Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01566

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01566

 

 

Б.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01371 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Бий нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Мд холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний доголдлоос учирсан хохиролд 5 299 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр О.Мгаас 74-75 УБК улсын дугаартай Кроун 204 маркийн суудлын автомашиныг 19 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан. Автомашиныг авахдаа хамаатны нэг хүнийг дагуулж явж үзүүлэхэд доогуур нь тосоол гоожсон байсан тул үүнийг нь хэлэхэд өчигдөр янзлуулаад гоожчихсон, оношилгоонд орж болно гэхээр нь итгээд авсан. Автомашиныг авснаас хойш паар нь халуун, хүйтнээр үлээгээд байхаар нь О.Мд хэлэхэд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч нь 100 000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрийн зардлаар олон засварын газраар орж оношлуулах гэж зөндөө явсан. Ингээд хамгийн сүүлийн засварын газарт очиход хөдөлгүүр цахилгааны доголдолтой байсан ба уг доголдлыг засуулаад үр дүн гараагүй учир худалдах худалдан авах гэрээг цуцлах хүсэлт тавьсан боловч хариуцагч хүлээж аваагүй тул 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 16 000 000 төгрөг буюу 20 хувь бууруулж, худалдсан. Ингээд уг автомашинд хэд хэдэн удаа засвар хийлгэж засвар үйлчилгээний зардал 1 799 400 төгрөг гаргаж хохирсон. Мөн уг доголдлын улмаас үнэ бууруулж худалдсан үнэ 3 500 000 төгрөг, нийт 5 299 400 төгрөгийг О.Мгаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бд худалдсан автомашиныг оношлосон Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудаснаас үзэхэд хөдөлгүүр болон цахилгаан, явах эд ангийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй биет байдлын доголдолгүй байсан учир стандарт хангасан гэх дүгнэлт гарч 74-75 УБК гэсэн улсын дугаар авсан. Үүнээс хойш арав гаруйхан хоногийн дараа ердийн байдлаар хэвийн унаж хэрэглэж байгаад бэлэн мөнгөний хэрэгцээ гарч худалдахаар зар тавьсаны дагуу Б.Б нь 2 хүний хамт ирж үзээд өөрсдийн зүгээс жолоодож шалгаад 19 465 000 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон. Хан-Уул дүүрэг Буянт Ухаа 1 хорооллоос Сонгинохайрхан дүүрэг хуучнаар 22-ын товчоо Авто худалдааны төвд байрлах авто тээврийн төв рүү нэхэмжлэгч өөрийн биеэр автомашиныг жолоодож үзэж шалгасан. Ингээд автомашиныг бүрэн бүтэн хүлээлцэж мөнгийг бүрэн хүлээн авч, гэрчилгээг өөрийн биеэр түүний өмчлөлд шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ автомашины гол эд анги болох хөдөлгүүрийн цахилгаан нь доголдолтой гэх боловч ямар ч үзлэг оношлогооны дүгнэлт баримтаар нотлоогүй. Харин автомашиныг ердийн байдлаар ашиглах явцад зайлшгүй хийх засвар үйлчилгээний зардлын баримтуудыг хавсаргасан. Эдгээр баримтуудаас үзэхэд хөдөлгүүр, цахилгаан нь гэмтэл доголдолтой болохыг оношилсон мэргэжлийн оношлогоо дүгнэлтэд зарцуулсан баримт байхгүй. Мөн дээрхи зарлагын баримтууд засвартай он сарын хувьд зөрүүтэй учир нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. 3 500 000 төгрөгийн алдагдлыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн этгээд өөрийн хөрөнгөө хэдэн төгрөгөөр худалдан борлуулах нь өөрийнх нь шийдвэр сонголт юм. Уг алдагдал нь надаас шалтгаалсан гэдгийг нотлоогүй учир би хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Мгаас 5 299 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авснаас хойш Буянт-Оюу ХХК авто засварын газар 5 удаа, Авто сервис комплекс ХХК-ийн авто засварын газар 3 удаа, NM авто сервис авто засварын газар 2 удаа нийт 10 удаа засварын газруудаар явж багагүй цаг, хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан. Дээр дурдсан авто засварын газруудын инженер болох 3 гэрчийг асуулгах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын 70741 тоот дүгнэлтэд оношлогооны инженер гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй байдаг. Иймд шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.Мд холбогдуулан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал болон гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохиролд нийт 5 299 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэл заан маргасан байна.

Б.Б, О.Мгаас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2008 онд Япон Улсад үйлдвэрлэгдсэн, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын гаалийн хилээр ирж ирсэн, Тоёото кроун маркийн 7475 УБК улсын дугаартай автомашиныг 19 500 000 төгрөгөөр худалдан авч, машины эзэмшлийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан Б.Бий ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-14-16,49 / Иймээс тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Талууд дээрх үйл баримтад маргаангүй, харин тухайн эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байна.

Зохигчид гэрээг аман хэлбэрээр байгуулж, О.М машиныг эзэмших эрхийн хамт шилжүүлж, Б.Б нь худалдан авсан зүйлийн үнийг төлсөн үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал уг машиныг худалдан авсны дараа доголдол илэрсэн, мөн гадаадад байсны улмаас машиныг ашиглаагүй гэдгээ нотлохоор 2019 оны 01 дүгээр сарын 16, 26, 02 дугаар сарын 22, 3 дугаар сарын 26, мөн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тус тус огноолсон зарлагын баримт, гадаад паспортын хуулбарыг шүүхэд гарган өгчээ. Хөдлөх эд хөрөнгө болох машины хувьд бусдын эзэмшилд бүртгэлтэй хэдий ч тухайн этгээд нь өөр этгээдэд автомашинаа ашиглуулах боломжтой байдаг тул нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулбарыг үндэслэн нэхэмжлэгчийг автомашиныг худалдан авсан үеэс хойш ашиглаагүй гэж үзэх боломжгүй. Түүнчлэн зарлагын баримтуудад нэхэмжлэгчийн эзэмшилд байсан хугацаанд хамаарах оношлогоо болон сэлбэгний үнэ, үйлчилгээний хөлс бичигдсэн байна. Хариуцагч О.М нь нэхэмжлэгч Б.Бд хуучин автомашин худалдсан учир Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл Б.Бд шилжинэ.

Мөн зохигчид эд хөрөнгийг бодитоор шилжүүлэн өгч, үнийг төлсөн тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар машиныг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Түүнчлэн шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД