Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01031

 

Ч.О, П.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00150 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 579 дүгээр магадлалтай

Ч.О-, П.Б- нарын нэхэмжлэлтэй

Н-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.О-, П.Б- нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00965 дугаар захирамжаар П.Б-, Ч.О- нараас 49 353 682.76 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ ХХК-д олгохоор болсон. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагаагаа хөнгөвчилж шинжээч томилон үнэлгээ тогтоолгоё гэтэл биднийг шахсаар үнэлгээг 200 500 000 төгрөгөөр бичүүлж авсан. Тухайн үедээ бид энэ дүнг үнэлгээ гэж бодсон боловч үүнийг 70 хувиар бууруулж 140 000 000 төгрөг болгож дуудна гэж мэдэгдсэн. Дуудлага худалдааны үнэ 70 хувиар үнэлэгдэнэ гэж ойлгоогүй тул үнэлгээг хүчингүй болгож, зах зээлийн үнэлгээг тогтоолгох шаардлага нь иргэн бид амьдрах орон байртай үлдэх хэрэгцээ шаардлагаас урган гарч байгааг ойлгож үзнэ үү. Хуулийн мэдлэггүй байсан учир үнэлгээний санал өгөхдөө бага үнээр үнэлсэн. Энэ 3 өрөө байрны үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байгаа. Иймд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот, 80.20 м.кв тгазй бүхий 3 өрөө орон сууцыг 200 500 000 төгрөгөөр үнэлсэн дуудлага худалдааны үнэлгээг 70 хувиар бууруулсныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч нарт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 148/01, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 148/02, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 148/03 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П.Б-, Ч.О- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч П.Б-, Ч.О- нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг 200 500 000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн. Уг үнэлгээг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. Талуудад харилцан тохиролцсон үнэлгээг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 200 500000 төгрөгийн 70 хувь 140 350 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00150 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ч.О-, П.Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-, П.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 579 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.О-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01  дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 579 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна

Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус ажиллагааг дур мэдэн явуулдаг бөгөөд  шийдвэр гүйцэтгэгч нь тэмдэглэл гэдэг зүйлээ өөрөө бичээд шууд энд гарын үсэг зур гээд гарын үсэг зуруулан аваад л явдаг болохоос ямар учир утгатай зүйл дээр гарын үсэг зуруулж байгаагаа танилцуулдаггүй, эцэст нь өөрсдийгөө хамгаалах бичиг хийж авдаг байсныг нь одоо л ойлгож мэдэж байна. Өртэй хүн гэдэг чинь бусдаас айж ичин хэлсэн болгоныг нь биелүүлэхээс чи юун дээр зуруулж байна гэж асууж танилцах эрхгүй л байдаг байсан.

Мөн төлбөр төлөгч нарт анхны дуудлага худалдаа 70%-иар ордог болохыг ойлгуулж, танилцуулаагүй харин гарын үсэг зуруулаад байрыг чинь үнэлнэ саналаа хэл гэхээр нь л санал өгсөн харин хэзээ байр үнэлэх бол гэрээсээ гарч болохгүй шүү үнэлгээний хүн ирнэ гэхээр нь хүлээгээд л байсан.

Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дуудлага худалдаанд орох мэдэгдэл дээр гарын үсэг зуруулахад үнэлгээ нь 140 000 000 төгрөгөөр орох болсныг мэдээд зах зээлийн үнэнээс хэт доогуур болсон тул дахин үнэлгээ хийлгэхээр гомдол гаргасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нар нь хүний хөрөнгийг хураан авч нэхэмжлэгч зөвшөөрсөн гэдгээр үнэлгээ хийлгүй дуудлага худалдаанд оруулах болсныг үнэхээр зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх бодит байдалд дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн бичиг баримт нь бүрэн байна гэдгээр хуулийн дагуу бичиг баримтыг бүрдүүлж авсан уу аль эсвэл тулган шаардлага, айлган сүрдүүлж бичиг баримтыг бүрдүүлсэн үү гэдгийг шалгаж тогтоогоогүйгээс миний адил маш олон хүн орон байргүй болж байгаа.

Бидэнд үнэлгээ хийнэ гэж хэлчихээд үнэлгээ хийлгүй шууд дуудлага худалдаанд оруулахдаа үнийн 70%-иар оруулж байгааг зөвшөөрөхгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, үнэлгээг хуулийн дагуу хийлгэж өгнө үү.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 17б.2.5-т заяснэар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ201800150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 579 дүгээр магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00965 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.О-, П.Б- нар нь “БСБ Финанс ББСБ” ХХК-д 49 353 862.76 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд харилцан тохиролцсон хугацаанд төлж барагдуулах, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар, Замчдын гудамж, 24а байрны 44 тоот хаягт байрлах 80.20 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нар нь тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй үндэслэлээр төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хурааж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч орон сууцыг 200 500 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрсөн тул дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг талуудын харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцож, 140 350 000 төгрөгөөр тогтоож, төлбөр төлөгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нар буюу төлбөр төлөгч нь санал болгосон үнээс буурсан үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулж байгаа нь зах зээлийн үнэд нийцэхгүй байна гэж үзэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. 

Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг  хэрхэн тооцож, тогтоохыг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан тул энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг давхар хэрэглэх шаардлагагүй юм.

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй.

Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг талуудын тохиролцсон үнийн 70 хувиар тооцож,  тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 579 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00150 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1,” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР  

               ШҮҮГЧ                                                    Х.ЭРДЭНЭСУВД