Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02256

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02256

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Х нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02488 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Х хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар н.Батболд болон Б.Хажидмаагаас 28 441 220 төгрөг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсны дагуу газар, хувийн сууц, гараашийг нийтдээ 38 705 000 төгрөгөөр үнэлсэн. Барьцааны эд хөрөнгийг 50 000 000 төгрөгөөр зарагдах бүрэн боломжтой гэж үзэж байна. Шинжээч Үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т заасныг зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцооллыг үнэлгээний тайланд хавсаргаж өгөөгүй. Мөн үнэлгээний тайлан гаргахдаа итгэлцүүрийг хамгийн дээд үнийг авалгүйгээр дундаж үнийг сонгон харьцуулалтын аргуудыг ашигласан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Шинжээч нь тухайн эд хөрөнгийг үнэлэхдээ харьцуулалтын аргыг ашиглахдаа сонгон авсан газар нь эзэмших эсвэл өмчлөх эрхтэй алин нь болохыг тайланд тусгаагүйгээс ямар газартай харьцуулаад байгаа нь тодорхойгүй. Ашигласан эх сурвалж нь тодорхой бус зэргээс шалтгаалан үнэлгээ хэт доогуур тогтоогдсон. Зах зээлийн хандлагын аргыг ашиглахдаа харьцуулсан хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон ба хамгийн дээд үнийг 0 гэж тооцоод дундаж үнэлгээтэй нь харьцуулж үнэлгээг гаргасан. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь дэд бүтцэд холбогдох боломжтой эсэхийг судалж тайланд тусгасан бол үнэлгээ илүү бодитой гарах байсан. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 102/ШЗ2020/00416 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Батболд болон Д.Хажидмаа нараас 28 441 220 төгрөг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгож үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Уулын 9 дүгээр гудамж, 8 тоот хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014950 дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууц, гарааш, Ү-2201000460 дугаарт бүртгэгдсэн өрхийн хэрэглээний зориулалттай газар болон ниссан ноте маркийн 85-54 УБГ улсын дугаартай автомашинаар хангуулахаар шийдвэр гарсан. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 4/246 тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээг 38 705 000 төгрөгөөр тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Батболд болон Д.Хажидмаа нарт 2020 оны 05 сарын 12-ны өдөр танилцуулсан. Шинжээчийн сонгож авсан объектууд нь байршлын хувьд ойролцоо байсан боловч жишиг нэг хөрөнгө нь дахин төлөвлөлтөд хамрагдсан тул итгэлцүүрийг 10 хувиар багасгаж тохируулга хийсэн. Үнэлгээний зүйлтэй ижил боловч үнэлгээний зүйлтэй харьцуулахад төв замаас алслалт, орц болон гарц зэргээс шалтгаалан үнэлгээний зүйлээс дутагдалтай талтай тул итгэлцүүрийг 10 хувиар ихэсгэж тохируулга хийсэн гэж тайланд тусгаж өгсөн байна. Шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, уул 9 гудамжны 8 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014950 дугаарт бүртгэлтэй, 72.5 м.кв талбайтай хувийн сууц, 35 м.кв талбайтай гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-2201000460 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Төлбөр төлөгч үнэлгээний тайлантай танилцахад барьцаа үл хөдлөх хөрөнгийг 38 705 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчсөн. Шинжээч эд хөрөнгийг үнэлэхдээ 4 тал хашаа / 3 см зузаантай банзан/, бие засах газар, таримал 3 ширхэг мод зэргийг үнэлэлгүй зөвхөн орон сууц, газар, гараашийн үнэлгээ хийсэн нь тухайн газар дээр байрлах эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Дээрх дагалдах эд хөрөнгүүдийг үнэлээгүй нь үнэлгээ буурах шалтгаан болсон бөгөөд тайланд үнэлэгдээгүй эд хөрөнгүүдийг тусгаагүй. Үнэлгээний тайланд шинжээч зах зээлийн хандлагын аргыг ашиглаж хөрөнгийн жишиг үнийг тогтоохдоо үнэгүй.мн болон бусад сайтыг ашигласан гэх боловч эх сурвалж болох линкийг тайланд тусгаагүй. Шинжээч тайланд үнэлэгдэж байгаа газартай харьцуулсан газар нь өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй газартай харьцуулсан эсэх тодорхойгүй тайланд ямар эрхийн газартай харьцуулан үнэлгээ тогтоосон талаар тайлбар байхгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.6, 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасныг зөрчсөн.

Тайланд ашигласан сайт руу орж үзэхэд харьцуулсан эд хөрөнгүүдийн эх сурвалж олдохгүй байгаа нь барьцаа эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний тайлан эх сурвалжгүй болох нь тогтоогдож байна. Хөрөнгийн жишиг үнийг тогтоохдоо эх сурвалжийг тайланд заагаагүй нь харьцуулсан 2 эд хөрөнгийн байршил, онцлог шинжтэй, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөгөөнд орсон, худаг, буудал, үйлчилгээнд ойр, эд хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д заасныг зөрчсөн. Ж.Болдбаатарын өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнийн дүн 55 000 000 төгрөг байхад 38 705 000 төгрөгөөр үнэлсэн, зах зээлийн үнээс 7 705 000 төгрөгөөр буруулж үнэлгээ тогтоосон. Шинжээч дагалдах эд хөрөнгүүдийг үнэлээгүй, хөрөнгийн үнэлгээг харьцуулан гаргасан эд хөрөнгийн эх сурвалж тодорхойгүй, харьцуулсан эд хөрөнгө нь ашиглах, эзэмших, өмчлөх эрхтэй хөрөнгөтэй харьцуулсан гэдэг нь тодорхойгүй, тайландаа тусгаагүй, мөн хэт доогуур үнэлсэн талаарх нотлох баримтыг үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Хажидмаа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг гүйцэтгэхээр заасан. Гэтэл шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан танилцуулахыг шүүгчийн туслах О.Энхбаярт даалгасан байх бөгөөд хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах тухай хэргийн 20 дах талд авагдсан баримтад шүүгчийн гарын үсэг зурагдаагүй, уг ажиллагааг явуулсан эсэх нь тодорхой бус байна.

Шүүхийн Захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-26.2.10-т шүүхийн захиргааны ажилтан буюу шүүгчийн туслахын шүүгчийн удирдлага дор хэрэгжүүлэх чиг үүргийг заасан байх ба хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлан танилцуулах ажиллагаа хуулийн дээрх заалтад хамаарахгүй байх тул хэргийн оролцогчийн эрх хангагдсан гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал барьцаа эд хөрөнгийн үнэлгээг гаргасан шинжээч Виннэр вэй ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан нь хэрэгт ач холбогдолтой эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай.

 

Дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ