэл санхүүжилтаа авч чадаагүй, мөн гэр барих, сургалтын материал, үйл ажиллагааны зардал 6,711,840 төгрөг гаргасан, нэр хүндэд халдаж, нийгэмд ашиг тустай чухам ямар ажлын нь хариуцагч нар хийлгээгүйгээс хэнд 40,000,000 төгрөгийн хохирол учирсан  болохыг тодорхойлоогүй, баримтаар нотлоогүй болно.

Иймд нэхэмжлэгч “Э” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга С.Э-ийн шүүхэд гаргасан Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга Д.Саруул-Ирээдүй, Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж нараас гэм хорын хохиролд 49,681,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1 дэх хэсэгт заасныг  баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Засаг дарга Д.С, Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Ж нараас гэм хорын хохиролд 49,681,840 /дөчин есөн сая зургаан зуун наян нэгэн мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,359 төгрөгийг  улсын төсөвт үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАТСҮХ

                                                                                                     В.АМАРТҮВШИН

                                                                                                     Б.ХИШИГБААТАР