Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01844

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01844

 

 

 

 

Д.Мөнхзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02129 дүгээр шийдвэртэй, Д.Мөнхзулын нэхэмжлэлтэй Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд, үйлдвэрийг хөгжүүлэх санд холбогдох Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, зээлийн төслийн ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд, үйлдвэрийг хөгжүүлэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 тоот тушаалаар тус сангийн Мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдож, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллаж ирсэн. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/66 тоот тушаалаар Зээлийн төслийн ахлах мэргэжилтэн гэх албан тушаалд томилсон. Сангийн захирал солигдож, ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны А-31 тоот тушаалаар тус сангийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилсөн байдаг. ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал нь сайдын тушаалыг хэрэгжүүлж, 1018 оны Б/36 тоот тушаал гаргаж, сангийн бүтэц өөрчлөгдөж, Зээл төслийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдсантай холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 тоот тушаалаар тус сангийн Зээлийн төслийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тэрээр уг шийдвэрийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн. Иймд ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сан нь Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хэсэгт хамаардаг. Улмаар сайд нь сангийн дүрэм, бүтцийг баталдаг. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар сангийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан байдаг. Өмнөх бүтцэд ахлах мэргэжилтэн гэж байгаагүй ба сүүлд нь сайдын тушаалд нэмэлт орж ахлах мэргэжилтэн гэж нэмж өөрчилж, 3 орон тоо хасаж, 2 орон тоо нэмсэн. Сайдын тушаалаар шинэчлэн батлахдаа мэргэжилтнүүдийг нэмж, ахлах мэргэжилтнийг хассан байдаг. Энэ нь ажлын шаардлагатай уялдсан. Сайдын тушаалаар ахлах мэргэжилтэн хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан заалтыг баримталж тушаал гаргасан. Улсын Дээд шүүхийн 2017 оны тогтоолын 15.1-д орон тоо хасагдсан талаар, мөн 2012 оны зөвлөмжийн 2.1-д орон тоо хасагдах гэдгийг тус тус тайлбарласан. Эдгээр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Д.Мөнхзулд сайдын тушаал гарсаныг мэдэгдэж, 30 хоногийн дараа ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн ажлын байр нь эдийн засагчийн үүрэг гүйцэтгэдэг. Учир нь сан нь шууд зээл олгодог бөгөд төслөөр зээл гаргадаг тул төслийг судлаж, зээл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Ажлын байрны тодорхойлолтод ажлын байранд тавигдах шаардлага тусгагдсан байдаг. Гэтэл Д.Мөнхзулын ажилд орохдоо өгсөн өргөдөл болон төрийн албан хаагчийн анкетад бичсэнээр өөр мэргэжилтэй байсан. Хуулийг буруу тайлбарлаж тушаал гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь зээлийн эдийн засагчид нийцэхгүй мэргэжилтэй. Өөр ажилд санал болгох гэхээр манай санд шаардлага хангах албан тушаал байгаагүй. Төрийн алба бол мэргэшсэн байх ёстой. Бид хөдөлмөрийн гэрээний харилцаагаар ажиллуулдаг. Иймд өөр ажил санал болгоогүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Мөнхзулыг ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл төслийн ахлах мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 3 662 026.51 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхзулд буцаан олгож, хариуцагчаас 143 742 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилтанг ажлаас буруу халсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай буюу ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож өгөх тухай байсан. Нэхэмжлэлтэй танилцахад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэсэн байдаг. ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/36 тоот тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн буюу ХХААХҮ-ийн яамны сайдын А-31 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Мөнхзулын ажиллаж байсан Зээл, төслийн ахлах мэргэжилтэн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Харин хариуцагч байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг няцааж, орон тоо хасагдсан тушаалыг нотлох баримтаар гаргаж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан заалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол болон 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн зөвлөмжийг тус тус үндэслэн тайлбар гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргасан үндэслэлийн хүрээнд нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/36 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хуульд нийцэж байна. Улмаар сайдын А-31 дүгээр тушаалын дагуу 40.1.1-д заасныг үндэслэн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэсэн байдаг.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаагүй асуудлаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар "адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах" үүргээ зөрчсөн, ижил, төсөөтэй ажил санал болгоогүй гэсэн үндэслэлээр маргасан. Хариуцагч миний зүгээс дээрх үндэслэл болгож буй асуудал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй байсан тул шүүх хуралдаанаас өмнө маргаагүй, хамааралгүй, маргаж буй асуудлаас хальсан асуудлаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл шүүх нь шүүхийн шийдвэрийн 10 дахь праграфитаа ".. нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ ажил олгогчийн зүгээс биелүүлээгүй" гэсэн үндэслэлийг Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нэг нөхцөл болгосон. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанаас өмнө маргаж буй асуудалтай холбогдуулан нотлох баримт гаргах, өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд тэгш оролцох эрхийг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан 1 сарын өмнө ажилтан буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл 40 дүгээр зүйлмийн 40.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчдын хэн нь ч маргаагүй бөгөөд шүүгч өөрийн санаачлагаар тодруулан асууж, мэдэгдсэн тухай нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Ажилтанд ажил олгогчийн зүгээс сайдын А-31 тушаалыг танилцуулсан нотлох баримтыг үйлдсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй тул бид нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхзул нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, зээлийн төслийн ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.Мөнхзул нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Ажилд томилох тухай Б/23 дугаар тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар зээлийн төслийн ахлах мэргэжилтнээр тус тус томилогдсон болох нь ажилд томилсон тушаал, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 5-13, 70-72 дугаар тал/

Улмаар ажил олгогчийн санаачилгаар буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Монгол Улсын Засгын газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/31 тоот тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус үндэслэсэн ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Хариуцагч байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-31 дугаар тушаалаар сангийн бүтэц өөрчлөгдөж, зээлийн төслийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Мөнхзултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ. /хх-ийн 32-33 дугаар тал/

Нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө мэдэгдсэн болох нь баримтаар нотлогдохгүй байх бөгөөд сайдын тушаалыг амаар танилцуулсан гэх хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх тухай зохицуулсан ба хариуцагч байгууллага хуульд заасан тухайн үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаал хууль бус болжээ.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхзулд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн болно.

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл байхад шүүх бие даасан шаардлага мэт шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт уг тушаалын огноо буюу 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байхад 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэж буруу бичиж алдаа гаргасан боловч эдгээр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ