Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 10

 

 “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн,

хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа   

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 25018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0529 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 555 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагч Д.М нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0529 дүгээр шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 555 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0529 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “У” ХХК-ийн өмгөөлөгч Г.Хандмаа, Д.Цолмон нарын давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчий төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 555 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. “У” ХХК нь “Ш” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө 2017 оноос каргоны үйлчилгээ явуулдаг АНУ-ын “Sh” компанитай хамтран ажилладаг байсан бөгөөд улсын байцаагч нь уг Sh гэсэн фейсбүүк хуудас, www.shuurkhaicargo.com веб сайтад хэзээнээс Ш гэж кириллээр бичигдсэн байсныг тогтоож, бусдын нэр ашигласан, эсхүл англи үгээр бичсэн компанийн нэрийг кириллээр хөрвүүлсэн эсэхийг шалгаж тогтоолгүй 2018 оны 4 сард бүртгүүлсэн “Ш” ХХК-ийн нэрийг ашиглаж өрсөлдөөнийг хязгаарласан, бусдыг төөрөгдүүлэх зөрчил гаргасан гэж үзжээ гэж дүгнэсэн тухайд:

4. “У” ХХК нь shuurkhaicargo.com сайт болон Sh нэртэй facebook хуудсанд “У” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хаяг буюу “Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “Ш” ХХК гэж байршуулсан нь 2018 оны 6 дугаар сарын 19, 2018 оны 8 дугаар сарын 22-нд хайлт хийж хэвлэсэн хуудаснуудаар тогтоогдсон. Түүнчлэн “У” ХХК-ийн захирал Т.Т-ын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн холбогдогчийн мэдүүлгээр Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч, shuurkhaicargo.com сайт болон Sh нэртэй facebook хуудсанд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн байдаг.

5. “У” ХХК нь 2017 оны 10 сарын 10-ны өдөр Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “У” нэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Sh LLC нь тус веб сайтад хэзээнээс Ш ХХК гэж кириллээр бичигдсэн байсныг шалгаж тогтоох шаардлагагүй юм. Учир нь гомдол гаргагч “Ш" ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, улсын бүртгэлд бүртгэгдэж хуулийн этгээдийн нэрээ албажуулан авсан байна. Энэ нь ижил төрлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг /олон улсын шуудан үйлчилгээ/ аж ахуй эрхлэгчдийн хувьд бусдыг төөрөгдүүлж Өрсөлдөөний тухай хуулийн хуулийн 12.1.4-т “бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

6. Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага ба Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуйн эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах чиг үүрэгтэй байгууллага юм. 

7. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, АНУ-д бүртгэлтэй компанийн нэрийг Монголоор хөрвүүлсэн байна гэж ойлгох боломжгүй гэж дүгнэжээ. Гэтэл гомдол гаргагч А.Хашбал нь 2018 оны 4 сарын 03-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас “Ш” ХХК-ийн Монгол Улсын хуулийн этгээдийн гэрчилгээ авч, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Ш” гэх барааны тэмдгийг анх авсан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11/4777 тоот бичгийн хавсралтаар ирүүлсэн улсын бүртгэлийн лавлагаа болон барааны тэмдгийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

8. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар аж ахуй эрхлэгчийн нэрийг дур мэдэн хэрэглэх нь өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл гэж үздэг тул Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 555 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч “У” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...улсын байцаагчийн акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг зөрчсөн, “Ш” ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй, гомдол гаргагчийн бизнес орлогод сөргөөр нөлөөлсөн үйл баримт тогтоогдоогүй, тус компанийн нэрийг ашиглаагүй...” гэж маргажээ.

11. Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг ханган, хариуцагч улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн шийдэл зөв боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

12. “Ш” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “...“У” ХХК нь тус компанийн нэрийг ашиглан иргэдийг төөрөгдөлд оруулж, өөрийн фэйсбүүк болон веб сайтад “Ш” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэсэн хуурамч зарыг түгээн хууль бус зар сурталчилгаа цацаж, бизнесийн орлогод сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа...” гэсэн гомдол гаргасны дагуу тус газрын улсын байцаагч хяналт шалгалт явуулж, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагаар, зөрчлөө нэн даруй арилгахыг шаардаж, албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан байна. 

13. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, ...47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж тус тус заасан.

14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гомдол гаргагч “У” ХХК нь Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй “Sh” LLC-тэй 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, олон улсын шуудан илгээмжийн чиглэлээр хамтран ажилладаг байх ба тус АНУ-ын “Sh” LLC компани нь www.Shuurkhaiсargo.com гэх вэб сайт, Shuurkhai Сargo гэх нэртэй фэйсбүүк хуудсыг хөтлөн явуулдаг байна. Харин Монгол улсын хуулийн этгээд болох “Ш” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, онлайн бараа захиалга, худалдааны зуучлал, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани байна. 

15. Маргаан бүхий, улсын байцаагчийн 5/20 дугаар албан шаардлагын 2 дугаар мөрд “...“Shuurkhaicargo.com” сайт болон “Sh” нэртэй фэйсбүүк хуудсанд “У” ХХК-ийн хаягийг байршуулахдаа “Sh” LLC гэх АНУ-аас холбогдох зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчийн нэрийг байршуулсан байна”, 3 дугаар мөрд ““Ш” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан бөгөөд “Ш” ХХК-ийн зүгээс танай компанид тус аж ахуй эрхлэгчийн нэрийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй байна” гэснээс үзэхэд улсын байцаагч нь энэхүү албан шаардлагад, “У” ХХК-ийг хаягаа байршуулахдаа АНУ-ын компанитай хамтран ажилладаг аж ахуй эрхлэгчийн нэрийг “ашигласан” гэж дурдсанаас, өөрөөр “У” ХХК нь ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан талаар дурдаагүй, ашигласан гэх аж ахуйн нэгжийн нэрийг заагаагүй, харин “АНУ-ын компанитай хамтран ажилладаг” гэж тодотгосон нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

16. Иймээс шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргасан үндэслэлээр, илт хууль бус болохыг тогтоох байжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх улсын байцаагчийн албан шаардлагыг, зөрчил арилгахыг шаардах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзсэн нь буруу юм.

 17. Учир нь, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх...”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах, биелэлтийг нь хангуулах талаар зөрчил гаргагч иргэн, хуулийн этгээдэд албан шаардлага хүргүүлэх эрхтэй байна.

18. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн “магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 555 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “47.1.6” гэснийг “47.1.1” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА