Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00151

 

Б.Билгүүний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01371 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1566 дугаар магадлалтай,

Б.Билгүүний нэхэмжлэлтэй,

О.Мөнгөншагайд холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний зүйл доголдолтойн улмаас учирсан хохиролд 5.299.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн төлөөлөгч Я.Баярсайхан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Билгүүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр О.Мөнгөншагайгаас 74-75 УБК улсын дугаартай Кроун 204 маркийн суудлын автомашиныг 19.500.000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан. Автомашиныг авахдаа хамаатны нэг хүнийг дагуулж явж үзүүлэхэд доогуур нь тосоол гоожсон байсан тул үүнийг нь хэлэхэд өчигдөр янзлуулаад гоожчихсон, оношилгоонд орж болно гэхээр нь итгээд авсан. Автомашиныг авснаас хойш паар нь халуун, хүйтнээр үлээгээд байхаар нь О.Мөнгөншагайд хэлэхэд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч нь 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрийн зардлаар олон засварын газраар орж оношлуулах гэж зөндөө явсан. Ингээд хамгийн сүүлийн засварын газарт очиход хөдөлгүүр цахилгааны доголдолтой байсан ба уг доголдлыг засуулаад үр дүн гараагүй учир худалдах-худалдан авах гэрээг цуцлах хүсэлт тавьсан боловч хариуцагч хүлээж аваагүй тул 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 16.000.000 төгрөг буюу 20 хувь бууруулж, худалдсан. Ингээд уг автомашинд хэд хэдэн удаа засвар хийлгэж засвар үйлчилгээний зардал 1.799.400 төгрөг гаргаж хохирсон. Мөн уг доголдлын улмаас үнэ бууруулж худалдсан үнэ 3.500.000 төгрөг, нийт 5.299.400 төгрөгийг О.Мөнгөншагайгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Я.Баярсайханы шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Билгүүнд худалдсан автомашиныг оношлосон Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудаснаас үзэхэд хөдөлгүүр болон цахилгаан, явах эд ангийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй биет байдлын доголдолгүй байсан учир стандарт хангасан гэх дүгнэлт гарч 74-75 УБК гэсэн улсын дугаар авсан. Үүнээс хойш арав гаруйхан хоногийн дараа ердийн байдлаар хэвийн унаж хэрэглэж байгаад бэлэн мөнгөний хэрэгцээ гарч худалдахаар зар тавьсаны дагуу Б.Билгүүн нь 2 хүний хамт ирж үзээд өөрсдийн зүгээс жолоодож шалгаад 19.465.000 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон. Хан-Уул дүүрэг Буянт Ухаа 1 хорооллоос Сонгинохайрхан дүүрэг хуучнаар 22-ын товчоо Авто худалдааны төвд байрлах авто тээврийн төв рүү нэхэмжлэгч өөрийн биеэр автомашиныг жолоодож үзэж шалгасан. Ингээд автомашиныг бүрэн бүтэн хүлээлцэж мөнгийг бүрэн хүлээн авч, гэрчилгээг өөрийн биеэр түүний өмчлөлд шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ автомашины гол эд анги болох хөдөлгүүрийн цахилгаан нь доголдолтой гэх боловч ямар ч үзлэг оношлогооны дүгнэлт баримтаар нотлоогүй. Харин автомашиныг ердийн байдлаар ашиглах явцад зайлшгүй хийх засвар үйлчилгээний зардлын баримтуудыг хавсаргасан. Эдгээр баримтуудаас үзэхэд хөдөлгүүр, цахилгаан нь гэмтэл доголдолтой болохыг оношилсон мэргэжлийн оношлогоо дүгнэлтэд зарцуулсан баримт байхгүй. Мөн дээрхи зарлагын баримтууд засвартай он сарын хувьд зөрүүтэй учир нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. 3.500.000 төгрөгийн алдагдлыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн этгээд өөрийн хөрөнгөө хэдэн төгрөгөөр худалдан борлуулах нь өөрийнх нь шийдвэр сонголт юм. Уг алдагдал нь надаас шалтгаалсан гэдгийг нотлоогүй учир би хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01371 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Мөнгөншагайгаас 5 299 400 төгрөг гаргуулах тухай Б.Билгүүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1566 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх О.Мөнгөншагай нь Б.Билгүүнд хуучин автомашин худалдсан учир Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл Б.Билгүүнд шилжинэ, мөн хэсэгт зохигчид эд хөрөнгийг бодитоор шилжүүлэн өгч, үнийг төлсөн тул Иргэний хуулийн 251.2 дахь хэсэгт зааснаар машиныг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзнэ гэж дүгнэсэн нь хуульд үндэслээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, үндэслэлгүй байна. Үүнд: Тухайн эд хөрөнгө устаж, гэмтсэн үйл явдал болоогүй ба энэ талаар талууд маргаагүй харин худалдагч доголдолтой эд хөрөнгө шилжүүлж, худалдан авагчийг хохироосон автомашины доголдлын талаар маргаж байгаа. Эд хөрөнгийг бодитоор шилжүүлэн өгч, үнийг төлсөн тул биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэсэн нь хэрэгт тухайн автомашиныг доголдолгүй байсан талаар баримт үгүй байхад баримтанд тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэлгүй, арга ядсан дүгнэлт хийсэн нь шүүгчдийн мэргэжлийн ур чадвар болон шүүхийн үйл ажиллагаа шударга, үнэн зөв эсэхэд эргэлзэж, иргэдийн итгэл найдвар алдрахад хүргэж байна. Маргаж байгаа доголдол нь автомашины гадна талаас нь хараад шууд мэдэх ямарч боломжгүй ба мэргэжлийн байгууллагын гадна талын үзлэг, дүгнэлтээр илрэхгүй заавал нарийн оношилгоо эсхүл автомашины хөдөлгүүрийг задалж үзэж байж илрэх доголдол юм. Тухайн автомашины тосол нь илүүдэл рүүгээ гоождог ба тосолгүй болохоор паар нь халуунаар үлээдэггүй хүйтэн үлээдэг, хөдөлгүүр нь халаад явдаггүй, кришкны жийрэг сэтэрсэн байсан бөгөөд түүнийг солиход заавал хөдөлгүүрийг нь бүтэн задлах шаардлагатай, солиод 20 хоноод ахиад жийрэг сэтэрдэг, /хөдөлгүүр нь халаад кришк нь сэнсэрсэн учраас/ өдөр бүр 1-2 литр тосол нэмж байж хөдөлгөөнд оролцдог, 20 хоног тутамд 1 удаа хөдөлгүүрийг бүтэн задалж жийрэг сольж байж явдаг бодит нөхцөл байдал ийм байхад автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой биет байдлын доголдолгүй гэж шүүх дүгнэсэн. Хэрэв тухайн шүүгчийн худалдаж авсан автомашин яг ижил ийм доголдолтой байсан бол зориулалтын дагуу ашиглах боломжтой ашиглалтын явцад үүссэн эрсдэл зүгээр зүгээр бодитоор шилжүүлж егсөн юм чинь гээд хохироод үлдэх байсан болов уу? Нотлох баримт гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагчийн шаардлага болон татгалзлаа үндэслэж буй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, бодит байдлыг тогтооход шаардлагатай баримтыг хэлнэ. Нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэж буй гол баримт нь бодит байдлыг мэдэж байгаа автомашиныг оношилж, засварласан гэрчүүдийн мэдүүлэг байсан бөгөөд эдгээр гэрчүүдийг өөрөө асууж, нотлох баримтаар үнэлүүлэх боломжгүй байсан. Маргаж байгаа автомашины доголдол худалдаж авах үед байсан эсэхийг тогтоолгохоор дээрх инженерүүдийг гэрчээр асуулгах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүлээж авалгүй хэргийг шийвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1, 38.6 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд хэргийн үйл баримтанд бодитой үнэн зөв, дүгнэлт хийж чадаагүй, ямар баримтанд үндэслэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Тэгсэн мөртлөө нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч өөрөө автомашины доголдлыг хүлээн зөвшөөрч 100.000 төгрөг буцааж шилжүүлж байсан баримт, нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авснаас хойш 7 хоногийн дараа буюу 2018.11.05-ны өдрөөс 2019.03.26-ны өдрийн хооронд БНСУ-д ирж очин Монгол улсад суурин байгаагүй нь автомашиныг ашиглах боломжгүй бөгөөд доголдлыг оношлуулах, засуулахад хугацаа алдаж байсан талаар Хаан банкны дансны хуулга, гадаад паспортын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөөр байтал эдгээр баримтыг үнэлээгүй нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн. Миний хүү Б.Билгүүн БНСУ-д нэг сарын хугацаагаар ирж очиж аль хүнд хүчир, өндөр цалинтай ажлыг сонгон хийж орлого олдог ба зүүн гарын тохойгоо тахийтал эрүүл мэндээрээ хохирч, хөлс хүчээ урсган байж цуглуулсан хэдэн сарын хөдөлмөрийг салхинд хийсгэж, доголдлоо мэдсээр байж нуун далдаж, хуурч мэхлэн зарсан байдаг. Форвард моторс ХХК-ийн №70741 дүгнэлтийн хуудас гэх баримт өгсөн байдаг ба энэ нь тухайн автомашины хөдөлгүүрийн зөвхөн гадна талын оношлогоо бөгөөд маргаж буй доголдолтой холбоотой дүгнэлт хэрэгт авагдаагүй. Иймд шийвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Билгүүн нь О.Мөнгөншагайд холбогдуулан 5.299.400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...доголдолтой хөрөнгө шилжүүлсэн, ...мэдэгдсэн боловч засаагүй, ...уг доголдол мотороос шалтгаалж, жийргэвч нь сэтэрдэгтэй холбоотойг тогтоосон, засварт 1.799.400 төгрөг зарцуулсан... мотор сольж доголдол арилах тул үүнээс болж 3.500.000 төгрөгөөр хямд худалдсан... уг мөнгийг гаргуулна... гэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа ...шалгаж үзээд авсан ...ухрах гэрэл асахгүй байна гэхээр нь зардалд 100.000 төгрөг өгсөн... мотор гэмтэлтэй нь тогтоогдоогүй... баримтууд нь ердийн засвартай холбоотой байна... гэжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Б.Билгүүн нь О.Мөнгөншагайгаас 74-75 УБК улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашиныг 19.500.000 төгрөгөөр худалдан авахаар 2018.10.27-ны өдөр тохирсон нь тогтоогдсон байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаар, зохигч нар нь эд хөрөнгө худалдах-худалдан авахаар тохиролцсон нь тогтоогдсон байх тул шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

2. Худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй талаар хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэл бүхий байна.

а/. Зохигчийн тайлбараас үзвэл, О.Мөнгөншагай автомашин болон түүний улсын бүртгэлтэй холбоотой бичиг баримтыг шилжүүлсэн нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, Б.Билгүүн эд хөрөнгийн үнийг хариуцагчид төлсөн байна.

Худалдсан эд хөрөнгийг шилжүүлэх, хүлээн авах, үнийг нь төлөх үүргээ талуудын хэн аль нь биелүүлсэн байх бөгөөд энэ талаар маргаангүй байна.

б/. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд худалдах-худалдан авах гэрээний зүйл биет байдлын доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, зохигчийн хооронд үүссэн энэ маргааны талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн хэрэглэх ёстой зүйл заалтыг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай байна.

Гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэх бөгөөд хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчид худалдсан автомашин нь шинэ бус хэдий ч түүний бүрдэл хэсэг болох паар нь горимын дагуу ажилладаггүй, тосоол гоождог, энэ гэмтэл нь автомашиныг шилжүүлэх үед байсан боловч энэ талаар худалдагчаас худалдан авагчид хэлээгүй нь тогтоогдсон байна.

Тухайлбал, 2018.10.27-ны өдөр хүртэл автомашинд ямар нэг гэмтэл үүсээгүйг хариуцагч баримтаар нотолж чадаагүй тул хариуцагч нь тухайн эд хөрөнгийг 2018.10.15-ны өдөр бусдаас худалдан авч, мөн өдрөө оношлуулж, техникийн дүгнэлт гаргуулсан гэх үйл баримт нэхэмжлэлийг үгүйсгэхгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч ...автомашиныг хүлээж авахад тосоол гоожсон байсан, энэ талаар асуухад ...өмнөх өдөр сольж хийсэн тосоол гоожсон байна гэж хариуцагч хэлсэн тул ямар нэг гэмтэлгүй гэж итгэсэн... автомашиныг хүлээн аваад паар ажиллахгүй, тосоол дахин гоожих үед гэмтэлтэйг мэдэгдсэн ...энэ талаар хэлэхэд засварт зориулж 100.000 төгрөг над руу шилжүүлсэн... гэх агуулга бүхий тайлбар гаргаж оношилгоо болон засвар хийлгэсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл биет байдлын доголдолтой байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул ...автомашин доголдолтой нь тогтоогдоогүй... гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй зүйлийг хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ ...эд хөрөнгийг шилжүүлснээр тухайн эд хөрөнгө гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжсэн.. гэж дүгнэжээ.

Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжих нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, тухайлбал, худалдан авагчийн хувьд үнэ бүрэн төлөөгүй, эсхүл үнийг төлсний дараа худалдагч талаас өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцсон үед гэрээний зүйл болсон хөрөнгө устсан, гэмтсэн эрсдлийг хэн хариуцах тухай ойлголт юм.

Зохигч худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь биелүүлсэн тул эрсдэл шилжих хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

Иймд шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн байна.

4. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...мотор гэмтэлтэй байсан тул 3.500.000 төгрөгөөр хямдруулж автомашинаа бусдад худалдсан... эд хөрөнгийг засварлаж 1.374.400 төгрөг зарцуулсан... гэсэн байна.

Хариуцагч нь доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон талаар дээр дурдсан.

Худалдан авагч нь доголдлыг арилгуулах буюу доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэн шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч нь доголдол бүрэн арилгаагүй, автомашины мотор солиулах нөхцөл байдлыг харгалзан автомашинаа бага үнээр бусдад худалдсан гэх боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул үнийн зөрүү 3.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Харин, автомашины доголдолыг засварлахад зардал гаргасан нь тогтоогдсон тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд, нотлогдсон хэмжээгээр доголдлыг арилгуулахад гарсан зардлын 1.374.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна.

5. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаарх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрч асуулгах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаржээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэж, хэрэгсэхгүй болгохдоо өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх ба үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамааруулах үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1566 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01371 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан О.Мөнгөншагайгаас 1.374.400 төгрөг гаргуулж Б.Билгүүнд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.925.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагчаас 36.940 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батцэрэн нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 99.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

 

                                                     ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ