Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/01710

 

 

 

 

   2017 оны 09 сарын 14 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01710

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Ш. Ц

Хариуцагч: НЗДТГ, 

 

            Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 сарын 13-ны Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие сонгон шалгаруулалтад тэнцэж, Нийслэлийн засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/151 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн *** дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Энэ хугацаанд багш, ажилчдыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, идэвхи зүтгэл гаргаж ажилласны үр дүнд сургуулийн сургалт, урлаг, спорт хүмүүжлийн ажлын чанар жил тутам ахиж, манай сургууль 2015 оны ажлаараа Сонгинохайрхан дүүргийн “Тэргүүний сургууль”-аар шалгарч, 2017 оны 01 дүгээр сарын 06-нд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар, 2017 оны 01 дүгээр сарын 06-нд Нийслэлийн боловсролын газрын даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдаж байсан.

2016 онд манай сургуулийн 10 жилийн ой тохиосонтой холбогдуулан хэд хэдэн ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэхээр зорилт болгон ажилласны дотор сургуулийн засвар, тохижилтын ажил байсан. Багш нар болон эцэг эх, төгсөгчдийн зүгээс сургуулийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар бүтээлч санал, санаачлага гарч байсан тул 2016 оны 04 дүгээр сарын 06-нд сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурал болж сургуульдаа үлдэцтэй зүйл хийж бүтээхээр санал гарч, үүний тулд сургуулийн анги танхимын урсгал засвар, тохижилтын ажилд сурагч бүрийн эцэг эхчүүдээс 10.000 төгрөг гаргаж хандивлах шийдвэр гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүх багш ажилчдын нэгдсэн хурлыг хуралдуулсан. Тус хурлаас 100 хувийн саналаар сургуулийн ойг тэмдэглэхээр болж, багш сурагчдын тоглолт зохион байгуулах, багш нар анги танхимынхаа засварыг өөрсдөө хийх, багш ажилчид 2 дугаар улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа хандивлахаар шийдвэр гаргасан.

Дээрх эцэг эхчүүдийн зөвлөлийн хурал, багш ажилчдын нэгдсэн хурлын шийдвэрүүдийн дагуу багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс 21.780.716 төгрөг, төсвөөс 14.800.000 төгрөг төвлөрснийг сургуулийн урсгал засвар, тохижилтын дараах ажлуудад зарцуулсан болно. Үүнд: Төсвийн санхүүжилтийн 14.800.000 төгрөгөөр тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу сургуулийн гадна фасадыг шинэчлэн будах, орох гол хаалганы өнгө зүс, агаар, дулаан сэлгэлтийг сайжруулж, иж бүр бүрнээр нь засварлах ажилд зарцуулсан. Багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс 21.780.716 төгрөгийг сургуулийн бусад тохижилт, урсгал засварын ажилд зарцуулсан. Үүнд: Дээврийн хэсэгчилсэн засвар, сургуулийн дотор талын нийтийн эзэмшлийн талбайн засвар, услалтын систем болон усан оргилуурын өргөтөл шинэчлэл, сургуулийн гадна фасад болон талбайн гэрэлтүүлэг, сургуулийн хашааны засвар, шинэчлэлийн ажил, сурагчдын дугуйн зогсоол, биеийн тамирын заалны үзэгчдийн суудал, урлаг заалны тайз шинэчлэл, засварын ажил хийж, 7 ангид багш нар цахим хичээл явуулахад зориулж 32, 42 инчийн телевизор худалдан авсан. Мөн сурагчдын бүтээлийг цаг алдалгүй олон нийтэд сурталчилах, танилцуулах зорилгоор үзэсгэлэнгийн самбар хийж байрлуулсан, сургуулийн нярвын өрөө, багш хөгжлийн төв, менежрүүдийн өрөө, нийгмийн ажилтны өрөө, багш сурагчдын шагнал, цом, өргөмжлөл зэргийг сурталчилан таниулах шилэн хорго бүхий булан зэргийг засварлан шинэчилсэн болно.

Дээрх ажлуудыг багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдийн санал, санаачлага дэмжлэгтэй хийж гүйцэтгэн, сургуулийнхаа 10 жилийн ойг 2016 оны 11 сарын 21-нд амжилттай тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус сургуулийн багш ажилчдын ажил хөдөлмөрийг дээрх байдлаар урамшуулсны гадна захирал намайг “Алтан гадас одон”-оор, бага ангийн багш С.О-ийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, манай сургуулийн 9 багш БСШУСЯ-ны шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 6 багш Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, Нийслэлийн засаг дарга, ИТХ-ийн тэргүүлэгчдийн шагналаар 4 багш, 30 гаруй багш Нийслэлийн боловсролын газрын шагналаар, 4 багш ажилчид Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын шагналаар, 20 гаруй багш ажилчид бусад төрийн бус олон нийтийн байгууллагуудын шагналаар шагнагдсан. Бидэнд хийж бүтээсэн ажил их, сэтгэл санаа өөдрөг ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөт ажлууд үргэлжилж байх хугацаанд буюу 2016 оны 11 сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэх хэсэг хүмүүс манай сургууль дээр ирж ажил байдалтай 1 цаг гаруй хугацаанд танилцсан боловч сургуулийн захирал надад болон багш, ажилчдад ямар нэгэн тайлбар хийгээгүй явсан. Гэтэл гэнэт 2017 оны 03 дугаар сарын 07-ны үдээс хойш захирлын ажлыг хүлээлцүүлэх, хүлээн авах ажлын хэсэг гэж 4 хүн сургууль дээр ирж тус сургуулийн захирал надад “ажлаас халах сахилгын шийтгэл” ногдуулсэн тухай Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг танилцуулж, тамга битүүмжлэн яваад, 3 хоногийн дараа Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийн үндэслэл болох “Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн захирал Ш.Цын нэр дээр ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн талаар илтгэх хуудас гэх 2017 оны 01-р сарын 13-ны өдрийн баримтыг миний хүсэлтээр надад танилцуулсан. Хэдийгээр энэхүү илтгэх хуудас болон нийслэлийн засаг даргын захирамжийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй боловч тухайн үед хамт олны эрх ашгийг дээдлэх үүднээс ажлаа хүлээлгэж өгсөн. Миний бие Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийн үндэслэлийг шалгуулах, улмаар энэхүү акт миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байгаа тул хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

2017 оны 01-р сарын 13-ны өдрийн илтгэх хуудсыг уншиж танилцахад гомдол гаргасан гэх 2 иргэн нь тус сургуульд багшаар ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа сургуулийн удирдлагаас удаа дараа арга хэмжээ, сануулга авч байсан хүмүүс байсан Ч.У, Д.Б нарын арга хэмжээ авагдаж байсан шалтгаан, үндэслэлүүднйг миний бие тухайн үед нь Нийслэлийн боловсролын газарт хүргүүлж, ёс зүйн асуудлаар хандаж байсан. Энэ утгаараа эдгээр хүмүүс нь миний ажил үүрэгтэй холбогдуулан төр захиргааны байгууллагад хандсан нь өс хонзонгийн сэдэлтгэй байсаар байхад холбогдох ажлын хэсэг, тэр тусмаа Нийслэлийн боловсролын газар нөхцөл байдлыг үндэслэлтэйгээр судлан дүгнэлт гаргалгүй Нийслэлийн Засаг даргад санал оруулж, “Ажлаас халах” хэмжээний сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргуулсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Учир нь дээрх ажлын хэсэг ажилласнаас хойш буюу 2016 оны жилийн эцсийн балансын тайлан, мэдээтэй холбогдуулан хуулийн дагуу манай сургуулийн санхүүгийн бичиг баримтад Нийслэлийн аудитын газраас хяналт шалгалт хийсэн боловч ямар нэг санхүүгийн зөрчил байгаа эсэх талаар дүгнэлт гаргаагүй болно. Ер нь дүүргээс манай сургууль дээр хийгдсэн шалгалт ямар нэг удирдамжгүй, миний санал дүгнэлтийг сонсоогүй, шалгалтын байдлыг танилцуулаагүй Хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. Мөн намайг ажлаас халах шийдвэр гаргахдаа намайг намайг сонсож, тайлбар бармт гаргуулах боломжоор хангалгүй Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 13.3, 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтуудыг зөрчсөн. Ажлаас халахдаа улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлийг заасан боловч улсын байцаагчийн дүгнэлт нь өөр байгаа. Иймд дээрх нөхцөл байдал, холбогдох баримтуудыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/423 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг байгуулагдан тус дүүргийн Боловсролын хэлтэс, тус дүүргийн *** дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хяналт тавьж ажилласан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд /Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэг/ заасныг хэрэгжүүлж хуулийн хүрээнд хийгдсэн байна. Дээрх ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тайлан болон бусад баримтуудыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирал Ш.Цыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар 2017 ажпаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ш.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасны дагуу байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол гэрээг дуусгавар болгон, цуцлах үндэслэл болох бөгөөд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж ажлаар халахаар заасан. Эдгээр заалтуудыг үндэслэн Ш.Цыг ажлаас халсан бөгөөд хандив цуглуулж засварт зарцуулахыг хориглосон байхад багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс хандив цуглуулсан нь сахилгын зөрчил гаргасан гэж үзэж болохоор байна. Ш.Ц Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуултйн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7, БСШУСайд, Сангийн сайдын 2008 ноы 56/64 дүгээр тушаал “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.8, 3.6, Засгийн газрын 2016 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1, 2.2, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6 дахь заалтуудыг зөрчсөн. Илтгэх хуудас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулагдаж, 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халсан шийдвэр гарсан.

Иймээс иргэн Ш.Цын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Ш.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.С, Ц.Б, Б.Б нарыг хариуцагчийн хүсэлтээр Ш.Б-г шүүх хуралдаанд оролцуулж гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, багш нарын хурлын тэмдэглэл, Боловсролын газраас Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн санал, Сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн засаг даргын захирамж, Нийслэлийн засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх комисс томилох тухай Боловсролын газрын даргын тушаал, ажил хүлээлцсэн тэмдэглэл, өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн талаар илтгэх хуудас, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, шалгалтын танилцуулга, Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимын урсгал засварын ажил зохион байгуулах зөвлөмж, Аудитын дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай тогтоол, 107-р сургуулийн багш ажилчдын 2016 оны 02-р улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулалын тооцоо, ангиудын засварын мөнгөний тооцоо болон бусад бичгийн баримтыг  шинжлэн судлаад

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.Ц сонгон шалгаруулалтанд тэнцэж, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн *** дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан нь сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

            Нийслэлийн засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-ыг үндэслэн сургуулийн 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 1615 суралцагчаас тус бүр 10.000 төгрөг, төгсөгчдийн хандив нэрээр бага, дунд, ахлах бүлгийн зарим суралцагчаас нийт 1.800.000 төгрөг тус тус хураасан нь улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон  зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж марган Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 сарын 13-ны Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Ш.Цыг хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан, энэ нь улсын байцаагчийн дүгнэлт, ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, түүнийг ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн засаг даргын захирамж нь хуулийн дагуу гарсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна. Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчил гэж үзэхээр заажээ.

Сонгинохайрхан дүүргийн *** дугаар сургуульд багшилж байгаад ажлаас чөлөөлөгдсөн Д.Б, Ч.У нарын өргөдөл гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар ажлын хэсэг томилогдон 107 дугаар сургууль дээр  шалгалт хийж, илтгэх хуудсаар Нийслэлийн боловсролын газар болон дүүргийн засаг даргад нэхэмжлэгчийг ажлаас халах санал хүргүүлсэн байна.

Байгууллагын санхүүгийн байдлыг дүүргийн Дотоод хяналтын албаны аудитор Ш.Б шалгаж танилцуулга бичсэн ба танилцуулгад дараахь зөрчлүүд илэрсэн гэж заажээ. Үүнд:

  1. Сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 14486,7 мянган төгрөгний хандивын орлогыг төрийн сангийн дансаар дамжуулаагүй нярав А. Л-ийн Төрийн банкны цалингийн харилцах дансаар дамжуулсан, сургуулийн кассанд их хэмжээний мөнгийг /14209,0 мянган төгрөг/ бэлнээр төвлөрүүлж төсвийн байгууллагын кассанд байх бэлэн мөнгөний хэмжээг хэтрүүлсэн нь Монгол улсын Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д “Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана” гэсэн заалт, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ы өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6-д “Төсвийн байгууллага  үндсэн болон туслах үйл ажиллагаа /бусад орлого/-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэсэн заалт, 6.2-д “Төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн хэмжээ (ЖМС) нь тухайн төсвийн байгууллагын жилийн батлагдсан төсвөөс (ЖБТ) хамаарна.” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй.
  2. Ажиллагсдын үр дүнгийн урамшуулалт цалин болон бүлгийн хүүхдүүдээс хандив нэрийн дор албадлагын шинжтэй их хэмжээний мөнгө татан төвлөрүүлсэн нь БСШУСайд, Сангийн сайдын 2008 ноы 56/64 дүгээр тушаал “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.4-д “хандив, буцалтгүй тусламж цуглуулах нь хандивлагчийн болон тусламж үзүүлэгчийн хүсэл сонирхолд нийцсэн байх бөгөөд нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байна” гэсэн заалтыг зөрчсөн.
  3. Кассын няравт төвлөрсөн орлого, зарлагын анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу, анхан шатны баримтгүй хөрөнгийг захиран зарцуулсан, кассын тайлан гаргаагүй, тухайлбал бэлэн мөнгө хүссэн өргөдөл, кассын зарлагын баримт, шаардах хуудас гэх мэт баримт байхгүй, анхан шатны баримт үйлдсэн, зөвшөөрсөн, шалгасан ажилтны гарын үсэггүй нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.” 13.7. Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.
  4. Захирал Ш.Ц төгсөх ангийн хүүхдүүдээс төгсөлтийн хандив нэрээр 1800,0 мянган төгрөг, ойн хандивын 9672,0 мянган төгрөг, нийт 11472,0 мянган төгрөгийг бэлнээр авч өөрөө зарцуулсан нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6-д “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа /бусад орлого/-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Эцэст нь, шалгалтаар илэрсэн зөрчилд Монгол улсын Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4.5-д “ энэ хуулийн 25.2-25.8, 25.12, 28.6, 29.6-д заасныг зөрчсөн бол буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэсэн заалтын дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч арга хэмжээ тооцох нөхцөл бүрдсэн байна гэжээ.

Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ш.Б-гийн танилцуулгыг хэлэлцэн, дээрхээс гадна Ш.Ц нь хандив нэрээр багш сурагчдаас нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн мөнгө хурааж өөрөө зарцуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуултйн 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно”, 17.2-т “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн  17.1-т заасан хязгаарлалтанд хамаарахгүй бол авч болно”, 17.3-т “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасан заалтыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтын 4 дэх зорилтын хүрээнд хийгдэх ажлын 4.2, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан санхүүгийн ноцтой зөрчил гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь аудиторын дүгнэлт, ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн дүгнэлт бодитой биш, өрөөсгөл болжээ гэж үзнэ.

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр багш ажилчдын хурал болж, сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэх эсэх, сургууль, ангийн засварыг хэрхэх талаар хэлэлцэж, сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр, багш нар 2 дугаар улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа хандивлах, ангийн засварыг өөрсдөө хийх, сурагчдаас 10.000 төгрөг, үүний 3.000 төгрөгийг ангийн засварт, 7.000 төгрөгийг ойд хандив болгон авахаар шийдвэрлэжээ. Улмаар багш, ажилчид сургуулийн ойг тэмдэглэхэд хандив өгөхийг зөвшөөрч баримт үйлдсэн, сурагчдын ангийн засвар, хандивын мөнгийг эцэг эхийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн, түүнчлэн нэг айлын хэд хэдэн сурагчийн зөвхөн нэгээс мөнгийг авсан, зарим санхүүгийн бололцоо муутай айлын хүүхдийг үүнд хамруулаагүй тухай гэрчүүд мэдүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/39 дүгээр тогтоолоор тус сургуулийн 10 жилийн ойг 2017 оны 01 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгосон байна.

Сургууль төгсөгчдөөс сургуульдаа үлдэцтэй зүйл хийхээр 1.800.000 төгрөг цуглуулж өгснөөр спорт зааланд белтаж /үзэгчийн суудал/, электрон онооны самбар хийсэн нь нэхэмжлэгч, гэрчийн тайлбар, фото зургаас харагдаж байна.

Хандивын мөнгийг бүрэн зарцуулсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдож байх ба энэ нь сургуулийн гадна тохижилт, сургуулийн хашааг шинэчилж бетонон суурь цутгах, сургуулийн хаалгыг шинэчлэх, довжоо дээр налуу зам бий болгох, цэцгийн мандалтай усан оргилуур, аквариум, унадаг дугуйн зогсоол, дуу бичлэгийн студитай болох, урлагийн заалны тайзыг өргөтгөх, сургуулийн гэрэлтдэг хаяг, усжуулалтын систем хийх, мөн цахим хичээл хийхэд зориулж 8 ангид телевизор тавих, бүх давхрыг ус цэвэршүүлэгчтэй болгох, сурагчдын бүтээлийн самбар хийх зэрэг ажлуудыг хийсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна.   

Хандиваар хийсэн ажил багш ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулах, сурагчдын суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулагдсан, багш ажилчид, сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн ба хандив албадлагын шинжтэй болсон нь харагдахгүй байна.

Нийслэлийн боловсролын газрын “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимын урсгал засварын ажил зохион байгуулах зөвлөмж” (2015-2016 оны хичээлийн жил) гарсан байдаг ба уг зөвлөмжид анги танхимын засварын ажлыг эцэг эхийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах, урсгал засварын зардлын тодорхой хувийг эцэг эхийн зөвлөлийн шийдвэрээр эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгжээс дэмжлэг авч гаргуулах асуудлыг шийдвэрлэхийг зөвлөж, эрх зүйн үндэслэлээр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.5, 14.1.6, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын “Чиглэл батлах тухай” 2007 оны 17-р тушаалд заасан “Хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гарсан зардал, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих”, “Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах”, “Эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх, багшид туслах, анги танхимын цэвэр аюулгүй байдлыг хангах, сургалтын үйл ажиллагаанд туслах боломжийг бүрдүүлэх” гэсэн эцэг эх, асран хамгаалагчийн талаас хүлээх эрх үүргийг зааж өгсөн заалтуудыг заажээ.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6 дахь заалтыг зөрчсөн гэж ажил олгогч ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Гэтэл хандив нь хараахан байгууллагын эд хөрөнгө болоогүй байсны гадна түүнийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн байдал үгүй, ажил олгогчоос олгосон ямар эрх мэдлийг нэхэмжлэгч яаж хэтрүүлсэн нь ямар байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна. Захирал болон сургуулийн хамт олон дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс зөвшөөрсний дагуу сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн, багш ажилчид, эцэг эхийн өгсөн хандивын мөнгийг сургуулийн тохижилт, ажиллах сурах нөхцлийн сайжруулалтад зарцуулсан байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуултйн 17 дугаар зүйлийн 17.2-т харшлахгүй байх ба Нийслэлийн боловсролын газраас ч эцэг эхийн зөвлөлийн шийдвэрээр эцэг эхийн дэмжлэгийг авч болохыг зөвлөмжилсөн байна.

 Хариуцагч мөн ажилтны зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5-т заасан  зөрчил болохыг заажээ. Хуулийн энэ заалт нь мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан, хариуцсан мөнгө эд хөрөнгөтэйгөө холбоотой зөрчил гаргасан байхыг шаардах ба хандивын мөнгө нь ажил олгогчийн ажилтанд хариуцуулж өгсөн мөнгө, эд зүйл бишийн гадна байгууллагад, түүний хамт олонд хохиролтой байдал гараагүй байна.

Харин ажилтан бэлэн мөнгийг төрийн сангийн дансаар оруулж зарцуулаагүй, анхан шатны баримтын бүрдлийг дутуу хангасан, тухайн үед кассын тайлан гаргаагүй байсан зөрчилтэй байсан байх ба энэ нь илүү захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна. Нэхэмжлэгчийн хандивын мөнгөний зарцуулалт бүрэн дуусаагүй байсан, тайланг гаргаагүй байсан гэсэн тайлбарыг харгалзан үзэх байсан байна. Тэгээд ч хөдөлмөрийн гэрээний 6.2.10-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлтээр тогтоогдсон байх гэж оруулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан байдал байхгүй байна.

Ажил олгогчийн нэхэмжлэгчид авсан ажлаас халах сахилгын шийтгэл нь ажилтны гаргасан зөрчилд тохироогүй гэж үзнэ.

            Дээрх байдлуудыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 захирамжийг хүчингүй болгон нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв. Олговрын хэмжээ 748950:22х144=4.902.218 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч анх нэхэмжлэлд Нийслэлийн засаг дарга, түүний тамгын газар гэж хариуцагчийг заасан ба тамгын газрыг тусгайлан хариуцлага хүлээлгэх гээгүй, Засаг даргын ажлын алба гэдэг утгаар хариуцагчаар татсан, давхардуулан нэр заах шаардлагагүй гэж хариуцагч гэх Нийслэлийн засаг даргын тамгын газраас татгалзсан болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 захирамжийг хүчингүй болгон, Ш.Цыг *** дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Нийслэлийн засаг даргын тамгын газраас 4.902.218 төгрөгийг гаргуулж Ш.Цад олгосугай.

3. Ш.Цад олгох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд  хариуцагчаас 93.385 төгрөг гаргуулж улсад олгосугай.

5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                   

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД