Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00990

 

 

Б.Хажидмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02488 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2256 дугаар магадлалтай,

 

Б.Хажидмаагийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Хажидмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн шүүгчийн захирамжаар Н.Батболд болон Б.Хажидмаагаас 28,441,220 төгрөг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсны дагуу газар, хувийн сууц, гаражийг нийтдээ 38,705,000 төгрөгөөр үнэлсэн. Барьцааны эд хөрөнгө 50,000,000 төгрөгөөр зарагдах бүрэн боломжтой гэж үзэж байна. Шинжээч Үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т заасныг зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцооллыг үнэлгээний тайланд хавсаргаж өгөөгүй. Мөн үнэлгээний тайлан гаргахдаа итгэлцүүрийг хамгийн дээд үнийг авалгүйгээр дундаж үнийг сонгон харьцуулалтын аргуудыг ашигласан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Шинжээч нь тухайн эд хөрөнгийг үнэлэхдээ харьцуулалтын аргыг ашиглахдаа сонгон авсан газар нь эзэмших эсвэл өмчлөх эрхтэй алин нь болохыг тайланд тусгаагүйгээс ямар газартай харьцуулаад байгаа нь тодорхойгүй. Ашигласан эх сурвалж нь тодорхой бус зэргээс шалтгаалан үнэлгээ хэт доогуур тогтоогдсон. Зах зээлийн хандлагын аргыг ашиглахдаа харьцуулсан хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон ба хамгийн дээд үнийг 0 гэж тооцоод дундаж үнэлгээтэй нь харьцуулж үнэлгээг гаргасан. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь дэд бүтцэд холбогдох боломжтой эсэхийг судалж тайланд тусгасан бол үнэлгээ илүү бодитой гарах байсан. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 102/ШЗ2020/00416 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Батболд болон Д.Хажидмаа нараас 28,441,220 төгрөг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгож үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Уулын 9 дүгээр гудамж, 8 тоот хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014950 дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууц, гараж, Ү-2201000460 дугаарт бүртгэгдсэн өрхийн хэрэглээний зориулалттай газар болон Ниссан ноте маркийн 85-54 УБГ улсын дугаартай автомашинаар хангуулахаар шийдвэр гарсан. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж 2020.04.29-ний өдрийн 4/246 тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээг 38,705,000 төгрөгөөр тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Батболд болон Д.Хажидмаа нарт 2020.05.12-ны өдөр танилцуулсан. Шинжээчийн сонгож авсан объектууд нь байршлын хувьд ойролцоо байсан боловч жишиг нэг хөрөнгө нь дахин төлөвлөлтөд хамрагдсан тул итгэлцүүрийг 10 хувиар багасгаж тохируулга хийсэн. Үнэлгээний зүйлтэй ижил боловч үнэлгээний зүйлтэй харьцуулахад төв замаас алслалт, орц болон гарц зэргээс шалтгаалан үнэлгээний зүйлээс дутагдалтай талтай тул итгэлцүүрийг 10 хувиар ихэсгэж тохируулга хийсэн гэж тайланд тусгаж өгсөн байна. Шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02488 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хажидмаагийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уул 9 гудамжны 8 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014950 дугаарт бүртгэлтэй, 72.5 м.кв талбайтай хувийн сууц, 35 м.кв талбайтай гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-2201000460 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2256 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Хажидмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ...Үл хөдлөх хөрөнгийг 38,705,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн мөн тайланд хэд хэдэн алдаа дутагдал гарсан, мөн хөрөнгийн үнэлгээний тухай хууль 4 дүгээр зүйлийн 4.1.4-т /хууль тогтоомжид нийцсэн байх../ заалтыг зөрчин үнэлгээ тогтоосон байна. Үүнд:

1. Үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т /, хөрөнгийн үнэлгээний зүйл гэж тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрхийг; /заалтыг зөрчсөн, шинжээч эд хөрөнгийг үнэлэхдээ 4 тал хашаа /3 см зузаантай банзан/, 00/ бие засах газар/, таримал 3 ширхэг мод зэргийг үнэлэлгүй зөвхөн орон сууц, газар, гаражийн үнэлгээ хийсэн нь тухайн газар дээр байрлах эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Үнэлгээний тайланд хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгө байгаа газарт үзлэг хийсэн, нүд үзсэн гэж тусгасан мөртлөө дээрх барьцаа эд хөрөнгийн дагалдах эд хөрөнгүүдийг үнэлээгүй нь барьцаа эд хөрөнгийн үнэлгээ буурах шалтгаан болсон мөн хуулийн 3.1.5-т /үнэ цэнэ гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг/ заалтыг зөрчин хашаа, 00, модыг тухайн үеийн мөнгөөр илэрхийлэх үнийн дүнг гаргаагүй, мөн тайланд үнэлэгдээгүй эд хөрөнгүүдийг тусгаагүй болно.

2. Үнэлгээний тайланд шинжээч зах зээлийн хандлагын аргыг ашиглаж хөрөнгийн жишиг үнийг тогтоохдоо үнэгүй.мн болон бусад сайтыг ашигласан гэж бичсэн боловч эх сурвалж болох линкийг тайланд тусгаагүй нь. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 .Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна./ заалтыг зөрчсөн. Шинжээч тайланд үнэлэгдэж байгаа газартай харьцуулсан газар нь өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй газартай харьцуулсан эсэх тодорхойгүй тайланд ямар эрхийн газартай харьцуулан үнэлгээ тогтоосон талаар тайлбар байхгүй байгаа нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.6-т /хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл;/ мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-т /хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжилсэн байх./ заалтуудыг зөрчсөн. Тайланд ашигласан сайтууд руу орж үзэхэд харьцуулсан эд хөрөнгүүдийн эх сурвалж олдохгүй байгаа нь барьцаа эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний тайлан эх сурвалжгүй болох нь тогтоогдож байна. Хөрөнгийн жишиг үнийг тогтоохдоо эх сурвалжийг тайланд заагаагүй нь харьцуулсан 2 эд хөрөнгийн байршил, онцлог шинжтэй, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөгөөнд орсон, худаг, буудал, үйлчилгээнд ойр, эд хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ гаргасан нь тодорхойгүй. Үнэлгээний тайлан нь хууль зүйн шаардлага хангаагүй нь үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-т /хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл;/ заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3. ...Үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөтэй ойролцоо байршил, шинж чанар, онцлох нөхцөл байдлыг судалж үзээд нэхэмжлэгч би үнэгүй.мн мэдээллийн сайтаас хайж эх сурвалж буюу линкийг тусгаж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад нотлох баримт гаргаагүй гэж шүүх дүгнэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх үндэслэх хэсэгтэй нэхэмжлэгч хөрөнгийн үнэ цэнийг сайтаас гаргаж өгсөн баримт нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаагүй байна. Учир нь: Нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлгээний тайлан нь үнэлгээний тухай хууль, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартыг зөрчин үнэлгээ хийсний улмаас хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн гэж гомдол гаргасан.

Анхан болон давж заалдах шатны шүүх үнэлгээний тайлан хууль зөрчсөн эсэх талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй, мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаагүй. Иймд: Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ 1. Дагалдах эд хөрөнгүүдийг үнэлээгүй. 2. Хөрөнгийн үнэлгээг харьцуулан гаргасан эд хөрөнгийн эх сурвалж тодорхойгүй. 3. Харьцуулсан эд хөрөнгө нь ашиглах, эзэмших, өмчлөх эрхтэй хөрөнгөтэй харьцуулсан гэдэг нь тодорхойгүй, тайландаа тусгаагүй. 4. Хэт доогуур үнэлсэн талаарх нотлох баримтыг үнэлээгүй. 5. Гэрчийн мэдүүлэгт: үнэлгээчин эх сурвалжаа тайланд тусгаагүй гэсэн мэдүүлгийг үнэлж дүгнээгүй. 6. Үнэлгээний тайлан: Үнэлгээний тухай хууль, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартыг зөрчин үнэлгээ хийсэн талаар үнэлж дүгнээгүй. Дээрх нөхцөлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.07-ны өдрийн 02488 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо хөрөнгийн төлөв байдлыг тодорхойлж, ижил төрлийн эд хөрөнгөтэй харьцуулж, эх сурвалжаа заасан, мөн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлээгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Хажидмаа, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...шинжээч үнэлгээг хэт багаар тогтоосон... гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн... гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх ...хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлах ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхой бусаас тэдгээрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх хангагдсан гэж үзэх боломжгүй, ...үнэлгээчин О.Бат-Эрдэнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан нь хэрэгт ач холбогдолтой эсэхийг тодруулаагүй... гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахыг хүссэн ба гомдлын агуулгаас үзэхэд давж заалдах шатны шүүх өөрийнх нь давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлвэл, шинжээчийн үнэлгээ хэт бага гэсэн үндэслэлд дүгнэлт хийгээгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах эрхтэй ба энэ тохиолдолд зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2256 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.11.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД