Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 015

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2018/00015

Улаанбаатар хот

 

 

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.О,

            Хариуцагч: С.Д ХХК

Хариуцагч: Д.С холбогдох  

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 24.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр  24.000.000 төгрөг гаргуулах, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 12.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Д., хариуцагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.                 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр С.Д ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Урьдчилгаа 24.000.000 төгрөгийг гэрээнд зааснаар төлсөн. Б.Оөөрийн нэр дээр машиныг шилжүүлж авсан. Гэвч машиныг сар гаруй ашиглаад Монголд засуулах боломжгүй болсон. Хариуцагч талаас засч өгнө гэж хэлж байсан боловч засч өгөөгүй, уг машины түлхүүр, бичиг баримтыг жолооч булаан авчихаад өгөөгүй өнөөдрийг хүргэсэн. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаар талууд 48.000.000 төгрөгөөр машин худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа 24.000.000 төгрөгийг өгсөн. Машиныг аваад өгөхгүй байгаа. Үлдэгдэл 24.000.000 төгрөгийг өгөх боломжгүй байсан. Учир нь машин эвдэрсэн. Өмнө нь машиныг 1 жил гарангийн хугацаанд ашигласан байсан. Тодорхой хэмжээний гэмтэлтэй байсан нь гэрч н.Тэнгис, н.Баярсайханы мэдүүлгээр нотлогддог. Бодит байдалд 5 тоннын бохир соруулах багтаамжтай байсан, анхнаасаа 10 тонн-ын даацтайг авахаар тохиролцсон. Машины гэрэл асаад энэ байдлаараа ашиглавал мотор эвдрэх гээд байсан гэж гэрчүүд хэлсэн байдаг. Хятад засварчид Монголд засах боломжгүй гэж хэлдэг тул нэхэмжлэгчийн зүгээс машиныг засаад өг гэж хэлсэн. Машиныг 3 хоног ашиглаад гэрэл асахгүй бол үлдэгдэл 24.000.000 төгрөгийг өгнө гээд албан бичгийг С.Д ХХК-д өгсөн байдаг. Машиныг засч өгөөгүй, буцааж ч өгөөгүй. Энэ хүмүүс алга болсон. Сар гаруй хугацаанд ажиллаад машинаа буцаагаад авсан. Жолооч гэрчийн мэдүүлэг дээр захирлаасаа асууя гээд залгахад, Б.Омашин авсан гээд бичиг ав гэж хэлэхэд хариуцагч бичиг хийж өгөөгүй. Машиныг авчихаад 4 жил алга болсон. С.Д ХХК-ийг эрэн суравлжлаад олсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж С.Д ХХК болон Д.Снараас худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 24.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “С Д ГХО” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэн зөв нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлдээ худалдах худалдан авах гэрээг байгуулж 24.000.000 төгрөгөөр машиныг худалдахаар болсон тэгээд машиныг өгөөгүй гэж нэхэмжлэл гаргасан байдаг боловч зохигчид хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон 25-53 УНӨ улсын дугаартай автомашины үнэ 48.000.000 төгрөг байна гэж заасан байдаг. Байгуулсан гэрээнээс өөр худлаа нэхэмжлэл гаргасан байна. Автомашиныг 48.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож урьдчилгаа 50 хувь буюу 24.000.000 төгрөгийг өгсөн. Одоо шүүх хуралдаанд машиныг огт шилжүүлээгүй гэдгээсээ татгалзаж, өөрийн нэр дээр шилжүүлсэн ч ашиглах боломжгүй гэж тодруулсан байдаг. Өөрийн гаргасан нэхэмжлэлээ нэхэмжлэлийн тодруулгаар үгүйсгэсэн. Машины нэр Б.Оад шилжсэн нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой болсон. Машины мотор огт гэмтээгүй гэдэг нь засварын газар болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Өмнө нь машиныг өгөөгүй гэж байснаа сүүлд биет байдлын доголдлын хэлбэртэй болсон. Нэг удаа оношлогоонд оруулаад даачиг эвдэрсэн гэсэн оноштой байсан. Жолоочоос машиныг хүч хэрэглэж авсан гэдэг ч ийм үйл баримт огт байхгүй гэдэг нь гэрч Бадамдоржийн мэдүүлгээр нотлогддог. Нэхэмжлэлийг огт үндэслэлгүй гаргасан. Бодит байдалд Б.Онэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Хэлцэл байгуулахын тулд талууд харилцан тохиролцож, тэдний хүсэл зориг байх ёстой. Гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагч Д.Сүхбаатарын гаргасан тайлбараас үзэхэд иргэн н.Бямбаа, н.Батсайхан гэдэг хүнтэй уулзаад Блю скай-ийн орон сууцнуудын бохирыг зөөлгөдөг байсан. Ингээд н.Бс машиныг худалдаж авахаар болоод гэрээг байгуулсан. Гэрээ н.С, Д.О-ын нэрээр байгуулагдсан ч худалдагч, худалдан авагч нь н.Батсайхан, н.Бямбаа гэдэг нь тодорхой болсон.   Автомашиныг хүлээлгэн өгөх асуудалд н.Бямбаагаас н.Батсайханд мөнгө шилжсэн. Гэрээний үнийн дүнгийн хувьд 48.000.000 төгрөг гэдэг дээр талууд маргахгүй байгаа. Автомашиныг шилжүүлсэн эсэх дээр бас маргаагүй. 2013 оны 07 дугаар 29-ний өдрийн гэрээнд автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, нөөц дугуй хагархай байсныг нөхөөд хүлээлгэн өгч, авсан. Автомашиныг хүлээн авснаас хойш гарсан доголдлыг худалдагч тал хариуцахгүй гэж гэрээний 4 дүгээр зүйлд заасан байгаа. Гэмтэл гараагүй. Гарсан ч худалдагч тал хариуцахгүй байсан. Доголдол байсан уу гэдэгт гэрч н.Бадамдорж мотор эвдэрсэн талаар хэлж байсан ч асуулт хариулт явахад гэрэл ассан, онош тодруулах шаардлагатай, маслын даачиг гэмтсэн талаар хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч талаас худалдаж аваад сарын дараа гэмтээд Монголд засварлах боломжгүй гэж хэлсэн байдаг. Гэрчүүдийн мэдүүлгээс автомашины хянахын улаан гэрэл ассан. Улаан гэрэл нь маслын гэрлийн даачиг буюу пүрш эвдэрсэн гэдэг нь тодорхой болсон. Мотор эвдэрсэн талаар өнөөдрийн байдлаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Автомашин доголдолтой байсан талаар н.Тэнгис, н.Баярсайхан нар гэрчилнэ гэж байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт гэмтэлтэй байсан талаар огт дурдаагүй. 10 тонн, 5 тонн-ын асуудал яригдсаныг өнөөдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс л сонсож байна. Албан бичиг өгсөн гэж байгаач нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Ийм албан тоот байхгүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хүсэл сонирхлоо илэрхийлж н.Бямбаатай гэрээ хийсэн. Бусдаас худалдаж авсан машинаа гуравдагч этгээдэд түрээслүүлээд гуравдагч этгээд нэхэмжлэл гаргаж байгаа нь хүндрэл учруулж байна. 1 сарын дараа аваад явсан гэдгийг хэн ч нотлоогүй. н.Тэнгис, н.Баярсайхан, н.Батсайхан нарын мэдүүлгээр 8 сар ашиглаад засварын газар аваачсан гэдэг нь нотлогдож байна. Засварын газар нэг л удаа очсон. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа нь манай татгалзал үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Сшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг анх н.Батсайхан захирал намайг очоод аваад ир гэсэн. Тэгээд би Хятадуудтай уулзаад атомашиныг авчирсан. Зам-Үүдээс авч ирээд 2-3 сарын дараа манай захирал н.Бямбаа гэдэг захирал уулзахад худалдан авъя гэсэн санал тавьсан байна лээ. Зайсанд бохирын цооногтой хашаанд аваачиж тавьсан. Хагархай запас дугуйг нөхүүлээд өгсөн. 2 хоногийн дараа гэрээнд гарын үсэг зураад урьдчилгаа мөнгийг авчих гэсэн. Тэгээд би урьдчилгаа 24.000.000 төгрөгийг аваад компанид авчирч өгсөн. Би мөнгөнөөс хэрэглээгүй. 6-7 сарын хугацаанд автомашиныг хэрэглэсэн байдаг. Үйл ажиллагаанд би оролцоогүй. Надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч С Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ошүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд худалдах худалдан авах гэрээг байгуулан 48.000.000 төгрөгийн үнээр тохиролцон, гэрээний 3 дугаар зүйлд зааснаар автомашиныг хүлээлгэн өгсөн. Хүлээн авсан өдөр төлбөрийн 50 хувийг, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор үлдэгдэл 50 хувийг өгөх байсан. Гэрээний дагуу урьдчилгаа 50 хувийг аваад машины нэрийг шилжүүлж өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор үлдэгдэл мөнгийг төлөх байсан ч төлөөгүй алга болсон. Энэ хооронд 5, 6 сарын хугацаанд бохирыг тартагт нь тултал зөөсөн. 2014 оны 03 дугаар сарын үед н.Бямбаа өөрөө ярьсан. Машиныг улаан гэрэл асаад байна гэж ярьсан. Тэгээд засварт аваад ир гэхэд авчираагүй. Тэгээд Д.Сүхбаатарыг явуулаад засварт үзүүлэхэд улаан гэрэл ассан байдаг. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөх ёстой үүргийг шаардсан. Ингэхдээ н.Бямбаагаас шаардсан. Засварын газар машин байхад ярилцсан. н.Батболд, н.Бадамдорж нар гэрчилнэ. н.Бямбаа, н.Батсайхан 2 үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөгийг төлөх хүртэл худалдагч талын хадгалалтад байлгая гэж тохиролцсон. Ингээд худалдагч талын хадгалалтад автомашин орсон. Энэ байдлыг гэрчүүд тодорхой нотолно. Ингээд нэхэмжлэгч мөнгөө өгөхгүй алга болсон. Өнөөдрийг хүртэл н.Бямбаагийн өөрийн хүсэлтээр Б.Оын хууль ёсны өмчлөлд байгаа. Үүргээ биелүүлээгүй асуудал ярьж байгаа бол нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг өнөөдрийг хүртэл хүлээж байгаа. Гэрээний 4-д заасныг үндэслээд үлдэгдэл 24.000.000 төгрөг, хохирлыг арилжааны банкны хадгаламжийн хүүгээр бодсон байгаа. Уг автомашин 1 сард 6.000.000 төгрөгийн ашиг олдог. Үйл баримтаас худал хол нэхэмжлэл гаргаж байна. Хил гаалийн бичгийг өгөөгүй учраас засварт оруулаагүй гэж байна. Хил гаалийн бичиг байгаа учраас Б.Оын нэр дээр шилжсэн. Хил гаалийн бичиг байхгүй бол нэр шилжүүлдэггүй. Гэрчүүдийн мэдүүлэгт булаан авсан талаар тодруулахад тийм зүйл байхгүй гэж хэлсэн байдаг. Хууль зүйн үндэслэлтэй татгалзал биш тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд  ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автомашиныг харилцан тохиролцоод хариуцагч талд хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Энэ талаар үйлдсэн баримт хэрэгт байдаггүй. Харин эсрэгээрээ гэрч нар түлхүүр, бичиг баримтыг дур мэдэн авсан талаар мэдүүлдэг. Хариуцагч тал хил гаалийн бичгийг өгөөгүй. Машин техникийн бичиг баримтыг өгөөгүй байдаг. Нөхөж авах буюу тэмдэглэгээ хийх гэж гэрээнд байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 24.000.000 төгрөгийг өгөөд хохирсон. Тэрнээс биш хариуцагч хохироод байгаа  зүйл байхгүй. Хариуцагч эвдэрхий машин өгөөд тэгээд машиныг буцаагаад авсан. Ийм учраас хохирлын асуудал яригдахгүй. Машины бичиг баримтыг хүчээр булаан авсан уу гэдэг нь яахав. Хэнд байгаа вэ гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Тухайн үед машинаа авчихаад өгөхгүй байсан учраас замын цагдаад гомдол гаргасан байдаг юм байна лээ. Хариуцагч мөнгөө нэхээд өөрсдөө шаардаад шүүхэд өгөх байсан байх. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч “С Д” ХХК болон Д.Снарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 24.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С Д ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр  24.000.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсэний хохиролд 12.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Б.Онь 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр С.Д ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 24.000.000 төгрөгийг төлөн, өөрийн нэр дээр автомашиныг шилжүүлж авсан боловч сар гаруй ашиглаад уг автомашин эвдэрч хянах самбарт улаан гэрэл асаад засуулах гэтэл Монголд засах боломжгүй гэсэн тул тус автомашиныг засуулахаар хариуцагч С.Д ХХК-д буцаан өгсөн, машиныг засаад өгөхөөр 3 хоног ашиглаад гэрэл асахгүй бол үлдэгдэл 24.000.000 төгрөгийг өгнө гэдэг албан бичгийг С Д ХХК-д өгсөн, машиныг болон түлхүүр, дагалдах бичиг баримтын хамт аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй, эвдэрлийг засч өгөөгүй, 10 тонн-ын багтаамжтай бохир соруулахаар тохиролцсон боловч 5 тонн-ын багтаамжтай байсан тул гэрээг цуцлан урьдчилгаанд төлсөн 24.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж маргадаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчид 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 25-53 УНӨ улсын дугаартай автомашин худалдах худалдан авах гэрээг байгуулж, мөн өдөр урьдчилгаа автомашины  үнийн 50 хувь буюу 24.000.000 төгрөгийг хариуцагч С Д ХХК Б.Оаас авч, автомашиныг Б.Оын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн боловч Б.О2014 оны 3 дугаар сарын дундуур автомашины хянахын самбарт улаан гэрэл ассан тул засуулж өг гэсний дагуу “МХМК” ХХК-д өгч засуулахад маслын гэрлийн даачиг буюу пүрш эвдэрсэн байсныг С Д ХХК засуулаад үлдэгдэл мөнгөө Б.Оаас шаардахад өгөхгүй байсан тул автомашиныг үлдэгдэл төлбөрөө төлөх хүртэл хугацаагаар “С д” ХХК өөрсдийн хадгалалтанд байлгаж байгаа, түүнээс биш хүч хэрэглэн автомашиныг буцаан аваагүй, гэрээг байгуулах өдөр автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, нөөц дугуй хагархай байсныг нөхөөд хүлээлгэн өгч, авсан, мотор эвдэрсэн асуудал байгаагүй, машиныг авснаас хойш гарсан доголдлыг гэрээний 4 дүгээр зүйлд гэмтэл гарвал худалдагч тал хариуцахгүй байхаар тохиролцсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зөрчилддөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдсан автомашиныг засварласнаас хойш 3 хоног ашиглаад гэрэл асахгүй бол үлдэгдэл 24.000.000 төгрөгийг өгнө гэсэн албан бичиг өгсөн, машины дагалдах бичиг баримтыг өгөөгүй, эвдэрлийг засаагүй, 10 тонн-ын багтаамжтай машин авахаар тохиролцсон гэх тайлбарууд тогтоогддоггүй тул үлдэгдэл 24.000.000 төгрөг болон үүргээ биелүүлээгүй 48 сарын хугацааны хүүг “Монгол банк”-аас зарласан 12,5 хувийн нийтэд зарласан хүүгээр тооцон 12.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй марган мэтгэлцдэг.

Б. О болон “С Д” ХХК нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдаж, Б.Онь 25-53 УНӨ улсын дугаартай Dong Fеng цистерн маркийн, XZL5108 загварын LGAX1B1BL700117 арлын дугаартай, цагаан өнгийн, бохир ус зөөвөрлөх зориулалттай автомашиныг 48.000.000 төгрөгөөр үнэлэн С Д ХХК-иас худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан өдөр төлбөрийн 50 хувь буюу 24.000.000 төгрөгийг, 2 сарын дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор үлдэгдэл 50 буюу 24.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон, урьдчилгаа 50 хувь, 24.000.000 төгрөг төлөгдсөн талаар зохигчид маргаагүй. /ХХ-ийн 3, 4, 32, 34/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Уг гэрээний дагуу автомашиныг гэрээ байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр худалдан авагч Д.О-ын эзэмшил, ашиглалтанд шилжүүлж, автомашиныг худалдан авагч Б.Оад шилжүүлэхээр “с д” ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн техникийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийн дагуу Автотээврийн Үндэсний төв тус автомашины эзэмшигчээр Д.О-ыг бүртгэсэн болох нь тогтоогдож байна. /ХХ-ийн 33, 46-49/

Тус гэрээний үүрэгт худалдан авагч Д.О нь үлдэгдэл 24.000.000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон тохиролцоогоо биелүүлээгүй болох нь тогтоогддог ба уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч С д” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т зааснаар үнийг төлөх хүртэл хугацаагаар эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулан хадгалсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Ч.Баярсайхан, Ж.Батсайхан, Б.Тэнгис нарын мэдүүлэг, “МХМК” ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогддог.

Уг автомашиныг Б.Охариуцагч “С Д” ХХК-д буцаан өгсөн, машины хянах самбарт улаан гэрэл ассан талаар бүх гэрчүүд хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлдэг. Гэрч Н.Б2013 оны 9 дүгээр сард, Б.Батболд 2013 оны 10 дугаар сард, Ч.Б 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хойш холгүй, Ж.Б 2014 оны 3 дугаар сарын дундуур 20-дын үеэр, Б.Тэнгэс 2014 оны 3 дугаар сарын дундуур гэж мэдүүлдэг боловч “МХМК” ХХК-ийн тодорхойлолтонд дурьдсанаар 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “МХМК” ХХК-ийн засварын төвөөр үйлчлүүлж, маслын өндөр даралтын клафан гацсан, пүрш нь уярсан байсныг шайв тавьж засварласан болох нь тогтоогддог./ХХ-ийн 92 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Д.О нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл даруй 7 сар 26 хоногийн хугацаанд өөрийн эзэмшлийн автомашиныг зориулалтын дагуу аж ахуйн зориулалтаар ашиглуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулж байсан болох нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Зайсан скай” ХХК-тай Б.Оын байгуулсан түрээсийн гэрээгээр тогтоогдож байх ба тус гэрээний дагуу “Влю скай” хотхоны цооног дахь бохир усыг хоног тутам 10-12 удаа соруулж, зөөж тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байсан болох нь нотлох баримтаар тогтоогддог./ХХ-ийн 66 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн автомашин эвдэрч хянах самбарт улаан гэрэл ассаныг Монголд засварлах боломжгүй, хариуцагч “СД ” ХХК-д үлдэгдэл 24.000.000 төгрөгийг өгнө гэх албан бичиг, машиныг болон түлхүүр, дагалдах гаалийн бичиг баримтыг өгөөгүй, эвдэрлийг засч өгөөгүй, 10 тонн-ын багтаамжтай бохир соруулахаар тохиролцсон гэх тайлбар хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогддоггүй.

Зохигчид анхнаасаа гэрээнд болон автомашиныг хүлээлцэх үед чанарын талаар тохиролцоогүй, автомашиныг хүлээлцэхдээ автомашины гадаад байдал,  хөдөлгүүр, явах эд ангийн талаар хүлээлцэн баримт үйлдээгүй болох нь тогтоогддог.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заажээ. Гэвч зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд автомашины чанар байдлын талаар тодорхой заагаагүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл бохир ус зөөвөрлөх зориулалтаар ашиглах боломжтой автомашиныг Д.О- шилжүүлэн өгсөн болох нь тогтоогддог.

Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Д.Онь биет байдлын доголдолтой гэж үзсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар баталгаат хугацаа тогтоогоогүй, хуульд заасан 6 сарын хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан болох нь тогтоогддоггүй.

Нэхэмжлэгч Д.О нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.2-т зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, аж ахуйн үйл ажиллагаа явуулах буюу бохир ус зөөвөрлөх зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ шалган авсан байх тул худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл автомашины гадаад үзэмж, чанар байдал, хүлээлцэх үеийн болон ашиглалтын явцад бий болсон элэгдэл хоргодлын талаар баримтжуулаагүй, оношлогоо үйлчилгээнд оруулаагүй хүлээн авсан, бохир соруулах аж ахуйн үйлчилгээнд ашиглах боломжтой байсан болох нь тогтоогддог.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бохир соруулах аж ахуйн үйлчилгээнд зориулалтын дагуу ашиглах боломжгүй автомашиныг шилжүүлэн авсан, мөн хянах самбарт улаан гэрэл ассан гэх үйл баримт нь уг автомашиныг ашиглах боломжгүй, түүнчлэн тус автомашиныг бүхэлд нь доголдолтой гэж үзэх, ердийн ашиглалтын явцад гарсан эвдэрлийг хариуцан арилгах үүргийг хариуцагч нарт хүлээлгэн худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.3-т зааснаар худалдах худалдан авах гэрээний үүрэгт худалдан авагч  Д.О шаардлага гаргах эрхээ алдсан үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч  “С Д” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцлан, урьдчилан төлсөн 24.000.000-ийг буцаан шаардах эрхгүй, харин гэрээний зүйлийн үнийн үлдэгдэл 24.000.000 төгрөгийг төлөх үүргээс Б.Очөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Түүнчлэн Б.Онь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.Очирбатын хариуцагч С Д ХХК болон Д.Снараас худалдах, худалдан авах гэрээг цуцлан, гэрээний үүрэгт урьдчилан төлөгдсөн 24.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байх тул Д. Очирбатаас үлдэгдэл 24.000.000 төгрөгийг гаргуулан С Д ХХК-д олгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн С Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр  24.000.000 төгрөг гаргуулахаас гадна гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохиролд 12.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.4-т зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ үүрэг гүйцэтгэгч хугацаандаа гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг төлөхөөр заасан байх ба Б.Онь мөнгөн төлбөрийн үүргийг 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өнөөг хүртэл биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн цахим хаягт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар 2013 оны 10 дугаар сард үүрэг үүсэх үеийн байдлаар “Монгол банк”-аас нийтэд зарласан дундаж хүүг жилийн 12.2 хувиар 48 сарын хугацаагаар тооцон Д.Очирбатаас 11.519.994,1 төгрөгийн хүүг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна./ХХ-ийн 162-166 дугаар хуудас/

Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-д зааснаар Б.Оын хариуцагч С.Д ХХК, Д.Снараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлөгдсөн 24.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар  Б.Оаас 36.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 35.519.994,1/24.000.000+11.519.994,1/ төгрөгийн шаардлагыг ханган хариуцагч С.Д ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 480.005,9 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484.900 төгрөгөөс 337.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 144.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж С Д ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Оаас 335.549 төгрөгийг гаргуулан С.Д ХХК-д олгож шийдвэрлэв. 

Хавтаст хэргийн 20, 67,68, 12-16, 145, 151-155 дугаар хуудсуудад авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хамааралгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оын хариуцагч С.Д ХХК, Д.Снарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөгдсөн 24.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан Б.Оаас 35.519.994,1 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Д ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 480.005,9 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч С Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484.900 төгрөгөөс 337.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 144,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж С Д ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Оаас 335.549 төгрөгийг гаргуулан С.Д ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт заасан хугацаа буюу 7-21 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БАЯРМАА