Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01409

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01409

 

 

 Г.Наранжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/00879 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Наранжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Геологийн төв лаборатори ТӨҮГ-т холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдах үед жирэмсэн байсныг тогтоолгож, төрөхийн өмнөх болон дараах үеийн тэтгэмж 3 509 788 төгрөг, ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 4 146 234 төгрөг, нийт 7 656 022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Наранжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Геологийн төв лабораторид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Гэтэл Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хими, физик аргын лабораторийн химийн бэлтгэлийн инженерийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж халсан. Би ажлаас халагдсаныг эс зөвшөөрч урьд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Геологийн төв лаборатори нь тохирох ажилд эгүүлэн тавина, шүүхэд өгсөн өргөдлөө татан аваач гэсэн санал тавьж, уг саналыг зөвшөөрөн шүүхээс нэхэмжлэлээ татан авсан боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд аваагүй тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би тухайн үед шинжилгээний үнийг төлж шинжилгээ хийлгэсэн. Гэрээнд заагдсан гуйлгын ажил хийсэн гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан. Тухайн үед хулгайгаар гуйлгын ажил хийгээгүй. Тэр шинжилгээг би өөрөө хийгээгүй учраас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Би ажлаас халагдах үедээ 2 сартай жирэмсэн байсан. Хариуцагч тал өргөдөл бичсэн гэж байна. Тухайн үед н.Эрдэнэсувд дуудаад Баярмаа та хоёрыг хатуу шийтгэх гээд байна, тиймээс буруугаа хүлээсэн өргөдөл бич, тэгвэл арай зөөлөн шийтгэх юм шиг байна. Би болох талаас нь яриад байна гэж хэлсний дагуу бичиж өгсөн. Би тухайн өргөдлийг өөрийн хүсэлтээр бичээгүй. Одоо ажилгүй байсан хугацааны нийт 6 сарын цалин болох 4 146 235 төгрөг нэхэмжилж байна. Мөн төрөхийн өмнөх болон төрсний дараа мөнгө болох нийт 3 509 780 төгрөг, эрхэлж байсан ажил болох хими, физик аргын лабораторийн бэлтгэлийн инженерт эргүүлэн тогтоолгох, ажлаас халах үед жирэмсэн байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-г үндэслэж тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 3г.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчил гаргасан. Шинжилгээний ажил хийж байсан Баярмаатай үгсэн тохирч, Баярмаа нь 5 дээж шинжлэх ёстой байтал 6 дээж шинжлүүлсэн. Эхлээд тухайн чулууг өөр шинжилгээнд өгсөн боловч шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу өгсний дагуу Г.Наранжаргал нь өөрөө захиалагчийн нэрийн өмнөөс хяналтын инженер Энхбаттай уулзаж, яаж шинжилвэл зүгээр вэ гэхэд нь жингийн аргачлалаар хэмжих боломжтой гэж зөвлөсний дагуу дур мэдэн Баярмаад өгч 5 дээж шинжлэх ёстой байхад 6 дахь нь болгон нэмж захиалгын хуудаст нэмж захиалга оруулсан байдаг. Шинжилгээний явцад шинжлүүлж байсан чулуу нь цагаан алтан тигелд наалдаж, дахин хэрэглэх боломжгүй болох юм биш үү тасгийн дарга Ариунбатад хэлье гэхэд нь мэдэгдээд хэрэггүй, би өөрөө янзалчихна гэж авч яваад цоолсон байдаг. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч, тухайн үеийн захирал Тэгшбаярт гаргасан өргөдөлдөө бичсэн. Мөн холбогдох хурлын тэмдэглэл бичиг баримтуудаар энэ нь нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар болон Хөдөлмөрийн гэрээний 3.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.6-д дур мэдэн ажил олгогчийн эд хөрөнгө болон эд зүйл авсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгасан. Цагаан алтан тигелийг цэвэрлэнэ гэж авч явч, цоолж хохирол учруулсан. Дур мэдэн байгууллагын эд хөрөнгийг авч явж эвдсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.7-д байгууллагын тоног төхөөрөмж урвалж бодисоор хувиараа гуйлгын ажил хийж гүйцэтгэсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тусгасан. Нэхэмжлэгч Г.Наранжаргал би гуйлгын ажил хийгээгүй гэдэг. Шүүхээс татан авсан хэргийн 21 дүгээр хуудсанд буруутай болохоо хүлээсэн өргөдөл байдаг. Тухайн үед өмгөөлөгч н.Тамир нь Эрдэнэсувдыг нялх нарай хүүхэдтэй юм байна, ажилд нь буцаан авах боломж байна уу гэж санал тавьсаны дагуу Эрдэнэсувд тухайн үеийн захирал Тэгшбаярт дамжуулж хэлээд, за яахав олон хүүхэдтэй, нялх нойтон хүүхэдтэй бол аваад ир гэж хэлээд уулзсан. Энэ талаар хурлын тэмдэглэл хэрэгт байгаа. Харин Эрдэнэсувд хуулийн зөвлөхийн зүгээс эвлэрэх саналыг тавиагүй. Ноцтой зөрчилд нь ногдох сахилгын шийтгэлийг ногдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлөмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар Г.Наранжаргалын нэхэмжлэлтэй Геологийн төв лаборатори Төрийн өмчид үйлдвэрийн газарт холбогдох Ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдах үед жирэмсэн байсныг тогтоолгож, төрөхийн өмнөх болон дараах үеийн тэтгэмж 3 509 788 төгрөг, ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 4 146 234 төгрөг, нийт 7 656 022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Наранжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж, Геологийн төв лаборатори нь хуулийн этгээдийн ямар ангилалд багтдаг, ямар эрх хэмжээ бүхий ямар үйл ажилллагаа явуулдаг, эд хөрөнгийн ямар эрх эдэлж, үүрэг хүлээдэг байгууллага болох, ямар үндэслэлээр ажилтны гэм бурууг тогтоож, акт гаргаж, хариуцлага тооцож, төлбөр гаргуулдаг талаарх ямар нэг эрх зүйн акт, дүрэм, журам хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримт байхгүй байхад нэхэмжлэгч Г.Наранжаргалыг ажлаас халсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хөдөлмөрийн дотооод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.6, 9.2.7, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3г.4-д ажилтан нь өөрийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа өөрийн үйлдлээр байгууллагад хохирол учруулсан бол хариуцлага тооцохоор заасан байгааг анхаарч үзсэнгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаас үзвэл хариуцагч нь эд хөрөнгийн ямар нэг хохирол учирсан тохиолдолд хэний ямар шийдвэрээр, ямар эрх зүйн актыг үндэслэн эд хөрөнгийн хохирлыг тогтоож, бусдад хариуцлага тооцдог талаарх ямар нэг эрх зүйн акт хэрэгт авагдаагүйгээс гадна байгууллага акт тогтоож, эд хөрөнгийг яаж үнэлдэг талаарх холбогдох эрхийн акт байхгүй байтал Г.Наранжаргалд эд хөрөнгийн акт тогтоож, 1.9 сая төгрөг төлүүлэхээр хариуцлага тооцож, тушаалаар халж шийдвэрлэснийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болно. Г.Наранжаргалыг ажлаас халах дээр тушаалд ямар ч үндэслэлгүй зардлыг бөөгнөрүүлж, цагаан алтан тигелийн үнээс хэдэн зуу дахин давсан томилолтын зардал, бусад зардлыг оруулж төлбөр төлүүлэхээр тушаалд заасан талаар тайлбарлан, ажлаас халж, төлбөр гаргуулсан тушаалыг зөвшөөрөхгүй байгааг илэрхийлсэн ч эдгээр нөхцөл байдалд шүүхээс ямар нэгэн дүгнэлт өгч шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Наранжаргал нь хариуцагч Геологийн төв лаборатори ТӨҮГ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус газрын Хими, физикийн аргын лабораторийн химийн бэлтгэлийн инженерээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/16061 захирамжаар нэхэмжлэгч Г.Наранжаргал нь хариуцагч Геологийн төв лаборатори ТӨҮГ-т холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсан болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирлын өрөөнд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хийсэн хурлын тэмдэглэл, Г.Наранжаргалын өргөдөл /хх-ийн 18-21/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Наранжаргалыг өмнөх ажилд нь бус өөр ажилд авч ажлын байраар хангах талаар хэлэлцсэн байх тул Геологийн төв лаборатори ТӨҮГ-ыг ажлын байраар хангаагүй үндэслэлээр дахин 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Наранжаргал нь хариуцагч Геологийн төв лаборатори ТӨҮГ-т холбогдуулж химийн бэлтгэлийн инженерийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 146 235 төгрөг гаргуулах, ажлаас халагдах үед жирэмсэн байсныг тогтоолгож, төрөхийн өмнөх болон төрсний дараах тэтгэмжид 3 509 788 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, Г.Наранжаргал нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хариуцагч Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирал нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.Наранжаргалыг тус байгууллагын Хими, физикийн аргын лабораторийн химийн бэлтгэлийн инженерийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.6, 9.2.7, хөдөлмөрийн гэрээний 3.г.4, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын протокол, 2016 о ны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хохирол тогтоосон акт-ыг тус тус үндэслэж, дур мэдэн АЭША-ны дагалдан инженерт дээж өгч, захиалга тавигдаагүй хувийн гуйлгын ажил гүйцэтгүүлсэн, цагаан алтан тигел цоолж байгууллагад хохирол учруулсан зэрэг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заажээ.

 

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Г.Наранжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3-ийн г дэх хэсгийн 4-т ажил үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас эд хөрөнгө алдаж үрэгдүүлэх, эвдэж гэмтээх, шинжилгээний захиалгат ажлаас гадуур лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, өрөө тасалгааг ашиглан хувиараа хулгайгаар гуйлгын ажил хийж гүйцэтгэх-ийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасанд тооцохоор тохиролцсон байна. /2 дах хавтаст хэргийн 59 дэх талд/

 

Нэхэмжлэгч Г.Наранжаргал нь өөрийнх нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, өөрт нь хамааралгүй ажил үүрэг гүйцэтгэж, Б.Балдорж гэгчийн гуйснаар дур мэдэн захиалгад байхгүй дээжийн шинжилгээний аргыг нь өөрчлөн дагалдан инженер О.Баярмаад өгч шинжлүүлсэн, улмаар шинжлүүлэх явцад шинжилгээний буруу арга хэрэглэснээс дээж нь цагаан алтан тигелээс салахгүй болохоор нь өөрөө дур мэдэн цэвэрлэж байгаад цагаан алтан тигелийг цоолж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын Тамгын газрын даргын өрөөнд хийсэн 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын протокол, нэхэмжлэгч Г.Наранжаргалын Геологийн төв лабораторийн ерөнхий захирал Н.Тэгшбаярт гаргасан өргөдөл, хохирол тогтоосон акт, ажлын байрны тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Наранжаргал нь Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирал Н.Тэгшбаярт 2016.02.23-нд гаргасан өргөдөлдөө болон Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирлын өрөөнд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хийсэн хурал дээр ийнхүү ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байжээ.

 

Мөн Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын хохирол тогтоосон актаар цагаан алтан тигелийг жигнэж, хэмжилт хийсэн актаар тигелд 1 2760 граммын хорогдол үүссэн, байгууллагад 1 997 076 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон ба уг актанд нэхэмжлэгч Г.Наранжаргал 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан, актыг эс зөвшөөрч хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй байхаас гадна ажил олгогч Г.Наранжаргалд нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Наранжаргалыг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/00879 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ