Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02398

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02398

 

 

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/01710 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ-д холбогдох

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч ХХХ нь сонгон шалгаруулалтад тэнцэж, Нийслэлийн засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/151 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Энэ хугацаанд багш, ажилчдыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, идэвхи зүтгэл гаргаж ажилласны үр дүнд сургуулийн сургалт, урлаг, спорт хүмүүжлийн ажлын чанар жил тутам ахиж, манай сургууль 2015 онд Тэргүүний сургууль-иар, 2017 онд Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар, 2017 оны 1 дүгээр сарын 6-нд Нийслэлийн боловсролын газрын даргын Хүндэт өргөмжлөл-өөр тус тус шагнагдаж байсан. 2016 онд манай сургуулийн 10 жилийн ой тохиосонтой холбогдуулан хэд хэдэн ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэхээр зорилт болгон ажилласны дотор сургуулийн засвар, тохижилтын ажил байсан. Багш нар болон эцэг эх, төгсөгчдийн зүгээс сургуулийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар бүтээлч санал, санаачлага гарч байсан тул 2016 оны 4 дүгээр сарын 6-нд сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурал болж сургуулийн анги танхимын урсгал засвар, тохижилтын ажилд сурагч бүрийн эцэг эхчүүдээс 10 000 төгрөг гаргаж хандивлах шийдвэр гаргасан. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүх багш ажилчдын нэгдсэн хурлыг хуралдуулсан. Дээрх эцэг эхчүүдийн зөвлөлийн хурал, багш ажилчдын нэгдсэн хурлын шийдвэрүүдийн дагуу багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс 21 780 716 төгрөг, төсвөөс 14 800 000 төгрөг төвлөрснийг сургуулийн урсгал засвар, тохижилтын дараах ажлуудад зарцуулсан болно. Үүнд: Төсвийн санхүүжилтийн 14 800 000 төгрөгөөр тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу сургуулийн гадна фасадыг шинэчлэн будах, орох гол хаалганы өнгө зүс, агаар, дулаан сэлгэлтийг сайжруулж, иж бүрнээр нь засварлах ажилд зарцуулсан. Багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс 21 780 716 төгрөгийг сургуулийн бусад тохижилт, урсгал засварын ажилд зарцуулсан. Засвар болон тохижилтын ажлуудыг багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдийн санал, санаачлага дэмжлэгтэй хийж гүйцэтгэн, сургуулийнхаа 10 жилийн ойг 2016 оны 11 сарын 21-нд амжилттай тэмдэглэн өнгөрүүлсэн. 2016 оны 11 сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэх хэсэг хүмүүс манай сургууль дээр ирж ажил байдалтай 1 цаг гаруй хугацаанд танилцсан боловч сургуулийн захирал надад болон багш, ажилчдад ямар нэгэн тайлбар хийгээгүй явсан. Гэтэл гэнэт 2017 оны 3 дугаар сарын 7-ны үдээс хойш захирлын ажлыг хүлээлцүүлэх, хүлээн авах ажлын хэсэг гэж 4 хүн сургууль дээр ирж тус сургуулийн захирал надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсэн тухай Нийслэлийн засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг танилцуулж, тамга битүүмжлэн яваад, 3 хоногийн дараа Нийслэлийн засаг даргын 2017 оны02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийн үндэслэл болох Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн захирал ХХХ-ын нэр дээр ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн талаар илтгэх хуудас гэх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн баримтыг миний хүсэлтээр надад танилцуулсан. Илтгэх хуудас болон Нийслэлийн засаг даргын захирамжийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Тус сургуульд багшаар ажиллаж байсан ХХХ, ХХХ нарыг миний ажил үүрэгтэй холбогдуулан төр захиргааны байгууллагад хандсан нь өс хонзонгийн сэдэлтгэй байсаар байхад холбогдох ажлын хэсэг, тэр тусмаа Нийслэлийн боловсролын газар нөхцөл байдлыг үндэслэлтэйгээр судлан дүгнэлт гаргалгүй ХХХ-д санал оруулж, Ажлаас халах хэмжээний сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргуулсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Учир нь дээрх ажлын хэсэг ажилласнаас хойш буюу 2016 оны жилийн эцсийн балансын тайлан, мэдээтэй холбогдуулан хуулийн дагуу манай сургуулийн санхүүгийн бичиг баримтад Нийслэлийн аудитын газраас хяналт шалгалт хийсэн боловч ямар нэг санхүүгийн зөрчил байгаа эсэх талаар дүгнэлт гаргаагүй болно. Ер нь дүүргээс манай сургууль дээр хийгдсэн шалгалт ямар нэг удирдамжгүй, миний санал дүгнэлтийг сонсоогүй, шалгалтын байдлыг танилцуулаагүй Хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. Мөн намайг ажлаас халах шийдвэр гаргахдаа намайг сонсож, тайлбар баримт гаргуулах боломжоор хангалгүй Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 13.3, 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтуудыг зөрчсөн. Ажлаас халахдаа улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлийг заасан боловч улсын байцаагчийн дүгнэлт нь өөр байдаг.  Иймд дээрх нөхцөл байдал, холбогдох баримтуудыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/423 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан тус дүүргийн Боловсролын хэлтэс, тус дүүргийн 117 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хяналт тавьж ажилласан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж хуулийн хүрээнд хийгдсэн шалгалт юм. Дээрх ажлын хэсгийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тайлан болон бусад баримтуудыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирал ХХХыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар 2017 ажпаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. ХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасны дагуу байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол гэрээг дуусгавар болгон, цуцлах үндэслэл болох бөгөөд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж ажлаар халахаар заасан. ХХХ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуултйн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7, БСШУСайд, Сангийн сайдын 2008 ноы 56/64 дүгээр тушаал Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм-ийн 2.8, 3.6, Засгийн газрын 2016 оны Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын 1, 2.2, Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам-ын 2.6, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6 дахь заалтуудыг зөрчсөн. Илтгэх хуудас 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулагдаж, 2 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халсан шийдвэр гарсан. Иймээс иргэн ХХХ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул ХХХ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Нийслэлийн засаг даргын 2017 оны 2 сарын 13-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/20 захирамжийг хүчингүй болгон, ХХХыг 107 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан   Нийслэлийн засаг даргын тамгын газраас 4 902 218  төгрөгийг гаргуулж  ХХХад  олгож, ХХХад  олгох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжинд  хариуцагчаас 93 385 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудасны 2 дугаар мөрөнд "2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр багш ажилчдын хурал болж, сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэх эсэх, сургууль, ангийн засварыг хэрхэх талаар хэлэлцэж, сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр, багш нар 2 дугаар улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа хандивлах, ангийн засварыг өөрсдөө хийх, сурагчдаас 10 000 төгрөг, үүний 3 000 төгрөгийг ангийн засварт, 7 000 төгрөгийг ойд хандив болгон авахаар шийдвэрлэжээ. Улмаар багш, ажилчид сургуулийн ойг тэмдэглэхэд хандив өгөхийг зөвшөөрч баримт үйлдсэн, сурагчдын ангийн засвар, хандивын мөнгийг эцэг, эхийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн, түүнчлэн нэг айлын хэд хэдэн сурагчийн зөвхөн нэгээс мөнгийг авсан, зарим санхүүгийн бололцоо муутай хүүхдийг үүнд хамруулаагүй тухай гэрчүүд мэдүүлж байна" гэснээс үзэхэд хандив гэж үзэх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хандив нь сайн дурын үндсэн дээр хандивлагчийн хүсэл сонирхолд нийцэж сайн дураараа өгсөн байхыг хэлэх бөгөөд Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно." 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт "Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно" гэснийг зөрчиж байгаа нь тогтоогдож байна. Гэтэл үүнийг анхан шатны шүүх "...албадлагын шинжтэй болсон нь харагдахгүй байна" гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн нь нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэхээр байна. Боловсролын тухай хуулийн 39 дүгэзр зүйлийн 39.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4, 25 дугаарзүйлийн 25.7 дахь хэсэгт заасан бөгөөд Төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал нь хандив, тусламжийн мөнгийг бэлнээр захиран зарцуулах эрхийг хууль, тогтоомжоор болон ажил олгогчийн зүгээс олгоогүй бөгөөд санхүүгийн болон дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон. Гэтэл шүүх "... хандивын мөнгө нь ажил олгогчийн ажилтанд хариуцуулж өгсөн мөнгө, эд зүйл биш бөгөөд гадна байгууллагад, түүний хамт олонд хохиролтой байдал гаргаагүй байна" гэж дүгнэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлан гэж үзэж байна. Сургуулийн захирал нь сургуулийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эд хариуцагч бөгөөд тодорхой зориулалт, чиглэлэзр эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх мэдлийг Нийслэлийн өмчийн газартай гэрээ байгуулан авсан удирдах албан тушаалтан юм. Харин ажилтан бэлэн мөнгийг төрийн сангийн дансаар оруулж зарцуулаагүй, анхан шатны баримтын бүрдлийг дутуу хангасан, тухайн үед кассын тайлан гаргаагүй зөрчилтэй байсан гэж дүгнэсэн боловч захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ХХХ нь нэхэмжлэлийн шаардлага дээрээ хариуцагчийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Засаг дарга гэж тодорхойлсон гэтэл шүүх хуралд нийслэлийн Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар оролцуулаагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно" 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт "Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй" гэснийг тус тус зөрчсөн. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/01710 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй, нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан болохыг батлаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... нэхэмжлэгч нь багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс хандив цуглуулж, сахилгын зөрчил гаргасан гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/39 дүгээр тогтоолоор тус сургуулийн 10 жилийн ойг 2017 оны 01 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгосон, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр багш ажилчдын хурал болж, сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэж, багш нар 2 дугаар улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа хандивлах, ангийн засварыг өөрсдөө хийх, сурагчдаас 10 000 төгрөг, үүний 3 000 төгрөгийг ангийн засварт, 7 000 төгрөгийг ойд хандив болгон авахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 11-14, 83 тал/

Аудитын дүгнэлтээр хандивын мөнгийг сургуулийн гадна тохижилт, сургуулийн хашааг шинэчилж бетонон суурь цутгах, сургуулийн хаалгыг шинэчлэх, довжоо дээр налуу зам бий болгох, цэцгийн мандалтай усан оргилуур, аквариум, унадаг дугуйн зогсоол, дуу бичлэгийн студитай болох, урлагийн заалны тайзыг өргөтгөх, сургуулийн гэрэлтдэг хаяг, усжуулалтын систем хийх, мөн цахим хичээл хийхэд зориулж 8 ангид телевизор тавих, бүх давхрыг ус цэвэршүүлэгчтэй болгох, сурагчдын бүтээлийн самбар хийх зэрэг ажлуудыг хийсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна.   /хх-ийн 71-73 тал/

Нийслэлийн Засаг Даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар ХХХ-ыг талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д зааснаар байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 6.2.10-д зааснаар санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын акт дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг баримталсан байх бөгөөд нэхэмжлэгч ХХХ хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, уг байдлыг нотолсон баримтыг хариуцагч байгууллага шүүхэд ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно. Иймд ажилтныг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна гэж заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Иргэний хууль, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэх мэтчилэн хуулийн нэрийг буруу бичиж, хууль зүйн техникийг алдагдуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХХХ нь нэг хариуцагч болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шийдвэрлээгүй орхигдуулсан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх асуудлыг шийдвэрлэхдээ зохих хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, түүнчлэн холбогдох хуулийн нэр томъёог зөв бичээгүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/01710 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж тус тус нэмж,

1, 2, 4 дэх заалтаас Монгол улсын гэсэн үгийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг Дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО