Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00150

 

 

    2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/00150

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 24А байр, 44 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Ч.О /РД:ХД73062761/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 24А байр, 44 тоотод оршин суух, Монгол ургийн овогтой П.Б /РД:ЧЖ73030811/ нарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, НШШГГт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, П.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О, П.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00965 дугаар захирамжаар П.Б, Ч.О нараас 49,353,682.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-д олгохоор болсон. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагаагаа хөнгөвчилж шинжээч томилон үнэлгээ тогтоолгоё гэтэл биднийг шахсаар үнэлгээг 200,500,000 төгрөгөөр бичүүлж авсан. Тухайн үедээ бид энэ үнэлгээ гэж бодсон. Гэтэл дараа нь 70 хувиар бууруулж 140,000,000 төгрөг болгож дуудна гэж мэдэгдсэн. Иймд бид зах зээлийн болоод хуулийн шаардлагад 70 хувь буурсан нь нийцсэн үнэ болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь дуудлага худалдаа 70 хувиар үнэлэгдэнэ гэж ойлгоогүй. Үнэлгээг хүчингүй болгож зах зээлийн үнэлгээг тогтоолгох шаардлага нь иргэн бид амьдрах орон байртай үлдэх хэрэгцээ шаардлагаас урган гарч байгааг ойлгож үзнэ үү. Иймд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот, 80.20 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 200,500,000 төгрөгөөр үнэлсэн дуудлага худалдааны үнэлгээг 70 хувиар бууруулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.О, П.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00965 дугаар захирамжаар П.Б, Ч.О нараас 49,558,991 төгрөг гаргуулж “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллагад олгохоор болсон юм. НШШГГ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа явуулж Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороолол 24А дугаар байрны 44 тоот 80,20 м.кв 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах орон сууцны үнэлгээг 200,500,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгч нарт мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нар хуулийн мэдлэггүй байсан учир үнэлгээний санал өгөхдөө бага эд хөрөнгөө үнээр үнэлсэн. Энэ 3 өрөө байрны үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоож мэдэгдэл өгсөн. Уг үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00965 дугаар захирамжаар П.Б, Ч.О нараас 49.558.991 төгрөгийг төлж барагдуулах, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот хаягт байрлах 80,20 м.кв талбай бүхий Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, төлбөрийг БСБ Финанс ББСБ" ХХКомпанид олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 148/01, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 148/02, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 148/03 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П.Б, Ч.О нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч П.Б, Ч.О нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П.Б, Ч.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот хаягт байрлах 80,20 м.кв талбай бүхий Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг 200,500,000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн. Уг үнэлгээг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. Талуудад харилцан тохиролцсон үнэлгээг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П.Б, Ч.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот хаягт байрлах 80,20 м.кв талбай бүхий Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 200,500,000 төгрөгийн 70 хувь 140,350,000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б, Ч.О нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явуулсан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00965 дугаартай захирамжаар хариуцагч Ч.О, П.Б нар нь нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-д 49,353,682.76 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлөх, хэрэв төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот хаягт байрлах 80.20 м.кв талбай бүхий Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Уг захирамжийн дагуу хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцааны хөрөнгийг битүүмжлэн хурааж, төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч төлбөрөө төлөөгүй үндэслэлээр барьцааны хөрөнгийг үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч Ч.О, П.Б нар 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 200,500,000 төгрөгөөр үнэлж, саналаа өгсөн байна. Үүнийг төлбөр авагч “БСБ Финанс ББСБ” ХХК зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 37-39 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Ч.О, П.Б, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар өгсөн үнэлгээг 70 хувь бууруулсан, мөн үнэлгээний санал өгөхдөө хууль эрх зүйн мэдлэггүйгээс бага үнийн санал өгсөн гэж тайлбарлажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “177.1.Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж тус тус заасан байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.О, П.Б нарт 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 3/19482 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот хаягт байрлах 80,20 м.кв талбай бүхий Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцны үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ  200,500,000 төгрөгийн 70 хувь 140,350,000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох дээд үнийг тогтоох болсныг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн байна. /хх-ийн 40, 42 дугаар тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийг тогтооход шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарын гаргасан үнийн саналыг харгалзан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тогтоосон байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч нарын саналыг харгалзан хуульд заасан журмын дагуу тогтоосон байх тул хууль мэдэхгүй гэх үндэслэлээр хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ч.О, П.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг тогтоосон мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч , 7 хоногийн дотор буюу 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2017/15115 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна. Зохигч уг захирамжид 10 хоногт гомдол гаргаагүй тул захирамж хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч нар дахин 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв. /хх-ийн 6 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ч.О, П.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О, П.Б  нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР