Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/01259

 

Г.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/00879 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1409 дүгээр магадлалтай,

Г.Н-ын нэхэмжлэлтэй,

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ-т холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдах үед жирэмсэн байсныг тогтоолгож, төрөхийн өмнөх болон дараах үеийн тэтгэмж 3.509.788 төгрөг, ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 4.146.234 төгрөг, нийт 7.656.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Г.Н-, Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Геологийн төв лабораторид Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2016 оны 02-р сарын 29-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээг цуцалж, Химийн физик аргын лабораторийн химийн бэлтгэлийн инженерийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж халсан. Би ажлаас халагдсаныг эс зөвшөөрч урьд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Геологийн төв лаборатори нь тохирох ажилд эгүүлэн тавина гэсний дагуу нэхэмжлэлээ татан авсан боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд авсангүй. Энэ хугацаанд ажлын газрыг төлөөлөн хуулийн зөвлөх 2 удаа надтай уулзаад эхлээд лаборантаар авч ажиллуулъя гэж байснаа сүүлдээ 00-н үйлчлэгчээр авъя гэж доромжилсон. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож Геологийн төв лаборатори ТӨҮГазраас миний ажилгүй байсан 5 сарын хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би тухайн үед шинжилгээний үнийг төлж шинжилгээ хийлгэсэн. Гэрээнд заагдсан гуйлгын ажил хийсэн гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан. Би ажлаас халагдах үедээ 2 сартай жирэмсэн байсан. Одоо ажилгүй байсан хугацааны цалин нийт 6 сарын цалин болох 4.146.235 төгрөг нэхэмжилж байна. Мөн төрөхийн өмнөх болон төрсний дараа мөнгө болох нийт 3.509.780 төгрөг, эрхэлж байсан ажил болох хими физик аргын лабораторийн бэлтгэлийн инженерт эргүүлэн тогтоолгох, ажлаас халах үед жирэмсэн байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “Геологийн төв лаборатори” ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Н-ын өмгөөлөгч Тамир Геологийн төв лабораторийн хуулийн зөвлөх надад Наранжаргалын хийсэн хэрэг нь тодорхой, үүнийгээ хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гэдгээр тухайлан заасан байгаа, танайх олон хүүхэдтэй эмэгтэй хүн талаас нь өрөвдөж жаахан нааштайгаар бодолцон энэхүү хугацааны цалин, болоод нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхгүй, хуучин ажилд эргэн томилох боломжгүй байх, ямар ч байсан тушаал бууруулаад ч болтугай ажилтай болгож өгөөч гэсэн санал тавьсан юм. Манай байгууллага Г.Н-ын хувийн байдлыг харгалзан үзэж, дахин ажил авахаар шийдвэрлэсэн бөгөөд түүнийг ажилд авах тушаалыг төлөвлөж байх хугацаанд өөрөө “О” Т\/ телевизид хандан байгууллагын болоод захирлын нэр хүндэд халдаж үндэслэлгүй мэдээлэл өгсөн учраас Г.Н-ыг буцаан ажилд авах шийдвэрийг цуцалсан болно. Г.Н- нь хөдөлмөрийн хуулийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн өөрөө ч хүлээн гэрээнд заасан гэрээг шууд зогсоох “Ноцтой” зөрчил гаргасны улмаас ажлаас халагдсан.

Г.Н- нь өөрийн гүйцэтгэх үүрэгт ажилд үл хамаарах цагаан алтан тигель цэвэрлэж байгаад цоолсон асуудал нь ажил хэргийн бус найзынхаа чулууны дээжийг үнэгүй шинжлүүлэх гэсэн хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний ноцтойд тооцогдох буюу 3 дугаар зүйлийн З.г.4 дэх хэсэг “үйлдвэрлэл шинжилгээний захиалгат ажлаас гадуур хувиараа хулгайгаар гуйлгын ажил гүйцэтгэсэн, эд хөрөнгө эвдэж гэмтээх” гэсэн үндэслэлд хамаарагдана. Г.Н- нь өөрийн буруутай үйлдэлээ ч бүрэн хүлээдэг ба түүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан болох нь нотлох баримтуудаар нотлогдоно гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/00879 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар  Г.Н-ын нэхэмжлэлтэй Геологийн төв лаборатори Төрийн өмчид үйлдвэрийн газарт  холбогдох “Ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдах үед жирэмсэн байсныг тогтоолгож, төрөхийн өмнөх болон дараах үеийн тэтгэмж 3.509.788 төгрөг, ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 4.146.234 төгрөг, нийт 7.656.022 төгрөг  гаргуулах“ тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Н- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1409 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/00879 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарьш 17-ны өдрийн 184/ШШ2017/00879 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06-р сарын 19-ний өдрийн 1409 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна.

Геологийн төв лаборатори нь хуулийн этгээдийн ямар ангилалд багтдаг ямар эрх хэмжээ бүхий ямар үйл ажиллагаа явуулдаг, эд хөрөнгийн ямар эрх эдэлж үүрэг хүлээдэг байгууллага болох, ямар үндэслэлээр ажилтны гэм бурууг тогтоож, акт гаргаж, хариуцлага тооцож, төлбөр гаргуулдаг талаарх ямар нэг эрх зүйн акт, дүрэм, журам хэрэгт авагдаагүй, энэ талаарх ямар нэг баримт байхгүй байхад нэхэмжлэгч Г.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нь дээрх хуулийн үндэслэлээс гадна Г. Наранжаргалыг тус лабораторийн Хөдөлмөрийн дотоод журмын 9 р зүйлийн 9.2.6, 9.2.7, Хөдөлмөрийн гэрээний 3-р зүйлийн З.г.4, цагаан алтан тигел цоорсон асуудлыг хэлэлцсэн 2016 оны 02-р сарын 22-ны өдрийн хохирол тогтоосон акт зэргийг үндэслэн ажлаас халсан байдаг. Гэтэл Хөдөлмөрийн дотоод журмын 9-р зүйлийн 9.2.6, 9.2.7, Хөдөлмөрийн гэрээний 3-р зүйлийн З.г.4-д ажилтан нь зөвхөн өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн буруутай үйлдлээр байгууллагад хохирол учруулсан бол хариуцлага тооцохоор заасан байдаг бөгөөд уг шинжилгээг Г.Н- өөрөө гардан хийгээгүйг шүүх анхаарч үзсэнгүй. Геологийн төв лаборатори ТӨҮГ нь эд хөрөнгийн ямар нэг хохирол учирсан тохиолдолд хэний ямар шийдвэрээр, ямар эрх зүйн акт: үндэслэн эд хөрөнгийн хохирлыг тогтоож, бусдад хариуцлага тооцдог талаарх эрх зүйн акт хэрэгт авагдаагүйгээс гадна байгууллага акт тогтоож, эд хөрөнгийн яаж үнэлдэг талаарх холбогдох эрхийн акт байхгүй байтал Г.Н-д хөрөнгийн акт тогтоож, 1.900.000 төгрөгийг төлүүлэхээр хариуцлага тооцож ажлаас халж шийдвэрлэснийг шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй болно.

Г.Н-ыг ажлаас халах дээрх тушаалд ямарч үндэслэлгүй зардлыг бөөгнөрүүлж төлбөр төлүүлэхээр тушаалд заасан талаар шүүхээс ямар нэг дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/00879 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06-р сарын 19-ний өдрийн 1409 дугаар магадлал тус бүрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-т холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор,  төрөхийн өмнөх болон дараах тэтгэмжид нийт 7.656.022 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ажил олгогч 2016 оны 2 дугаар сарын 26-ний өдөр 64 дүгээр тушаал гаргаж, Г.Н-ыг хими, физикийн аргын лабораторийн химийн бэлтгэлийн инженерийн үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.6, 9.2.7, хөдөлмөрийн гэрээний 3.г.4 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийг “ажил үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас эд хөрөнгө эвдэж гэмтээсэн, шинжилгээний захиалгат ажлаас гадуур лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, өрөө тасалгааг ашиглан хувиараа хулгайгаар гуйлгын ажил гүйцэтгэсэн” ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас нь халсан талаар тайлбартаа дурдсан ба зохигчид энэ талаар мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.Н- нь Б.Балдоржийн гуйлтаар өөрийн ажил үүрэгт хамааралгүй шинжилгээг О.Баярмаад өгч хийлгүүлсэн, мөн цагаан алтан тигелийг дур мэдэн цэвэрлэж байхдаа цоолж байгууллагын эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн болох нь тогтоогдсон ба энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

 Г.Н- хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, энэ үндэслэлээр ажил олгогч түүнийг ажлаас халсан нь нотлогдсон тул нэхэмжлэлийг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан гэрээг цуцалсан нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй байна.      

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/00879 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1409 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Н-, өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ