Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00238

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01307 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1565 дугаар магадлалтай,

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.Онон, Ц.Намуун нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 516,195,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, Н.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Э.Онон, Ц.Намуун нар нь Төрийн банк ХХК-д ХУД-ийн 8 дугаар хороо, Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 5 тоот 150 м.кв орон сууц, авто машины зогсоолыг банкны 8 хувиар худалдаж авахаар хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2015.9.24-ний өдрийн зээлийн ерөнхий хорооны хурлын 69/04 тоот шийдвэрийг үндэслэн 2015.9.25-ны өдөр 307 тоот зээлийн гэрээ байгуулан 432,000,000 төгрөгийг сарын 0,66 хувийн хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай зээлийг сар бүрийн 25-ны өдөр зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Зээлдэгч нар нь өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь тус зээлийн үндсэн зээлээс 5,654,893.24 төгрөг, зээлийн хүүнд 19,336,933.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,973.68 төгрөг нийт 24,993,800 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж 2018.12.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 426,345,106 төгрөг, үндсэн хүү 89,305,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,147 төгрөг, нийт 516,195,749 төгрөгийн бодит хохирлыг банканд учруулаад байна. Иймд хариуцагч Манал овгийн Энхбаатарын Онон, Тайж овгийн Цогтчулууны Намуун нараас 2015.09.25-ны өдрийн 307 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 426,345,106 төгрөг, үндсэн хүү 89,305,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,147 төгрөг, нийт 516,195,749 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны Төрийн банк ХХК-ийн зүгээс өөрийн зээлийн барьцаанд хураагдсан ХУД-ийн 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах 05 тоот орон сууцыг авто машины зогсоолын хамт Ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авах тухай санал тавьсан. Тухайн үед удахгүй зам, бохир усны шугам, цахилгаанд холбогдчихно, өмчлөх эрхийн гэрчилгээ ойрын хугацаанд удахгүй гарчихна гэсэн. Ийнхүү дээрх саналыг хүлээн авч, Төрийн банк ХХК-тай Э.Онон би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах 05 тоот орон сууцыг авто машины зогсоолын хамт 8 хувийн зээлээр худалдан авахаар 2015.09.25-ны өдөр 307 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан билээ. Уг орон сууцыг Төрийн банк ХХК болон түүний хамтран ажилладаг Паркнайн ХХК-иас худалдан авахдаа урьдчилгаа төлбөрт 48,000,000 төгрөг, орон  сууцны зээлийн үндсэн төлбөр, хүүнд 24,993,800 төгрөг, нийт 72,993,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш орон сууцыг барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс хүлээж аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ одоог хүртэл гараагүй, мөн дулаан цэвэр ус, бохирын шугамууд төвийн шугамд тохирсон хугацаандаа холбогдоогүй, зээлдэгч нарын эзэмшилд бодитойгоор шилжээгүй гэх зэрэг шалтгааны улмаас бид орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаагүй, өөр орон сууцанд амьдарч байна. Ингээд гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа дээрх шалтгаанаар байрыг нэхэмжлэгч талд буцааж өгөхөөр шат шатны захирлуудтай нь хэд хэдэн удаа уулзаж байсан. Уулзалтаар Төрийн банк ХХК-иас аль аль талаасаа байрыг зарах талаар арга хэмжээ авч, яаралтай шийдвэрлэж өгнө гэдэг байсан. Тухайн үед Э.Онон би дээрх асуудлыг шийдтэл зээлээ огт төлөхгүй, гэрээгээ цуцлах талаар удаа дараа хандсаныг нэхэмжлэгч мэдэж байгаа болно. Ингээд ямартай ч 4 жилийн хугацаанд орон сууцыг буцааж өгөх, гэрээ цуцлах тухай асуудал шийдэгдсэн гэж өнөөдрийг хүртэл ойлгож байсан. Гэтэл банк анхнаасаа ипотекийн 8 хувийн зээлийн гэрээ байгуулах тухай тохиролцсон атлаа уг орон сууцнаас зээлийн гэрээний үүргийг хангах ёстой байтал шууд зээлдэгч нараас нэхэмжилж байгаа нь хууль бус үндэслэлгүй байна. Бид өнөөдрийг хүртэл орон сууцыг өөрсдийн эзэмшил, өмчлөлдөө аваагүй байж орон сууцны зээл төлнө гэдэг шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн 2015.09.25-ны өдөр 307 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулахад Паркнайн ХХК нь батлан даагчаар оролцож 2019.09.25-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр батлан даагч Паркнайн ХХК нь орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг бүрэн хариуцахаар гэрээ байгуулсан болно. Бидний зүгээс 516,195,749 төгрөгийн зээлийг төлөх ямар ч боломж бололцоо байхгүй. Иймд гэрээний үүргийг батлан даалтын гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01307 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Онон, Ц.Намуун нараас зээлийн гэрээний үүрэгт 516,195,749 төгрөг гаргуулах тухай Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,738,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1565 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.26-ны өдрийн 1565 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч нарын зүгээс давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг бодитоор үнэн зөвөөр дүгнээгүй, нэхэмжлэгчийн гомдлын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд туйлын гомдолтой байна. Тодруулбал, Магадлалын хянавал хэсэгт Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Э.Онон, Ц.Намуун нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 516,195,749 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар "... 516,195,749 төгрөгийн зээлийг төлөх боломжгүй, батлан даалтын гэрээгээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулах ёстой гэж эс зөвшөөрч маргажээ гэж хариуцагч талаас маргасан үндэслэлийг орхигдуулж, зөвхөн батлан даалтын гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээр хангуулах ёстой байсан гэсэн үндэслэлээр маргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, хэт нэг талыг баримталж, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн дүгнэж чадаагүй байна. Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс талуудын маргасан үйл баримт тодорхой байхад шүүх зөвхөн нэг л үндэслэлээр маргасан гэж буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Магадлалын хянавал хэсэгт "... Хэргийн 175-177 дугаар талд авагдсан маргааны үндэслэл болсон зээлийн дансны хуулганд нэхэмжлэгч байгууллага өөрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байна. Дээрх бичиг баримт нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байхад шүүх уг алдааг залруулалгүйгээр нотлох баримтыг үнэлжээ гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн заалт нь зохигч, хэргийн оролцогч өөрсдийн тайлбар татгалзлалыг нотлох баримтаар өөрсдийн идэвхтэй үйлдэл буюу санал санаачилгаар шүүхэд баримт гаргаж өгч байгаа тохиолдолд хамаарна гэж үзэж байна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар бүрдүүлж өгч байгаа баримт, нотлох баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг хамаарна гэж үзэж байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгож буюу хавтаст хэргийн 175-177 талд авагдсан баримтууд нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.19-ний өдрийн 3385 дугаар захирамжийн дагуу шүүхийн журмаар хариуцагч талаас албадан гаргуулж байгаа баримт тул уг баримтад ИХШХШТХ-ийн 44.2-т заасан хуулийн шаардлага тавигдахгүй, хэрэглэгдэхгүй харин хуулийн 44.4 дэх заалт хэрэглэгдэхээр байгаа тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Магадлалын хянавал хэсэгт Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "... хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулаагүй... гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019.04.16-ны өдрөөс хойш ирүүлсэн хариуцагч нарын хариу тайлбарыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзнэ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс хариу тайлбараа шүүхэд гарган өгсний дараа хэд хэдэн удаа шүүх хуралдаан болсон ба тухай бүрт нэхэмжлэгч талаас хэргийн материалтай танилцсан байдаг. Иргэний хэргийн хөдөлгөөний стандартад хариу тайлбарыг тусгайлан хэвлэсэн бланк дээр танилцуулна гэсэн зохицуулалт, зөвлөмж байхгүй тул хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариу тайлбарыг нэхэмжлэгч хэд хэдэн удаа танилцсан байна. Нөгөөтээгүүр хариу тайлбарыг танилцаагүй гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Магадлалын хянавал хэсэгт Мөн хариуцагч Э.Ононгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаярын 2019.04.12-ны өдрийн гаргасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн ба энэ талаар хариуцагч маргаагүй, мөн нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байхад шүүх хэт нэг талыг баримталж хэрэгт дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Талуудаас уг асуудлаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх залруулж болохгүй алдаа гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ба хариуцагчийн зүгээс уг асуудлаар 2019.08.06-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан. Гэтэл гомдлыг хүлээн авах эсэх, хүсэлт үндэслэлтэй эсэх талаар давж заалдах шатны шүүх хариу өгөөгүй, шийдвэрлээгүй ба хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.26-ны өдрийн 1565 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.05-ны өдрийн 1307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Э.Онон, Ц.Намуун нарт холбогдуулан 2015.09.25-ны өдрийн 307 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 426,345,106 төгрөг, хүү 89,305,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,147 төгрөг, нийт 516,195,749 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, ...гэрээ байгуулагдсан боловч мөнгийг зээлдэгч нарт өгөөгүй, Паркнайн ХХК-аар бариулсан орон сууцыг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч орон сууцыг шилжүүлээгүй тул зээл төлөлтөө зогсоосон. ... батлан даалтын гэрээгээр, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийг хангуулах ёстой гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Э.Онон, Ц.Намуун нараас зээлийн гэрээний үүрэгт 516,195,749 төгрөг гаргуулах тухай Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

1. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй буюу хэргийн 175-177 дахь талд авагдсан зээлийн дансны хуулганд нэхэмжлэгч байгууллага өөрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон байх тул уг анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, П.Анаргүль нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд ...хэргийн 175-177 талд авагдсан баримтад ИХШХШТХ-ийн 44.2-т заасан хуулийн шаардлага тавигдахгүй, ...харин хуулийн 44.4 дэх заалт хэрэглэгдэхээр байгаа гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй талаар Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тайлбарласан байх тул хариуцагчийн энэ гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хэд хэдэн удаа эвлэрэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж байсан, хариуцагч нар нь эвлэрэхгүй тохиолдолд хариу тайлбар гаргаж өгнө гэсэн байна. Иймээс ...2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш ирүүлсэн хариуцагч нарын хариу тайлбарыг нэхэмжлэгч талд танилцуулаагүйгээс мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, гомдол үндэслэлгүй байна. /Iхх-215, 220-221/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Э.Ононгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаярын шүүхэд гаргасан хүсэлтэд шүүх хуралдааныг хойшлуулах 2 үндэслэл болон шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргажээ.

Шүүгч дээрх хүсэлтээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж захирамж гаргасан боловч Төрийн банк ХХК-аас Паркнайн ХХК-ийн 2015.09.09-ний өдрийн хүсэлт болон Төрийн банк ХХК-ийн зээлийн ерөнхий хорооны 65/06 тоот шийдвэр-ийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т нийцсэн гэж үзэхгүй.

Иймээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

2. Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.

Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд Паркнайн ХХК нь зээлдэгчийн батлан даагчийн үүрэг хүлээж оролцсон тухай баримт хэрэгт авагдсан, түүнчлэн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан батлан даалтын гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах ёстой гэсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй тухайн зээлийн гэрээнд хамааралтай Паркнайн ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд бүрэн оролцох нь маргааныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэх нөхцөл болно.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, П.Анаргүль нарын хяналтын журмаар гаргасан гомдолд Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ... гэжээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэрийг шуудангаар хүргүүлсэн баримт байхгүй, II хавтаст хэргийн 1 дэх талд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан баримтаас үзэхэд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрсөн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1565 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, П.Анаргүль нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,738,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН