Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01014

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00015 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 547 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК, Д.С- нарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 12 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.О- 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “С” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 24 000 000 төгрөгийг гэрээнд зааснаар төлж, өөрийн нэр дээр машиныг шилжүүлж авсан. Гэвч машиныг сар гаруй ашиглаад эвдэрсэн, Монголд засуулах боломжгүй болсон. Хариуцагч талаас засч өгнө гэж хэлж байсан боловч засч өгөөгүй, уг машиныг түлхүүр, бичиг баримтын хамт авчихаад өгөөгүй өнөөдрийг хүргэсэн. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар талууд 48 000 000 төгрөгөөр машин худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа 24 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 24 000 000 төгрөгийг өгөх боломжгүй байсан. Учир нь машин эвдэрсэн. Өмнө нь машиныг 1 жил гаруй хугацаанд ашигласан байсан. Тодорхой хэмжээний гэмтэлтэй байсан нь гэрч Б.Тэнгис, Ч.Баярсайхан нарын мэдүүлгээр нотлогддог. Бодит байдалд 5 тонны бохир соруулах багтаамжтай байсан, анхнаасаа 10 тонны даацтайг авахаар тохиролцсон. Машины улаан гэрэл асаад энэ байдлаараа ашиглавал мотор эвдрэх гээд байсан гэж гэрчүүд хэлсэн байдаг. Хятад засварчид Монголд засах боломжгүй гэж хэлдэг тул нэхэмжлэгчийн зүгээс машиныг засаад өг гэж хэлсэн. Машиныг 3 хоног ашиглаад гэрэл асахгүй бол үлдэгдэл 24 000 000 төгрөгийг өгнө гээд албан бичгийг “С” ХХК-д өгсөн байдаг. Машиныг засч өгөөгүй, буцааж ч өгөөгүй. Машиныг авчихаад 4 жил алга болсон бөгөөд “С” ХХК-ийг эрэн сурвалжилж олсон.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “С” ХХК болон Д.С- нараас худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч байгуулсан гэрээнээс өөр худлаа нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд худалдах-худалдан авах гэрээг байгуулж 24 000 000 төгрөгөөр машиныг худалдахаар болсон, машиныг өгөөгүй гэж нэхэмжлэл гаргасан боловч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болсон автомашиныг 48 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож урьдчилгаа 50 хувь буюу 24 000 000 төгрөгийг өгсөн. Одоо шүүх хуралдаанд машиныг огт шилжүүлээгүй гэдгээсээ татгалзаж, өөрийн нэр дээр шилжүүлсэн ч ашиглах боломжгүй гэж тодруулсан байдаг. Машины мотор огт гэмтээгүй гэдэг нь засварын газар болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Өмнө нь машиныг өгөөгүй гэж байснаа сүүлд биет байдлын доголдлын хэлбэртэй болсон. Нэг удаа оношлогоонд оруулаад датчиг эвдэрсэн гэсэн оноштой байсан. Жолоочоос машиныг хүч хэрэглэж авсан гэдэг ч ийм үйл баримт огт байхгүй гэдэг нь гэрч Н.Бадамдоржийн мэдүүлгээр нотлогддог.

Бодит байдалд Б.О- нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Хэлцэл байгуулахын тулд талууд харилцан тохиролцож, тэдний хүсэл зориг байх ёстой. Гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагч Д.С-ын гаргасан тайлбараас үзэхэд иргэн Г.Бямбаа, Ж.Батсайхан нар уулзаад Блью скай хотхоны орон сууцнуудын бохир усыг зөөлгөдөг байсан. Ингээд Ж.Батсайханаас машиныг худалдаж авахаар болоод гэрээг байгуулсан. Гэрээ Д.С-, Д.Очирбатын нэрээр байгуулагдсан ч худалдагч, худалдан авагч нь Ж.Батсайхан, Г.Бямбаа нар гэдэг нь тодорхой болсон. Автомашиныг хүлээлгэн өгөөд Г.Бямбаагаас Ж.Батсайханд мөнгө шилжсэн. 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрээнд автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, нөөц дугуй хагархай байсныг нөхөөд хүлээлцсэн. Автомашиныг хүлээн авснаас хойш гарсан доголдлыг худалдагч тал хариуцахгүй гэж гэрээний 4 дүгээр зүйлд заасан байгаа. Гэмтэл гараагүй. Гарсан ч худалдагч тал хариуцахгүй байсан. Доголдол байсан уу гэдэгт гэрч Н.Бадамдорж мотор эвдэрсэн талаар хэлж байсан ч асуулт хариулт явахад гэрэл ассан, онош тодруулах шаардлагатай, маслын датчиг гэмтсэн талаар хэлдэг. Гэрчүүдийн мэдүүлгээс автомашины хянахын улаан гэрэл ассан. Улаан гэрэл нь маслын гэрлийн датчиг буюу пүрш эвдэрсэн гэдэг нь тодорхой болсон. Мотор эвдэрсэн талаар өнөөдрийн байдлаар нотолж чадаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 10 тонн, 5 тоннын асуудал яригдсаныг өнөөдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс л сонсож байна. Албан бичиг өгсөн гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Ийм албан тоот байхгүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлж Г.Бямбаатай гэрээ хийсэн. Бусдаас худалдаж авсан машинаа гуравдагч этгээдэд түрээслүүлээд гуравдагч этгээд нэхэмжлэл гаргаж байгаа нь хүндрэл учруулж байна. 1 сарын дараа аваад явсан гэдгийг хэн ч нотлоогүй. Б.Тэнгис, Ч.Баярсайхан, Ж.Батсайхан нарын мэдүүлгээр 8 сар ашиглаад засварын газар аваачсан гэдэг нь нотлогдож байна. Засварын газар нэг л удаа очсон. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа гэжээ.

Хариуцагч Д.С- шүүхэд гаргасан тайлбартаа:

Машиныг анх Ж.Батсайхан захирал намайг очоод аваад ир гэсэн. Тэгээд би Хятадуудтай уулзаад автомашиныг авчирсан. Зам-Үүдээс авч ирээд 2-3 сарын дараа манай захирал Г.Бямбаа гэдэг захиралтай уулзахад худалдан авъя гэсэн санал тавьсан. Хагархай запас дугуйг нөхүүлээд өгсөн. 2 хоногийн дараа гэрээнд гарын үсэг зураад урьдчилгаа мөнгийг авчих гэсэн. Тэгээд би урьдчилгаа 24 000 000 төгрөгийг аваад компанид авчирч өгсөн. Би мөнгөнөөс хэрэглээгүй. 6-7 сарын хугацаанд автомашиныг хэрэглэсэн байдаг. Надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Талууд худалдах-худалдан авах гэрээг байгуулан 48 000 000 төгрөгийн үнээр тохиролцон, гэрээний 3 дугаар зүйлд зааснаар автомашиныг хүлээлгэн өгсөн. Хүлээн авсан өдөр төлбөрийн 50 хувийг, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор үлдэгдэл 50 хувийг өгөх байсан. Гэрээний дагуу урьдчилгаа 50 хувийг аваад машины нэрийг шилжүүлж өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор үлдэгдэл мөнгийг төлөх байсан ч төлөөгүй алга болсон. Энэ хооронд 5, 6 сарын хугацаанд бохир ус зөөсөн. 2014 оны 03 дугаар сарын үед Г.Бямбаа өөрөө ярьсан. Машиныг улаан гэрэл асаад байна гэж ярьсан. Өөрсдөө авчраагүй. Тэгээд Д.С-ыг явуулаад засварт үзүүлэхэд улаан гэрэл ассан байдаг. Ингээд машиныг засварлаад 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөх ёстой үүргийг шаардсан. Ингэхдээ н.Бямбаагаас шаардсан. Засварын газар машин байхад ярилцсан. Б.Батболд, Н.Бадамдорж нар гэрчилнэ. Г.Бямбаа, Ж.Батсайхан 2 үлдэгдэл төлбөр 24 000 000 төгрөгийг төлөх хүртэл худалдагч талын хадгалалтад байлгая гэж тохиролцсон. Ингээд худалдагч талын хадгалалтад автомашин орсон. Энэ байдлыг гэрчүүд тодорхой нотолно. Ингээд нэхэмжлэгч мөнгөө өгөхгүй алга болсон. Өнөөдрийг хүртэл Г.Бямбаагийн өөрийн хүсэлтээр Б.О-ын хууль ёсны өмчлөлд байгаа. Үүргээ биелүүлээгүй асуудал ярьж байгаа бол нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг өнөөдрийг хүртэл хүлээж байгаа. Уг автомашин 1 сард 6 000 000 төгрөгийн ашиг олдог. Гэрээний 4-д заасныг үндэслээд үлдэгдэл 24 000 000 төгрөг, компанид учирсан хохирлыг арилжааны банкны хадгаламжийн дундаж хүүгээр тооцсон дүнгээр 12 000 000 төгрөгийг, нийт 36 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Автомашиныг харилцан тохиролцоод хариуцагч талд хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Энэ талаар үйлдсэн баримт хэрэгт байдаггүй. Харин эсрэгээрээ гэрч нар түлхүүр, бичиг баримтыг дур мэдэн авсан талаар мэдүүлдэг. Хариуцагч тал хил гаалийн бичгийг өгөөгүй. Машин техникийн бичиг баримтыг өгөөгүй байдаг. Нөхөж авах буюу тэмдэглэгээ хийх гэж гэрээнд байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 24 000 000 төгрөгийг өгөөд хохирсон. Тэрнээс биш хариуцагч хохироод байгаа зүйл байхгүй. Хариуцагч эвдэрхий машин өгөөд тэгээд машиныг буцаагаад авсан. Ийм учраас хохирлын асуудал яригдахгүй. Тухайн үед машинаа авчихаад өгөхгүй байсан учраас замын цагдаад гомдол гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00015 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ын хариуцагч “С” ХХК, Д.С- нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөгдсөн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан Б.О-аас 35 519 994,1 төгрөгийг гаргуулж, хариуцагч “С” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 480 005,9 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч “С” ГХО ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484 900 төгрөгөөс 337 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 144 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “С” ГХО ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.О-аас 335 549 төгрөгийг гаргуулан “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 547 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 24 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-ад олгож, нэхэмжлэлээс хариуцагч Д.С-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-аас 36 000 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “...нэхэмжлэгч Б.О-аас 335 549 төгрөгийг гаргуулан “С” ХХК-д олгосугай” гэснийг “хариуцагч “С” ХХК-иас 277 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-ад олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хариуцагч буюу худалдагч “С” ХХК-ийг гэрээнээс татгалзсан мэтээр дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь тухайн авто машиныг худалдан авагч нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл даруй 7 cap 26 хоногийн хугацаанд аж ахуйн зориулалтаар ашиглаж, “Влю скай” хотхоны цооног дахь бохирын усыг хоног тутам 10-12 удаа соруулж, тээвэрлэн эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг олж байсан нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээнүүдээр нотлогддог. Тус авто машиныг анхнаасаа “Влю скай” хотхоны бохир coруулаx зориулалтаар тус компанийн захирал Н.Бямбаа, “С” ХХК-ийн захирал Ж.Бат-сайхан нар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн тохирсон боловч өөр этгээдүүдээр төлөөлүүлэн гэрээнд гарын үсэг зуруулсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхий болсон. Үүнийг дурдаж байгаагийн учир нь “Влю скай” хотхон нь төвийн шугамд холбогдон автомашины хэрэгцээ шаардлага худалдан авагчид үгүй болж, тус автомашиныг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чанар байдлыг муутгасан, өөрөөр хэлбэл тухайн авто машины хэрэгцээ шаардлага нь дуусгавар болсны эцэст гэрээг цуцалж, анхны байсан байр байрандаа очих нь худалдагчид илт хохиролтой, иргэний эрх зүйн тэгш, шударга ёсны зарчимд харшилсан шийдвэр боллоо.

Давж заалдах шатны шүүх эд хөрөнгийг доголдолтой гэж үзэхгүй, худалдан авагч доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна гэж дүгнэсэн атлаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан. Худалдагч “С” ХХК-ийн хувьд гэрээг цуцлах нь илт хохиролтой. Тийм ч учраас гэрээнээс татгалзах талаар огт хүсэл зоригоо илэрхийлээгүй. Харин худалдан авагчийг үнийг төлөх хүртэл өөртөө саатуулан хадгалсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон тухайн автомашиныг эзэмшил өнөөдрийг хүртэл Б.О-ын нэр дээр бүртгэлтэй, ашиглах боломжгүй зэрэг үйл баримтаар бүрэн нотлогдож байхад давж заалдах шатны шүүх саатуулан хадгалалтанд авсан үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзэж, 24 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай ойлголт нь эд хөрөнгө олсон хадгалсан явдал нь хууль болон гэрээнд үндэслээгүй байх ойлголт. Дээр дурдсанчлан автомашины эзэмшил өнөөг хүртэл худалдан авагчид байгаа. Ингэхээр худалдагч нь гэрээний үүрэг буюу хариу төлбөрөө шаардах эрх хуульд нийцнэ. Хариуцагч гэрээнээс татгалзаагүй тул угаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах шаардлага байхгүй. Харин худалдан авагчийн гэрээний зүйлийн хариу төлбөр төлөх үүрэг нь мөнгөн төлбөрийн үүргээр илэрхийлэгдэж байгаа учраас мөнгөн төлбөрийн үүргийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой нийтлэг журам үйлчилдэг тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү шаардсан болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаарр зүйлийн 176.2.3-т заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан автомашин худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч “С” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна автомашины үнийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 24 000 000 төгрөг, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хохиролд 12 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигч нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч “С” ХХК нь 25-53 УНӨ улсын дугаартай Донг Фенг маркийн цистерн автомашиныг 48 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон байна. Гэрээгээр худалдан авагч Б.О- нь төлбөрийн талыг гэрээ байгуулсан өдөр, үлдэх тал хувийг 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр тохиролцжээ. Нэхэмжлэгч 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 24 000 000 төгрөгийг төлсөн, харин хариуцагч тал 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.

Маргааны зүйл болж буй автомашин нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байсан, нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр 24 000 000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагч автомашиныг буцаан авчээ.

Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгчийг төлбөрөө бүрэн гүйцэтгээгүй гэж автомашиныг буцаан авсан боловч төлбөр төлөх талаар шаардлага гаргаж байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар  дууссан гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Зохигчийн байгуулсан худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс бус харин хариуцагч автомашинаа буцаан авсан 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 225 дугаар зүйлийн 225.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгчээс гэрээний үүргийн биелэлт буюу төлбөрийн үлдэх хэсэг, мөн хугацаандаа төлбөр төлөөгүйгээс учирсан хохирол шаардсан, харин автомашин ашигласан үеийн зардал, эсхүл гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг шаардаагүй болно. Нэхэмжлэгч Б.О- нь худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзах бус харин гэрээний үүрэгт өөрийн шилжүүлсэн мөнгийг гэрээ дуусгавар болсон тул буцаан авах шаардлага гаргасан байна. Энэхүү шаардлагын эрх зүйн үндэслэлд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалт хамаарах талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхих талаар шүүхийн тогтоол гарсан, харин шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн өмгөөлөгч болон төлөөлөгчийн хүсэлт хяналтын шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх үед шүүх бүрэлдэхүүнд ирээгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 547 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН