Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/01371

 

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/01371

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Шарнууд овогт Б Б /РД:УП97060136/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... тоотод оршин суух Боржигон овогт О М /РД:АЮ90052695/-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний доголдлоос учирсан хохиролд 5 299 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн төлөөлөгч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.Б нь 2018 оны 10 сарын 27-ны өдөр О.М  74-75 УБК улсын дугаартай Кроун 204 маркийн суудлын автомашиныг 19 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан. Машиныг авахдаа хамаатны нэг хүнийг дагуулж явж үзүүлсэн байдаг бөгөөд тухайн үед машиныг үзэхэд доогуур нь тосоол гоожсон байсан тул үүнийг нь хэлэхэд өчигдөр янзлуулаад гоожчихсон, оношилгоонд орж болно гэхээр нь итгээд авсан байсан. Ингээд машиныг авснаас хойш паар нь халуун, хүйтнээр үлээгээд байхаар нь О.М  хэлэхэд 2019 оны 11 сарын 05-ны өдөр хариуцагч нь 100 000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрийн зардлаар олон засварын газраар орж оношлуулах гэж зөндөө явсан. Ингээд хамгийн сүүлийн засварын газарт очиход хөдөлгүүр цахилгааны доголдолтой байсан ба уг доголдлыг засуулаад үр дүн гараагүй учир худалдах худалдан авах гэрээг цуцлах хүсэлт тавьсан боловч хариуцагч хүлээж аваагүй тул 2019 оны 4 сарын 13-ны өдөр 16 000 000 төгрөг буюу 20 хувь бууруулж, худалдсан. Ингээд уг машинд хэд хэдэн удаа засвар хийлгэж, өөрсөө засвар үйлчилгээний зардал 1 799 400 төгрөг гаргаж хохирсон. Мөн уг доголдолын улмаас үнэ бууруулж худалдсан үнэ 3 500 000 төгрөг, нийт 5 299 400 төгрөгийг О.М  гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б  худалдсан авто машиныг тухайн үед Япон улсаас импортоор оруулж ирсэн, гаалийн мэдүүлэгтэй монголд явж байгаагүй авто машиныг Б.А  гэж хүнээс худалдан авахаар болж 2018 оны 10-р сарын 15 ны өдөр уг машиныг авто тээврийн төвийн харьяа үзлэг оношлогооны газраар бүрэн оношлуулсан. Уг авто машины оношлогоог инженер Б.И  гэх хийсэн бөгөөд тухайн авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудсанаас үзэхэд хөдөлгүүр болон цахилгаан, явах эд ангийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй биет байдлын ямарч доголдолгүй байсан учир стандарт хангасан гэх дүгнэлт гарч үзлэг оношлогоонд тэнцэж 74-75 УБК гэсэн улсын дугаар авсан. Үүнээс хойш арав гаруйхан хоногийн дараа ердийн байдлаар хэвийн унаж хэрэглэж байгаад надад бэлэн мөнгөний хэрэгцээтэй байсан учир худалдахаар зар тавьсаны дагуу Б.Б нь 2 хүний хамт ирж үзээд өөрсдийн зүгээс жолоодож шалгаад 19 465 0007 өөр өгч авалцахаар тохиролцсон. Улмаар худалдан авахаар тохирсон тул авто машины нэрийг худалдан авч байгаа Б. Б  өмчлөлд шилжүүлж өгөхөөр манай гэрийн хаяг буюу Хан уул дүүрэг Буянт Ухаа 1 хороололоос СХД хуучнаар 22-ын товчоо Авто худалдааны төвд байрлах авто тээврийн төврүү нэхэмжлэгч өөрийн биеээр авто машиныг жолоодож үзэж шалгаж байсан. Ингээд авто машиныг бүрэн бүтэн хүлээлцэж мөнгийг бүрэн хүлээн авч, гэрчилгээг өөрийн биеээр түүний өмчлөлд шилжүүлж өгсөн. Тиймээс би тухайн авто машин нь зориулалтын дагуу ашиглахад хэвийн эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгийг шилжүүлсэн. ИХ-ийн 243-р зүйлийн 243.1-т заасан гэрээний үүргээ бодитойгоор бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлдээ дурьдсан худалдан авсан авто машины гол эд анги болох хөдөлгүүр цахилгаан нь доголдолтой гэх боловч ямар ч үзлэг оношлогооны дүгнэлт баримтаар түүнийг нотлоогүй харин авто машиныг ердийн байдлаар ашиглах явцад зайлшгүй хийх засвар үйлчилгээний зардлын баримтуудыг хавсаргасан. Эдгээр баримтуудаас үзэхэд хөдөлгүүр, цахилгаан нь гэмтэл доголдолтой болохыг оношилсон мэргэжлийн оношлогоо дүгнэлт зарцуулсан баримт байхгүй. Мөн дээрхи зарлагын баримтууд засвартай он цын хувьд зөрөөтэй учир нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс зориулалтын дагуу авто машиныг ашиглахад биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл болохгүй. Уг автомашиныг худалдан авсан үнэлгээ 20 хувь үнэ хямдруулан 16 сая төгрөгөөр худалдан борлуулж 3.5 сая төгрөгийн алдагдлыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн этгээд өөрийн хөрөнгөө хэдэн ч төгрөгөөр худалдан борлуулах нь өөрийнх нь шийдвэр сонголт юм. Харин уг алдагдал нь надаас шалтгаалсан гэдгийг нотлоогүй хэрнээ худалдан борлуулсны алдагдлыг би хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.М  холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний доголдлоос учирсан хохиролд 5 299 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О.М нь доголдолтой эд хөрөнгө худалдсан бөгөөд үүнийг засуулахад гарсан зардал болон уг автомашинаа худалдан авсан үнийн дүнгээс 20 хувиар бууруулж худалдсан тул үүний алдагдал гаргуулна. гэж тайлбарлаж, хэрэгт нотлох баримтаар зарлагын баримтуудыг, дансны хуулгын хамт ирүүлжээ.

Хариуцагч тал ...авто машиныг тухайн үед Б.Б нь унаж үзээд, шалгаад авсан ба эд хөрөнгийг хүлээлгэн өгч, гэрээний үүргээ бүрэн биелүүлж түүний өмчлөлд машиныг шилжүүлж өгсөн. Б.Б автомашины хөдөлгүүр цахилгаан доголдолтой гэх боловч ямар ч үзлэг оношлогооны дүгнэлт баримтаар түүнийг нотлоогүй, харин автомашиныг ердийн байдлаар ашиглах явцад зайлшгүй хийх засвар үйлчилгээний зардлын баримтуудыг хавсаргасан бөгөөд тухайн баримтуудаас хөдөлгүүр цахилгааны доголдолтой гэсэн дүгнэлт байхгүй. Уг автомашиныг хэдэн төгрөгөөр худалдан борлуулах нь өөрийнх нь сонголт тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй... гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч О.М  2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 74-75 УБК улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашиныг 19 500 000 төгрөгөөр худалдан авч, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 465 000 төгрөгийг хариуцагч О.Мөнгөншагайн дансанд шилжүүлж, мөн өдрөө уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгүүлж, эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авсан болох нь тогтоогдож байна.

Үүний дараа нэхэмжлэгч Б.Б нь эд хөрөнгө доголдолтой талаар хариуцагчтай холбогдож 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр О.М  100 000 төгрөгийг Б.Б  дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 14-16 дугаар талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд зохигчид эдгээр асуудлаар маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Б нь ...худалдан авсан 74-75 УБК улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашин нь доголдолтой байсан, энэ талаар О.М  хэлсэн бөгөөд хүлээн зөвшөөрөөд 100 000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбар гаргаж энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж тайлбарласан байна.

Дээрх байдуулдаас дүгнэхэд нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгөнд доголдол байгаа талаар хариуцагч О.М  хуульд заасан хугацаанд мэдэгдэж, улмаар хариуцагч нь 100 000 төгрөгийг шилжүүлж байсан зэрэг нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д ...өмчлөх эрхийг шилжүүлсэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах... доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, ...эрхтэй. гэж зааснаар хариуцагч О.М  тухайн эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Гэвч нэхэмжлэгч Б.Б нь тухайн эд хөрөнгийг хэвийн байдлаар ашиглах боломжгүй, түүнчлэн уг эд хөрөнгийг худалдаж авах үед доголдолтой байсан гэдгийг хэрэгт баримтаар нотлоогүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн зарлагын баримтуудаар 74-75 УБК улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашинд Б.Б нь худалдаж авснаасаа хойш тодорхой хэмжээний засвар үйчилгээг хийлгэж байсан гэдгийг дүгнэх боломжтой хэдий ч уг баримтууд нь тухайн эд хөрөнгийн ямар эд ангид доголдол үүссэн, түүнчлэн уг гэмтэл доголдол нь эд хөрөнгийг зориулалтын дагуу хэвийн ашиглах боломжтой эсэхийг болон энэ нь худалдагчийн буруутай үйлдлээс үүссэн гэдгийг нотлохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь 74-75 УБК улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашиныг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.А гөөс худалдаж авсан гэж тайлбарлан мөн өдрөө уг автомашины эд ангиудыг Форвард моторс ХХК-иар оношлуулж, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №70741 гаргуулж, оношлогооны инженер гарын үсэг зурж, баталгаажуулж байсан нь тогтоогдож байх ба энэ талаарх баримтууд хэрэгт гаргаж ирүүлснийг нэхэмжлэгч маргаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь автомашины үнийг бууруулж зарсан зөрүү гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан доголдлоос шалтгаалсан гэдэг нь тогтоогдохгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.М  5 299 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Билгүүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ