Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01565

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01565

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01307 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Н, Ц.Н нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 516 195 749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл

Хариуцагч Э.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Н, Ц.Н нар нь Т ХХК-д Хан-Уул дүүргийн, 8 дугаар хороо, Нүхтийн зам, 4 хаягт байрлах 5 тоот 150 м.кв орон сууц, автомашины зогсоолыг 8 хувиар худалдаж авахаар хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 307 тоот зээлийн гэрээ байгуулан 432 000 000 төгрөгийг сарын 0,66 хувийн хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай зээлийг сар бүрийн 25-ны өдөр зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваариар зээлдүүлсэн. Зээлдэгч нар нь үндсэн зээлээс 5 654 893,24 төгрөг, зээлийн хүүнд 19 336 933,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 973,68 төгрөг нийт 24 993 800 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 426 345 106 төгрөг, үндсэн хүү 89 305 496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545 147 төгрөг, нийт 516 195 749 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т ХХК-тай Э.Н би 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 307 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Уг орон сууцыг Т ХХК болон түүний хамтран ажилладаг Паркнайн ХХК-иас худалдан авахдаа урьдчилгаа төлбөрт 48 000 000 төгрөг, орон сууцны зээлийн үндсэн төлбөр, хүүнд 24 993 800 төгрөг, нийт 72 993 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээ байгуулагдснаас хойш орон сууцыг барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс хүлээж аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ одоог хүртэл гараагүй, мөн дулаан цэвэр ус, бохирын шугамууд төвийн шугамд тохирсон хугацаандаа холбогдоогүй, зээлдэгч нарын эзэмшилд бодитойгоор шилжээгүй гэх зэрэг шалтгааны улмаас бид орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаагүй, өөр орон сууцанд амьдарч байна. Ингээд гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа дээрх шалтгаанаар байрыг нэхэмжлэгч талд буцааж өгөхөөр шат шатны захирлуудтай нь хэд хэдэн удаа уулзаж байсан. Дээрх асуудлыг шийдтэл зээлээ огт төлөхгүй, гэрээгээ цуцлах талаар удаа дараа хандсаныг нэхэмжлэгч мэдэж байгаа болно. Уг орон сууцнаас зээлийн гэрээний үүргийг хангах ёстой байтал шууд зээлдэгч нараас нэхэмжилж байгаа нь хууль бус үндэслэлгүй байна. Бид өнөөдрийг хүртэл орон сууцыг өөрсдийн эзэмшил, өмчлөлдөө аваагүй байж орон сууцны зээл төлнө гэдэг шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн гэрээ байгуулахад Паркнайн ХХК нь батлан даагчаар оролцож 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Бидний зүгээс 516 195 749 төгрөгийн зээлийг төлөх ямар ч боломж бололцоо байхгүй. Иймд гэрээний үүргийг батлан даалтын гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Н, Ц.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 516 195 749 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 738 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл давж заалдах гомдолдоо: Дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянна шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн: Хариуцагч нарын зүгээс хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч талтай эвлэрэх хүсэлтэйгээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан гэж ойлгож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаярын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гаргасан хүсэлттэй танилцаад хариу тайлбар гаргаагүй байна гэж ойлгосон боловч уг хүсэлт гаргаснаас хойш хариуцагч нарын гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэсэн он, сар, өдөртэй шүүхийн хүлээн авсан тэмдэглэгээ бичигдээгүй хууль бус хариу тайлбар хэрэгт орсон байна. Шүүх хуралдаан болохын өмнө хэрэгт материал нэмэгдсэн гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдэх боломжит хугацаа байсан атал мэдэгдээгүй ба хуралдаан завсарлахад хариу тайлбар гаргасан тухай мэдсэн. Энэ нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал-ын 4 дүгээр зүйлийн 4.1.6д Хэргийн оролцогчид ... хэргийг танилцуулж Хэрэг танилцуулсан баримт №6-д тус тус гарын үсэг зуруулан хэрэгт хавсаргана гэж заасныг баримтлан ажиллаагүйг харуулж байна. Шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад ч хариу тайлбарын талаар дурдагдаагүй орхигдуулсан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээр нотлогдоно.

2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн:

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 307 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүсч, зээлийн гэрээ 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж хүчин төгөлдөр байгуулагдсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар Т ХХК нь зээлдэгчийн 340004076976 тоот зээлийн дансанд 432 000 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тул 307 тоот гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлж нийт 24 993 800 төгрөг төлж байсан нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар нотлогдож байсан төдийгүй зээлдэгч нарт 432 000 000 төгрөгийн зээлийг олгосон гэх баримт хавтаст хэрэгт авагдсан мемориалын баримт /11-р тал/, гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас /144-р тал/, зээл олгох зөвшөөрлийн хуудас /158-р тал/ зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна. Э.Нгийн зөвшөөрөлгүй зарлагын гүйлгээ хийсэн баримт хэрэгт байхгүй нөгөөтэйгүүр шийдвэр гаргахдаа мемориалын баримт нь Э.Нд 432 000 000 төгрөгийн зээлийн олголт хийсэн баримт байсаар байхад нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан. Иймд хэргийн материалтай танилцуулаагүй, мэтгэлцэх зарчим бүрэн дүүрэн хэрэгжээгүй, нотлох баримт шинжлэн судлах явц учир дутагдалтай байсан, хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Э.Н, Ц.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 516 195 749 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар ...516 195 749 төгрөгийн зээлийг төлөх боломжгүй, батлан даалтын гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах ёстой гэж эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон байх тул уг шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал, шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлдэг.

Хэргийн 175-177 дахь талд авагдсан маргааны үндэслэл болсон зээлийн дансны хуулганд нэхэмжлэгч байгууллага өөрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байна. Дээрх бичгийн баримт нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байхад шүүх уг алдааг залруулалгүйгээр нотлох баримтыг үнэлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулаагүй... гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш ирүүлсэн хариуцагч нарын хариу тайлбарыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзнэ. /1хх 215, 220-221/

Мөн хариуцагч Э.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаярын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүх хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн, зохигчдын маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 738 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД