Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/02293

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/02293

 

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02801 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 497 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ХХХ-тай 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5 500 000 төгрөгийг 0,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч ХХХХнь зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Миний бие хариуцагчийн ээжийн гуйснаар хүүд нь мөнгө зээлүүлэхээр болсон. Төмөр замд байрлах Хабу зочид буудлын баруун талын замд ХХХ-ын машинд мөнгийг бэлнээр түүнд хүлээлгэн өгсөн, бид нотариатаар гэрээгээ гэрчлүүлээгүй. Иймд үндсэн зээл 5 500 000 төгрөг, хүү 165 000 төгрөг, алданги 2 832 500 төгрөг, нийт 8 497 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХшүүхэд ирүүлсэн болон түүний өмгөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч ХХХХнэхэмжлэгч ХХХХ гэдэг хүнийг огт танихгүй, мэдэхгүй. Хариуцагчийн ээж болон нэхэмжлэгч нарын хооронд ажил хэргийн асуудал байсан байх. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээг нөгөө талын өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлснээр хийгдсэн гэж үздэг бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байгаа бөгөөд зээлийн гэрээний дагуу шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ХХХХ-аас зээлийн гэрээний үүрэгт 8 497 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 150 910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх....үүрэгтэй гэж хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ 2014 оны 1 дүгээр сарын сарын 20-ны өдрийн "ХХХХ" ХХК-ийн кассын орлогын ордер, мөнгө олгохыг хүссэн өргөдөлөөр 5 000 000 төгрөгийг хариуцагчид олгосон, тиймээс шаардах эрх үүссэн гэж тайлбарлаж байсан. Энэхүү мөнгө хүссэн, олгосон баримт дээрх хариуцагчийн гарын үсэг хуурамч, хоёр удаа дуурайлгаж зурсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нотлох, үгүйсгэх гэж 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гарын үсгийн мөн эсэх талаар шалгуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хүсэлт хэлэлцэх явцад, нэхэмжлэгч тал би няравтай хамт ажил дээрээ байхад гаднаас хариуцагч орж ирсэн гэж тайлбарлаж байсан боловч, шүүх хуралдааны явцад Төмөр замд буудлын хажууд машин дотор мөнгө өгсөн гэж хоёр өөр тайлбар гаргаж байсныг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт нотлох баримт гэж...шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл гэж, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх...үүрэгтэй гэж тус тус заасан байхад шүүх нэг ч мөнгө шилжүүлсэн нотлох баримт байхгүй, хэрэгт авагдсан баримт нь хуурамч байхад хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02801 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

  Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 500 000 төгрөг, хүү 165 000 төгрөг, алданги 2 832 500 төгрөг, нийт 8 497 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 Нэхэмжлэгч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээнд хариуцагч ХХХХгарын үсэг зурж, мөнгөө авсан гэж тайлбарласан байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримт тус тус хэрэгт авагджээ. /хх 3-4 тал/

Хэргийн 39 дүгээр талд хариуцагчийн өмгөөлөгч ХХХ ын шинжээч томилуулж, кассын орлогын ордерт бичигдсэн гарын үсэг хариуцагч ХХХ-ын гарын үсэг мөн эсэхийг шалгуулах тухай хүсэлт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2017/15034 дугаар шүүгчийн захирамжаар ... уг хүсэлтийг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад хамаарахгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Талуудын хооронд мөнгийг хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтын талаар маргаж байгаа тохиолдолд үүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явагдах бөгөөд нэхэмжлэгч ХХХХнь нэхэмжлэгч ХХХХтай зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зураагүй гэсэн тайлбар гаргаж маргасан байхад шүүх маргааны үйл баримтын үндэслэл болж байгаа нотлох баримтад бичигдсэн гарын үсгийн талаар шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

  Анхан шатын шүүх нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул энэ талаар давж заалдсан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжтой юм.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

 

Ц.ИЧИНХОРЛОО