Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00579

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00579

 

 

Ч.Отгончимэг, П.Батнайман нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00150 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Отгончимэг, П.Батнайман нарын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00965 дугаар захирамжаар П.Батнайман, Ч.Отгончимэг нараас 49 353 682.76 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ ХХК-д олгохоор болсон. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагаагаа хөнгөвчилж шинжээч томилон үнэлгээ тогтоолгоё гэтэл биднийг шахсаар үнэлгээг 200 500 000 төгрөгөөр бичүүлж авсан. Тухайн үедээ бид энэ дүнг үнэлгээ гэж бодсон боловч үүнийг 70 хувиар бууруулж 140 000 000 төгрөг болгож дуудна гэж мэдэгдсэн. Дуудлага худалдааны үнэ 70 хувиар үнэлэгдэнэ гэж ойлгоогүй тул үнэлгээг хүчингүй болгож, зах зээлийн үнэлгээг тогтоолгох шаардлага нь иргэн бид амьдрах орон байртай үлдэх хэрэгцээ шаардлагаас урган гарч байгааг ойлгож үзнэ үү. Хуулийн мэдлэггүй байсан учир үнэлгээний санал өгөхдөө бага үнээр үнэлсэн. Энэ 3 өрөө байрны үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байгаа. Иймд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот, 80.20 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 200 500 000 төгрөгөөр үнэлсэн дуудлага худалдааны үнэлгээг 70 хувиар бууруулсныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нарт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 148/01, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 148/02, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 148/03 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П.Батнайман, Ч.Отгончимэг нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч П.Батнайман, Ч.Отгончимэг нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг 200 500 000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн. Уг үнэлгээг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. Талуудад харилцан тохиролцсон үнэлгээг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 200 500 000 төгрөгийн 70 хувь 140 350 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ч.Отгончимэг, П.Батнайман нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Отгончимэг, П.Батнайман нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл гэдэг зүйлээ өөрөө бичээд шууд энд гарын үсэг зур гээд зуруулсан. Ямар зүйл дээр гарын үсэг зуруулж байгаагаа танилцуулдаггүй. Анхны дуудлага худалдаа 70 хувиар ордог болохыг танилцуулаагүй, харин гарын үсэг зуруулаад байрыг чинь үнэлнэ, саналаа хэл гэхээр нь саналаа өгсөн. Анхан шатны шүүх бодит байдалд дүгнэлт өгөөгүй. Дуудлага худалдаанд үнийн 70 хувиар оруулж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Отгончимэг, П.Батнайман нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00965 дугаартай захирамжаар Ч.Отгончимэг, П.Батнайман нар нь БСБ Финанс ББСБ ХХК-д 49 353 682.76 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлөх, хэрэв төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот хаягт байрлах 80.20 м.кв талбай бүхий Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталгаажуулсан байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 00685 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 148/1 тоот тогтоолоор дээрх барьцаа хөрөнгийг битүүмжилж, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 148/2 тоот тогтоолоор хураажээ.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч нар санал /хх-ийн 37, 38/ гаргасныг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 39/ тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг талуудын харилцан тохиролцсон үнэ болох 200 500 000 төгрөгийн 70 хувиар тооцсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн санал болгох доод үнийг тогтооход шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарын гаргасан үнийн саналыг харгалзан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. Иймд барьцаалагдсан 3 өрөө байрны үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгч нарын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дах хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хууль, эрх зүйн мэдлэггүйгээс үнэлгээний саналыг бага үнээр өгсөн гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй байхаас гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшаас хэт доогуур тогтоогдсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 102/ШШ2018/00150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Отгончимэгийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ