Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01463

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01463

 

 

 

П.Нямгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01217 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Нямгэрэлийн хариуцагч Хаан банк ХХК-д холбогдуулан гаргасан Зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Хаан банк ХХК-ийн нэхэмжлэгч П.Нямгэрэлд холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт нийт 21 565 667,86 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Нямгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайран дүүргийн 5 дугаар хороо Монгол тоосго ХХК-ийн 33-27 тоот, 1 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Хаан банкнаас 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 222 тоот Зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж авсан. Би 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Солонгос Улсад амьдарч байгаад хууль бусаар оршин сууж байна гээд баригдаад ирсэн. Эхнэр маань тэнд үлдсэн байсан бөгөөд би араас нь явах санаатай дүүгийнхээ гадаад паспортаар явах гэж байгаад хил гарч чадалгүй баригдсан. Эхнэр Л.Гангантогос 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Солонгос Улсад нас барж, би бага насны охины хамт үлдсэн. Тэгээд би хууль бусаар хил нэвтрэхийг завдсан, хуурамч бичиг баримт ашигласан гээд шүүхээс 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр торгуулийн ял авсан. Торгуулийн ялыг биелүүлээгүй гээд 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр торгох ялыг 1 жилийн хорих ялаар сольсон. Нэг жилийн хорих ялыг 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эдэлж дууссан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Тухайн үед банкны зээлийг төлчихсөн чамд хамаагүй болсон гэж эхнэр Л.Гангантогос хэлж байсан болохоор би банкинд зээлгүй гэж бодож явсан. 2014 оны намар үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авахдаа зээлийн асуудал байгааг мэдсэн. Тэгээд банкинд очих боломж олдоогүй бага насны охинтой хоёулаа үлдсэн болохоор харах хүн олдохгүй, ажил хийх боломжгүй болсон. Би хорихоос гарч ирээд Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 118 тоот хаягт байнга байсан. Энэ үед Хаан банк нэг ч удаа зээл төлөхийг шаардаж байгаагүй. Банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа өнгөрөөд 10 жил болсон, хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагчийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд дээрх зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч П.Нямгэрэл нь ...зээл авснаас хойш 1 удаа зээл, зээлийн хүүд 523 500 төгрөгийг төлсөн бөгөөд түүнээс хойш зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж оршин суугаа газар нь тодорхойгүй болсон. Банк 2007 онд зээл төлүүлэхээр шүүхэд хандахад П.Нямгэрэл нь хаягтаа байхгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн шүүх 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 138 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.9-д зааснаар зээлдэгч оршин суугаа газраа /хаягаа/ өөрчилсөн тохиолдолд банкинд ажлын 5 хоногт багтаан мэдэгдэх үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлээ төлөөгүй, зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй, банкны зүгээс хаягийг нь тодруулж зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэх зорилгоор цаг үргэлж эрж хайж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. П.Нямгэрэл хорихоос гарч ирээд Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 118 тоот хаягт байнга байсан гэж худал ярьж байна. Банкны зээл хариуцсан тусгай активын газрын ажилтан очиход байдаггүй, оршин суудаггүй гэсэн байгаа юм. Гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.Нямгэрэл нь 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банктай 222 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн барьцаанд Сонгинохайран дүүргийн 5 дугаар хороо Монгол тоосго ХХК-ийн 33 дугаар байрны 27 тоот, 18 м.кв талбайтай Ү-2201013781 тоот улсын бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан. Зээл авснаас хойш зээлийн төлбөрт 523 500 төгрөгийг төлсөн бөгөөд түүнээс хойш төлбөр төлөлгүй өнөөдрийн байдлаар 4190 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Банкны зүгээс холбогдох ажилтнууд зээлийг төлүүлэхээр П.Нямгэрэлтэй удаа дараа уулзахад зээлийн төлбөрийг удахгүй төлнө, байраа зараад төлнө гэх хүсэлт, тайлбаруудыг 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ирүүлж байсныг тэмдэглэж байсан. Банк 2007 оны 1 дүгээр сард шүүхэд хандахад П.Нямгэрэл нь хаягтаа байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. П.Нямгэрэл нь зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхээс зориудаар зайлсхийж, оршин суугаа хаягаа байн байн өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үедээ шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээг П.Нямгэрэлтэй хийсэн, эхнэр нь хамтран зээлдэгч. Энэ зээлийг манай банкны тусгай активын зээлийн байцаагч Д.Мөнхбат хариуцаж байсан. Д.Мөнхбат хамгийн сүүлд 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хаягаар нь очиход П.Нямгэрэл гэдэг хүн байхгүй гэсэн байдаг. Сүүлд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2012 оны 6 дугаар сард регистрээр нь сонгуулийн сайтанд нэвтэрч цахимаар хайж байгаад Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21-118 тоот хаягт байгааг мэдээд очиход бас байхгүй гэсэн. П.Нямгэрэлийн хаягийг тодруулахаар байнга эрж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасны дагуу сэргээж, зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3 598 801,37 төгрөг, хүүд 14 982 574,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 984 291,83 төгрөг, нийт 21 565 667,86 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 265 779 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 222-2 тоот барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр төлбөрийг хангуулж өгнө үү. Банкны зүгээс зээлийн хүүг 50%-иар бууруулах боломжтой гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаартай зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 зааснаар 2006 оны 5 дугаар сараас эхлэн тоологдсон байна. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөөн хэлэлцэх хугацаа тоологдсоноос хойш 10 жил өнгөрсөн тул миний бие Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар зээл болон барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзэж байна. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дуусч зээлдэгч миний бие үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй учир зээл, барьцааны үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-т зааснаар дуусгавар болсонд тооцогдох хууль зүйн үр дагавартай байна. Хаан банк надад холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч гаргаагүй. Намайг нэхэмжлэл өгсний дараа энэ асуудлыг хөндөж байна. Хаан банк өмнө нь шүүхэд нэхэмжлэл гарган, шаардах эрхээ хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжүүлэх боломжтой байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй нь надаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй, миний бие энэ эрхийг нь хязгаарлаагүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан зээлдэгч П.Нямгэрэл, Хаан банк ХХК-ийн хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай П.Нямгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, П.Нямгэрэлээс 11 588 345 төгрөг гаргуулан Хаан банкинд олгож, үлдэх 2 486 036 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар П.Нямгэрэл нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013781 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Монгол тоосго ХХК 33 дугаар байрны 27 тоот орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.,-т зааснаар нэхэмжлэгч П.Нямгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 000 төгрөг, хариуцагч Хаан банкнаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 779 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Нямгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 200 363 төгрөг гаргуулж хариуцагч Хаан банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна" дүгнэсэн нь нотлох баримтыг илтэд буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж зөвхөн нэг талын буюу хариуцагчийн тайлбарт нийцүүлэн хуулийг хэрэглэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг шүүх илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь дараах үндэслэлээс харагдаж байна.

Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэх нөхцөлийн хувьд, хариуцагч Хаан банк нь П.Нямгэрэл надад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр буцаасан байдаг. Үүнээс өөрөөр Хаан банк шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Мөн П.Нямгэрэл миний оршин суугаа хаягийг тогтоохоор эрэн сурвалжлуулж байгаагүй, надаас зээлийн гэрээтэй холбоотой үүргийг шаардаж байгаагүй. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа хэлж байхад шүүх энэ хуулийн заалтыг хэрэглэсэн. Хаан банк шүүхэд нэхэмжлэл гаргасан 2007 оноос хойш би нэхэмжлэл гаргах хүртэл 9 жил болсныг шүүх дүгнээгүй болно.

Урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах гэх нөхцөлийн хувьд, миний бие БНСУлс руу явснаас хойш аливаа байдлаар Хаан банктай байгуулсан гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл зэргийг төлж байгаагүй нь үнэн. Хаан банк зээл, зээлийн хүү зэргийг шаардаж байгаагүй ба банкнаас шаардлага гаргасан бол миний бие тухайн бүрт нь шийдвэрлэх байсан нь тодорхой.

Бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлийн хувьд, шүүгч миний 2005 онд банкинд гаргаж байсан хүсэлт зэргийг үндэслэсэн гэж үзэхээс өөр аргагүй байна. Гэвч бид гэрээний хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааны хувьд маргаж байхад шүүх 11 жилийн өмнөх баримтыг үндэслэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, шүүхийн 2012 оны 6 дугаар сард миний оршин сууж байсан газар буюу Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байранд очиж үзснийг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь огт үндэслэлгүй, энэ тэмдэглэлийг хэзээ ч хийж болохоос гадна манай байрны хаалганд дээр очоод буцахыг нэхэмжлэл гаргасан, эсвэл надад шаардлага тавьсныг би хүлээж авсан гэж үзэх үндэслэл огт болохгүй юм. Нэхэмжлэгч П.Нямгэрэл миний бие охиныхоо хамт түр оршин суух хаягаа тухай бүр бүртгүүлж амьдарч ирсэн бөгөөд хаягаа сольж зугтаасан тохиолдол байхгүй. Мөн Хаан банкнаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт өгч байгаа үйлдлийг 2005 оны 222 дугаартай зээлийн гэрээ, 222-2 дугаартай зээлийн барьцааны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн шүүх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь нөгөө талаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэдэг үйл баримтыг тогтоосон гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй, түр зогсоогүй байхад нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбалан хэрэглэснээс шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч П.Нямгэрэл нь хариуцагч ХААН банк ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 598 801.37 төгрөг, хүү 14 982 574,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 984 291,83 төгрөг нийт 21 565 667.86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр зээлийн хүүг 50 хувиар бууруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

П.Нямгэрэл, Л.Гангантогос болон ХААН банк ХХК нарын хооронд 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 222 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ХААН банк ХХК нь 4 000 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч П.Нямгэрэл, Л.Гангантогос нар нь хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулах, үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн тохиолдолд жилийн 7.2 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч П.Нямгэрэлийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Монгол тоосго ХХК-ийн 33-27 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан 222-2 тоот барьцааны гэрээг 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний хугацаа өнгөрөөд 10 жил болж байгаа тул хариуцагч нь гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ зээлдэгч нь зээл төлөхөөс санаатай зайлсхийж оршин суугаа газар нь тодорхойгүй болсон, 2007 онд зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ дуусгавар болох үндэслэлгүй, П.Нямгэрэлийг байнга эрж хайж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байсан гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, зээлийн ажилтан хариуцагчийн хаягийг тодруулахаар эрэн сурвалжилж байсан, хорих ял биечлэн эдэлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон зэрэг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заагдаагүй үндэслэлээр хөөн хугацаа тасалдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаар захирамжаар П.Нямгэрэлд холбогдуулж гаргасан ХААН банкны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч хариуцагч ХААН банк дахин шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж байгаагүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.Нямгэрэл нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 2005 оны 09 дүгээр сарын 16-нд 17 698.63 төгрөг, 09 дүгээр сарын 17-нд 150 000 төгрөг, 9 дүгээр сарын 27-нд 24 000 төгрөг, 09 дүгээр сарын 30-нд 401 198 төгрөг, зээлийн хүүд 122 301.37 төгрөг нийт 523 500 төлснөөс өөр төлөлт хийгээгүй бөгөөд тэрээр 2005 оны 11 дүгээр сарын 1-ний дотор зээлийн төлбөрийг бүрэн барагдуулна /хх-111/, байраа зарж төлбөрөө барагдуулах хугацаа өгч туслалцаа үзүүлнэ үү /хх-107/, төлбөрийг 1 сарын дотор багтааж бүрэн төлнө /хх-109/ зэргээр ХААН банк ХХК-д хандаж хүсэлт гаргаж байжээ.

 

Гэтэл хариуцагч ХААН банк ХХК нь нэхэмжлэгч П.Нямгэрэлийн хамгийн сүүлд зээлийн төлбөр төлсөн 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс болон дээрх хүсэлтүүдийг гаргаснаас хойш 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, ийнхүү шаардлага гаргах боломжгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байхад шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зохиууулалтыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх зохицуулалттай хольж хэрэглэсэн алдаа гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.Нямгэрэл Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ялаа эдэлж дууссан явдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүйгээс гадна эрүүгийн журмаар явагдсан байцаан шийтгэх ажиллагаа хөөн хэлэлцэх хугацааг сэргээх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч хаягаа байнга өөрчилж байсан, ХААН банкны зээл хариуцсан ажилтны хариуцлагагүй байдал зэргийг зээлийн нэмэгдүүлсэн хүүг багасгах үндэслэл болгосон нь буруу байна.

 

Хариуцагч ХААН банк ХХК-иас гаргасан төлбөр төлүүлэх талаар уулзсан тухай тэмдэглэл /хх-112/, Зээлийг буцаан дуудах тухай мэдэгдэл /хх-115/ Тэмдэглэл /хх-108/ зэрэг баримтуудыг нэхэмжлэгч П.Нямгэрэл хүлээн авсан гэх баримтгүй байх тул уг мэдэгдлүүдийг түүнд хүргүүлсэн, улмаар зээлийн гэрэээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байсан гэж үзэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх уг хугацааг сэргээгээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүйгээр хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

ХААН банк ХХК хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д заасан үндэслэлүүдийг аль нэгийг нь нотолсон өөр баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан буюу уг хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шинээр тоолох үндэслэлгүй байна. Хариуцагч 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх тухайн асуудлаар иргэний хэрэг үүсгэсэн, ямар нэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх байдлуудыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд зээлдүүлэгч ХААН банк ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч П.Нямгэрэлээс шаардах эрхгүй, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч П.Нямгэрэл нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэлийн зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасныг баримтлан П.Нямгэрэл, Л.Гангантогос болон ХААН банк ХХК нарын хооронд байгуулагдсан 222 тоот зээлийн болон 222-2 тоот барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201013781 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Монгол тоосго ХХК, 33 дугаар байрны 27 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг хариуцагч ХААН банк ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч П.Нямгэрэлд олгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХААН банк ХХК-иас нэхэмжлэгч П.Нямгэрэлд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 14 074 380.53 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дах заалтыг хасч, 3 дах заалтыг 2 гэж дугаарлан нэхэмжлэгч П.Нямгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 200 363 төгрөг гаргуулж, хариуцагч ХААН банкинд олгосугай гэснийг хариуцагч ХААН банк ХХК-иас 79 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Нямгэрэлд олгосугай гэж өөрчилж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Нямгэрэл давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 400 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ