Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 17

 

    Д.М-ын нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл,шинжлэх ухаан,

спортын сайдад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Ч.Тунгалаг,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа   

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Монгол Улсын боловсролын их сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0282 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/453 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0282 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоож,  Төрийн албаны тухай /2017 он/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 72.830,969 /далан хоёр сая найман зуун гучин мянга есөн зуун жаран ес/ төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/453 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0282 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2 гэснийг нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Д.М-ын нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 282 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 453 дугаар магадлалыг тус тус хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн: Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хариуцагч талаас Үндэсний аудитын газраа тайлбар болон нотлох баримт гаргуулах хүсэлтүүд гаргасан бөгөөд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг зөрчиж хариуцагчийн өмгөөлөгчийг гомдол гаргах эрхээр хангаагүй.

5. Тодруулбал, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “үндэсний аудитын газраас Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж зөрчилгүй хэмээн гэрчилгээ олгосон байтал нэхэмжлэгч рүү чиглэсэн шалгалт хийж зөрчил илрүүлсэн” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн зүгээс “Үндэсний аудитын газраас “Зөрчилгүй байгууллага” гэсэн гэрчилгээг олгох үндэслэл болсон баримт буюу гэрчилгээний хувийн хэрэг, мөн Үндэсний аудитын газраас МУБИС-ын ямар ямар санхүүгийн баримтууд дээр үндэслэн дээрх гэрчилгээг олгосон талаар тайлбарыг гаргуулах” хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхээс гэрчилгээний хувийн хэргийг Үндэсний аудитын газраас гаргуулсан боловч МУБИС-ын ямар санхүүгийн баримтуудад дээр үндэслэн дээрх гэрчилгээг олгосон талаар тайлбарыг Үндэсний аудитын газраас гаргуулалгүйгээр уг хэргийг шийдвэрлэсэн юм.

6. Мөн энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 318 дугаар тогтоолд “маргаан бүхий актын үндэслэлд холбогдох “санхүүгийн зөрчил гаргасан эсэх” асуудлаар дүгнэлт хийхдээ дурдсан зөрчлүүдэд холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж дүгнэлт хийх ёстой байтал, нотлох баримт цуглуулаагүй” гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч уг баримтыг анхан шатны шүүх цуглуулаагүй, тогтоолд дурдсан зөрчил арилаагүй, алдааг залруулаагүй атлаа уг хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийнхүү уг баримтуудыг гаргуулаагүй атлаа анхан болон давж заалдах шатны шүүх уг баримтыг үнэлж нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй.

7. Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалтан боловч бодит байдал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулдагггүй, харин төрийн албаны сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдон үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг “удирдах” албан тушаалтнуудын эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар шууд тодорхойлох боломжгүй” гэжээ.

8. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна”, 9.1.2-т “Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасны дагуу Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан тушаал юм. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал, ажлаас чөлөөлөх үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан бол Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд түүний хөдөлмөрийн харилцааг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж үзэж байна. Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан байтал уг гэрээг шүүх байгуулахгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

9. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Дараах зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гэнэ”, 3.1.б-д “Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гарсан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон” гэж заасан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас жил бүр дээд боловсролын их дээд сургуулиудад тодорхой хуваарийн дагуу үйл ажиллагаанд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын шалгалт явуулдаг бөгөөд МУБИС-д 2017 оны 1 дүгээр улиралд шалгалтыг явуулахдаа тодорхой удирдамжийг гарган хүргүүлж, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоолоор МУБИС-ийн захирал Д.М нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан санхүүгийн ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон юм. Энэ нь дээрх хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан, одоог хүртэл уг аудитын хорооны дүгнэлт нь хүчин төгөлдөр байтал үүнийг зөрчлийг тогтоосон шийдвэр гэж анхан шатны шүүх үнэлэхгүй байгаа нь үндэслэлгүй. Мөн уг шалгалтын удирдамжийг МУБИС-д хүргүүлж, газар дээр нь тодорхой хугацаанд байрлаж хяналт шинжилгээ явуулсаар байтал шалгалтын тайлан гарсныг нэхэмжлэгч огт мэдээгүй, сонсоогүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч Д.М нь “Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Боловсролын их сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй,... ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн, ...аудитын шалгалтын дүнг танилцуулаагүй ажлаас чөлөөлсөн нь Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж маргасан бол, хариуцагчаас ...Д.Мын санхүүгийн зөрчил гаргасан нь дотоод аудитын хорооны дүгнэлт, тогтоолоор тогтоогдсон,...төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан..., үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар гаргажээ.

12. Маргаан бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Д.М-ыг Боловсролын их сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсонд тооцсон байна.

13. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар Боловсролын их сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд түүний эрх зүйн байдлыг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор зохицуулжээ.

14. Нэхэмжлэгч Д.М нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Боловсролын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, улмаар сайдын 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар уг албан тушаалд жинхлэн томилогдсон, тэрээр сонгон шалгаруулалтын үндсэн дээр тухайн албан тушаалд томилогдон, төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан тул түүнийг ажлаас халах, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай хууль /2002 оны/ болон Төсвийн тухай хуулийг баримтлахаар байна.

15. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол ...дараах сахилгын шийтгэлийг ногдуулна: ...26.1.3. төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/57 дугаар тушаалаар, Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирлуудын 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд үнэлгээ хийж, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байх ба тус Ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, их, дээд сургуулиудын захирлуудын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд Боловсролын их сургуулийн захирал Д.Мын үр дүнгийн гэрээний биелэлт 90 оноогоор дүгнэгдсэн, мөн Үндэсний аудитын газраас, тус сургуулийн 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, зөрчилгүй гэж дүгнэж байжээ.  

16. Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Боловсролын их сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамжийг баталсан байх бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооноос тус сургуулийн 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж 14 зөрчил илрүүлэн, ажлын тайланг Дотоод аудитын хорооны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 03 дугаар тогтоолоор тус сургуулийн захирал Д.М-д хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн, гэвч шалгалтаар илэрсэн гэх 14 зөрчил нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүйн дээр эдгээр зөрчилд дан ганц нэхэмжлэгчийг буруутган хариуцлага ногдуулсаныг буруу гэж үзэхээр байна.

17. Мөн Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69 дүгээр зүйлийн 69.5-д “Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална” гэж заасан, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор  батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.3.3-д хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулахаар заасан, гэвч хариуцагчаас Дотоод аудитын хорооны тайлан, тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулсан, мөн маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

18. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж сахилгын шийтгэл ногдуулж болохгүй үндэслэлийг заасан, гэтэл хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамжийг баталж, Дотоод аудитын хорооноос Боловсролын их сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж зөрчил илрүүлэн, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хяналт шалгалтын тайлангаа гаргасан, гэвч уг тайланг тус хорооны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 03 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолыг үндэслэн хариуцагчаас 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Д.М-ыг Боловсролын их сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөнийг хууль зөрчсөн, тодруулбал нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Иймээс эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсаныг зөв гэж үзлээ. 

19. Иймд, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2019/0453 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА