Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/01307

 

2019 оны 06 сарын 05 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/01307

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ... байрлах, Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ...тоот хаягт оршин суух, Э.О,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух, Ц.Н нарт холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 516 195 749 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                      

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Зээлдэгч Э.О, Ц.Н нар нь Т ХХК-д  ХУД-ийн 8 дугаар хороо,  ... хаягт байрлах орон сууцны 5 тоот 150 м.кв орон сууц, авто машины зогсоолыг банкны 8 хувиар худалдаж авахаар хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2015.9.24-ний өдрийн зээлийн ерөнхий хорооны хурлын 69/04 тоот шийдвэрийг үндэслэн 2015.9.25-ны өдөр 307 тоот зээлийн гэрээ байгуулан 432 000 000 төгрөгийг сарын 0,66 хувийн хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай зээлийг сар бүрийн 25-ны өдөр  зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Зээлдэгч нар нь өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь тус зээлийн үндсэн зээлээс 5 654 893,24 төгрөг, зээлийн хүүнд 19 336 933,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 973,68 төгрөг нийт 24 993 800 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж 2018.12.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 426 345 106 төгрөг, үндсэн хүү 89 305 496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545 147 төгрөг, нийт 516 195 749 төгрөгийн бодит хохирлыг банкинд учруулаад байна. Иймд хариуцагч Э.О, Ц.Н нараас 2015.9.25-ны өдрийн 307 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 426 345 106 төгрөг, үндсэн хүү 89 305 496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545 147 төгрөг, нийт 516 195 749 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч Э.О, Ц.Н нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

            Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны Т ХХК-ийн зүгээс өөрийн зээлийн барьцаанд хураагдсан ХУД-ийн 8 дугаар хороо, ... хаягт байрлах 05 тоот орон сууцыг авто машины зогсоолын хамт Ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авах тухай санал тавьсан. Тухайн үед удахгүй зам, бохир усны шугам, цахилгаанд холбогдчихно, өмчлөх эрхийн гэрчилгээ ойрын хугацаанд удахгүй гарчихна гэсэн. Ийнхүү дээрх саналыг хүлээн авч, Т ХХК-тай Э.О би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ... хаягт байрлах 05 тоот орон сууцыг авто машины зогсоолын хамт 8 хувийн зээлээр худалдан авахаар 2015.9.25-ны өдөр 307 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан билээ.

 

            Уг орон сууцыг Т ХХК болон түүний хамтран ажилладаг П ХХК-иас худалдан авахдаа урьдчилгаа төлбөрт 48 000 000 төгрөг, орон  сууцны зээлийн үндсэн төлбөр, хүүнд 24 993 800 төгрөг, нийт 72 993 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээ байгуулагдснаас хойш орон сууцыг барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс хүлээж аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ одоог хүртэл гараагүй, мөн дулаан цэвэр ус, бохирын шугамууд төвийн шугамд тохирсон хугацаандаа холбогдоогүй, зээлдэгч нарын эзэмшилд бодитойгоор шилжээгүй гэх зэрэг шалтгааны улмаас  бид орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаагүй, өөр орон сууцанд амьдарч байна. Ингээд гэрээ байгуулснаас хойш  3 сарын дараа дээрх шалтгаанаар байрыг нэхэмжлэгч талд буцааж өгөхөөр шат шатны захирлуудтай нь хэд хэдэн удаа уулзаж байсан. Уулзалтаар Т ХХК-иас аль аль талаасаа байрыг зарах талаар арга хэмжээ авч, яаралтай шийдвэрлэж өгнө гэдэг байсан. Тухайн үед Э.О би дээрх асуудлыг шийдтэл зээлээ огт төлөхгүй, гэрээгээ цуцлах талаар удаа дараа хандсаныг нэхэмжлэгч мэдэж байгаа болно.

 

            Ингээд ямартай ч 4 жилийн хугацаанд орон сууцыг буцааж өгөх, гэрээ цуцлах тухай асуудал шийдэгдсэн гэж өнөөдрийг хүртэл ойлгож байсан. Гэтэл банк анхнаасаа ипотекийн 8 хувийн зээлийн гэрээ байгуулах тухай тохиролцсон атлаа уг орон сууцнаас зээлийн гэрээний үүргийг хангах ёстой байтал шууд зээлдэгч нараас нэхэмжилж байгаа нь хууль бус үндэслэлгүй байна. Бид өнөөдрийг хүртэл орон сууцыг өөрсдийн эзэмшил, өмчлөлдөө аваагүй байж орон сууцны зээл төлнө гэдэг шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн 2015.9.25-ны өдөр 307 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулахад П ХХК нь батлан даагчаар оролцож 2019.9.25-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр батлан даагч П ХХК нь орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг бүрэн хариуцахаар гэрээ байгуулсан болно. Бидний зүгээс 516 195 749 төгрөгийн зээлийг төлөх ямар ч боломж бололцоо байхгүй. Иймд гэрээний үүргийг батлан даалтын гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

 

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 2015.9.25-ны өдөр 307 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 426 345 106 төгрөг, үндсэн хүү 89 305 496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545 147 төгрөг, нийт 516 195 749 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна ...” гэж тайлбарлаж байна.

 

 

 

Хариуцагч Э.О, Ц.Н нар нь “...Зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгч нарт өгөөгүй, Төрийн банк өөрөө хөрөнгө оруулалт хийж П ХХК-иар бариулсан орон сууцыг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл уг орон сууцны  өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй, мөн дулаан, цэвэр ус, бохирын шугамууд холбогдоогүй, зээлдэгч нарын эзэмшилд бодитойгоор мөнгө, орон сууцыг шилжээгүй тул зээл төлөлтөө бид зогсоосон. Төрийн банкны зүгээс бидний дансаар мөнгийг оруулаад гаргаж байгаа баримт хэрэгт авагдсан болохоос бодитоор бидэнд гэрээний зүйл болон мөнгийг хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж  маргажээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

 

 

          Т ХХК нь Э.О, Ц.Н нартай 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 307 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулж, 432 000 000 төгрөгийг, сарын 0,66 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай,  орон сууц, амины сууц худалдан авах, засварлах, барих зориулалтаар олгохоор харилцан тохиролцон байгуулагдсан гэрээ /хх-7-10/ хэрэгт авагджээ.

 

 

 

         Дээрх гэрээний дагуу Э.Огийн Төрийн банкны 340004076976 дугаар дансанд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 432 000 000 төгрөгийн орлого орж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 340004076976 тоот дансруу 432 000 000 төгрөгийн зарлага гарч гүйлгээ хийгдсэн /хх-175/ байна.

 

 

 

         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий  хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

 

 

        Зохигчдын хооронд орон сууцны зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч буюу Т ХХК нь уг гэрээний дагуу гэрээний зүйл болох 432 000 000 төгрөгийг бодитоор хариуцагч нарт хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Шүүх хариуцагч нараас гаргасан хүсэлтийг хангаж, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3385 дугаар захирамжаар 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаартай зээлийн гэрээний хувийн хэргийн хуулбарыг бүхэлд нь банкнаас гаргуулсан бөгөөд уг зээлийн гэрээний хувийн хэрэгт авагдсан /хх 86-205/ баримтад гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн төлбөрийн даалгаврын баримт авагдаагүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 

 

         Нөгөөтэйгүүр Э.Огийн харилцах данснаас 432 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээг нэхэмжлэгч Т ХХК хийж байгаа бол данс эзэмшигч Э.Огийн зөвшөөрлөөр зарлагын гүйлгээ хийх байтал данс эзэмшигчийн зөвшөөрөлгүй зарлагын гүйлгээ хийсэн банкны гүйлгээ нь  хуульд нийцээгүй байна.

 

 

 

          Иймд гэрээний зүйл болох 432 000 000 төгрөгийг хэриуцагч нарт нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн болох нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч нар зээлийн гэрээний зүйлийг хүлээн аваагүй, гэрээний зүйлийг захиран зарцуулаагүй гэх хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Т ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 516 195 749 төгрөгийг хариуцагч Э.О, Ц.Н нараас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.О, Ц.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 516 195 749 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 738 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ