Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1964

 

2019 оны 09 сарын 19 өдөр

     Дугаар 183/ШШ2019/01964       

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

             Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дүгээр  хороо, 0 дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазар гудамж 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Ж овогт Б Б /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, А овогт Б С /рд:00000000/-д холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.М /ШТЭҮД-0000/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах Ү-00000000 улсын бүртгэлийн дугаартай, 00000000 тоот гэрчилгээтэй, 44 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. Б.Б БЖЦ ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас тус компанийн  хэвийн үйл ажиллагаа, боловсон хүчнийг дэмжих зорилгоор тухайн орон сууцанд Б.С-ыг оруулж, Иргэний хуулийн 311 дүгээр зүйл заасан буюу албаны орон сууцны зориулалтаар ашиглуулсан. Б.С нь ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн шаардлага хангахгүйгээр Истана, Рав4, Киа прайм, Приус 20, Эксел маркын машинуудыг тус тус хэрэглэж байсан. Үүнээс Эксель маркын машиныг хувьд нь өгсөн. Ажиллаж байх хугацаанд 00000000 дугаартай утсыг барьж байсан ба түүнийг төлбөрийг байгууллагаас төлж байсан. Мөн 00000000 дугаарыг хэрэглэж байгаад ажлаас гарахад нь хувьд нь өгч байсан. Хариуцагч тал Б.С-ыг огт цалингүй ажиллаж байсан тухай дурдаж байгаа боловч энэ нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалаас ирсэн харагдана. 2002 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 25 000 төгрөг байхад хариуцагч 50 000 төгрөгөөр, 140 000 байхад 200 000 төгрөгөөр, 192 000 байхад 500 000 төгрөгөөр, 240 000 төгрөг байхад 900 000 төгрөгөөр тус тус цалинжиж байсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл тус албаны орон сууцанд амьдарч байгаа бөгөөд албаны орон сууц гэдэг нь албан тушаал хашиж байхдаа хөнгөлөлттэй нөхцлөөр түр хугацаагаар амьдрахыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Ямар тохиолдолд албаны орон сууцаас гарах вэ гэдгийг Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт тодорхой заасан. Б.С нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа, надад амласан орон сууцаа өгсөн гэж тооцож, бодож байсан гэж бичсэн байсан. Хүн бодно гэдэг бол тэр зөвхөн тэр хүний л бодол. Амлалт гэдгийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлснээр үүрэг үүснэ гэж хуульчилсан. Хэрэв хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар амлалт байсан бол нотариатаар батлуулсан байх ёстой. Бэлэглэлийн гэрээний эд хөрөнгийг хуулиар тогтоосон хэлбэрээр өмчлөх эрх үүссэн тохиолдол бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцно. Бэлэглэлийн гэрээ нотариатаар баталгаажсаны дараа улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Тэгэхээр бэлэглэлийн харилцаа огт үүсээгүй. Энэ байр бол Б.Б-ын хуваарьт хөрөнгө, БЖЦ ХХК  бол энэ хэрэгт гуравдагч этгээд. Б.Б БЖЦ ХХК-д дэмжлэг үзүүлсэн болохоос бус өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлээгүй. БЖЦ ХХК нь Б.С-ыг сайн ажиллуулаад тэтгэвэрт гарсаны дараа өмчлүүлэх асуудал нь эхлээд Б.Б болон БЖЦ ХХК-ийн хооронд төлбөр тооцоо дууссаны дараа яригдах асуудал. Иймд тухайн орон сууцанд амьдарч байгаа Б.С-аас орон сууц чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч Б.С нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй Б.Б миний дээрхи орон сууцны өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...БЖЦ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Б.Ж, Б.Б, Б.Ц нар юм. Б.Ж-тай урьд нь хамт нэг газар ажиллаж байхдаа танилцсан бөгөөд 2002 оны эхээр өвөл Б.Ж надтай уулзаад “би шинэ ресторан /одоогийн R/ нээж байгаа чи надад сантехникийн ажилд туслаад өгөөч” гэж анх ярьсан. Мөн ресторан нээгдэхийн өмнөхөн найздаа туслаад сандал угсраад өгөөч гэх мэт гуйх бүрд нь очиж туслаж байсан. 2002 оныхоо хавар 4 дүгээр сард Б.Ж надтай уулзаж “Чи наад ажиллаж байгаа ажлаа орхиод надтай хамтарч ажиллаач, надад чиний тусламж хэрэгтэй байна” гэсэн. Ингээд R рестораны ажлыг нь хүлээн авч, БЖЦ ХХК-ийн нярав хэмээх албан тушаалд ажиллаж эхэлсэн. Б.Ж надад “компаниа өргөжүүлэн Улаанбаатар хотод олон салбар ресторан нээнэ. Чиний хувьд цаашид компанидаа ажиллаж байвал чамд орон сууц болон бусад урамшуулал олгоно” гэсэн, бид олон жил бие биенээ мэддэг болсон, Б.Ж-ыг надад худлаа хэлнэ гэж бодоогүй тул би тухайн үеийн цалингийн хамгийн бага буюу 100 000-200 000 төгрөг авч зөвхөн итгэл үнэмшлээрээ ажиллаж байсан. 2002 оны 7 дугаар сард 3 хоног ажил дээрээ Б.Ж болон түүний найз нарт үйлчилж хоноод, ажлаас бууж амрахаар зуслан руу харих гэж явах замдаа гэр бүлтэйгээ Шадивлангийн зуслангийн замд зам тээврийн осолд орж, эхнэр Ц.Б тархиндаа гэмтэл авсан. Тухайн үед эхнэрт гэмтэл илрээгүй ч, гэмтлийн хүндрэл одоо илэрч эхнэр маань гэмтлийн гаралтай уйланхай хавдартай, байнгын ухаан алдаж унадаг өвчтэй болсон. Би Б.Ж-д цалингаа нэмүүлэх талаар удаа дараа амаар хүсэлт тавьсан боловч, цалин нэмэх боломжгүй харин 2 жил ажиллаад компанийн хэрэгцээнд ашиглаж байгаа Эксел маркийн тээврийн хэрэгслийг цалинд тооцон өгөх талаар тохирсон. Хэдийгээр энэ боломжийн мэт боловч тэрхүү хугацаанд өрхийн хэрэгцээгээ өр зээл тавьж гүйцээж ирсэн тул надад шилжин ирсэн тээврийн хэрэгслийг шууд зарж өр зээлээ дарсан. 2007 онд манай компани Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 7 гудамжинд буюу Энхтайвны гүүрний баруун хойд талд рестораны 2 дугаар салбараа нээсэн. Салбаруудын ажлыг би хариуцан, үйл ажиллагааг жигд сайн явуулахад чармайн ажиллаж, улмаар Б.Ц намайг компанийн гүйцэтгэх захирал болгохоор шийдсэн тухайгаа мэдэгдсэн. Учир нь “Б.Ж төрийн ажил хийдэг, энэ хоёр салбар рестораны ажлыг цалгардуулах ойлгомжтой. Тэгээд ч энэ олон жил рестораныг хариуцуулан ажиллуулж ирсэн туршлагатай тул бид чамд итгэж байна. Миний оруулсан хөрөнгийг яаралтай олж өгөөрэй, чамд хүссэн бүхнийг чинь авч өгнө. Цаашдын амьдралдаа битгий санаа зов. Би бүх юмыг чинь зохицуулна” гэж амалсан. Хувьцаа эзэмшигч Б.Ц өөрийн борлуулалтын компанитай тул рестораны ажилд тэр бүр оролцоод байдаггүй. Харин өөрийн ажиллуулдаг компанийн ерөнхий нягтлан Д.С-р R рестораны санхүү, тооцоог хянадаг байсан ба би түүнд өдөр тутам орлого, зарлагын гүйлгээг тушаадаг байсан. Ингээд Б.Ж надад ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, би БЖЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Энэ үедээ хоёр салбар зоогийн газар хариуцан ажиллаж байсан боловч сард 400 000 төгрөгний цалинг ямар нэг урамшуулал, илүү цаг бодолгүй авч байсан. Учир нь надад энэ хувьцаа эзэмшигч  нар туслана, тэтгэнэ гэсэн итгэл найдварыг алдахгүйн төлөө зүтгэж байлаа. 2013 оноос цалинг 900 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Тухайн үеийн цалингийн систэмээр бол хоёр салбар хариуцсан гүйцэтгэх захирлууд доод тал нь 1 500 000-2 000 000 орчим төгрөг авдаг байсан юм. БЖЦ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хурлын дарга Б.Б намайг ажлаа авах үед уулзан “чамд хоёр ресторан даалгалаа. Romance-1 ресторанаас жилдээ 70 000 000 төгрөг, R-2 ресторанаас жилдээ 90 000 000 төгрөг тус тус цэвэр ашиг тушааж байх” үүрэг өгсөн. Би салбар ресторануудыг ажиллуулан явсаар байсан хэдий ч орон сууц худалдан авах боломж бололцоо хүрэхгүй байсан. Ингээд би хувьцаа эзэмшигч Б.Ц-д “анх ажилд ороход Б.Ж надад байр өгнө гэсэн, та ч бас хүссэн бүхнийг чинь аваад өгнө гэсэн, одоо надад орон сууц хэрэгтэй байна” гэхэд Б.Ц “за ойлголоо энэ талаар ярилцья” гээд  удалгүй Б.Б намайг дуудан “чамд байр өгөх болсон хоёр байр байгаа очоод өөрөө шилж сонгоод аваарай” гэсэн учир би Баянзүрх болон Хан-Уул дүүрэгт байрлах хоёр байрнаас одоо амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хорооллол, 00 дүгээр байр, 00 тоотод байрлах байрыг сонгож авсан. Уг байрыг авахад бүх засал, чимэглэл, хаалга, цонх хуучны хэвээрээ байсан тул засварын ажил хийдэг байсан н.Сумьяа гэдэг залуугаар бүрэн засварыг 13 500 000 төгрөгт багтаан хийлгэсэн. Тухайн цаг үед Б.Ж R-2 ресторан дээр манай найзуудыг хооллож байх үед таарч “Би С-даа байр бэлэглэсэн. Олон жил надад зүтгэсэн сайн ажилчин” гэж магтаж сайшаагаад найзуудтай минь хамт хоол идэн, архи ууж тэмдэглэсэн, Б.Б түүний эхнэр болон ажлынхан байрны найранд хүрэлцэн ирж надад баяр хүргэж байсан. Гэтэл энэ байрыг өнгөрсөн олон жилийн хугацаанд ажиллаж байсны үр дүнд өгсөн гэх ойлголттой явж байтал саяхнаас Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргаснаар байрны асуудал хөндөгдөж эхэлсэн. Хариуцагчийн зүгээс энэ байрыг хууль бус гэж үзэхгүй, өөрийн хөдөлмөрийн үр шимээр олж авсан эд хөрөнгө гэж ойлгож байгаа. Хөдөлмөрлөх эрхийн харилцаанд гүйцэтгэх захирлын албыг хашиж байхдаа эзэмшсэн эзэмшил өнөөдөр яагаад хууль бус эзэмшил гэж. Б.С хэдийгээр тэтгэвэрт гарах болоогүй ч өнгөрсөн хугацаанд нийт 15 жил ажилласан байна. Энэ 15 жилийн хөдөлмөрийг шударга ёсны үүднээс бодвол зарцуулсан жилийг нь бодож, тэтгэвэрт гарах хүртэлх хугацааг бодсон. Үүнийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар бодолцохгүй байгаа юм. Өмнөх ажилласан жилд нь зориулж олгосон байрыг Б.С хууль бусаар эзэмшээд байна уу. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг дурдаж байна. Ямар албан тушаалтай хүн ямар хөнгөлөлт эдлэх талаар зохицуулсан хөдөлмөрийн дотоод журам байхгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С нь 2002 оноос эхлэн ажилласан бөгөөд ажиллах хугацаанд өөр байгууллагад нэг хэсэг ажилласан. Хариуцагч нь ажиллаж байхдаа алдаа дутагдал, ололт амжилт гаргаж байсан. Ололт амжилт байсан учраас бид Б.С-ыг цаашид удаан хугацаагаар ажиллуулахын тулд 2011 онд албаны байранд оруулсан. Ажлаас халагдах үеийн бичлэг байхгүй болсон гээд хардаад байгаа ч тийм зүйл байхгүй. Б.С цалингүй ажиллаж байсан гэдэг нь огт үндэслэлгүй. 2002 оноос 2011 он хүртэл буюу 9 жил цалингүй ажиллаж байгаад байранд орсон гэж итгэл үнэмшилгүй зүйлийг ярьж болохгүй. Хувьцаа эзэмших тухай огт яригдаагүй, харин 2017 оны 01 дүгээр сард буцаад ажилдаа томилогдох үед, ажиллаж байгаа хүмүүсээ идэвхжүүлэхийн тулд ашиг хүртээх тухай ярьсан, гэхдээ энэ бол хувьцаатай ямар ч холбоогүй. Тэр хөдөлмөрийн гэрээ хариуцагчид байгаа, дараа нь гэрээ хүчингүй болж дахин сунгаагүй. Олон жил хөдөлмөрийг үнэлээгүй ажиллуулж байгаад гэнэт ажлаас хөөгөөд гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Миний хариуцагч Б.С-ад хүргүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00/00 гэсэн дугаартай албан бичиг байдаг. Хариуцагч гар утасны төлбөрийг төлж үзээгүй, мөн ресторанд гэр бүлээрээ үнэгүй хооллодог байсан. Бас өөрийнх нь унаж байсан эксель машиныг хувьд нь үнэгүй өгч байсан. Энэ хугацаанд утасны бүх төлбөрийг манай компани төлж байсан. Ажлаас гарахад нь 00000000 гэсэн дугаарыг хувьд нь өгч байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ташаа зүйл ярьж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь Б.С-ад холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Б.Б БЖЦ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн хэвийн үйл ажиллагаа, боловсон хүчнийг дэмжих зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг Иргэний хуулийн 311 дүгээр зүйл зааснаар албаны орон сууцны зориулалтаар Б.С-ад ашиглуулсан. Б.С- нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас гарсан тул орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардаж байна“ гэж тайлбарласан.

 

Хариуцагч “... Б.Ж надад “...чиний хувьд цаашид компанидаа ажиллаж байвал чамд орон сууц болон бусад урамшуулал олгоно, чи жаахан тэсээд хүлээчих” гэсний дагуу би 100 000-200 000 төгрөгийн цалин авч, итгэл үнэмшлээрээ ажиллаж байсан. Тухайн үед цалин хөлс 1.5-2 сая төгрөг байхад 11 жилийн дараа 900 000 төгрөгийн цалин олгосон. ...Б.Б “...чамд 2 өрөө байр өгөхөөр болсон, эдгээр байрнуудаас сонгоод ав” гэсний дагуу уг байрыг сонгож, 13 500 000 төгрөгийн засвар хийж орсон. Хамт олон болон найз нөхдөө дуудан байрны найр хийж байх үед нэхэмжлэгч ирж, олон жил үр бүтээлтэй ажилласан үр дүнг үнэлж бэлэглэсэн гэдэг байдлаар тайлбарласан. Иймд миний 15 жилийн хөдөлмөрийн үр шимд 3 өрөө байрыг бэлэглэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргасан. 

 

Хэргийн баримтаас үзэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БЖЦ ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Б.Б, Б.Ж, Б.Ц нар байх бөгөөд хариуцагч Б.С- тус компанид 2002 онд няраваар ажиллаж эхэлснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ.

 

Улмаар ажил олгогч БЖЦ ХХК нь Б.С-ад 2002 оноос 2016 оны 4 дүгээр сарыг дуустал цалин хөлс олгож байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн архивын лавлагаагаар тогтоогдож байх тул ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээгээр түүнийг орон сууцаар хангах үүрэг хүлээгээгүй, хамтын гэрээ, хэлэлцээр талуудын хооронд байгуулагдаагүй, мөн хариуцагч нь ажил олгогчийг “маш бага цалин хөлс олгож байсан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.  

 

Харин ажил олгогч нь иргэний ажиллах хүчийг хөлслөн авч, үйл ажиллагаа явуулж, тодорхой ашиг олох зорилго агуулдаг бөгөөд ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас хамаарч ажил олгогч түүнийг урамшуулах эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу Б.С-ын сайн ажиллаж байсан өмнөх жилүүдийн хүчин чармайлтыг харгалзан, тус компанид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан тохиолдолд өмчлүүлэх нөхцөлтэйгээр, орон сууцыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн байх бөгөөд хариуцагч Б.С уг болзол, нөхцөлийг мэдэж байсан болох нь түүний 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогч байгууллагад гаргасан “...би ажилласан болон цаашид ажиллах байсан жилүүдээрээ хувь тооцон зөрүү 24 600 000 төгрөгийг төлж, орон сууцаа өөрийн нэр дээр авах хүсэлтэй байна” гэх хүсэлтээр тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаар хариуцагчийн “уг орон сууцыг бэлэглэсэн” гэх тайлбар няцаагдаж байх бөгөөд хариуцагч Б.С 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар түүнд орон сууцыг өмчлүүлөхөөр тохиролцсон нөхцөл дуусгавар болжээ.

 

Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2-т зааснаар хариуцагч Б.С-ад хууль ёсоор эзэмшил үүсээгүй, түүнийг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд хэдийгээр Б.Б нь ажил олгогч компанийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын дарга мөн боловч нэгэнт маргаж буй Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, орон сууцны зориулалттай 44 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Жамъяан Б овгийн Б Б болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, орон сууцны зориулалттай 44 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ