Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00547

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00547

 

 

Б.Очирбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00015 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Очирбатын нэхэмжлэлтэй хариуцагч Сиброн дэвшил ХХК болон Д.Сүхбаатарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 12 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагч Сиброн дэвшил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Очирбат 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сиброн дэвшил ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 24 000 000 төгрөгийг гэрээнд зааснаар төлж, өөрийн нэр дээр машиныг шилжүүлж авсан. Гэвч машиныг сар гаруй ашиглаад эвдэрсэн, Монголд засуулах боломжгүй болсон. Хариуцагч талаас засч өгнө гэж хэлж байсан боловч засч өгөөгүй, уг машиныг түлхүүр, бичиг баримтын хамт авчихаад өгөөгүй өнөөдрийг хүргэсэн. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаар талууд 48 000 000 төгрөгөөр машин худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа 24 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 24 000 000 төгрөгийг өгөх боломжгүй байсан. Учир нь машин эвдэрсэн. Өмнө нь машиныг 1 жил гаруй хугацаанд ашигласан байсан. Тодорхой хэмжээний гэмтэлтэй байсан нь гэрч Б.Тэнгис, Ч.Баярсайхан нарын мэдүүлгээр нотлогддог. Бодит байдалд 5 тонны бохир соруулах багтаамжтай байсан, анхнаасаа 10 тонны даацтайг авахаар тохиролцсон. Машины улаан гэрэл асаад энэ байдлаараа ашиглавал мотор эвдрэх гээд байсан гэж гэрчүүд хэлсэн байдаг. Хятад засварчид Монголд засах боломжгүй гэж хэлдэг тул нэхэмжлэгчийн зүгээс машиныг засаад өг гэж хэлсэн. Машиныг 3 хоног ашиглаад гэрэл асахгүй бол үлдэгдэл 24 000 000 төгрөгийг өгнө гээд албан бичгийг Сиброн дэвшил ХХК-д өгсөн байдаг. Машиныг засч өгөөгүй, буцааж ч өгөөгүй. Машиныг авчихаад 4 жил алга болсон бөгөөд Сиброн дэвшил ХХК-ийг эрэн сурвалжилж олсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сиброн дэвшил ХХК болон Д.Сүхбаатар нараас худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сиброн дэвшил ХХК шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгуулсан гэрээнээс өөр худлаа нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд худалдах худалдан авах гэрээг байгуулж 24 000 000 төгрөгөөр машиныг худалдахаар болсон, машиныг өгөөгүй гэж нэхэмжлэл гаргасан боловч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болсон автомашиныг 48 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож урьдчилгаа 50 хувь буюу 24 000 000 төгрөгийг өгсөн. Одоо шүүх хуралдаанд машиныг огт шилжүүлээгүй гэдгээсээ татгалзаж, өөрийн нэр дээр шилжүүлсэн ч ашиглах боломжгүй гэж тодруулсан байдаг. Машины мотор огт гэмтээгүй гэдэг нь засварын газар болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Өмнө нь машиныг өгөөгүй гэж байснаа сүүлд биет байдлын доголдлын хэлбэртэй болсон. Нэг удаа оношлогоонд оруулаад датчиг эвдэрсэн гэсэн оноштой байсан. Жолоочоос машиныг хүч хэрэглэж авсан гэдэг ч ийм үйл баримт огт байхгүй гэдэг нь гэрч Н.Бадамдоржийн мэдүүлгээр нотлогддог. Бодит байдалд Б.Очирбат нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Хэлцэл байгуулахын тулд талууд харилцан тохиролцож, тэдний хүсэл зориг байх ёстой. Гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагч Д.Сүхбаатарын гаргасан тайлбараас үзэхэд иргэн Г.Бямбаа, Ж.Батсайхан нар уулзаад Блью скай хотхоны орон сууцнуудын бохир усыг зөөлгөдөг байсан. Ингээд Ж.Батсайханаас машиныг худалдаж авахаар болоод гэрээг байгуулсан. Гэрээ Д.Сүхбаатар, Д.Очирбатын нэрээр байгуулагдсан ч худалдагч, худалдан авагч нь Ж.Батсайхан, Г.Бямбаа нар гэдэг нь тодорхой болсон. Автомашиныг хүлээлгэн өгөөд Г.Бямбаагаас Ж.Батсайханд мөнгө шилжсэн. 2013 оны 07 дугаар 29-ний өдрийн гэрээнд автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, нөөц дугуй хагархай байсныг нөхөөд хүлээлцсэн. Автомашиныг хүлээн авснаас хойш гарсан доголдлыг худалдагч тал хариуцахгүй гэж гэрээний 4 дүгээр зүйлд заасан байгаа. Гэмтэл гараагүй. Гарсан ч худалдагч тал хариуцахгүй байсан. Доголдол байсан уу гэдэгт гэрч Н.Бадамдорж мотор эвдэрсэн талаар хэлж байсан ч асуулт хариулт явахад гэрэл ассан, онош тодруулах шаардлагатай, маслын датчиг гэмтсэн талаар хэлдэг. Гэрчүүдийн мэдүүлгээс автомашины хянахын улаан гэрэл ассан. Улаан гэрэл нь маслын гэрлийн датчиг буюу пүрш эвдэрсэн гэдэг нь тодорхой болсон. Мотор эвдэрсэн талаар өнөөдрийн байдлаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 10 тонн, 5 тоннын асуудал яригдсаныг өнөөдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс л сонсож байна. Албан бичиг өгсөн гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Ийм албан тоот байхгүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлж Г.Бямбаатай гэрээ хийсэн. Бусдаас худалдаж авсан машинаа гуравдагч этгээдэд түрээслүүлээд гуравдагч этгээд нэхэмжлэл гаргаж байгаа нь хүндрэл учруулж байна. 1 сарын дараа аваад явсан гэдгийг хэн ч нотлоогүй. Б.Тэнгис, Ч.Баярсайхан, Ж.Батсайхан нарын мэдүүлгээр 8 сар ашиглаад засварын газар аваачсан гэдэг нь нотлогдож байна. Засварын газар нэг л удаа очсон. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа гэжээ.

Хариуцагч Д.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг анх Ж.Батсайхан захирал намайг очоод аваад ир гэсэн. Тэгээд би Хятадуудтай уулзаад атомашиныг авчирсан. Зам-Үүдээс авч ирээд 2-3 сарын дараа манай захирал Г.Бямбаа гэдэг захиралтай уулзахад худалдан авъя гэсэн санал тавьсан. Хагархай запас дугуйг нөхүүлээд өгсөн. 2 хоногийн дараа гэрээнд гарын үсэг зураад урьдчилгаа мөнгийг авчих гэсэн. Тэгээд би урьдчилгаа 24 000 000 төгрөгийг аваад компанид авчирч өгсөн. Би мөнгөнөөс хэрэглээгүй. 6-7 сарын хугацаанд автомашиныг хэрэглэсэн байдаг. Надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Сиброн дэвшил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талууд худалдах худалдан авах гэрээг байгуулан 48 000 000 төгрөгийн үнээр тохиролцон, гэрээний 3 дугаар зүйлд зааснаар автомашиныг хүлээлгэн өгсөн. Хүлээн авсан өдөр төлбөрийн 50 хувийг, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор үлдэгдэл 50 хувийг өгөх байсан. Гэрээний дагуу урьдчилгаа 50 хувийг аваад машины нэрийг шилжүүлж өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор үлдэгдэл мөнгийг төлөх байсан ч төлөөгүй алга болсон. Энэ хооронд 5, 6 сарын хугацаанд бохир ус зөөсөн. 2014 оны 03 дугаар сарын үед Г.Бямбаа өөрөө ярьсан. Машиныг улаан гэрэл асаад байна гэж ярьсан. Өөрсдөө авчраагүй. Тэгээд Д.Сүхбаатарыг явуулаад засварт үзүүлэхэд улаан гэрэл ассан байдаг. Ингээд машиныг засварлаад 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөх ёстой үүргийг шаардсан. Ингэхдээ н.Бямбаагаас шаардсан. Засварын газар машин байхад ярилцсан. Б.Батболд, Н.Бадамдорж нар гэрчилнэ. Г.Бямбаа, Ж.Батсайхан 2 үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөгийг төлөх хүртэл худалдагч талын хадгалалтад байлгая гэж тохиролцсон. Ингээд худалдагч талын хадгалалтад автомашин орсон. Энэ байдлыг гэрчүүд тодорхой нотолно. Ингээд нэхэмжлэгч мөнгөө өгөхгүй алга болсон. Өнөөдрийг хүртэл Г.Бямбаагийн өөрийн хүсэлтээр Б.Очирбатын хууль ёсны өмчлөлд байгаа. Үүргээ биелүүлээгүй асуудал ярьж байгаа бол нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг өнөөдрийг хүртэл хүлээж байгаа. Уг автомашин 1 сард 6 000 000 төгрөгийн ашиг олдог. Гэрээний 4-д заасныг үндэслээд үлдэгдэл 24 000 000 төгрөг, компанид учирсан хохирлыг арилжааны банкны хадгаламжийн дундаж хүүгээр тооцсон дүнгээр 12 000 000 төгрөгийг, нийт 36 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автомашиныг харилцан тохиролцоод хариуцагч талд хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Энэ талаар үйлдсэн баримт хэрэгт байдаггүй. Харин эсрэгээрээ гэрч нар түлхүүр, бичиг баримтыг дур мэдэн авсан талаар мэдүүлдэг. Хариуцагч тал хил гаалийн бичгийг өгөөгүй. Машин техникийн бичиг баримтыг өгөөгүй байдаг. Нөхөж авах буюу тэмдэглэгээ хийх гэж гэрээнд байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 24 000 000 төгрөгийг өгөөд хохирсон. Тэрнээс биш хариуцагч хохироод байгаа зүйл байхгүй. Хариуцагч эвдэрхий машин өгөөд тэгээд машиныг буцаагаад авсан. Ийм учраас хохирлын асуудал яригдахгүй. Тухайн үед машинаа авчихаад өгөхгүй байсан учраас замын цагдаад гомдол гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Очирбатын хариуцагч Сиброн дэвшил ХХК, Д.Сүхбаатар нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөгдсөн 24.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан Б.Очирбатаас 35.519.994,1 төгрөгийг гаргуулж, хариуцагч Сиброн дэвшил ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 480.005,9 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч Сиброн дэвшил ГХО ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484.900 төгрөгөөс 337.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 144,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Сиброн дэвшил ГХО ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Очирбатаас 335.549 төгрөгийг гаргуулан Сиброн дэвшил ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй "Худалдах, худалдан авах гэрээ" нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан. Уг гэрээний дагуу талууд автомашины үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байхаар тогтоосон ба энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл Б.Очирбатаас автомашины үлдэгдэл төлбөрийг огт шаардаж байгаагүй. Иймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу хариуцагчийн шаардлага гаргах эрх дуусгавар болсон байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Учир нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дүгнэхэд гэрээнээс татгалзсан" гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байх бөгөөд харин ийнхүү татгалзсанаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардаж байна. Хариуцагчийн зүгээс "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн автомашиныг буцаан авсан, үүнээс хойш Б.Очирбатаас гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж байгаагүй нь гэрээнээс татгалзах хүсэл зоригтой байсныг давхар нотолно. Нэхэмжлэгчийн зүгээс ч хариуцагч автомашинаа буцаан авч, гэрээнээс татгалзсан гэж үзсэн учраас "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж буй нь тодорхой байдаг. Ийнхүү хариуцагч нь гэрээнээс татгалзсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т заасныг баримтлан хариуцагчийг "Автомашиныг саатуулах эрхээ хэрэгжүүлсэн" хэмээн дүгнэсэн нь буруу байна. Харин энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 24 000 000 төгрөгийг буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардаж буй 24 000 000 төгрөгийг "Хохирол" хэмээн тодорхойлсоор байтал хариуцагчийн огт нэхэмжлээгүй шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзнэ. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу хуульд зааснаар төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Ерөнхий захирал Ж.Батсайхан байна. Ийм ч учраас Ерөнхий захирал Ж.Батсайханы гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан итгэмжлэлээр А.Отгонбаярт төлөөлөх эрх олгосон нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон итгэмжлэлээр нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан "Ж.Батсайханыг гэрчээр асуулгах тухай" хүсэлтийг хангаж шийдвэрлэн гэрчээр оролцуулж, улмаар мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тyxaй хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасныг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч болоод гэрчүүдийн хувьд маргаж буй автомашиныг хэд хэдэн удаа авто засварын газарт үзүүлсэн талаар мэдүүлсээр атал хариуцагчаас автомашиныг буцаан авсан хугацааг дээрх "Зайсан скай" ХХК-тай байгуулсан гэрээ болоод "МХМК" ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн тогтоож, нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Очирбат нь хариуцагч Сиброн дэвшил ХХК-д холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч автомашины үнийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 24 000 000 төгрөг, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хохиролд 12 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Сиброн дэвшил ХХК нь 2553 УНӨ улсын дугаартай, DONGFENG XZL5108GXE3 маркийн цистерн зориулалттай автомашиныг бүрэн бүтэн байдлыг шалгаж нэхэмжлэгч Б.Очирбатын өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Б.Очирбат нь уг автомашины үнэ 48 000 000 төгрөгийн 50 хувь буюу 24 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 50 хувь буюу 24 000 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус төлөхөөр тохиролцсон байх ба гэрээний дагуу нэхэмжлэгч 24 000 000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлсөн, хариуцагч автомашины өмчлөх эрхийг 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...автомашиныг сар гаруй ашиглаад хянах самбарт улаан гэрэл ассан, уг гэмтлийг Монголд засуулах боломжгүй байсан, түүнчлэн автомашины цистерн 10 тн байх ёстой байхад 5 тн байсан... гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолж чадаагүй, хариуцагчийн тайлбар, МХМК ХХК-ийн тодорхойлолт, гэрч Н.Бадамдоржийн ...Машин засагдсан, ... маслын датчиг эвдэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 83/, өөрийнх нь ...засварт орсон гэдгийг 5 гэрч нотолсон... гэх тайлбар /хх-ийн 142/ зэргээр үгүйсгэгдсэн байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба зохигчид хэзээ автомашиныг засварласан, буцаан авсан талаар маргасан тул хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзэж 2014 оны 03 дугаарс сарын 25-ны өдөр автомашиныг засварласан, улмаар хариуцагч буцаан авсан гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн тул гэрээнээс татгалзах шаардлага гаргах эрхээ мөн хуулийн 254.6 дах хэсэгт заасан хугацааны дотор гаргаагүй гэж зөв дүгнэсэн боловч хариуцагч автомашиныг буцааж эзэмшилдээ авсан үйлдлийг мөн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч үнийг төлөх хүртэл хариуцагч автомашиныг өөртөө үлдээж саатуулан хадгалсан гэж үзсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

 

Хариуцагч нь ийнхүү үнийг төлөх хүртэл автомашиныг өөртөө үлдээж хадгалсан талаар нөгөө талдаа мэдэгдээгүй, нэхэмжлэгчээс үнийг төлөх талаар шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байхад автомашиныг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшилд авснаас хойш 3 жил, 4 сарын дараа гэрээний үүргээ биелүүлэхийг нөгөө талаас буюу нэхэмжлэгчээс шаардсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт нийцээгүй байхад сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна.

 

Харин нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар үлдэгдэл 50 хувь буюу 24 000 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч тал 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр автомашиныг буцаан авснаар талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэг хүлээдэг тул хариуцагчаас 24 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан үндэслэл тогтоогдсон гэж шүүх үзсэн тул автомашины үнийн үлдэгдэл 50 хувь буюу 24 000 000 төгрөгийг болон гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хохиролд 12 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг шаардаагүй ба хадгаламжийн дундаж хүүгээр хохирол тооцсон нь гэрээнээс татгалзсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Сиброн дэвшил ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батсайханыг оролцуулж мэдүүлэг авсан байдаг ба Ж.Батсайхан нь ...үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон зохигч... гэдэгт хамаарахгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, харин түүний мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар зохигчид гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Сиброн дэвшил ХХК-иас 24 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Очирбатад олгож, нэхэмжлэлээс хариуцагч Д.Сүхбаатарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Очирбатаас 36 000 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Сиброн дэвшил ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын ....нэхэмжлэгч Б.Очирбатаас 335 549 төгрөгийг гаргуулан Сиброн дэвшил ХХК-д олгосугай гэснийг хариуцагч Сиброн дэвшил ХХК-иас 277 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Очирбатад олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Очирбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ